ЭЗБХ: Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонслоо

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  (2021.10.20)  хуралдаан 10 цаг 12 минутад 10 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.  Хуралдаанаар эхлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэн юм.  

 Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямын тавьсан “Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.

    Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гарсан. Засгийн газрын шийдвэрээр ашиглагдаж байгаа 2 эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмж 2 эгнээ авто зам барихаар төлөвлөсөн гэдгийг Л.Халтар сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ.   

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 5 багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж. Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлыг III багц, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажил V багц хэмээн зохион байгуулсан байна.


    I багцын санхүүжилтийн өртөг 85.43 хувь, ажлын гүйцэтгэл 95 хувьтай, III багцын санхүүжилтийн өртөг 92.72 хувь, ажлын гүйцэтгэл 97 хувь, V багцын санхүүжилтийн өртөг 95.45 хувь, ажлын гүйцэтгэл 99 хувьтай байгааг Л.Халтар сайд танилцуулсан юм. Харин II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, дахин тендэр зарлаж, 2021 оны долдугаар сард сонгон шалгаруулалтыг явуулжээ. II багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулжээ.  IV багцын гүйцэтгэгчээр “Чайна Жео-Инженеринг” корпораци сонгогдсон ба 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн байна. II багцын санхүүжилтийн өртөг 15.2 хувь, ажлын гүйцэтгэл 18.5 хувь байгаа бол IV багцын тухайд санхүүжилтийн өртөг 5.32 хувь, ажлын гүйцэтгэл 7.5 хувьтай байгаа юм байна.

    Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 332 инженер, техникийн ажилтан, 160 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн өртөгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьтай хэрэгжиж байгаа гэлээ.
    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”- ийн зам барилгын ажлын талаар үргэлжлүүлэн Л.Халтар сайд танилцуулав. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр 2 эгнээ авто зам барих ажлыг хийж гүйцэтгэх ба Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийн ажил 5 багц хэсэгт хуваан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны аравдугаар сард байгуулжээ.

    Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажил III багц, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц,  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажил V багц гэсэн зохион байгуулалттай бөгөөд Итали Улсын “Аи Ар Ди Инженеринг” компани болон БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компанийн түншлэл, хамтран оролцогч Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг ХХК зөвлөх компаниар ажиллаж байгаа юм байна.

    I багцын  гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 42.61 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 62.48 хувьтай байгаа юм байна. II багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 20.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 36.73 хувь, III багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 19.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 34.35 хувь, IV багцын гүйцэтгэгчээр “Шанхай Констракшн” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 17.48 хувь, ажлын гүйцэтгэл 29.64 хувь байгаа гэв. V багцын буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Гежөүба” групп компани ажиллаж байгаа юм байна. Тус багцын барилгын ажлын санхүүжилтийн өртөг 22.81 хувь, ажлын гүйцэтгэл 43.33 хувь байгаа аж.

    Ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд салбарын сайд 14 хоног тутам газар дээр нь очиж ажиллаж байгаа гэв. Гэрээний дагуу ажлын нийт гүйцэтгэл 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусах төлөвлөлттэй ч яамны зүгээс 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр замын хучилтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байгаа гэдгээ Л.Халтар сайд дуулгасан.

 Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Олоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.