Монгол, Хятадын загийн газар хоорондын комиссын дарга нарын уулзалт боллоо

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар тэмдэглээд, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо.

Шадар сайд С.Амарсайхан Монголын талд хилийн боомтын бүс нутгуудын халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтэрч буй нүүрсний машины тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нүүрсний чингэлэг тээврийн журмыг ойрын хугацаанд тохиролцож, тээвэрлэлтийг эхлүүлэх санал дэвшүүлэв.

Тяньжин боомтод хуримтлагдсан манай улсын импортын чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэх, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх арга хэмжээ авах саналыг Шадар сайд С.Амарсайхан дэвшүүлснийг Худалдааны сайд Ван Вэньтао анхааралдаа авч, Хятадын холбогдох байгууллагуудад шуурхай уламжлахаа илэрхийлэв.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг Шадар сайд С.Амарсайхан Хятадын талаас хүссэн юм.

Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах, ирэх оны тохиромжтой хугацаанд Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг зохион байгуулахаар талууд тохиролцов.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.