''Театрын зүрх нь жүжигчин, тархи нь найруулагч''

 “Хүүхэлдэйн театр”-ын  алтан  тайзан дээр хөл, хэлд орж, урлагийн ертөнцөд өсөж өндийсөн ховорхон заяаны эзэн, удам залгасан урлагийн зүтгэлтэн бол УДЭТ-ын найруулагч Чимэддоржийн Түвшин юм. Түүний аав  алтан үеийн нэрт жүжигчин,  “Хүүхэлдэйн” хэмээн алдаршсан Лхамсүрэнгийн Чимиддорж. Ээж Н.Удвал нь мөн энэ театрын жүжигчин байгаад ханиа халамжилж, үр хүүхдүүдээ өсгөхөөр мэргэжлээ сольж худалдааны ажилтан болж байжээ. Гэсэн ч тэд ясны уран бүтээлчийн зангаар тэтгэвэрт суусныхаа дараа ч “Алтан унага” хүүхэлдэйн театраа цааш авч явж хөдөөгийн бүх сумаар тоглож байсан билээ. Хүүхэлдэйнүүд   өдгөө хоргон дотроо байгаа ч хүсэл мөрөөдөл нь хүүхдүүдийн хөгжөөн, шуугианыг үгүйлж байж ч мэдэх юм.  “Хүүхэлдэйн театр урлагийн бүтээлд шунах хүслийг надад төрүүлсэн. Уран бүтээл шидтэйг эндээс л мэдэрсэн”  хэмээн ярих Ч.Түвшин найруулагчийн ажлын  өрөөгөөр зочилж, “Амьдралын тойрог” булангийн зочноор урих завшаан Монголын урлагийн их өргөө өндөр үүдээ нээсэн 90 жилийн түүхт ойн өдрүүд тохиож байна.  

Гэргий М.Цолмонсүрэн жүжигчин мэргэжилтэй бөгөөд УДЭТ-т хамт ажилладаг байжээ.Гэргий М.Цолмонсүрэн жүжигчин мэргэжилтэй бөгөөд УДЭТ-т хамт ажилладаг байжээ.

АГУУ ЕРТӨНЦИЙН БОСГООР 

Том жүжигчний хүүхэд гээд Ч.Түвшин шууд найруулагч болчихоогүй. Тайзны  “урлаг”-ийг бүрдүүлдэг бүх зүйлтэй хүүхэд байхдаа танилцчихсан. Энэ дотроос “Пионерийн ордон”-д зургаан жил н.Энхболд багшийн удирдлагад  зургийн дугуйланд суралцсан нь Х ангиа төгсөөд УДЭТ-т тайз засагчаар ажиллахад нь дөхөм болжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр тайз засагчаас найруулагч болсон нэгэн. Түүний хувьд Монголын урлагийн их өргөө “Улаан байшин” бол гэр нь юм. Энэ хооронд хоёр удаа театраас хөндийрсний нэг нь 1987 онд хилийн цэргийн дугаар ангид алба хаах, нөгөө нь СУИС-д сурах гэж  түр холджээ. Тэрбээр өөрийгөө азтайд тооцдог. Учир нь театрынхаа 90 жилийг үзэж байна. Цаашид 95, 100 жилийн ойг үзнэ. Уран бүтээлч хүнд үүн шиг том баяр жаргал юу байх билээ. Түүний  хувьд театрын 55 жилийн ойгоор буюу 1986 оны наймдугаар сарын 22-нд албан ёсоор ажилд оржээ.  Тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны найруулсан “Гургалдайн дуут шөнө” жүжгийн баг ид ажиллаж байсан бол тэр жил найруулагч Г.Доржсамбуу агсан “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг тавьж байжээ. Тэгэхэд шинэхэн тайз засагч хүү “Зил-130” машинаар Яармагаас мод авчрахаав явж ирээд цавчсан хөлдүү бургас тайзан дээр ямар сайхан ягаан цэцэгтэй, интоорын  цэцэрлэг бий болж байгааг хараад “Ямар агуу ертөнц юм бэ” хэмээн дотроо уулга алджээ.  

1990 онд 15 орон оролцсон Олон улсын театрын наадам Москвад болоход Г.Доржсамбуу найруулагчийн “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн тайз засагчаар явсан нь “Хүрээний хуучин хүү” дэлхийтэй танилцах мэт болж нүдийг нээж өгөв. Ирээд Москвагийн театр урлагийн сургуульд шалгалт өгч тэнцсэн ч хоёр улсын харилцаанаас болоод явж чадсангүй. 1991 онд СУИС-д шалгалт өгөхөд нь  Урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Баатар унагаж орхив. 

“Тухайн үедээ тэнцээгүй нь оносон. Хэрэв тэр үед тэнцсэн бол телевиз, радиогийн найруулагч болох байсан” хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байна. 1992 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүү, тайз засагч Ч.Түвшин хоёр нэг өдөр, нэг тушаалаар ажлаас чөлөөлөгдөж мөн нэг тушаалаар СУИС-д нэг нь багш, нөгөө нь оюутнаар очжээ. Тэр үед найруулагч, жүжигчний анги хамт байж ерөнхий эрдмийн хичээл орно. Харин уран чадварын хичээл орохоор найруулагчийнх нь салдаг, жүжигчиндээ цуг ордог байв. Энд тэрбээр найруулагчийн уран чадварын хичээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Лхаасүрэн, Киевт төгссөн найруулагч н.Энхтуяа, жүжигчний уран чадварыг Ж.Лхамхүү, тайзны хөдөлгөөнийг Харьковт төгссөн н.Хандаа, тайзны ярианы багшаар  Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Мягмар, дуулах ур чадварыг гавьяат жүжигчин Д.Банди, сэтгэл судлалын  хичээлийг  н.Баясгалан, дэлхийн уран зохиолыг Галбадрах, дэлхийн театрын түүхийг н.Зориг нарын агуу  багш нараар заалгажээ. 

“ЖҮЖИГЧДЭЭ ХАЙРЛАХГҮЙ БАЙХ АРГАГҮЙ

Түүнийг 1996 онд сургуулиа төгсөөд Москва эсвэл Францад сурахыг мөрөөдөж байхад нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч араас нь   “чангааж” багагүй юм болж байсан гэдэг. Учир нь мань хүн УДЭТ-ын нэр дээр СУИС-д сурсан, одоогийнх шиг сургалтын төлбөр төлөхгүй харин ч улсаас мөнгө авдаг, дээр нь улаан дипломтой төгсчээ. 1996 оны нэгдүгээр сард дипломын урьдчилсан хамгаалалт хийх гээд багш нарын хурлаар ороход нь Ч.Найдандорж найруулагч “Театрт ирж найруулагчаараа ажиллах уу” гэхэд нь “Бодож байж болъё” гэжээ. Тэгсэн “Яасан овоо гар вэ. Драмын театр ажилд орох уу гэхэд бодож байж болъё” гэсэн гэдэг. Өдгөө тэрбээр “Тэр үед биеэ тоосон жижигхэн нөхөр  “Хэдийг өгөх юм” гэж асуугаагүй нь их юм. Одоо хүртэл Найдан найруулагч “Чи тэгсэн шүү” гээд дурсдаг. Сургуулиа төгсчихөөд наймдугаар сард театрын хажуугаар гараад алхаж яваад Найдан найруулагч, Зориг дарга, Мөнхөө багштай тааралдтал “Чи чинь ажилдаа ордоггүй юм уу” гэснээр шууд орж байлаа хэмээн оюутан цагийн дурсамжаас хуучилж сууна. 

Найруулагчдын, уран бүтээлчдийн хамгийн сайхан чанар нь өөрийн  бүтээж байгаа жүжиг, дүрээр нийгэмд оюун санааны хөрөнгө оруулалт хийж байдаг агуу хийгээд гэгээн хөдөлмөр байдаг. “Би агуу найруулагч, жүжигчин” гэхээс илүү бүтээлээрээ нийгэмдээ, цаг үедээ нөлөөлөх нь тэрхүү гэгээн зорилгынх нь биелэл болой. Энэ тухайд Ч.Түвшин найруулагч “Онгироо нэгийг нь дарах, хийрхсэн нэгийг нь тогтуун байлгах буюу хүн байх талаас нь бүтээлээ хийдэг хууччуул байж дээ гэж хардаг” гэв. Түүнээс найруулагч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэвэл “Ном сударт бичсэнээр найруулагчийн бүтээлийг үзэгчид  үздэг. Иймд хамгийн түрүүнд үзэгч байна. Хэрэв  жүжгийг энэ үзэгч үзэж байвал тэдний юу үзэхийг хүсэж байна түүнийг нь нэгдүгээрт тавина. Хоёдугаарт, жүжигчний хамтран ажиллагч, дүрээ, харьцаагаа, үзэл санаагаа олоход нь туслах. Гуравдугаарт, найруулагч хүнийг шүүмжлэгч гэдэг. Шүүмжлэгч нь арай давуу талтай. Нийгэмдээ, тухайн баг хамт олонтой мэргэжлийн үүднээс шүүмжлэх байр суурийг хадгалах. Дөрөвдүгээрт, тухайн байгууллагын зохион байгуулагч, бүх юмны төвлөрсөн цэг нь найруулагч. Сүүлийн үед хүрээгээ улам тэлж театрын арын алба, захиргаа удирдлагын хэлтэс, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, хамтран ажиллаж байгаа байгууллагын маркетингийн төв дээр, театр судлал, олон улсын театрын хандлага хэмээн өргөжин зохион байгуулагч, сэтгэлзүйч нь байх”-ыг шаардаж байна. 

Жүжигчин хүнийг халуун дулаан сэтгэлийн эмоцийг илэрхийлдэг зүрх нь гэж бодвол тархи нь найруулагч юм. Найруулагч хүйтэн хөндий байж болох ч 100 жилийн дараа энэ театр орших эсэхийг харж ажиллах хэрэгтэй. Найруулагч тухайн жүжигчнийг өдөөн хатгагч, сэргээх тал руу илүү ажилладаг. Үүнийгээ хийлгэхийн тулд хошин шогийн нийтлэг дүр болсон ууртай маскаа зүүж тэднийг ёвроно, тогшино, зандарна, загнана. Тэр хүний үзэл санаанаас эсрэг юм ярина. Өөрийнх нь таашаалаас хөндийрүүлэхийн тулд юм хийж байгаа нь хүнд харагдахаараа муухай аашлаад загнаад байгаа юм шиг харагддаг. Жүжигчдийг хайрлахгүй байх аргагүй. Тэд чинь олон зорилго, олон араншин, олон дүрийг өөр дээрээ туршиж байгаа шүү дээ” гэсэн юм.    

Өнөөдөр  УДЭТ-т ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, саяхан Москвад төгсөж ирсэн Ёндоншарав, Ч.Түвшин нар   ээлжийн найруулагч, хөдөлгөөний найруулагчаар ОХУ-ын Санкт-Петрбургийн их сургуудийг төгссөн н.Энхбаатар, хоёр туслах найруулагчийн нэг нь Санкт-Петрбургт төгсч ирсэн  н.Итгэл, нөгөө нь Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн шавь СУИС-ийн бүтээгдэхүүн н.Чингүн гэсэн зургаан найруулагч ажиллаж байна. Найруулагчид жилд хэдэн уран бүтээл хийх, хэчнээн ажил захиалгаар орж ирэх, урын санд байгаа жүжгүүд дээрээ хуваарилагдан ажилладаг. Хийх ажил их байдаг ч заримдаа хүрэлцдэггүй. Найруулагч үзэл санаа, өөрийн гэсэн ур чадвар, арга ажиллагаатай хүмүүс. Найруулагч гэдэг мэргэжлийг эзэмшсэн нь ховордоод байгаа нь ухамсрын болоод  гоо зүйн төлөвшил нь төрөхгүй, суухгүй байгаатай холбоотой. Жүжиг тавиад хөөрөөд ёслоод байх нь чухал уу, нэг хамт олныг театр гэсэн утгаар нь авч явж нэгэн үеийн дараах дэвшилтэд орчин, сэтгэлгээний төлөө зүтгэх нь чухал уу гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Монголд урлагийн хэдэн сургууль байгаа билээ. Олон найруулагч төгсөж байна. Чадвал хүлээн зөвшөөрнө, ирж ажиллахыг урьж байна. Өнөөдрийн эрин үед сайн ажиллаж, сайн өрсөлдөгч байж гарч ирнэ. Тухайлбал, Г.Доржсамбуу найруулагчийн ангиас зургаан гавьяат төрсөн байдаг. Үүний нэг манай театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, С.Алтанцэцэг, Ш.Лхагвасүрэн, Дорноговийн Пүрэвдорж, найруулагч Ч.Ганхуяг агсан. Тэгэхээр тэр багшийн школ сайн байжээ гэдэг үзүүлэлт хэмээн Ч.Түвшин найруулагч ярьж байна.

Түүний аав алтан үеийн нэрт жүжигчин,  “Хүүхэлдэйн” хэмээн алдаршсан Лхамсүрэнгийн Чимиддорж.Түүний аав алтан үеийн нэрт жүжигчин,  “Хүүхэлдэйн” хэмээн алдаршсан Лхамсүрэнгийн Чимиддорж.

“ЗӨВ ИРЭЭДҮЙ, ЗӨВ ХҮН БЭЛДЭЕ ГЭВЭЛ ГОО ЗҮЙН ДААТГАЛТАЙ БОЛГО... 

Манай нийтлэлийн баатар олон жил туслах найруулагч хийснийг үзэгч, уншигчид мэдэх байх. Ингэхдээ ангийн дарга, захирлын зөвлөлийн гишүүн, уран сайхны зөвлөлийн гишүүн гээд театрын гал тогоонд багагүй хугацааг зарцуулжээ. Ингэхдээ түүний мөрддөг зарчим нь “Хүн тухайн урын сан, тухайн жүжигт чиглэсэн зорилгодоо хурцаар орж ирээд, хурцаар гарч явах чадвартай байх. Учир нь найруулагч бүрийн арга, ажиллагаа өөр байдаг. Иймээс “Би Хөдөлмөрийн хуулийн дөрвөн үндсэн зарчмыг зөрчихийг хүсдэггүй. Нэгдүгээрт, ажлын байрны тодорхойлолт. Тэр хүн юу гүйцэтгэх ёстой вэ түүнийгээ биелүүлэх ёстой. Хоёрдугаарт, дарга, агуу жүжигчин, арын албаныхан байна уу, цагтаа л байх ёстой. Энэ бол театрын хамгийн том соёл. Цаг их үнэтэй. Гэтэл ажилдаа цагтаа ирдэггүй нөхрөөс болж тэр үйл ажиллагаа, хамт олны уур амьсгал тасалддаг. Үүнийг сахиулах ёстой. Гуравдугаарт, зорилгогүй дүр гэж байхгүй гэдгийг жүжигчиддээ хэлдэг. Жижиг дүр гэж байхгүй. Олны хэсэг, туслах, гол дүр гэж бий. Зорилгогүй бол дүр биш. Үзэл санаагүй бол жүжиг биш. Үзэл санаагүй бол найруулагчийн ажил байгаад хэрэггүй. УДЭТ гэсэн энэ байгууллага яг юу руу чиглэж уран бүтээлийн сангаа хөгжүүлэх юм бэ. Үндэсний сонгодог бүтээлийг энэ театр тавихгүй юм бол өөр хаана тавих юм. Хүүхэд, залуучуудад чиглэсэн, орчин үеийн урсгал чиглэлийн жүжгүүдийг тавьж байна. Дөрөвдүгээрт, цалин. Уран бүтээлийн үнэлэмж өндөр байх ёстой. Тухайлбал, сонгодог юм уу, том жүжгийн үнэлгээ өндөр, хүүхдийн уран бүтээлийг бага үнэлдэг. Бүгд адилхан бүтээл. Харин ч хүүхдийн уран бүтээл биднээс сэтгэлгээ, чадвар шаарддаг. Тиймээс хүүхдийн жүжиг, хүүхдийн уран бүтээлээр оролддог хүн бага байна. Зохиолчид нь хүртэл бичихээ больсон. Ямар сайндаа “Норовын намтар”-ыг өөрөө шинэчлэн найруулж бичлээ. Хичээлийн хэрэгслүүд яагаад явах болсон. Норов тэдэнд чин сэтгэлээсээ хандаагүй, муу сурдаг. Гэтэл муу суръя гэсэнгүй түүнд компьютер, гар утасны тоглоомноос болж тэднийг үл ойшоож байгааг одоо цагтайгаа холбож өгсөн. 

Бид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байна. Монгол Улс зэвсэгт хүчин, анагаах ухаанд хөрөнгө оруулалт хийж байна. Тэгвэл энэ сэтгэл оюунд хөрөнгө оруулалт хийх арга байна уу. Уран зохиолын хичээлийг ерөнхий боловсролын хичээлээс хассан нь аймшигтай. УДЭТ-ын үндсэн үүрэг нь соён гэгээрүүлэх. Түүнээс ашиг олох тал руугаа давамгайлмааргүй байна. Үүнийг зөв ирээдүй, зөв хүн бэлдье гэж бодож байгаа бол урлагийн гоо зүйн даатгалтай болгомоор санагддаг. Энэ даатгалаасаа ядаж жилд нэг удаа жүжиг, дуурь үзэх эрхтэй баймаар байна. Тэгж байж хүн төрөлхтний соёлт ухамсар, гоо зүйгээс иргэддээ толилуулмаар байна. Зах зээлээ дагасан чөлөөт уран бүтээл байлгүй яах вэ. Гэхдээ гурван сая гаруй хүнээс хэд нь театрт ирж байна вэ. Бидний соён гэрээрлийн гүйцэтгэж байгаа үүргийн үр дүнд театрт ирэх үзэгчийн тоо нэмэгдэнэ. Үүний цаана Монгол Улсад ном уншиж ертөнцтэй танилцаж байгаа магадгүй сэтгэл нь ариун, оюун нь төлөвшсөн иргэдийн тоо нэмэгдэх юм. Ийм үндэслэлээр цалинг зүйрлэн ярьж байна” гэв. 

ТЕАТРЫН 60 ЖИЛЭЭР 60 ХОНОГ БРИГАД ГАРЧ БАЙСАН

Ч.Түвшин найруулагчаас цаашид юу хийхээр төлөвлөж байгааг нь сонирхоход “2-3 бүтээл дээр сууж байгаа” гэсэн юм. Эхнийх нь театрын ажилтан, уран бүтээлчийн хувьд 55 жилээс нь хойш байсны хувьд 35 жилийн тухай бичсэн нь дээр юм байна. Театрын 60 жилээр Г.Доржсамбуу найруулагч 60 хоногийн бригад гаргаж байлаа. Энэ талаар бичмээр байна. Театрт ганц хууль байдаг нь дуудлага. Энэ дуудлагад А-Я хүртэл захирагддаг. Театрт өнөөдөр болох үйл явдал юу байна тэр бүгд бичигдэх ёстой. Түүнээс гадуур ажил хийхгүй. Энэ дуудлагыг нэг хүн гаргана. Олон хүн гаргахгүй. Энэ дуудлагыг театрын туслах найруулагч л гаргана. Хятадын эртний зохиол “Хос эрвээхэйн дууль”-аар жүжиг хийх санаа байна. Энэ санаагаа Бээжингийн урлагийн магистр хамгаалсан Ж.Лхамхүү багшийн шавь “Аравт” кинонд тоглосон жүжигчин Г.Ганцэцэгтэй хамтарч хийхээр төлөвлөсөн. Мөн хүүхдэд зориулсан “Монгол ардын үлгэр”-ээс сэдэвлэсэн жүжиг бичиж байна” хэмээн тэрбээр ярьсан. Түүний хувьд 2-3 жүжиг бичсэн жүжгийн зохиолч. Тухайлбал, шавь нартайгаа хамтран бодит амьдралаас сэдэвлэсэн “Чи өөрийгөө таних уу” жүжгээ бичсэн бол “Юу хүсээд байгаагаа мэдэх үү” жүжиг бичээд Архангай аймгийн Хөгжимт, драмын театрт тавихад “Гэгээн муза”-гийн комисс очиж үзээд УДЭТ-т уригдан тогложээ. Үүнээс тэрбээр жүжиг бичих урам авчээ. Олон найруулагч байсан ч УДЭТ-ын 85 жил, их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор тус жүжгийг найруулах хувь зөвхөн  түүнд тохиожээ. Театрынхаа өнөөдрийн нүүр царай болсон залуу жүжигчидтэй тус жүжигт хамтарч ажилласан байна. Яагаад гэвэл Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Намдаг, Ши Аюуш нар тухайн үедээ мөн л залуучууд байсан. Тиймээс шинэ залуу жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр жүжгээ тавьжээ. Мөн залуучуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг ямар өндөр байсныг жүжгээрээ давхар илэрхийлсэн нь нийгэмдээ өгсөн дохио, залууст хандсан мессеж нь байжээ. Театрыг үүрч явах залуус ч гэсэн найруулагчийнхаа санааг ойлгосон биз ээ. “Театр бол мөнхийн залуу, тэр тусмаа ажиллаж, бүтээж байгаа тэр л залуу нас алтан үе байдаг хойно. Өнөөгийн бид хэд наслах билээ. Энэ амьдарч байгаа үе дээрээ алтан үе байя л даа хэмээн залуучууддаа хэлдэг” хэмээсэн түүний үгийг “Ахмадуудаа хүндлэх нь бидний үүрэг. Тэд байгаагүй бол бид хэн билээ. Бид тэднээсээ сурсан, өвлөсөн, уламжилсан” гэсэн захиастай нь хамт залуу хүн бүр санаж яваасай гэж бодож байлаа.  

ТҮҮНИЙ ХҮСЭЛ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТДАА БАЙХ 

Түүний ханийг М.Цолмонсүрэн гэдэг. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчнээр төгсөөд 2000 онд Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, Г.Ганцэцэг нарын хамт УДЭТ-ын өндөр босгоор алхан орж  нөхөртэйгөө нэг хэсэг хамт ажиллажээ. Хэдийгээр нэг дор ажилладаг ч Ч.Түвшин найруулагч ажлын шаардлагаар эхнэрээ орхиод түрүүлээд театртаа ирнэ. Учир нь удирдах албаны “сэтэр”-тэй болохоор уран бүтээлчдийг ирэхээс өмнө бэлэн байх ёстой. Тэр бүү хэл эхнэр нь хоёр дахь хүүхдээ гаргах гээд эмнэлэг рүү явж байхад түргэний машиныг төв зам дээр зогсоогоод тоглолт руугаа явж байжээ. Нэг гэр бүлийн хоёр театрт ажиллахад хэцүү байсан учраас эхнэр нь бизнес эрхлэх болсон байна. Гэсэн ч хажуугаар нь хааяа нэг кинонд дүр бүтээнэ. Одоогоор “Сити” их сургуульд багшаар ажиллаж байгаа аж. Ч.Түвшин найруулагчийн хүсэл  их энгийн. Хайртай хүмүүстээ цаг гаргах, тэдэнтэйгээ урт удаан хамтдаа амьдрахыг хүсдэг аж. “Хүний амьдрал богинохон гэдэг. Гэтэл түүнээс богинохон юм шиг байна. Энэ хугацаанд бие биедээ амархан уусаж, ойлгодог юм байна. Улам л хайрлаж, хайртай хүмүүстэйгээ олон жил хамт байхсан гэж боддог” хэмээн тэрбээр ярьж байна. Тэднийх гурван  хүүхэдтэй. Хоёр нь жүжигчин болохыг хүссэн ч өрхийн тэргүүн зөвшөөрөөгүй аж. Яагаад гэхэд “Хүний оюуны үнэлэмж, авьяас чадварыг ухаарч, ойлгодоггүй нийгэмтэй эмэгтэй хүн зөрчилдөх хэцүү юм. Театрт их дагуулж ирснийх гоо зүйн вирус халдаасан юм шиг байна. Миний охидууд авьяастай. Урлагийн үзлэгээс юм дуулгана. Заримдаа эхнэр бид хоёр болиулах ажиллагаа зохиогоод ч нэмэр эс олно. Багадаа эмч, хуульч болно гэж байсан хүүхдүүд шилжилтийн насан дээрээ ирэхээр өөр болдог юм байна. Тиймээс би түр зуурын таашаалаасаа татгалз гэсэн. Аавынхаа үгэнд орж хувь заяатайгаа эвлэрсэн үү одоо хоёулаа өөр чиглэлээр суралцаж байна” гэлээ. 
Ч.Түвшин найруулагч “Мюзикл холл театр” урлагийн сургуульд багшлахдаа гурван анги төгсгөжээ. Мөн “Сити” их сургуульд ч хэсэг багшилж, драмын театрын дэргэдэх “Театр студи”-д гурван төгсөлт хийжээ. 2000 оноос театрын жүжигчдээ бэлтгэх, уран бүтээлч болгох, залуучуудынхаа урамыг нь сэргээх үйлсийг олон чиглэлээр  хийжээ. “Мюзик холл”-ийг төгссөн шавь нараас нь Ц.Цэрэнболд, Э.Батхүү нараас эхлэн хийморьтой яваа нь олон. Та миний нэрийг дурдсангүй гэж битгий гуниглаарай. Миний шавь нар тэгэхгүйгээ мэднэ. Мэргэжлийн ажлаа хийсэн бол алт болох хүүхдүүд ч байсан. Зарим нь өөрийгөө агуу гэж бодож эхэлсэн өдрөөсөө мөхөж эхэлнэ. Багшийн хувиар хэлж зөвлөмөөр. Шавийгаа буруу явахад үнэнийг нь хэлэхгүй багш гэж юу байх вэ. Би багш нартаа гийгүүлдэггүй юм гэхэд гай болохгүй, нэрийг нь муугаар дуурсгахгүй юмсан гэж боддог гэсэн түүний үгээр найруулагчийн дотоод ертөнц, “Амьдралын тойрог”-оор хийсэн аяллаа өндөрлөе. Тайзан дээр тавьж буй бүтээлээс нь түүнийг “унших”, таних хувийг уншигчдынхаа оюун тархин, сэрэл мэдрэмжид үлдээе.

“Жаргаагүй нар” жүжгийн уран бүтээлчидтэй хамт

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Duuriin teatrt ydridaach,nairyylagch sin 2021-10-11 09:11:32
    Dyyriin teatriin nairyylagch ydirdaach nariig sineer syrgaltand yabsan baidag yy?tamini ee!!!ene dyyriin teatr geech manai yrlagiin,dotroos ynaj baina syy!!!Jam...
  • Баянзүрх дүүргийн иргэн 2021-10-11 02:28:11
    Ч.Түвшин найруулагчдаа уран бүтээлийн өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Та "Хос эрвээхэйн дууль" жүжгээ хурдан гаргаарай?