Талибан: Афганистанчууд дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй

Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудын эх орноосоо зугтах “нүүдлийн цуваа” Кабул хот дахь нисэх буудлаас үргэлжилсээр байна. Гэвч Афганистанчуудыг ийн нутгаа орхин дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Талибан бүлэглэлийнхэн мягмар гарагт мэдэгдэв. Ингэхдээ АНУ тэргүүтэй орнууд ирэх долоо хоног гэхэд иргэдээ татан авч дууссан байхыг анхаарууллаа. Талибанчууд ийн мэдэгдэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Талибан бүлэглэл иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон нисэх буудлын үйл ажиллагаанд саад болохгүй бол Афганистаниас цэргүүдээ наймдугаар сарын 31 гэхэд татан авч дуусгахаа зарлаад байв. Харин АНУ-ын бусад холбоотон орнууд илүү олон Афганистан хүнийг хүлээн авахын тулд дээрх хугацааг сунгах шаардлагатай байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Талибан бүлэглэлийн хэвлэлийн ажилтан Забиуллах Мужахид “Гадаадын иргэд эх орон руугаа буцах боломжтой. Харин сүүлийн өдрүүдэд нисэх буудал дээр олноороо цугларсан Афганистанчууд гэрлүүгээ буцах хэрэгтэй. Улсын шинэ удирдагчдын өшөө авалттай тулгарахаас айх хэрэггүй.Нисэх буудал орох замыг хаасан. Тиймээс Афганчууд тэр замаар нисэх буудал орж чадахгүй.

Харин гадаадын иргэдийг нэвтрэхийг зөвшөөрнө. Бид цаашид афганчуудыг өөр орон руу дүрвэхийг зөвшөөрөхгүй. Энэ нь бидэнд таатай бус байна.Эмч болон эрдэмтэн судлаачид Афганистаниас барууны орнууд руу явж болохгүй. Тэд  өөрсдийн мэргэжлээр ажиллах ёстой” гэж ярьжээ.Энэ мэдэгдлийн тухайд Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Та бүхэн тэр мэдэгдлийг Афганчуудыг эх орноосоо дүрвэхэд Америк голлон нөлөөлсөн гэж ойлгох хэрэггүй.Хэрэв нисэх онгоцны буудал дээр ирсэн л бол бид авч явна гэдгийг Талибанчуудад хэлсэн” гэв.

Их-7 Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцэв

Их-7-гийн удирдагчдын мягмар гарагийн уулзалтаар Афганистаны нөхцөл байдлыг хамгийн эхэнд хэлэлцлээ. Энэ үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон наймдугаар сарын 31-нээс хойш Афганистаниас явахыг хүсч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг Талибанчуудад уриаллаа. Тэрбээр “Афганистаниас гарахыг хүссэн хүмүүсийн аюулгүй байдлыг наймдугаар сарын 31 хүртэл хангах нь Их-7-гийн эхний нэг шаардлага юм” гэв.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Цэргүүдээ богино хугацаанд татан авах тусмаа бидэнд сайн. Ажиллагаа бүрт манай цэргүүдэд нэмэлт эрсдэл учирдаг.Тиймээс наймдугаар сарын 31 гэхэд цэргүүдээ эх орондоо авчрахад Талибан бидэнтэй хамтарч ажиллан, цэргүүдийг ямар нэгэн саадгүйгээр нисэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн юм. Үүний төлөө тэрбээр Их Британи, Франц тэргүүтэй холбоотон орнуудынхаа дарамтад ороод байна. Тухайлбал, Францын Гадаад хэргийн сайд Жан Ив ле Драйн “Афганистаны дүрвэгсдийг шилжүүлэхэд наймдугаар сарын 31-нээс хойш нэмэлт хугацаа бидэнд хэрэгтэй. Францын армийнхны нүүлгэн шилжүүлэлтийн хугацаа АНУ хэзээ цэргүүдээ Кабулын нисэх онгоцны буудлаас татан авч дуусахаас хамаарна. Бид АНУ-ын гарт байна. Тиймээс нүүлгэн шилжүүлэх хамгийн дээд хугацааг бидэнд өгөхийг Америкаас хүсч байна” гэж мэдэгджээ. Холбоотон орнуудын тухайд наймдугаар сарын 31 гэхэд иргэд болоод дүрвэгчдийг шилжүүлж дуусгахгүй гэдгээс эмээж байгаа юм.

АНУ-ын тухайд наймдугаар сарын 14-нөөс хойш Афганистаниас 58700 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Ингэхдээ даваа болон мягмар гэсэн хоёр өдөрт 12700 хүнийг Кабулын нисэх онгоцны буудлаас авч явснаар дээд амжилт тогтоогоод байна. Тус улсын томоохон албан тушаалтнууд Талибаны удирдагчидтай холбоотой байгаа талаар нэр бүхий хүн CNN-д ярьжээ.Харин Европын холбооны  Зөвлөлийн дарга Чарльз Мишель “Афганистаны шинэ эрх баригчидтай ямар төрлийн харилцаатай байх  эсэхээ шийдэхэд хэтэрхий эрт байна” гэж Их-7-гийн удирдагчдын уулзалтын дараа ярив.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн “Улс орнуудын Засгийн газар болон олон улсын хамтын ажиллагааны хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эсрэг Талибанчууд өшөө авах вий гэхээс олон хүн айж байна. Хүний эрх, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байсан хүмүүс, тэдний амьдралын хэв маяг, үзэл бодлыг Талибаны үзэл суртлыг эсэргүүцэгч гэж үзэх  вий” гэв. Учир нь Талибанчууд ноёрхлоо тогтоосноос хойш амлалтаа зөрчин хүчирхийлэл үйлдэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Талибан ноёрхлоо тогтоосноос хойш хэдэн мянган сэхээтэн хүн дүрвэсний ихэнх нь эмэгтэйчүүд байна. Учир нь талибанчууд Засаг барьж байх үедээ эмэгтэйчүүд ахлах болон их сургуульд сурч, ажил хийхийг хориглодог байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Кабулын нисэх онгоцны буудлаас 20 мянга орчим хүнийг шилжүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-08-27 00:43:56
    Энэ ака барьсан зэрлэгүүдтэй хэн үлдэх вэ дээ
  • Зочин 2021-08-26 11:22:29
    Хэдэн сэхээтэн чадалтай хүмүүс нь явчихвал талибууд баларна даа.Тэгээд л явуулахгүй гэж байгаа.Харин цаадуул нь явж л таараа.Талибуудын хууль дүрэм нь хэтэрхий ...
  • Зочин  2021-08-26 09:58:53
    Аливаа улс орон өөрийн улс орныхоо асуудлыг өөрсдөө шийдэх ёстой
  • Зочин 2021-08-26 01:57:44
    АФГАНИСТАНЧУУД ЭХ ОРОНДОО БАЙХ НЬ ЗӨВ. ОРОС-10 ЖИЛ, АМЕРИК-20 ЖИЛ БАЙЛДААД ДИЙЛСЭНГҮЙ...ЭНЭ УЛСЫГ ЗҮГЭЭР ОРХИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БАЙХАА...