Дэлхийн эргэн тойронд...

Дэлхий нийт  Афганистаны асуудлаар "амьсгалав"


Өнгөрсөн хоёр долоо хоногт дэлхий нийтийн мэдээ Афганистаны асуудлаар “амьсгалсан”  гэж  дүгнэхэд болно. Улс төрийн зарим судлаачид “АНУ Афганаас цэргээ гэнэт гаргасан явдал энд зарцуулж байсан цэрэг техник,  хөрөнгөө Номхон далайн бүсэд хятадын эсрэг шилжүүлэн хүчээ нэмж, орос, хятадыг талибуудтай улаан нүүрээр нь халз тулгасан маш ухаалаг нүүдэл байлаа” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт ОХУ, БНХАУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан монголчууд бидний яах аргагүй анхаарах ёстой асуудал. 

Афганистанд тайван, амгалан байдал цогцлооход  манай хоёр хөрш мэдээж маш чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Хойд хөрш Талибанчуудыг “террорист” гэсэн ангилалд оруулчихсан байгааг мартах ёсгүй. Гэхдээ ОХУ талибуудыг маш сайн судалсан эрдэмтэн судлаачид, эдэнтэй яаж тэмцвэл дээр вэ гэдгийг гарын таван хуруу шигээ мэддэг болсон мэргэшсэн армитай. Энэ нь ОХУ хөрш “стан” улсуудруу террористуудыг оруулахгүй байх бүрэн боломжтой гэсэн үг. 

Урд хөршийн хувьд Пакистанаар зуучлуулан аль хэдий нь талибуудтай эдийн засаг, бүтээн байгуулалтын талаар хамтран ажиллаад эхэлсэн. Үүнийгээ албан ёсны болгож ил тодоор явуулна гэдгээ ч төр, засаг нь албан ёсоор зарлачихлаа. БНХАУ-ын энэхүү “зөөлөн бодлого” афганчуудыг хөгжлийн замд хөтлөх хамгийн зөв гарц байж болох юм. Гэхдээ энд нэг “но” бий. Хятад иргэд мөнгөтэй болоод удаагүй байна. Гэнэт мөнгөтэй болсон хүмүүс биеэ тоож, бусдыг дорд үзэх гээд байдаг гэмтэй. Мөн хятадууд бүтээн байгуулалтандаа евро стандарттай төстэй өөрийн технологи яаралтай нэвтрүүлэхгүй бол зөнч Мухамедийн “өгсөн” байгалийг сүйтгэж лалын шашин, олон улсын байгаль хамгаалагчидтай зөрчилдөх аюултай. Энэ нь эдгээр шалтгааныг яаралтай арилгахгүй бол нэг л наргүй өдөр афганчууд хятад ажилчдыг буудаад, дэлбэлээд эхлэх нигуртай гэсэн үг. Ингэсэн тохиолдолд урд хөрш маань ажилчид, мэргэжилтэн бас хөрөнгөө хамгаалж Үндсэн  хуульдаа оруулсан өөрчлөлтийн дагуу Афганистанд байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болно. Ингэвэл стратегийн түнш маань орос, америкийн араас орж “Буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээнэ” гэсэн үг. 

Өнөөгийн лалын шашин ялангуяа талибан гэх мэт хэт үндсэрхэг үзэл дэлхий нийт өөрсөд шиг нь “нов ногоон” болох ёстой гэж үздэг бас итгэдэг.Энэ нь эсвэл тэд эсвэл бусад нь нийлж аль нэгийгээ устгаж байж санаа амарна гэсэн үг. Иймээс монголчууд шонхор болон булангийн гэх сайн харилцаатай улсуудаар дамжуулан лалын ертөнцөд Чингис хааны “Хөх тэнгэрийн дор бүгд ижил” гэсэн философийг дахин дэлгэрүүлэхэд анхаарах ёстой гэдгээ ойлгоход илүүдэхгүй. Учир нь Монголын эзэнт гүрний суурин дээр улс гэж нэг иймэрхүү юм байдаг юм байна гэдгийг мэдэж авсан  орос, хятад/манж/, османы гэсэн гурван том гүрэн бий болсон түүхтэй билээ.  

“Хятадын үл хөдлөх хөрөнгийн том компаниуд дампуурч байна”

 НҮБ-ын Их чуулган болсон ч дэлхий нийт  “Хятадын үл хөдлөх хөрөнгийн том компаниуд дампуурч байна”, “Австрали улсад усанд шумбагч онгоц хийж өгөх гэрээ цуцлагдсанаас францчууд гэрээ байгуулах үеийн 40 буюу өнөөдрийн 50 тэрбум ам.долларын алдагдалд орлоо” гэсэн мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татсан.

    Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл бол хэт их гэхээс өөр аргагүй маш “том” мөнгө эргэлддэг,   улсынхаа эдийн засгийн нэг чухал багана болдог зүйл. Энэхүү зах зээлийг Еврази тив гэвэл  энэ тивийг газар хөдлөлтөөс сэргийлэн    жилд хэдэн арав, заримдаа бүр хэдэн зуун жижиг арал дэнжигнэн тэр чигтээ далайд умбаж  ил гарсны дараа дахин шинээр иргэд  суурьшдаг гэж ойлгоход яг болно. Товчоор ЭЗ-ийн “хөөс”-ийг гэнэт хагалчихгүйн тулд төрийн хүчээр хийг нь гаргаад байдаг гэсэн үг. Энэ бол  үнэндээ төрийн оролцоотой гэх цэвэр Кэйнсийн буюу Крони (төртэй хамссан бизнес) КЭЗ гэгддэг эдийн засгийн тогтолцоо билээ. Английн нэрт эдийн засагч Жон Мейнард Кейнсийн нэрээр нэрлэгдсэн ЭЗ-ийн энэхүү онол нь яг үнэндээ дүрээ үл ялиг хувирган,  шинэчлэгдсэн Марксист-коммунист эдийн засаг юм. 

Өнөөдрөөс 300 жилийн өмнө алдарт Адам Смит Чөлөөт эдийн засаг/ЧЭЗ/-ийн “үл үзэгдэх гар”-ын тухай “Үндэстнүүдийн баялаг”  бүтээлдээ бичиж байсан гэхээр ЧЭЗ гэх нөхөр их эрт төрсөн боловч   КЭЗ гэх  этгээдэд шахагдан 1930-1970 онд хүртэл  ноёлуулж  байсны цаад учир нь ийм юм. 

Германы мөнгө бас явуулгаар Орос улсад хийгдсэн Октябрын хувьсгал ч гэдэг төрийн эргэлт ч гэгддэг тогтолцооны өөрчлөлтөөр богино хугацаанд хөдөө аж ахуйн улс хэрхэн аж үйлдвэржиж байгааг харсан эдийн засагч энэхүү онолыг анх гаргасан хэрэг. Гэхдээ энхүү аж үйлдвэржилтийн золиосонд хэдэн сая хүн өлсөж үхсэнийг олж хараагүй юм. Үнэндээ олж харах ч боломж байгаагүй.  Дэлхийн II дайн дараа “За тэр.Харав уу” гэж бүр хүчээ авсан билээ.  Яг үнэндээ бол коммунист, фашист гэх төрөөс хэт хараат эдийн засаг буюу ТХХЭЗ гэх хоёр чавганц уралдаж нэг нь түрүүлсэн  хэрэг. Энэ үед  хожим Нобелийн шагнал хүртэх Австри-Английн алдарт эдийн засагч Фридрих Август фон Хаек  ЧЭЗ-ийг өмөөрч, КЭЗ-ийн үнэн, мөнийг уудалсан алдарт“Боолчлогдох зам” бүтээлээ хэвлүүлсэн боловч тухайн үед  өөрөөс нь өөр ойлгох хүн гарсангүй. Яг өнөөдрийн монгол шиг. Ядаж байхад яр гэдэг шиг  Де Голль гэх горзгор генерал  Францын Ерөнхийлөгч болонгуут улсдаа байсан бүх ам.долларыг ачиж аваад АНУ-д очиж “Алив та нар энэ ногоон, эрээн цаасаа авч оронд нь  үүнийхээ баталгаа болох цэвэр алтаа жигнээд өгөөдөх” гэх нь тэр. Франц ч яахав алтаа авч харин дэлхийн эдийн засагт цусны үүрэг гүйцэтгэдэг америк доллар 00-д байдгаас арай хатуу буюу зүгээр л зүссэн ногоон цаас болчих нь тэр. Ингээд ямар америк коммунист нь бодож олсон  байгаа юм  “Долларыг үй олноор нь үйлдвэрлэж  ханшийг нь хүчээр унагавал манай бараа чанараас үл хамааран бусад улсынхаас илүү олноор зарагдах юм байна” гэсэн лут “нээлт” хийснээр протекционзм бүрэн төгөлдөржих суурь тавигдав. Хожим үүнийгээ  хятадтай хийж буй  ЭЗ-ийн “дайн” гэж албан ёсоор зарлах болно. Ийнхүү АНУ  төрийн төгс зохицуулалттай  ЭЗ-тай улс болж  гудамжинд мөрөөрөө лааз өшиглөж явсан хөөрхий муу ЧЭЗ-ийг нам цохиж унаган, чирч аваачаад манай  Монте Кристо гүнгийн хоригдож байсан өрөөнд оруулж, Иф цайзанд хорьчих нь тэр.Үүнийг мэдсэн “Чикагогийн залуучууд” гэгдэх эдийн засагчид анх санаачилж, Английн ЕС Тетчер АНУ-ын Ерөнхийлөгч гэх цөлх эр Рейгентэй хамтран   ЧЭЗ-ийг Иф цайзнаас хүчээр суллан  эдгээр улсын бүрэн эрхэт иргэн болгож “Төмөр хатагтай” цол хүртсэн түүхтэй.

Монголд өнөөдөр урдаас нь харахаар ЧЭЗ, араас нь харахаар КЭЗ гэх дэлхийд өөр хаана ч байхгүй хачин нөхөр зугаалж явна. Энэ нь маш  яаралтай  энэ нөхрийг ЧЭЗ, эсвэл  КЭЗ  болго гэсэн үг. Учир нь энэ нөхрөөс болж   монголчууд Оюуны чадавхаараа дэлхийд эхний 12 багтаж буй атал  Авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 111, Хүний хөгжлийн индексээр 189 улсаас 92-т, Боловсролын индексээрээ 189 улсаас 103-т, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 улсаас 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49-д, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээр байрт орж дороо дэвхцээд байгаа хэрэг.  Монголд КЭЗ-ийг иргэн болгох сонирхолтой байдаг төрийнхөнд энэ тогтолцоог авахад манайд хоёр том саад байгааг анхааруулах нь зүйд нийцнэ. Нэгдүгээрт, КЭЗ авилгыг төгс хөгжүүлдэг тул “Сэлэм гялс.Толгой бөндгөс” арга хэмжээ авч явуулах шаардлага заавал үүсдэг.Үүнийг Сингапур болон урд хөршийн тэргүүнүүд маш амжилттай хэрэгжүүлсэн. Монголд сэлэм олж болох ч толгойны нөөц аль 37 онд дуусчихсан. Энэ нь КЭЗ-ийг дэмжсэн төрийнхөн авилгыг өөгшүүлсэн хэргээр нарсанд нам сууна гэсэн үг. Хоёрдугаарт, монголчууд олон мянганд 70-аас бусад жилд нь өрх гэр бүр хувь хүн эдийн засгийн хувьд бусдаас хараат бус бие даасан эрх чөлөөт байдалтай явж ирсэн түүхтэй. Сүүлийн 30 жилд энэхүү эрх чөлөөгөө буцаан эдэлсэн ард түмнээс үүнийг нь авах гэсэн ямар ч төр, засаг хөнтөрч суйлуулаад тэнгэр харахаас өөр аргагүй болно. Аль алиндаа ашиггүй зүйл гэсэн үг. Иймээс стратегийн түншлэл бүхий улсууд болон Европын Холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулж КЭЗ-ийг хөөж явуулаад  ЧЭЗ-д иргэншил олгодоггүй юм гэхэд түр оршин суух эрх яаралтай олж өгөх хэрэгтэй байна. 

Татвар бол татвар буюу иргэдийн хувьд эх орон шиг нь ганц  тоон дээр байх ёстой зүйл. Энэ бол ашгийн татвар. Бусад нь бол луйвар. Энэ нь гаалийн татвар гэх мэт авилгын үүр, уурхайг устган нөгөөдөхөө өндийлгөсний татвар-НӨТ ч гэх шиг  балай луйврыг боль буюу 100% буцааж өгч бай гэсэн үг. Ингэж байж “шилмэл тархи”-нуудаа гадагш алдах явдалд цэг тавин  гадны хөрөнгө, технологийн үүд нээгдэж улс чинь хөгжинө.

Францын дээрх асуудал бол дотроо ЧЭЗ-тэй ч гадагшаа протекционзм буюу гаалийн татвар гэх төрийн зохицуулалттай  КЭЗ   бүхий улсуудын зөрчилдөөн. Өөр юу ч биш.

Хүн төрөлхтөн 99,99% адилхан  буюу тэг зууны ганц хувийн генийн ялгаатай

                         

What Is The Democracy Mean

 Бас нэг сонирхол татсан сэдэв “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг их наяд ам.долларыг ардчилсан засаг, төр байгуулахад нь, 85 тэрбумыг орчин үеийн зэвсэгт хүчинд нь зарцуулчихсан байхад Афганистаны арми талибуудад яагаад ийм амархан ялагдав” гэсэн асуулт байв. Бүр энэ асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцээд тусыг эс олов. Энэ асуултын хариуг   англи-саксчууд байтугай баруун, зүүн европ нийлээд ч олж чадахгүй байх нигуртай ажгуу. Цаад учир нь ийм юм.

Хүн төрөлхтөн 99,99% адилхан  буюу тэг зууны ганц хувийн генийн ялгаатай. Бидний элгэнд шимэгчилдэг нематод гэх хавтгай хорхой хүний гентэй 70% яг  адилхан. Энэ нь биднийг хэн нэгэн бус байгаль бий болгосон гэсэн үг. Үндэстэнгүүд генээр биш яаж  сэтгэж байна гэдгээр хоорондоо ялгардаг. Ерөөс сэтгэх гэдэг хүнийг амьтнаас ялгах гол шинж билээ.

Хэн ч бай гудманд таарсан дурын европ хүнд гар утсаа өгч зургаа авахуулаад үз. Зөвхөн таны зургийг анхаарч цаад дэвсгэрийг нь огт тоохгүй авсан байх болно. Харин дурын ази хүн таны зургийг цаад фонтой нь давхар тохируулж авсан байдаг. Энэ нь азиуд европчуудаас илүү сэтгэдэг гэсэн үг биш шүү. Харин эндээс монгол сэтгэхүй буюу ухаан гэж яг юу юм бэ гэсэн асуулт яах аргагүй урган гарна.

Замд таарсан айлд бууж эмгэн өвгөнтэй мэнд мэдэлцэн гангар, гунгар хийн цай чануулаад сууж байтал машин дуугарч хотын бололтой бүсгүй, залуу хоёр ороод ирэв. Бүсгүй нь мэнд мэдэв үү, үгүй юу  өвөөг ухуулан, сэнхрүүлэх ажилд оров. Хэлэмгий, доломгой ч гэж жигтэйхэн. ”Энэ христийн шашныг чинь шүтсэний буруу гэж байхгүй юм биш үү” гэж бодогдтол ухуулж байна. Тэгээд эцэст нь өвгөнөөс “За, та юу гэж бодож байна” гэж асуулаа. Өвөө “Хөрстөд ганц хүү төрүүлчихээд тэрнийгээ харж, хамгаалчихаж чадахгүй мань мэтийн юмнуудаар тэлүүлж, тамлуулаад алуулчихаж байгаа Ертөнцийн эзэн гээчийг шүтэж байснаас гэм хоргүйгээр нь гуулин бурханаа л  шүтэж байя гэж бодож байна даа” гэх нь тэр. Бид нэгэн зэрэг “пис” хийтэл инээхэд өнөө хоёр гараад алга болов. Энэхүү бодит жишээ бол монгол  сэтгэхүй буюу ухаан юм. Монголчууд олон мянган жилийн турш эх байгалийнхаа нэгэн хэсэг болж, бидний хэлдгээр экосистемийн бүрэлдэхүүн болж амьдарсан тул аливааг цогцоор нь харж дүгнэлт хийдэг болсон аж. Тэгвэл дээрх асуултын хариуг монгол ухаанаар буюу цогцоор нь харах гээд үзье.

Өнөөгийн амьд байгаль төдийгүй биднийг бий болоход  ихээхэн үүрэг гүйцэтгэсэн мөстлөгийг эрдэмтэд их, бага гэж ангилдаг. Их мөстлөг нь ихэвчлэн солир бөмбөрцгийг мөргөснөөс үүддэг бол бага мөстлөгүүд нь супер тодотголтой галт уулын дэлбэрэлтээс болдог байна. Өнөөдрөөс 60-н сая жилийн өмнө сүүлчийн, ээлжит их мөстлөг дэлхийг бүрхэж  дэлхийн олон галт уулын ачаар мөс хайлж, үр дүнд нь үетэн /өвс/ хэмээх ургамал шинээр үүсэж, улмаар энэ ургамлаар хооллодог  тууртангууд бий болжээ. Ийнхүү үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж  нүүдлийн гэсэн соёл иргэншил бий болов. Суурьшмал иргэншилд тариалан, нүүдлийн иргэншилд малын үр шимийн дээжийг хүртдэг хаад, ноёд гэсэн анги яг адилхан бий болжээ. Яваандаа худалдаачид гэсэн чинээлэг бүлэг бий болсон ч ноёлох анги гол худалдан авагч нь байснаас ямар нэгэн зөрчил үүссэнгүй.

 Иргэншил бий болсноор хүн амын тоо эрс нэмэгдэж энэ олон хүний харилцааг зохицуулах зориулалтаар, байгалийн үзэгдлийг шүтэх мухар сүсгийг халж шашин бий болов. Цаашид шашин сүм, хийдээс улбаалан шинжлэх ухаан үүсэж удалгүй их сургуулиуд байгуулагдан бүрэн бие даасан мэдлэгтэн “үйлдвэрлэж” эхлэв. Чухамхүү шинжлэх ухааны ачаар оюуны өмч гэх техникийн дэвшил буюу бөөний үйлдвэрлэл бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ. Шинээр бий болсон  ноёлох ангийн эрх ашгийг хамгаалах шаардлагаар “Барууны үзэл” бий болов. Мэдээж баялгийн ихэнхийг эзэмшдэг цөөнхийн үзлийн эсрэг олонхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Зүүний үзэл” ч бий боллоо. Ингэснээр энэ хоёр үзлийг төлөөлсөн улс төрчид хэмээх шинэ бүлэг гарч ирэв. Түүхэн явцад олон янзын үзэл бий болсон ч нийгмийн шалгарлыг давж чадсангүй.  Ийнхүү “Ардчилсан нийгэм” оршин тогтнов. Энэ бүхэн Аж үйлдвэрийн I-III хувьсгалын үр дүн юм. Харин өнөөгийн Аж үйлдвэрийн IV хувьсгалын ачаар хувьцаа, IPO гэх зүйл бий болсноор хөдөлмөрчдийг шулж үнэтэй бортгон малгай, тас хар фрак, цасан цагаан цамц өмсөж бусдаас ялгарч, хөрөнгө хуримтлуулан хөрөнгөтөн болох  шаардлага үгүй болов. Өөрөөр хэлбэл жирийн хөдөлмөрчин иргэд тив дамнасан том компаниудын хувьцаа эзэмшигч болж  барууны болон зүүний өмч нэгдэж байгаа нь шинэ нийгэм бий болох  суурь тавигдаж байгаа явдал аж. Өмч нэгдэнэ гэдэг үзэл нэгдэх үйл явц эхэлсэн гэсэн үг. Үзэл нэгдэнэ гэдэг улс төр гэх өрсөлдөөн, тэмцэлдээн устаж  шинжлэх ухаанаар “ном хаялцах” үе буюу  нам  цэвэр үзэл бодлын  нэгдэл болж,  улс төр гэх  популизмаас салах цаг айсуй гэсэн үг. Шуудхан хэлэхэд баруун болон зүүний үзлийн суурь болдог өмч нэгдэж улс төр нь байхгүй болж байхад улс төрч гэх шимэгч гэмээр бүлэг үлдээд байгаа аж. Иймээс АН хагараад байгаа юм биш энэ намын суурь болсон Барууны үзэл  байхгүй болчихсон учир самгардаад байгаа болж таарч байна. МАН болон ХҮН-ын Зүүний үзэл ч адилхан алга болж буй тул удахгүй баруун, зүүний үзэл гэвэл  боловсролгүй золиг гэж хэлэгдэх нигуртай болчихсон гэсэн үг. Би хэлээд байгаа юм биш энэ шинжлэх ухаан чинь ингэж бичүүлээд байгаа хэрэг.  

Судлаачид судалгааны хэрэглэхүүүн, арга зүй хоёроо л сонгох эрхтэй. Энэ хоёр  нийлж судлаачаас үл хамаарах, зүй тогтлыг гаргаж харуулахыг шинжлэх ухаан гэнэ. Харин шинэ зүй тогтлыг нээсэн хүнийг эрдэмтэн гэх. Монголын “Халдвал хар халзанд нь” гэж нэг сайхан үг бий.Тэгвэл цөмөөрөө асуултандаа зөв хариу олохын тулд  яасан улс бусдаасаа хөгжлөөр тасран түрүүлж бас доройтон буурдгийг олж тогтооё.

Мэдээж судалгааны хэрэглэхүүн нь тухайн үедээ дэлхийн өнгийг тодорхойлсон Эртний Грек, Ромын эзэнт гүрэн, Их Монгол улс, Англи, АНУ байж таарна.Эд нарын нийтлэг зүй тогтол нь бидний хайж буй зүйл юм.Грекчүүд төв цэнгэлдэхдээ цугларч дэмжвэл цагаан чулуу эсэргүүцвэл хар чулуу вааранд хийж олонхийн саналаар асуудлаа шийддэг байж. Харин Ром тогтмол парламент, цезарь гэх тэргүүнтэй, монголчууд Их хуралдай гэх тогтмол бус парламент, Их засаг гэх үндсэн хууль, хаан гэх тэргүүнтэй, Англи давхар шатлалтай хууль баталдаг тогтмол парламенттай, Ерөнхий сайд гэх тэргүүнтэй, АНУ улс төдийгүй муж бүрдээ хууль тогтоох хос парламенттай, Ерөнхийлөгч гэх дундын Гүйцэтгэх засгийн тэргүүнтэй ажээ. Өөрөөр хэлбэл тухайн үедээ бусад улсаас илүү дэвшилтэт нийгмийн тогтолцоо бий болгосон улс суга хөгждөг юм байна. Харин нийгмийн илүү дэвшилтэт тогтолцоо гэж  асуудлыг шийдэхэд иргэд эсвэл  иргэдээ гэсэн элит хэсгийг  оролцуулах явдлыг хэлдэг аж. Ардчилал гэдэг чинь үнэндээ энэ л юм байна. Харин элит хэсэг  элит бусчуудаар солигдвол хоцрогдсон нийгэм болдог хуультай аж. Тэгвэл бидний Ардчилсан гэх нийгэм бүх иргэдийн тэгш эрхийг хуульчлан тунхагладаг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “дотоод”, бүх тусгаар улс тэгш эрхтэй гэдэг ч үүнийгээ биелүүлж чаддаггүй “гадаад” гэсэн хоёр том зөрчилтэй нийгэм аж. Өнөөдөр Ардчилсан нийгэм энэ хоёр том зөрчилдөө “идэгдээд” дуусаж байна. Үүнийг зарим судлаачид системийн хямрал гэх нь бий. Энэхүү нийгмийн тогтолцооны шилжилтийг “системийн хямрал” гэж хий хөөрөгдөх нь хувьсгалд хүргэж цус урсган ёроолын хог, новшнууд дээшээ  гараад ирдэгийг мартаж болохгүй. Үүнийг монголчууд “Түрийний бөөс толгойд гарах” гэдэг. Тэгэхээр Ардчилсан нийгэм маань яг л зай нь нурсан гар утас, мотор нь цохисон машин лугаа  зүгээр л хуурмаг дүр бүхий популист нийгэм болчихсон юм байна.  Популист гэдэг чинь худалч, хулгайч гэсэн үг. Татвар төлөгчдийн маш их мөнгө буюу  мянган тэрбум ам. доллараар босгосон Афганистаны ардчилсан засаг төр, арми гэх “хөзрөн байшин”  маш хурдан нурж унасан  цаад учир, шалтгаан нь энэ ажээ. Нэгэнт цэнэг нь дуусчихсан  Ардчилсан  гэх нийгмийн  элит бус хэсэг болох улс төрчдийн төр, засаг цаашид огт явцгүй болсон гэсэн үг. Ардчиллын өлгий АНУ-д л гэхэд улс төрчид нь өөрсдөө үгсээд үрчихсэн улсынхаа өрийн таазыг нэмэхээс өөр зүйл хийж чадахгүй болчихоод сууж байна.

Түүх их шоглоомтой. Өнөөдөр эртний Грекийн хот улсад болж байсантай яг адил үйл явц Швейцар улсад өрнөж байна. Энэ улсын засаг захиргааны хамгийн бага нэгж нь нөхөрлөл. Нөхөрлөлүүдээс кантон бүрдэнэ. Нийт 26 бие даасан кантонтай, бүгд тэгш эрхтэй найман сайдтай. Сайдууд нэг жилийн хугацаагаар ээлжлэн Ерөнхийлөгч болно. Гэхдээ эрх нь нэмэгдэхгүй зөвхөн гадаадад Ерөнхийлөгч болж харагдах үүрэгтэй. Сайд  яамгүй, ажлын албатай. Ажлын албад нь сайдад хамаарах асуудлыг иргэдийн санал асуулгаар шийдвэрлэх ажлыг хөөцөлдөнө. Аливаа  асуудлыг иргэдийн олонхийн саналаар буюу яг эртний грекчүүд шиг шууд ардчиллын аргаар шийддэг. Байнга л санал асуулга явж байдаг улс гэсэн үг. Гэхдээ энд нэг “но” бий. Учир нь “Олон хүн дотор олон тэнэг  байдаг” гэсэн англи зүйр үг байдаг. Энэ нь олон хүн дотор тухайн асуудлыг мэддэг мэргэжлийн мэргэшсэн хүн маш цөөн байдаг буюу олонхийн саналаар шийдсэн асуудал удалгүй өөрөө асуудал дагуулдаг гэсэн үг. Иймээс өнөөдрийн хөгжил дэвшлийн үндсийн үндэс болсон оюуны өмчүүдийг цахимжуулж,  тухайн асуудлыг яаж зөв зохион байгуулахыг тохирох оюуны өмчийн гэрчилгээний эздээс асууж шийдвэр гаргавал бусад улсаас хол тасран, өнөөдрийн Швейцариас бүхэл бүтэн шат ахин илүү үр дүн үзүүлж,  цаг бас зардал хэмнэнэ. Хамгийн гол нь тэдгээр  эздээр яагаад ийм шийдвэр гаргаж буйн цаад учрыг тайлбарлуулж иргэдийнхээ мэдлэг, боловсролыг байнга дээшлүүлж бай гэсэн үг. Ингэж гэмээ нь популист луйварчдаас нэг мөсөн ангижран хөгжил, дэвшил шуудрана. Өөрөөр хэлбэл манай парламентад суудалтай намуудын аль түрүүлсэн нь сайдыг 10 хүнтэй ажлын албатай болгож дээрх аргаар асуудлыг шийдвэрлэж  гэмээ нь улс чинь маш хурдан хөгжил дэвшилд хүрч, иргэд  маань цэнгэлийн манлайг эдлэнэ гэсэн үг. 

Аль ч үндэстний үлгэр эрт урьдын цагт гэж эхэлдэг.Харин монгол үлгэр л сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад хэмээн үргэлжилнэ. Энэ нь далай шинээр үүсдэг, тавцангууд түлхэлцэн уул нурууд аажмаар өндөрсөж  байдаг гэсэн үг. Үлгэр нь хүртэл сэтгэхүй шаардах шинжлэх ухаанаар эхэлдэг монголчууддаа сануулахад та нар Ардчилсан гэх улс төрчдийн популист, “цүнх баригч-түрийний бөөс” нийгмийн ёроолд нь хүрсний эцэст төрд элит хэсгээ гарган  хаана ч байгаагүй, илүү дэвшилтэт Хүмүүнлэг, иргэний ардчилсан  нийгмийг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар, цоо шинээр байгуулж  байгаа юм байна. Хэзээ ч байгаагүй дэвшилтэт нийгэм байгуулна гэдэг чинь бөмбөрцгийн 7,6 тэрбум хүн дотроос дэлхийн түүхэн хөгжлийг хоёрдахиа тэргүүлэн, хүн төрөлхтөнд дахин тус болох алтан боломж зөвхөн 3,3 сая монголчууд та нарт л  заяасан гэсэн үг. Үүнийгээ монгол ухаанаар  үнэн зөвөөр  нь ойлгон мэдэж, бахархан баярлаж бас хайрлан хямгадаж яв элэг нэгтэнгүүд минь. 

 Г.АМАРСАНАА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.