Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсрууллаа

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж байна. Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн цаг үеийн мэдээлэл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн тухай, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав. Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид  5:9 гэсэн зарчмаар хичээллэж буй. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүлэв.

Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д  нь танхимаар, 2/3-д нь  зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа аж. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй  хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулашгүй гэдгийг Ж.Гантулга онцлоод, энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна гэдгийг тодотгон өгүүлсэн юм. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан гаргаж, нийт 22.556 багшийг сургалт хамруулсан байна. Танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдаад байгаа юм.

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй. Тус багийнхныг холбогдох бүх сургалтад хамруулсан байна.

Нийслэлд энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, дотуур байрны нэг барилга гэхчлэн нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Энэ хичээлийн жилд  20 сургууль, цэцэрлэгт засвар хийсэн нь  81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас засварын тендерт компаниуд  оролцохгүй байгаагийн дээр барилгын материалын татан авалт удаашралтай, үнэ ханш гэнэт өссөн зэрэг хүндрэл байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тодотгосон. 

Төслөөр 712 айлын ногоон орон сууц барина

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд  Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх   “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж,  хэлэлцүүлсэн юм.  Төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын дөрвөн  га газарт хэрэгжүүлэх бөгөөд тус газарт 712 айлын орон сууц барина. Тэдгээрийн 142 айлын орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол,  740 ам метр худалдаа үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан 300 ам метр төв, 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барих юм.  Эдгээр барилга, байгууламжууд нь төвлөрсөн  хангамж, үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байна. Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.

Нийслэлийн авто замын шинэчлэлтийн төслийг дэмжлээ

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулж, дэмжлэг авсан. Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.  Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар байх бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буй санхүүжилтийг гаргах юм байна.

Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн  нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон байна. Өнөөдөр хотын төвийн авто замын ачааллын голыг нугалж буй  Энхтайваны өргөн чөлөөний замын даац л гэхэд хүчин чадлаасаа 3-4 дахин өндөр байгаа аж. Тиймээс  Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгах гэнэ. Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож,  босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг ажлыг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдэж, дэмжлээ. Уг асуудлыг ойрын хугацаанд НИТХ-аар хэлэлцэхэд бэлдэхийг холбогдох албаныханд даалгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.