Үзгээ тавиагүй жаран жил

Халтарын Шонхор. Энэ хүн жаран жил үзгээ тавилгүй бичиж туурвисаар байгаа хөдөөний нэгэн зохиолч, яруу найрагч юм. Нэг онцлог нь “би зохиолч  боллоо” гээд бусадтай нийлэлдэх гэж төв газар бараадсангүй таана  хүмүүлийн үнэртэй хөдөөгийн цэнхэр салхинаа, хөхөмдөг униар дундаа  насаа элээж яваа намбатай өвгөн л дөө. Тэр дуу хуурын өлгий Дундговь нутгийнханы тухай тэр дундаа соёл урлагийн талд бол нэвтэрхий толь  нь гэсэн үг. Түүнтэй хийсэн хөрөг ярилцлага толилуулъя.

-Мэнд амархан сайхан намаржиж байна уу. Таны төрөлх нутаг ус чинь хаанах вэ гэсэн асуултаар яриагаа эхлэх үү?

-Би энэ аймгийн Дэрэн сумын унаган хүн. Даанч хар багаасаа сумандаа байсангүй. Аймгийнхаа нутгаар нэг үгээр хэлэхэд тийчилж өдий хүрлээ. 

Дэлгэрцогт сумын суугуул болж үзсэн дээ. Санхүүч мэргэжил эзэмшээд энэ суманд анх ажлын гараагаа эхэлсэн. Сүүлд бас Зава Дамдин судлалаар Дэлгэрийн Чойрын хийдэд 27 жил ажилласан юм. Тиймээс тус сумынхан намайг суугуул иргэн гэдэг гэсэн.

-Та зохиолч, яруу найрагч бас сэтгүүлч биз. Ер нь хэдий үеэсээ бичиж туурвиж эхэлсэн юм бэ?

-Намайг Цагаан-Овоо суманд ажиллаж байхад хожмоо зохиолч, яруу найрагч болсон тухайн үедээ дунд сургуулийн хүүхэд байсан Пэрэнлэйн Төмөрбаатар миний бичсэн адуучин Ц.Дагвын мянган адуутай суурь байгуулсан тухай сурвалжлагархуу юм бас “Борооны дараа” гэдэг шүлгийг авч яваад “Чойбалсанч” сонинд хэвлүүлсэн байдаг. /”Чойбалсанч” сонин сүүлдээ “Улаантуг” нэртэй болсныг уншигчид олонх нь мэдэх байх/. Энэ бол 1961 он л доо. Тэр маань Монголын Зохиолчдын хорооноос томилолтоор аймагтаа ирээд байсан зохиолч С.Дашдооров болон сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Сэнэднасаа, аймгийн утга зохиолын дугуйлангийн эрхлэгч зохиолч Б.Лувсандорж нарын анхааралд өртсөн шиг байгаа юм. Тэгэхээр би үүнээс өмнө л бичиж эхэлсэн байж таарна биз дээ. 

-Тэгэхээр та анхны шүлэг, сурвалжлагаа сонинд гаргаснаас хойш жаран жил болжээ. Бичиж туурвисан бүтээлээ жаахан багцлаад хэлнэ үү?

-Бүтээлээрээ 35 ном бичиж 30-ыг нь уншигчдын гар дээр тавьсан. Үүний дотор яруу найргийн, сэтгүүл зүйн талын номууд ч бий. Би ер нь уран зохиолын бараг бүх төрлөөр бичсэн.

-Таныг олон жүжиг бичсэн зохиолч хүн гэж сонссон шүү.

-За тиймээ. Соёл, урлагийн байгууллагад олон жил ойр ажилласан болоод ч тэр үү. Эрэлт шаардлага ч нөлөөлсөн байх. Жүжгийн зохиол руу шамдангуй орсон үе бий. Бүрэн хэмжээний 30 жүжиг биччихэж. Түүнээс 22-ыг нь аймгийн соёлын ордон, театрт тоглуулсан. Хошин үзэгдэл, нэг бүлэгт жүжиг ч бичсэн. Бас 70 гаруй дууны шүлэгтэй. Дийлэнх нь дуу болж түмэнд хүрсэн. 

-Тэр жил драмын театрт шилдэг жүжиг шалгаруулах улсын уралдаан  болоход өөрийн чинь жүжиг түрүүлж байсан байхаа?

-Аймгуудын театр бүр 1-2 жүжигтэй ирж уралдсан. Тэр үед миний “Ариусахуй гэгээрэхүйн учир”, “Би босс Бооёо” дуулалт жүжгүүд Гранпри шагнал авсан. Х.Цэрэндоржтой хамтарч бичсэн “Номын цагаан адис” жүжиг бас улсын уралдаанд шалгарч байсан удаатай. Миний хувьд төв, орон нутгаас зарласан уран бүтээлийн уралдаанаас зөндөө л шагнал хүртсэн юм шүү.

-Ер нь аймгийн хэмжээнд зохиогдох соёл, урлагийн талын ажилд таны оролцоог тун их гэдэг юм билээ. Гаргасан санал санаачилга чинь биелэлээ олсон нь олон байдаг болов уу?

-Юм юманд өөрийн чадах чинээгээр оролцож ирлээ л дээ. Аймгийн Соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болох, язгуур урлагийн улсын уралдаанд авъяастнуудаа сонгох, аль нэг сумын урлагийн гурав хоног аймагт зохиогдох гээд соёлын талын бэлтгэл ажилд нэг л мэдэхнээ оролцчихсон явдаг байлаа. Аймгийн соёлын ордонг театр болгох, ямар нэр өгөх вэ гэх үед хөгжмийн зохиолч Д.Дашням бид хоёрын гаргасан санал санаачилга нэлээд гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Дундговь аймгийн соёл, урлагийн хөгжлийн тухай түүхчилсэн “Уяхан замбуу тивийн наран дор” томоохон номыг бичилцсэн. Энэ номоос тус аймгийг үнэхээр дуу, хуурын өлгий нутаг юм гэдгийг мэдрүүрэхийг бид хичээсэн. Өнөөгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын эх суурь нь 1942 онд Юмбүү Дэрсэнэ-Ус гэдэг газар аймаг байгуулагдахад тэнд бий болсон “Улаан гэр” байсан гэдгийг энд тодосгохыг зорьсон бий.

-Өөрийн чинь уран бүтээлд томоохон байр эзэлдэг нэг сэдвийг Халхын их номч эрдэмтэн Зава Дамдин судлал гэдэг. Тэр их гэгээн хүний тухай та кино жүжиг бичсэн гэж ярьж байсан санагдана.

-Би энд нэг сонин зүйл яръя. Зава Дамдин гэдэг их хүн 1937 онд бие нь чилээрхэж өөрийнхөө шавь А.Амарын явуулсан машинаар нийслэл рүү эмчлүүлэхээр явах гэж байхдаа хийдийнхээ цорж лам Шаравт "За хө чи бидний Их Дэлгэр уулын энгэрт ном айлдаж буян хурааж байсныг хойч үед дамжуулах хүн энэ жилд танайд төрсөн нэг хүү байгаа. Түүнд хүргэх миний үгийг өөрөө хоёр дүүгээрээ дамжуулаарай. Аль нэг нь насан өөд болж мэднэ. Тиймээс хоёр хүн сонгож байгаа юм. Миний үгийг эзэнд нь хүргэхээс наана мартаж болохгүй. Хэн нэгэнд цаг нь болохоос өмнө хэлж болохгүй. Үхэж ч болохгүй энэ бол миний захиас. 

Хоёр жаран солигдсоны дараа Чойрын хийд сэргэнэ. Тэр үед хийдийн маань тууриас холдоогүй хэдэн гэлэн жанчаа нөмөрч ном буяны ажлыг дэг жаягаар нь нээгээрэй" гэж хэлжээ. Энэ айлдвар хоёр ахаар маань дамжиж надад ирсэн юм шүү дээ. 

-Та чинь тэгэхээр тохиолдлоор Зава Дамдин судлаач болсон биш тэр гэгээн хүний айлдварыг хүлээж авсан хүн нь байхнээ дээ?

-Тэр цорж лам Шарав гэдэг чинь манай нагац ах болох хүн. Зава Дамдин амбугайн айлдвар тэр хүний хэлснээр манай ах Лувсанжамъян, Сүх хоёроор дамжиж надад ирсэн юм билээ. Танайд нэг хүү төрсөн гэж Зава багшийн хэлсэн хүн нь Халтарын Шонхор буюу би байж таарсан. Үүнийгээ энэ насанд тохиосон бас их хувь зохиол гэж бодож явдаг юм. Би айлдварыг сонссоны дараа түвд номтой Готов гэдэг монгол хэл, уран зохиолын багштай уулзаж учир явдлаа хэлэхэд тэр багш судар дэлгэн Зава Дамдины намтрыг хэлж өгөөд

-За чи тэр алдар хүндтэй хүний айлдварыг хүлээж авсандаа баярлах ёстой. Гэхдээ одоогоор нууцал. Чойрын хийдийг удалгүй сэргээх байх. Тэр үе болтол тэр хүний намтар, түүхтэй танилц. Би аймгийн даргатай уулзаж өгнө гэж билээ. Тэгээд ч хоёр жаран солигдоход Чойрын хийд сэргээх ажил эхэлсэн.  Би ч уран бүтээлийн чөлөө авч хийдийн туурийг бараадсан. Тэнд суурьшсан.  Намайг Зава Дамдин судлалаар ажиллуулах тухай аймгийн даргын шийдвэр хүртэл гарч байсан юм.

-Зава Дамдин гэдэг хүний онцлог нь гэвэл...

-Утайд XIII далай ламын заллагаар очиж олон орны мэргэд олоогүй байсан их цагаан суваргыг олж сэргээсний учир Ар Халхад төрсөн Манзуширийн бандида хэмээн өргөмжлөгдөж байсан их хүн. Тэгээд Дамдины зохист аялгууг судалж усны лус, уулын савдагтай харилцах аргад суралцсан төдийгүй яруу найргын онол бүтээсэн гэдэг. Дайчин бээсийн хошууны шашны гол төв болж Их жасын хүрээтэй айлсаж байсан Чойрын хийдийг Их Дэлгэр уулын энгэрт нүүлгэн аваачиж таван дацан, 11 дугантай аграмба, гавж, маарамба, зээрэмбийн дамжаа барьдаг, суурин 300 гаруй ламтай, сахиус тахих, майдар эргэх, цагаан сар, хаврын ерөөлийн цагт 500 хүртэл лам цуглардаг шашин соёлыг дэлгэрүүлэх том газар болгосон. “Алтан дэвтэр” болоод их нигүүлсэхүйг магтсан “Зуун найман болор эрхи” зохиолууд бичиж түүх, гүн ухаан, шашны олон зохиолуудыг дуун хөрвүүлсэн хүн. Мөн судар бичгийн хүрээлэнг байгуулахад гар бие оролцсон тус хүрээлэнгийн жинхэнэ гишүүн байсан. Монгол Улсын төрийн далбаа, сүлдэнд соёмбо үсгийг багтаасан гэдэг. Гадаад, дотоодын эрдэмтдийн дүгнэлтэд түүхч, гүн ухаантан, яруу найрагч, дуун хөрвүүлэгч, шашны зүтгэлтэн, хувилгаан хүн байжээ гэж тэмдэглэгдсэн.

-Хувилгаан чанарынх нь талаар тодруулна уу?

-Ирэх жилүүдэд юу болохыг мэддэг байсан юм гэдэг. Хийддээ ойрхон ирсэн галзуу чонын амыг зууруулж алхаж чадахгүй болгосон, догшин моринд мордчиход булгидаггүй, зуудаг нохой давхидаггүй, бороо оруулдаг, хорьдог гэж олон юм бий гэдэг. 

-Та 27 жилийн хугацаанд тэр их хүний тухай асар их юм дуулсан мэдсэн байхнээ дээ?

-За тиймээ. Хийдийн хэдэн нурсан дугана, байшингийн суурийг ухаж эд өлгийн зүйлүүд олсон. Зава багштай цугтаа байсан Гэмпил гуай зэрэг өвгөчүүлээс сонссон юм ихээ. Уг нь надаас илүү авхаалжтай хэн нэгэн тийм их юм дуулсан, мэдсэн бол идийг нь гаргаж эрдмийн цол хэргэм хүртчих байсан болов уу. Би өөрийгөө тэгж голж суудаг юм. Харин хадгалж хамгаалж байсан хүмүүсээс олж цуглуулсан эд зүйлээрээ аймгийн музейд “Зава Дамдин”-ы бие даасан гэр музей байгуулалцсан. Энэ бол миний бахархаж ярих зүйл юм шүү. Уг музейд Зава Дамдин гуайн эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, ор дэр, олбог суудал, тогоо шанага, аяга халбага, домбо гээд бүгд бий дээ.

-За тийм байж. Та бас аймгийн сонинд утга зохиолын ажилтан, сурвалжлагч байсан гэсэн. Янз бүрийн сонин сайхан хүмүүстэй уулзаж ярилцаж явсан биз?

-Өө. Зөндөө. Магтаж бахархаад барахааргүй сайхан элдвийн хүнтэй уулзаж сурвалжилж байлаа. Сонин амьдралтай түүхэн хүний тухай судалсан мэдсэн юм багагүй л дээ.

-Зарим нэгийг нь сонирхуулбал яасан юм бэ?

-Эрдэнэдалай суманд уран Сумъяа гэж гайхамшигтай уран дархан хүн байсан. Тэр хүний хийсэн нэг цоож бий. Одоо аймгийн музейд байдаг юм. Цоож ямар ч нүх сүвгүй битүү. Сумъяа гуай өөрөө онгойлгохдоо хоёр үзүүртэй тэвнэ маягийн юмаар уг цоожны нэг өнцөгт хатгахад нэг өргөс цухуйх. Түүнийг сугалж аваад үхрээс эхлээд 12 жилийн дүрстэй 12 түлхүүрээр дараалан түлхүүрдэхэд уг цоож онгойно.  Уг цоожийг онгойлгохыг үзсэн хүн гайхалтай гэхэд ч багадмаар гэж хэлдэг. Бас тэр дарханы хийсэн 15-тын мөнгөний хэмжээтэй жижигхэн хийсэн төрийн сүлд, архи хийхээр ёроолд нь үндэсний хувцастай бүсгүйн дүрс тодорч гардаг хундага гээд урлал байдаг байсан. Тэр тухайд сурвалжилж байлаа. 

-Боржигоны нэрт дууч П.Ширчинжунай гэдэг сонин түүхтэй хүний тухай таныг мэднэ гэдэг юм билээ?

-Манай аймгийн Баянжаргалан сумын уугуул тэр хүн аймаг анх байгуулагдахад “Улаан гэр”-ийн эрхлэгч байсан юм гэдэг. Уртын дууг дэндүү сайхан дуулдаг болохоороо улсын төв театрт дуучин болно гэж ажлаасаа гарсан. Тэр хүсэл нь биелсэнгүй.  Сумандаа очиж захиргаанд нь ажилласан. Тэгж байгаад үхрийн хулгайч нарын золионд орж 90 бодын хэргээр шоронд орсон. Тэндээсээ хэд хэд оргосон учир ял нэмүүлж сүүлдээ хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Тэгээд түүний хоригдож байсан шоронгийн үүдэнд шүүхийн тогтоол гүйцэтгэгчид ирэхэд мань хүн хангинатал дуулсаар байсан. Гүйцэтгэгчид сайхан дуу сонсож дуулж дуусахыг нь хүлээсээр ял гүйцээх 24 цагийг барчихсан гэдэг. Тэгээд амь хэлтэрч 25 жил хоригдох ял авсан. Дуу амийг минь аварсан гэж өөрөө ярьсан.  Гэтэл нөгөө Ширчинжунай чинь шоронгоос дахиад оргож Сарьдагийн оргодлуудтай нийлсэн юм билээ. Тэндээ сарьдагийн ногоон гэдэг нэр авсан.  Гэвч уулын дээрэмчин оргодлуудтай амьдрах нөхцөлгүйдэж мөн оргосон. Тэгээд нутагтаа ирж сумынхаа төвөөр дуулж явсаар гэртээ ирж хувцсаа солиод өөрөө шүүхэд үнэнээ хэлж очиж баригдаад аймгаас хот руу ачигдсан юм билээ.

Тэгээд сайн хүмүүс тусласан, урьдах үхрийн хулгайч нар ч баригдаж Ширчинжунай гуай цагаадаж суллагдсан. Улмаар нутагтаа ирсэн төдийгүй бүр сүүлд язгуур урлагийн улсын уралдаанд  уртын дуугаа дуулж алтан медаль хүртэж байв. Тэгэхдээ буудан алах ялаас мултрахдаа шоронд дуулсан тэр дуугаа дуулсан гэж ярьсан байдаг.

Би тэр хүний тухай ”Уртын дуутай найр” тууж бичсэн дээ. Манай сумын ерөөлч, магтаалч С.Үржинханд гэж бэлэн цэцэн үг нь цалгисан нэгэн байлаа. Үлгэрийн танхимд ажиллаж байсныг нь ахмадууд мэднэ. Бэлэн үг чээжинд гэж ярина даа. Чодин гэдэг айлд хонох болж. Айлын эзэгтэй Үржинханд гуайд хандан 

-"Та зузаан хучлага авах уу. Хөнгөн хучлага авах уу" гэхэд?

-Ямар ч яахав дээ. Дааруулсан байвал танай буруу, дарагдаад үхсэн байвал миний буруу болог гэсэн гэдэг. Нэг удаа Үржинханд гуайг тэмээгээ эрж явахад тааралдсан хүн “Та тэмээгээ алдаад удаж байна уу” гэвэл "Үзсэн хүн мартчихсан, үхсэн бол хатчихсан байхаар л болж дээ" гэж хариулсан байдаг. Бас Дэрэнд Бавуугийн Лувсандорж гэж нэг сайхан эр байсан юм гэдэг. Тэр хүний тухай судалж бичиж л байлаа. Сайхан дуулдаг, гарын мундаг уртай халхын нэгэн сайхан эр. Олны мэдэхээр цахиур Төмөр шиг. Бас хазаар гүйлгэдэг хүн байж. Түүнээсээ болж шоронд орсон. Батцагаанд хоригдож байхдаа сийлбэрч уран гэдэг нь харагдсан учир маршал Х.Чойбалсангийн сонорт ч ийм уран хүн байна гэдэг нь хүрсэн учир суллагдаж Улаанбаатарт байгуулагдсан урчуудын артельд ажиллахаар болсон. Тэгээд нутагтаа очиж аав, ижийтэйгээ уулзах гэж явахад нь адууг нь хадгалж хариулж байх үүрэгтэй үлдсэн гурван нөхөр өөрсдөө адууг нь үрчихсэндээ бас нутаг усны нэр төр гутаасан гэсэн явган хэл амыг далимдуулан түүний амийг хороосон байдаг.  Ийм л сонин хүмүүсийн түүх нэлээд сонирхож зохиол бүтээлдээ багтааж явдаг хүн дээ би. Амьдрал баян хорвоо уужим гэдэг. Манай говь нутгийнхан ийм бодолтой тийм л амьдралтай хүмүүс дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Д.Цэрэннадмид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gadaadiinhan chini ene metiin hyychchuul 2021-10-22 14:43:40
    yostoi saihan yyh tyyh medeh hyn bna,nytgiinha lab bichleg hiij absan bailgyi dee!!odoo iim medlegtei zohiolch bitgii hel engiin hyn ch hobordoj dyysah ni baina...