АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт   болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын  задрах явц ялагдлынх нь гол  шалтгаан  болсоор ирэв. Өчигдөр л гэхэд АН хоёр гишүүнээ, тодруулбал  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг  УИХ дахь бүлгээсээ хөөж байгаагаа  бүлгийн дарга Д.Ганбат нь мэдэгдсэн. Энэ шийдвэрийн  бэх нь  хатаагүй байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хариу мэдэгдэл хийн Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж,  түүний оронд бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсноо зарлав. Тэдний хэлж буй  үндэслэл нь “УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн өөрөө  хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Түүнээс бүлгийн дарга болоод хэн нэгэн зарласнаар гишүүдийг бүлгээс гаргадаггүй” гэв.  Тэгэхээр бүлгийн дарга Д.Ганбатын  өмнө нь хөөх шийдвэр гаргасан  бие даагч   Н.Алтанхуяг,  АН-ын хуучин гишүүнчлэлээ  сэргээж орж ирсэн С.Ганбаатар нар  ч АН-ын бүлгээс гараагүй бололтой. Хэрэв  гарсан гэж үзвэл тэдэн дээр нэмээд нэг гишүүн  хөөхөд л тус нам   УИХ-д бүлэггүй болохоор байгаа юм. Үүнийгээ тайлбарлаж байгаа нь бас сонин. Ирэх сарын 5-нд болох АН-ын “Эв нэгдлийн их хурал” угтсан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн  УИХ-ын гишүүн Д.Ганбат ч, Л.Цогтгэрэл ч хэлж буй. Үүнд  эрх баригч нам нөлөөлж байгаа, учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах өлсгөлөн зарласан гишүүдийн гарын үсгээр  Д.Ганбат  нар наймаалцаж гурван сайдын суудал авах гэж байсан. Энэ бичигт нэр бүхий хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учраас хөөгдөхдөө тулсан гэхчлэн  бусад руу буруугаа чихэхээ ч бас мартсангүй. Үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байгаа нь ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, хөөгдсөн нэртэй  намаасаа гарч МАН-ын ивээлд  багтан  АТГ дээрх хэргээ  хаалгах сонирхолтой нөхдүүд ч бий гэлцэнэ. 

Ямартай ч өнгөрсөн хугацаанд АН-д өрнөж ирсэн үйл явдлуудаас дүгнэхэд  тус  намынхан Монголын улс төрд,  нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болсон УИХ-д хүчтэй сөрөг хүчин байхын төлөө бус  нам доторх эрх ашиг, намын даргын эрх мэдлийн  төлөө л өвөр зуурын  тэмцэл, ойр холын өс хонзонгоор “амьдарч” ирэв.  Задрах  болсон шалтгааныг лавлавал АН өнгөрсөн 30 жилийн түүхэнд огт шинэчлэгдээгүйд оршиж байгааг   судлаачид  хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн АН-ын талцал, бутралын эх сурвалжийг ойроос биш холоос хайх  хэрэгтэй болж байгаа юм. 

Ардчилсан намынхны 1990 онд хэлж, шаардаж байсан зүйлүүд зөв байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. Харин түүнийгээ хэрэгжүүлэх  шатанд  алдаа гаргасантай нь   маргах нэг ч  хүн гарахгүй байх.  Нэг үгээр хэлбэл,  тухайн үед  хувьчлал хийж  цөөнх баяжсан бөгөөд өдгөө тэр л  цөөнх АН-ын толгойд бүх эрх мэдлийг атгахын төлөө “алалцаж”  байгаа юм. Нааштай зүйл гэвэл энэ тэмцэл, тулаанаас ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Тиймдээ ч АН өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх сонгуульд ард түмнээс “Үгүй” гэсэн  дүн тавиуллаа. Эвлэрч чадахгүй л байгаа болохоос энэ бол бодит дүн юм. 

АН-ын  толгойд эрх мэдлээ тогтоох тулааныг хэн оройлж байна гэвэл өнөө л  Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд байх жишээтэй. Монголчууд тэднийг   таньчихаад удаа даара  “Үгүй” гэсээр байхад  бүгдийг нь зайлуулчихаад оронд нь  шинэ залуусыг гаргаж ирэх ёстой баймаар. Гэтэл 1990-ээд онд  намын толгойд  байсан хүмүүс бүгд төрийн өндөр албыг сэлгээд байж байна.   Жаахан  завсар гарвал  АТГ-ын босгыг элээж, цаашаа  шоронгийн мухар руу шидэгдчих гээд байдаг учраас зуурсан мөчрөө тавихгүй, залууст зайгаа тавьж өгөхгүй   үхэн хатан зүтгээстэй.  Энд гол учир байгааг АН өнөөгийн байдлаараа улам батлан харуулсаар байна. 

АН-ын  залуус нь  шинэчлэх, өөрчлөх тухай яриагүй биш ярьсан. М.Тулгат тэргүүтэй залууст итгэл үзүүлсэн үү үзүүлсэн.  Гэвч олонх нь “Та нар ач, зээгээ хараад гэртээ суугаач, тэтгэвэртээ гараач” гэсэн утгатай ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтөд бодитой хувь нэмэр оруулаагүй, олонх нь хошуугаа нэмэрлэсэн болохоос хуруугаа хөдөлгөсөн нь цөөн.  Залуус нь нэг иймэрхүү  хүчгүй байгаа учраас, нөгөөтэйгүүр зарим нь хууччуулын “цүнх баригч” хийж ирсэн тааруухан түүхэндээ  татагдаж  унасан тул АН сулрав. Дээрээс нь Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхээ больсон. Сонгуульд оролцох идэвх буурсан нь нөлөөлж байгаа юм. Үүнд нөгөө л АН-ын толгойд байж төрөөс идэж ууж, намынхаа нэр хүндийг хогийн сав руу шидсэн хүмүүсийн бохир түүх  нэрмээс болж байна. Тэгэхээр магадгүй  хууччуул нь   уучлал хүсч, улс төрөөс бүрмөсөн явсан цагт л  АН сэргэж мэдэх юм.  АН ийнхүү уруугаа  унаж байгаа нь өрсөлдөгчид болоод бусад улс төрийн хүчинд   баярлаад байх сайн зүйл биш л дээ.  АН хүчтэй байж эрх барьж буй  Ардын нам  яван чангарах бус уу. Түүний тулд УИХ дахь бүлгээ тараах бус бэхлэх ёстой юм. Ойр зуурын хэрүүл бус холыг харсан бодлого шийдвэрт анхаараасай. Тийм биш байх аваас  Монголын хувь  заяа   хүндхэн байдал руу  гулсана. Ирэх сард болох Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал” үүнийг олж хараасай. Даргын суудлыг биш эв нэгдлийг дархлаасай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Л.Гэрэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-10-19 12:28:04
    Хувьчлал нэрээр олон нийтийн хөрөнгийг дээрэмдэн булааж цөөнхд өгсөн.Феодлын хөрөнгийг хураасантай ямар адилхан дээрэм бэ.