Кутлу Атаман: Холливуд зөвхөн Америкийн зах зээл

“Улаанбаатар” олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Турк улс онцлох орноор шалгарч тус улсын гурван кино бүтэн өрдийн турш Улаанбаатарчуудад нээлттэй байсан юм. Энэ үеэр “Хургахан” уран сайхны киноны ерөнхий найруулагч Кутлу Атамантай ярилцлаа.

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу. “Улаанбаатар” кино наадамд таны кино оролцсон. Наадмын сэтгэгдлээс хуваалцаач?

- Би урлагтай холбогдоод 25 жил болж байна. Энэ хугацаанд хоёр чиглэлд тууштай ажилласан. Нэгдүгээрт, мэргэжлийн кино найруулагч, продюссер, зохиолч.

Нөгөөх нь урлагийн үзэсгэлэн гаргах юм. Ялангуяа, арт галерей болон олон улсын музейд өөрийн уран бүтээлийг толилуулах ажлыг хийдэг. Монголд анх удаа ирж байна. Монголд ирсэн маань сэтгэл догдлуулсан сайхан үйл явдал боллоо. Кино найруулагчийнхаа хувьд нэг кино авчирсан. Надад олон улсын кино наадамд оролцож, олон орноор явж байсан туршлага бий. Урилга бүрийг нь хүлээж аваад очоод байж чаддаггүй. Гэхдээ кино найруулагчтай холбоотой кино наадмуудад зайлшгүй явдаг. Монголд кино наадамд оролцооч гэсэн санал ирэхэд баяртай хүлээж авсан. Учир нь би багадаа Монголын түүхийг их үздэг байсан. Турк, Монголын ард түмэн түүх болон соёлын салшгүй холбоотой. Тиймээс багадаа түүхийг нь үзэж байсан улсдаа ирнэ гэдэг үнэхээр сайхан байлаа. Миний найруулсан “Хургахан” кино нээлтээ хийгээгүй байгаа. Хамгийн анхны үзэгчид нь монголчууд болсонд баяртай байна. Киноны нээлт удахгүй Туркт болно.

-Та манай уран бүтээлчдийн киног үзсэн үү. Тэр дундаа түүхэн киног үзсэн үү. Манай уран бүтээлчдэд ямар дүгнэлт өгөх бол?  

-Үнэнийг хэлэхэд манай улсад монгол кино гарч байсан удаа бараг байхгүй. Тиймээс танай уран бүтээлчдийн киног үзэж байсангүй. Туркт манай улсын уран бүтээлчдийн киноноос гадна олон улсын кино гардаг. Гэхдээ дэлхийн зах зээлд ноёлж байгаа Холливудын буюу Америк кинонууд их гардаг.

Энэ зах зээл өөрөө их төвөгтэй. Тэр бүр олон улсын фестивальд орох боломж бас хомс. Тиймээс гадаад киног цөөн үздэг гэж болно. Харин энэ кино наадамд ирснээр монгол кино үзэж уран бүтээлчидтэй нь уулзах завшаан олдлоо. “Улаанбаатар” кино наадамд оролцож байгаа монголын кино найруулагч, уран бүтээлчидтэй уулзсан. Монголд үзэж чадахгүй ч гэсэн тэд надад киногоо өгсөн. Туркт очоод тухтай үзнэ. Тэр үед өөрийн дүгнэлтийг хийж Монголын найруулагч болон кино уран бүтээлчидтэй хэрхэн хамтарч ажиллах талаар санаа төрнө гэдэгт итгэлтэй байна. Очсон газар бүр сэтгэлд хоногшиж үлддэг. Гэхдээ Монгол бол надад илүү ойр дотно санагдах улсын нэг боллоо.

-Сүүлийн үед манай уран бүтээлчид кино их хийж байна. Тэр хэрээр шүүмжлэлд өртдөг. Тэгэхээр киноны уран бүтээлчид юу анхаарах ёстой вэ?

-Кино урлагийн хамгийн том онцлог нь үйлдвэрлэл, зах зээлд суурилдаг гэдгийг толгойноосоо огт гаргаж болохгүй. Тиймээс нэг талаас зөвхөн үзэгчдэд зориулж хийдэг буюу ашиг олдог кино гэж бий. Нөгөө талаас урлагийн бүтээл байх ёстой. Уран зураг, барималтай адил 100 хувь бие даасан урлагийн гоо сайхныг хадгалж үлдэх талд хараат бус байж чаддаггүй. Үзэгчдэд баригддаг гэсэн санаа. Тиймээс нэг талаас урлаг гэдэг бие даасан байдлыг харж, урлагийг хөгжүүлэх гоо сайханч байх. Нөгөө талаас үзэгчдэд таалагдах.

Энэ хоёрын тэнцвэрийг сайн олох хэрэгтэй. Энэ бүх тэнцвэрийг найруулагч болон кино продюссер, жүжигчид өөр өөрийнхөөрөө томъёолсон байдаг. Гэхдээ нийтлэг аль ч чиглэлд байсан амжилтад хүрэх нийтлэг томъёо гэж байхгүй. Миний хувьд энэ хоёр тэнцвэрийг өөрийн хэмжээнд хадгалахыг хүссэн. Үүгээр ч тодорхой хэмжээний амжилтад хүрсэн. Миний кинонууд хэдэн зуун сая, тэрбумаар нь орлого олдоггүй ч ашиг авчирдаг. Би урлагийг нийтэд үнэгүйдүүлсэн хэлбэрээр буюу хүн бүрт нийцсэн кино хийхийг хүсдэггүй. Зөвхөн өөрөөрөө байхыг, өөрийнхөө өнгө төрхийг киногоороо дамжуулж гаргахыг хүсдэг юм.

-Таны “Хургахан” кино ямар хугацаанд бүтсэн уран бүтээл вэ. Энэ киногоороо юуг илэрхийлэхийг хүссэн бэ?

-“Хургахан” киноны маань зураг авалт таван долоо хоног үргэлжилсэн. Кино бүтээх явцад цаг хугацаа зарцуулах нь их. Киног хамтран бүтээх уран бүтээлчдийг сонгох, багаа бүрдүүлэх, зураг авалт, эвлүүлэг, дууны найруулга, менежментэд асуудал бий. Мөн олон улсын зах зээлд гарах, фестивальд орох зэрэг ажил нэлээд нүсэр байдаг. “Хургахан” кино гурван жилийн өмнөөс эхэлсэн ч одоо л нийтэд хүрэх гэж байна. Ерөнхийдөө  ёгтлол, драм чиглэлийн бүтээл гэж болно.

Би нийтэд мессеж өгөх, утга илэрхийлэх кино хийдэггүй. Энэ кинонд Туркийн зүүн өмнөд бүлэгт амьдардаг үндэсний цөөнхийн амьдралын нэг хэсгийг ч болов үзүүлэх, энэ киноноос тодорхой зүйлүүдийг олж харж, таашаал мэдрүүлэхийг зорьсон. Миний өөрийн стиль ийм. Ямар нэгэн тодорхой мессежид суурилдаггүй.

-Үзэгч гэдэг том шүүмжлэгч байдаг юм шиг санагддаг. Би түрүүнд хэлж байсан. Манайд долоо хоног бүр шинэ кино нээлтээ хийдэг. Гэтэл үзэгчид чанаргүй, юу илэрхийлэх гэж байгаа нь ойлгомжгүй бүтээл хийлээ гэж шүүмжилдэг. Тэгэхээр кино ямар хугацаанд бүтэх ёстой байдаг вэ. Богино хугацаанд чанартай кино хийх боломж бий юу?

-Кино урлагаас өндөр ашиг олох сонирхолтой байгаа тохиолдолд зарлагаа багасгах нь зүйн хэрэг. Зарлага бол кино зураг авалтын хугацаатай парлель зүйл. Хэдий хэмжээний бага төсвөөр бүтэж байна төдий хэмжээний их ашиг олох боломжтой гэсэн тооцооллын үндсэн дээрээс эдгээр кино бүтэж байгаа. Харин тухайн киногоороо олон улсын кино наадамд оролцож, дэлхий нийтэд танигдъя гэсэн тохиолдолд зорилго нь өөр болж байгаа учраас өөрчлөгдөх ёстой. Урлагийн бүтээл талдаа илүү анхаарах ёстой гэсэн үг. Энэ тохиолдолд хамгийн чухал нь зохиол. Зохиолоос бүх зүйл шалтгаална. Зохиолоос хамаарч зураг авалт, жүжигчид хүртэл өөрчлөх асуудал байдаг. Тэгэхээр түрүүнд хэлсэнчлэн тэнцвэрийг нь тааруулах л хамгийн чухал.

-Дэлхий нийтээр Холливудын киног үзэж, түүнээсээ таашаал авч тэр нь маш их ашиг орлоготой байдаг. Тэгвэл Холливудад танигдахын тулд ямар уран бүтээл хийх ёстой юм бол?

-Холливуд гэдэг зөвхөн Америкийн зах зээл. Америкчуудын үздэг кино гэж болно. Энд нэг зүйл хэлэхэд америкийн үзэгчид зөвхөн америк кинондоо л дассан байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт байдаг соёлууд тэдэнд хаалттай. Өөрөөр хэлбэл, Туркт хийсэн тухайн улсын тухай киног Холливудад оруулна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Харин Холливудын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа тохиолдолд өөр байж болох юм. Сэдвийн хувьд нийтлэг нэгэн хэвийн санагддаг.  

-Туркийн кино урлаг дэлхийн кино урлагтай харьцуулахад ямар төвшинд байна вэ?

-Турк уран бүтээлчдийн хийсэн кино дотоодын зах зээлийнхээ 56 хувийг бүрдүүлж байна. Саяхныг хүртэл энэ боломжгүй зүйл байсан. Энэ утгаараа дотоодын үзэгчдийнхээ 56 хувийг татаж байна гэдэг ашиг орлогынхоо хувьд тодорхой хэмжээнд хүрсэн гэж болно. Учир нь манайд Холливудын киноны нээлт их болдог байсан. Мөн манай уран бүтээлчдийн хийсэн сонгодог кинонууд олон улсын кино наадамд амжилттай оролцож байгаа. Тиймээс манай кино урлаг тодорхой хэмжээнд сайжирч байна гэдэг үнэлэлтийг өгч болох юм.

Гэхдээ нэг дутагдалтай тал бий. Жинхэнэ урлагийн бүтээл хийхээр дотоодын үзэгчид сайшаадаггүй. Учир нь дэндүү уран сайхны эсвэл зорилтот бүлэгт зориулагддаг учраас мэргэжлийн хүмүүс үзэхээс энгийн үзэгчид таашаадаггүй тал бий. Нөгөө талаас дотооддоо нийтийг хамарсан өргөн хэмжээний кино хийж өндөр ашиг орлого олж болно. Үзэгчээ татахын тулд дотоодын соёл, амьдрал, гэр бүлд тулгуурлаж хийхгүй бол үзэгчгүй болох эрсдэлтэй. Гэтэл зөвхөн дотоод зах зээлдээ зориулсан кино хийхээр дэлхийн зах зээлд амжилт олдоггүй.

-Та цаашид ямар төр­лөөр уран бүтээл хийхийг зорьж байна вэ. Зарим найруулагч зөвхөн түүхэн кино бүтээх сонирхолтой байдаг шүү дээ?

-Уран сайхны өнгө аястай, мэргэжлийн төвшинд хүрсэн бас зээлээ ч мэдэрсэн бүтээл хийх нь хамгийн чухал. Миний зорьж байгаа зүйл бол эдгээрийг хослуулж болох уу гэдгийг үргэлж боддог. Америк болон Өмнөд Солонгос, Англи, Францын уран бүтээлчдийг сонирхож, судалж үзсэн. Үүнийхээ үр дүнд энэ хоёрыг хослуулж хийх боломжтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс уран сайхны өнгө аяс болон зах зээлд илүү их ашиг орлого олох боломжтой кино хийхийг зорьж байгаа.  
 

Зууны мэдээ
Э.Орхонсүрэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ok 2014-10-18 11:25:44
    Холливуд гэдэг зөвхөн Америкийн зах зээл. Америкчуудын үздэг кино гэж болно. Энд нэг зүйл хэлэхэд америкийн үзэгчид зөвхөн америк кинондоо л дассан байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт байдаг соёлууд тэдэнд хаалттай. Өөрөөр хэлбэл, Туркт хийсэн тухайн улсын тухай киног Холливудад оруулна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Харин Холливудын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа тохиолдолд өөр байж болох юм. Сэдвийн хувьд нийтлэг нэгэн хэвийн санагддаг.
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах