Ахмадуудын асуудлыг 70001181 утсаар сонсч, шийдвэрлэнэ
Ахмадууд асуудлаа хэлж, шийдвэрлүүлдэг  утастай болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ талаар Монголын ахмадын чөлөөт холбооны Тэргүүн Г.Баасангаас тодрууллаа.

-Ахмадыг сонсдог утастай болсон гэсэн. Энэхүү утас ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Ахмадыг сонсох 70001181 дугаарын утас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж ажилласан. Үйл ажиллагаа явуулж эхлээд жил зургаан сар болж байна гэсэн үг. Сонсох утас маань маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Утасныхаа дугаарыг ахмадууддаа хүргэх үүднээс холбооны сайт дээр байршуулсан, шар номуудад хэвлүүлсэн, телевиз, радиогоор үе, үе зарлуулж байгаа. Хэдийгээр ахмадуудад нэлээн хүрсэн хэдий ч ийм утас ажилладаг гэдгийг мэдэхгүй олон ахмад настан байна.

Насны онцлогоосоо болоод мартана, цаасан дээр бичиж хадгалсан ч алга болгоно гээд олон асуудал үүсдэг. Ахмадыг сонсох утас нь зөвхөн ахмадуудад зориулагдсан утас биш. Ахмад болоход бэлтгэл хийж байгаа, ээж, аав, эмээ, өвөөдөө тулгарсан асуудлыг мэдэх, шийдүүлэхийг хүссэн хүмүүс хандаж болно. Тиймээс хүн бүрт зориулагдсан утас гэсэн үг. Тухайлбал, ач хүү нь залгаад манай өвөөд ийм асуудал тулгарсан хаана хандах вэ гэх мэтээр зөвлөгөө авдаг тохиолдол их байдаг.

-Асуудлыг нь утсаараа дамжуулан сонсоод, эргээд хариу мэдээлэл хэр өгдөг вэ?

-Сонсоно гэдэг нэг асуудал, сонссон асуудлыг буцаагаад шийдвэрлэж болохыг нь шийдэж, болохгүй байгааг нь тайлбарлах гээд хариу мэдээлэл маш чухал. Тиймээс ч бид хариу мэдээллийг заавал эргүүлж өгдөг. Тухайлбал, ахмадыг сонсох утсанд хэн гэдэг хүн хэдэн сарын хэдний өдөр холбогдсон, ямар асуудал хэлсэн, ярьсан, ямар дугаарын утаснаас холбогдсон зэрэг мэдээллийг багтаасан бүртгэл хийдэг. Тиймээс сонсох утсанд холбогдсон бүх дуудлагад хариу мэдээлэл өгөхөд амар байдаг.
 
-Сонсох утсанд одоогийн байдлаар хэчнээн хүн хандаад байгаа вэ?

-Одоогийн байдлаар ахмадыг сонсох утсанд 20 гаруй мянган хүн асуудал тавьж хандаад байна. Асуудлыг сонсоод өөрсдийнхөө хэмжээнд шийд­вэрлэж болох асуудлыг дор нь шийдвэрлэж өгдөг. Харин өөр байгууллагатай холбоотой асуудлыг албан ёсоор тухайн хүнээс өргөдлийг нь аваад холбогдох байгууллагуудад нь дамжуулж өгч байгаа.

-Ахмадууд сонсох утсанд ямар асуудлаар ихэвчлэн ханддаг юм бол?

-Ахмадуудын хамгийн их ярьдаг, хэлдэг зүйл бол тэтгэ­вэр­тэй холбоотой янз бүрийн асуудал байдаг. Тухайлбал, тэтгэврийн хэмжээ бага байна гэдэг. Насаараа ажиллаад өөрс­дийнхөө тэтгэврийг хэрэг­цээндээ зээлээр авч хэрэг­лэх гэхээр зээлийн хүү өндөр, банкны ажилчид ах­мад настнуудад ялгавартай ханд­даг гэсэн асуудлыг их тавьдаг. Учир нь ахмадууд тэтгэврээ олон сараар зээл авахаар их хэмжээний хүү авч үлдээд байна, өмнөх зээл нь дуусаагүй байхад дахин зээл авах тохиолдолд зээлийн хүүг хэрхэн яаж авч байгаа зэрэг асуудлыг банкны ажилтнууд сайтар тайлбарлаж өгөхгүй ойлгомжгүй баримт өгдөг гэж ахмадууд их гомдоллодог. Түүнчлэн эмнэлгүүд хүлээж авахгүй, насны доройтол гэдэг ганцхан онош тавьдаг, хийх ажилгүй гэртээ их ганцаардаж байна, биднийг хооронд нь уулзуулах боломжийг олгооч гэсэн асуудлуудыг их тавьдаг.

-Тэгвэл шуурхай шийдвэр­лэж болох ямар асуудал байдаг вэ?

-Ахмад настан байтал ахмад настанд бүртгэж авахгүй байгаа асуудлыг байгууллагуудад нь хэлж бүртгүүлж, харьяалал­тай болгодог. Тэтгэврийн дэв­тэр, тэтгэвэр тогтоолттой холбоо­той асуудал их ирдэг. Тэр бүхнийг бид Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтраад шийдвэрлэж өгдөг. Ахмадын хуулийн асуудлыг мэдэхгүй бол хуулийг нь ахмад бүрийн гарт хүргэж, хуулийг хэрхэн яаж сайжруулах талаар саналыг нь авч ажиллаж байна. Энэ мэтээр асуудлыг нь боломжоороо шийдвэрлэж өгч байгаа.

-Биеэрээ ирж уулзах хүсэлтэй ахмадууд хаана очиж уулзаж болох, утасны тариф нь хэд байдаг вэ?

-Энгийн утасны тарифаар ярьж байгаа. Лавлах утас шиг өндөр тарифтай биш. Ахмадууд маань удаан ярина, их нэгж орно, тэтгэвэр нь хэдэн төгрөг байдаг билээ гээд асуудал үүсэх учир тийм үнэтэй байж болохгүй. Бидэнтэй биеэр ирж уулзах хүсэлтэй ахмадууд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо 30 дугаар байрны 05 тоотод ирж уулзаж болно.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ahmad 2014-12-27 23:23:44
    bairiig baasan huvidaa avsan gesen uu HU namaas...
    76.175.51.202
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 03:55:25
    хаяг тодорхойгүй байна, хаана байдаг юм бэ.
    112.72.13.58
    Мэдэгдсэн Хариулах