Н.Бүргэдаа: Үндэсний бөхөөс илүү их спорт монголыг сурталчилдаг
Хэдхэн хоногийн өмнө Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын баг тамирчид өндөр амжилт гаргасан билээ. Тус тэмцээнд эрэгтэй багийн зөвлөхөөр ажилласан гавьяат тамирчин Н.Бүргэдаатай ярилцлаа.
 
-Чөлөөт бөхийн тамирчид маань эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад ирлээ. Дэргэдээс нь үзэж суусан хүний хувьд та сая болж өнгөрсөн ДАШТ-ний талаар яриач?
 
-Эрэгтэй багаас гурван тамирчин финалдсанаас хоёр нь медальд хүрлээ. 1985 оны тэмцээнээс гавьяат тамирчин А.Энхээ, Б.Болд нар мөнгө, Л.Энхбаяр хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй төрөлд 106 орны шилдэг нь болсон 800 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон.
 
 Гэвч дэлхийд бөх, эрчүүдээрээ гайхуулдаг Болгар, Герман, Унгар гэх мэт орны тамирчид ганц ч медальгүй буцлаа. ЗХУ задарсны дараа Орос, Тажикистан, Гүрж зэрэг орны хүчирхэг эрчүүд энэ тэмцээнд гурван өдөр тулалдсан. Ташкент хотын спортын төв ордонг нураачих вий ч гэж бодогдохоор байсан шүү. Энэ олон орны эрчүүдээс шагналт байрт шалгарсан ОУХМ Д.Хүдэрбулгыг оролцуулаад Монгол Улсын гурван залуу медалийн шигшээ барилдаанд оролцсон нь бахдам амжилт.
 
-Тэмцээнд явахаасаа өмнө Эрдэнэтийн “Олимп” баазад бэлтгэлд гарсан уу?
 
-Тэгсэн. Би эрэгтэй багтаа зөвлөхөөр ажилладаг. Манай дасгалжуулагчид ч асар их туршлагатай, олон тэмцээнээс медаль хүртэж байсан хүмүүс. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гарсан бидэнтэй Монголын Спортын бэлтгэлийн төвийн дарга, гавьяат тамирчин Б.Наранбаатар даргын хувиар биш бэлтгэл хангагчаар ажилласан. Бэлтгэл хангагчдын хувьд медаль хүртэх нь гол биш, медальт байрт шалгарах тамирчинг бэлтгэнэ гэдэг асар их нэр хүндийн хэрэг байдаг.
 
Миний хувьд ч дэлхийн аварга болон олимпийн наадамд оролцох тамирчиддаа бэлтгэл хангагчаар ажиллаж байсан. Ингэж ажиллахаар өөрсдөө ч нэг шат ахих боломж нээгддэг. Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааныг харахдаа би их бахдаж байлаа. Гурав торгуулж, долоон оноогоор хожигдож явсан ч ялна гэдэг бол үнэхээр гайхамшиг.
 
Би тамирчин хүн байсан, олон жил тэмцээн үзлээ. Гэхдээ ийм барилдаан харж байгаагүй. Шүүгч өрсөлдөгчийг нь торгох байтал юу ч болоогүй юм шиг байгаад байхаар нь гавьяат тамирчин Ц.Цогтбаяр багш нь Г.Мандахнаранд клинж шидэх үү гэсэн чинь тэр “Хэрэггүй цаг авахын нэмэр. Би өөрөө л ялчихья” гэсэн. Тэгээд л барилдаанаа эхлэхдээ өрсөлдөгчөө хялайлгаад ямар ч барилдах чадваргүй болтол нь нухаж байгаад хожсон. Мөн өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон Армений бөхийг 15:0 оноогоор хүүхэд хожиж байгаа юм шиг яллаа шүү дээ.
 
-Хүрлийн төлөөх барилдаанд түүний өрсөлдөгч өмсгөлөөс нь зуурсан харагдсан?
 
-Тэр нь түүний амиа тавихаасаа өмнө хэрэглэсэн сүүлчийн арга нь байхгүй юу.
 
-Та олон жил тэмцээнд оролцсон хүн. Гэхдээ энэ тэмцээнээс чөлөөт бөхийн спорт дэлхий дахинаа хэрхэн өөрчлөгдсөн нь танд мэдрэгдсэн байх?
 
-Их шинэчлэгдэж. Мөн газарзүйн болон амжилтыг нь мэдэхгүй орноос тамирчид ирсэн байх юм. Тэгэхээр энэ бөхийн спорт хөгжөөгүй орон гэж байхгүй болжээ.
 
- О У X М Ж.Чулуунбатын барилдааны талаар яриач?
 
-Энэ хүү хоёр ялж, гурав дахь барилдаанаа олимп, дэлхийн аварга болсон бөхтэй хийж нэгхэн онооны зөрүүтэй ялагдсан. Би өмнөх үеэ сайн мэднэ л дээ. Манай улсын хүнд жингийн тамирчдын хувьд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын үед л сайн байсан болохоос тэднээс хойш гавьдаггүй байлаа. Нэг онооны зөрүүтэй ялагдах нь битгий хэл хоёрдугаар тойрогт орж чаддаггүй байсан.
 
-Өнөөдөр захын нэг аймгийн цолтон 120 кг-аас дээш жинтэй байдаг болж. Гэтэл манайхан чөлөөт бөхийн хүнд жинд бэлтгэл хангагч алга гээд байх юм?
 
- Э х л э э д Ж.Чулуунбатын тухай ярья. Энэ удаагийн тэмцээнд тэр эхний хоёр барилдаанаа бөхийн спортын өлгий болсон улсын тамирчидтай хийсэн. Дараа нь дэлхийн гурван удаагийн аварга хүнтэй тулсан. Тэглээ ч нэг онооны зөрүүтэй хожигдсон. Би өмнө нь Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр нарын улсынхаа хүнд жингийн бөхчүүдийн барилдааныг харж л байсан. Гэвч тэд Ж.Чулуунбат шиг ингэж барилдаж байхыг нь хараагүй. Ялангуяа Г.Өсөхбаярыг хэдэн тойрог барилдаж байсныг мэдэхгүй юм байна. Харин одоо өөрийн чинь асуултад хариулья.
 
Яг үнэндээ 120 кг хол давсан жинтэй бөхчүүдийн биш нийгмийн буруу. Үүнд улсаас бодлогоор зохицуулалт хийгээд бизнесменүүд болон төрийн зүтгэлтнүүд аймгаасаа улсын цолонд хүрсэн хүүхдэд олон сая төгрөг эсвэл машин байр өгөөд байхаар чөлөөт бөхийн барилдаанд хөл тавьж, биеэ зовоохыг тэд хүсэхгүй байна. Тэд ингэж байснаас зөвхөн үндэснийхээ спортоор гайгүй барилдаад л амьдралдаа хэрэгцээтэй юмаар хангуулья гэж боддог болж. Шуудхан хэлэхэд биеийн амрыг харж байна. Үүнд уруу татаж байгаа бизнесменүүдийг анхаарах хэрэгтэй.
 
Болохгүй бол арга хэмжээ хүртэл ав. Би саяхан нэг зүйл сонссон. Гэхдээ буруу сонсоогүй бол энэ жилийн улсын наадмаас шөвгөрсөн найман бөхөөс допинг илэрсэн байна гэж дуулдсан. Гэтэл өнөөдөр хэдэн бөх гарч ирэв. Ингэх юм бол үндэсний бөх сүйрнэ. Ажиллана гэж авчихаад чадахгүй байгаа МҮБХ-ны удирдлагуудыг хольж, сольж чаддагийг нь суулгах хэрэгтэй.
 
-Тэгвэл ядаж тэмцээн ойртохоор Ж.Чулуунбатын бэлтгэлийг хангаад өгөөч гээд аль нэг бөхийг дуудвал зөвшөөрдөг үү?
 
-Маш ховор. Тэд бэлтгэлийнх нь ачааллыг даахгүйгээс гадна дээр хэлсэнчлэн нутгийнх нь бизнесменүүдийн өгч байгаа мөнгө илүү болохоор биеийн амрыг хараад байна. Тэгж байхад хөөрхий манай хүүхдүүд биеэ зовоож өлсч, цангаж байж дэлхийн дэвжээнээс медаль авсан хэрнээ орох оронгүй, хангалттай цалингүй амьдарч байна.
 
Хэрэв үндэсний бөхөөр барилдаж улсын арслан цол хүртсэн бөх гадаадад очоод “Би Монгол Улсын арслан цолтой тэр гэдэг бөх байна” гэхэд хэн ч танихгүй. Харин хэн нэгэн их спортын бөхийн барилдаанаар хөдөлмөрлөж байгаад зодог тайлсан ч гэлээ “Би тэдэн оны олимп эсвэл дэлхийн аваргаас тийм медаль хүртэж байсан” гэвэл мэдээллийн сангаасаа шалгаж үзэхэд гараад л ирнэ. Тэгээд л тэр хүнийг асар их хүндэлдэг юм.
 
-Дээрх тэмцээний үеэр та Японы алдарт бөх Томи Ямотой тэврэлдээд зургаа татуулсан байна лээ. Дэлхийн дэвжээг эзэгнэж явсан бөхийг бөмбөрцөгийн тамирчид анддаггүй гэдгийн тод жишээ энэ юм даа?
 
-Тийм.
 
-С.Цэрэнчимэдийг аварга болоход агуу бөх Б.Будаев тэврээд үнсч байна лээ. Хэдийгээр ОХУ-ын Буриад улсын иргэн гэдэг ч монгол л цустай. Нэг хэсэг манай улсын нэрийн өмнөөс олимп, дэлхийн аваргад барилдах хүсэлтээ ч ирүүлж байсан. Тантай ч уй зайгүй найз. Тэр мөчид Б.Будаев ер нь юу ярьж байх юм?

-М а н а й С.Цэрэнчимэдийг ялаад гараад ирэхэд олон гадаад үзэгчийн дундаас ганцхан хүн хашгирч, баярлаж байсан. Tэp нь Б.Будаев. Тэр өөрийн улсынхаа тамирчдын зөвлөх болсон явна лээ. Мөн эрэгтэйчүүдийг медальт байрт шалгарахад манайд ажиллаж байсан Оросын дасгалжуулагчид баярлаж байсан. Тэднийг барилдахаас өмнө өөрсдийнхөө тамирчдын эсрэг манайханд сул талыг нь хүртэл хэлж дэвжээнд гаргаж байсан. Бас нэг сонин юм ажиглагдсан. Монголд элэгтэй гадаадынхан бас байна. Тэд өөрсдийгөө “Танай Доголон Төмөр хааны удмын хүмүүс” гэж ойлгуулаад байгаа бололтой юм. Бидэнд баяр хүргээд сүйд. Гэх мэтчилэн их спорт гэдэг Монгол туургатнуудыг хүртэл уулзуулдаг, нэгтгэдэг хүчтэй нөлөөтэй юм.
 
-ОУХМ С.Цэрэнчимэдийн барилдааныг хараад юу бодож байв?
 
-Энэ охин гайхалтай барилдаантай юм. Энэ хүүхэд өнгөрсөн жилээс шигшээ багт орсон. Тэр жилдээ зэлуучуудын дэлхийн аварга болж байсан бол энэ жил амжилтаа бататтан насанд хүрэгчдийн дэлхийн аварга боллоо. Дасгалжуулагчаар нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нар ажилладаг. Гэхдээ өмнө нь дээрх хоёр багшийнхаа сургуулилт дор хичээллэж эртнээс бэлтгэгдчихсэн байсан хүн.
 
-Түүнийг Асашёорү Япон руу авч явж сургуульд жил хичээллүүлсэн гэдэг юм билээ?
 
-Жил болоогүй байх, зургаан сар хэртэй л болсон шиг байгаа юм. Би энэ талаар яг сайн мэдэхгүй. Гэхдээ манай бөхийн холбоо түүнийг дахиж буцааж явуулах гэж үзсэн. Тэгсэн тэр “Би Монголдоо бэлтгэл хиймээр байна. Тэгээд дэлхийн аварга болмоор байна. Би бэлтгэгдчихсэн шүү дээ” гэсэн юм билээ. Өөрийгөө мэдээд байсан байх нь л дээ. Уг нь өнгөрсөн жил улсын аварга болоод дэлхийд аваргад оролцох эрхтэй болоход нь нас нь бага байна гээд оронд нь Т.Мөнхтуяаг явуулсан.

-Тэмцээн эхлэхээс өмнө нь тамирчдаа ийм амжилт үзүүлнэ гэж бодож байв уу. Эсвэл бүр илүү барилдана байх хэмээн төсөөлж суусан уу?
 
-Хяналтын барилдааны дараа сүүний хүчил буюу ажиллах чадварыг нь үзэхэд асар их өндөр гарч байсан. Бараг аварга болох болов уу гэж харж байсан шүү. Бүсийн аваргын төлөө барилдах мөчид шүүгч увайгүй үйлдэл гаргаагүй бол Э.Бэхбаяр дээшээ гарч барилдах байсан. Тиймээс манайхан шүүгчээ маш өндөр зэрэглэлээр бэлтгэх эррэгтэй юм байна гэж бодогдсон.
 
Ихэнх шүүгч нь хөгшин Европоос томилогдсон байна. Азийн орноос японууд л арай өөр ханддаг нь ажиглагдлаа. Энэ улс эдийн засгийн болон олон нийттэй харьцах харьцаа, олон улсын бөхийн холбоонд өгч байгаа хандив зэрэг нь өөр болохоор тэгдэг байх л даа. Манайхан ийм уялдаа холбоотой ажилладаггүй болохоор хэдэн бөхөө хүчээр нь л зүтгүүлдэг.
 
-Манайд “Алтан шүгэл”-ийн эзэн болсон А.Басхүүгээс эхлээд олон шүүгч байгаа. Тэднээс томилоод явуулж болдоггүй юм уу?
 
-Хамгийн гол нь өндөр зэрэглэлийн шүүгч бэлтгэгдээгүй байна шүү дээ.
 
-Нэг хэсэг уналтад ороод байсан чөлөөт бөхийн спорт сэргэж, 19 настай тамирчин дэлхийн аварга боллоо. Гол хүчин зүйл нь тухайн тамирчин ур чадвартай байгаагийнх уу, эсвэл дасгалжуулагч сайн байгаагаас гадна танай холбоо зөв менежмент хийж чадварлаг боловсон хүчин бүрдүүлснийх үү?
 
-Таны хэлж байгаа зөв л дөө. Сүүлийн хэдэн жил дэлхийн аваргаас байж байж ганц хүрэл зулгаадаг байсан. Харин ингэж сэргэж байгаа нь дасгалжуулагчдаа маш зөв сонгосонтой холбоотой юм. Дээр хэлсэн ах дүү хоёр дасгалжуулагчаас гадна хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшсэн, доктор, дасгалжуулагч Б.Баяраа нар тамирчдад үнэхээр зөв юм сургаж байна. Хэн нэгний хөдөлмөрийг тухайн цагт нь алдалгүй үнэлэх шаардлагатай. Тэгээд ч тэр одон медаль энгэрт нь л зүүгдэх болохоос мөнгө болж амьдралд нь хэрэг болох биш. Тэгсэн хэрнээ наадам, цагаан cap болохоор л юм хийсэн хийгээгүй нь мэдэгдэхгүй баахан хүнд тараачих юм. Эд нарын цалин гэхэд 400 мянган төгрөг.
 
Тэгэхээр хүнээс илүү гарч амьдрахгүй байна. Манай Б.Баяраа дасгалжуулагч Д.Хүдэрбулга, Ж.Чулуунбат нарт бэлтгэл хангагч олдохгүй бол өөрөө барилддаг. Орой нь гэртээ харихдаа яс нь янгинаж, хоолоо ч идэж чадахгүй эсвэл зүрх нь хүчтэй цохилоод шөнө тайван амарч чаддаггүй гэж байгаа. Би тамирчин байсан болохоор шигшээ баг бүрэлдэхэд нь л эд нарынхаа зөвлөхөөр ажиллаж санхүүгээр тусладаг болсон. Бэлтгэл хангагчаас эхлээд бусад хүмүүсийнх нь байр, хоолыг нь зохицуулахаар сэтгэл санаа нь ч тайван, зөвхөн амжилтын төлөө зүтгэдэг.

-Манай улсад одоо ойрын хугацаанд дахиад аварга болох хүүхэд хэр олон байна вэ. Мөн та одоогийн тамирчидтай харьцуулахад зодог тайлдаг насандаа шигшээ багт орж, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан. Энэ хоёрын ялгаа асар их байна?
 
-Монголчууд бие бялдрын хувьд Азидаа тэргүүлдэг. Бөхийн авьяас ч цаанаасаа тогтчихсон. Харин материаллаг бааз хангалттай байх юм бол олон олимп, дэлхийн аваргатай болоход ойрхон байна. Үүнд төр гар сунгах хэрэгтэй. Аливаа улсад үндэсний юм гэж байлгүй яах вэ. Гэхдээ тухайн улсын нэр хүнд, дэвшлийг үндэсний бөхөөс илүү их спорт харуулдаг.

Өөрсдийнхөө нэр хүнд, компанийнхаа сурталчилгааг хиймээр байгаа юм бол их спортынхондоо хөрөнгө хаявал дэлхий дахинаа таны нэр төр мандана шүү дээ. Харин аймгийнхаа бөхөд л өгөөд байвал зөвхөн орон нугагтаа л нэр чинь гарна. Нөгөөтэйгүүр үндэсний бөхөд хаяж байгаа мөнгөө дэлхийн их спортынхоо тамирчдад зориулах хэрэгтэй. Тэгж байж таны компани улам алдартай болж эх орны чинь нэр хүнд илүү өснө. Нэг зүйл нэмж хэлмээр санагдлаа.

-Бололгүй яахав?
 
-Энэ удаагийн дэлхийн аваргад 106 орны тамирчин оролцсон гэж дээр хэлсэн шүү дээ. Тэднээс манай тамирчид багийн дүнгээр зургадугаар байрт орсон. Гэтэл манайхны ард хүн ам болон эдийн засаг, хөгжлөөрөө харьцуулшгүй орон хэдэн арваараа жагслаа. Тэдгээр улсын бэлтгэлийн заал энэ тэрийг ярилтгүй биз. Угаасаа тодорхой юм чинь.
 
Гэтэл манайх улсдаа ганц гэж хэлж болохоор спортын төвд заалтай. “Алдар” спортын хороог багтааж болох юм. Ийм орчинд манай тамирчид бэлтгэл хийж байгаа хэрнээ ингэж торойж үлдлээ гээд мэдэхгүй гадны хүнд хэлбэл итгэхгүй. Ийм нөхцөл байдлаас л манай тамирчид сайн оролцоод ирлээ. Үүнийг ард түмэн минь сайн ойлгоосой.
 
-Гэхдээ таныг ид байхад манай нийгэм бас л хэцүү байсан гэдэг шүү дээ?
 
-Одоог бодоход байр, хоолыг улсаас бүрэн анхаардаг байсан. Жилийн 365 хоногийн 300 хоногт нь бид улсын хүчинд байртай байдаг байсан. Тэгэхээр бид зөвхөн бэлтгэлээ л хийх хэрэгтэй гэсэн бодолтой байв. Гэхдээ нэг гэм нь шинжлэх ухааны нөхөн сэргээлт хийдэг витамин энэ тэр дутмаг байсан.
Зууны мэдээ
Д.Жавхлан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-16 08:57:01
    Burgedaa gedeg ene nuhur undesniihee buhchuudiig dooglood yahavdee nerneesee avahuulaad gajigtai nuhur yumdaa
    • urnaa 2016-03-12 14:49:23
      Taniig hundeldegee ilerhiilie.uuriin bodol uurtuu.zub.tand amjilt husiee.
    • zochind 2014-10-17 01:16:33
      Burgedaa guai chin bas ulsiin nachin hun shuu dee ali ali togoond ni bdag hun ingej yarih ni zuv.