Жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах боломжтой

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ-2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Их Хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн үгэндээ 2022 оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил олгогчтойгоо цахимаар ажиллах гэрээ байгуулж болно гэсэн шинэ зохицуулалт орсныг онцлов. Энэ нь ажилтан, ажил олгогч хоорондоо тохиролцоод хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой бөгөөд ингэснээр гэртээ хүүхдээ харж суудаг ээжүүд эрчүүдтэй адил ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгааг дурдсан юм.

Чуулганы гол зорилго нь 2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулах явдал юм.

“Улаанбаатарын тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилтыг дэвшүүлсэн.

Салбар хуралдаанд ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа панелистаар, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий хөдөлмөр эрхлэлтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар мэдээлэл өгч оролцож байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.