Д.Сумъяа: Хэл соёлоо хадгалсан цагт монголчууд мөнх оршино

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн үеийн үед  улсынхаа болоод  ард түмнийхээ  өмнө, эх түүх хийгээд эгэл  олныхоо өмнө монгол хэлний аюулгүй байдал,  бат бэх оршин тогтнох дархлааг хариуцаж ирсэн билээ.

Тэр үүргээ  манай эрдэмтэн судлаачид нэр төртэй гүйцэтгэж байгаа  юм. Тус хүрээлэнгийн Төвд судлалын танхимын эрхлэгч, Дарь Эх судлаач, доктор  Д.Сумъяатай  ярилцлаа.

-Эх хэлний хөгжил, дархлааг хамгаалахад танай хүрээлэн ямар бодлого, чиглэлээр ажиллаж ирэв?

-Хэл утга зохиол гэхээр монгол хэл ор­шин тогтнох гол зүйл нь  үгсийн сан, хэл зүй байхаас гадна утга зохиолын хэл бай­даг. Өнөөдөр Монгол Улсын ор­чин цагийн утга зохиолын хэл хөгж­­лийн­хөө шатаар эрч хүчтэй ураг­шилж байна. Түүнийг бүтээхэд манай хэл­ний эрдэмтэд бүхий л чадлаа дайч­­лан “Монгол хэлний тайлбар толь”, “Нутгийн аялгууны толь”, Орос, Мон­гол толь” гээд бүхий л  толь бич­гүү­­дийг бий болгосон. Энэ бол үгсийн сан юм.

Нөгөө талаас Б.Ринчен, С.Лувсанвандан тэргүүтэй эрдэмтдийн оролцоотой хэлний зүйн номууд бүтээгдсэн. Уран зохиол судлалынхан  бол XIII-XX зуун хүртэлх уран зохиолын түүхийг бүтээсэн. Да багшийн гурван боть, Монголын орчин үеийн уран зохиолын түүх, ХХ зууны 108 зохиолч” гээд бүтээлүүд бий.  Тухайлбал, ХХ зууны уран зохиолын ололт юу  болох,  тэр бүх  түүхийг бүтээсэн гэсэн үг. Эдгээр суурь судалгааны бүтээлүүд өнөөдөр Монгол Улсын бүх шатны сургууль, хүмүүст   гарын авлага болон  хэрэглэгдэж байна. Энэ утгаараа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол монгол хэл, монгол хэл оршин тогтнох утга зохиолын хэлийг хамгаалах, бэхжүүлэх үндсэн суурь ажлаа  хийгээд амжилттай явж байна.

-Та эрдэм судлалын ажлыг хэдэн оноос эхлүүлэв?

-Би 1987 оноос Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байна. Эхний хэдэн жил “Нэвтэрхий толийн тасаг”-т, дараа нь Түвд судлалын тасагт ажиллаж байна. Анх утга зохиолын ертөнцөд Б.Явуухулан гуай намайг хөтөлж оруулсан. ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд Чой.Лувсанжав багш оруулж  эрдэм шинжилгээний ажилтан болгосон.  Дараа нь Л.Хүрэлбаатар багшийнхаа  удирдлагад ажилласан. Багш нараа дурдахын учир нь би нэг талаар их азтай, нөгөө талаас энд насаараа зүтгэх өртэй. Багш нар маань “Энэ юм хийх байх” гэсэн итгэлийг надад хандуулсан учраас,  би тэр алдартай эрдэмтдийн итгэлийг хүлээсэн учир бүтээл хийх ёстой гэж ажилласаар ирсэн. Хэл зохиолын хүрээлэн, монгол хэлний буянаар судалгааны ажлууд хийхээс гадна Оросын их сургууль, Хятадын их сургуульд тодорхой хугацаанд урилгаар багшилж байсан.

-Өөр чиглэл, салбар руу ороогүйн учир юу байв?

-Нэг жишээг эш татаж таны асуултад  хариулъя. Намайг Читийн  их сургуульд  багшлахаар очсон жил буриад хэлний V курсын оюутнууд төгсч дахин  элсэлт аваагүй. Төгсөгчдийн буриад хэлний  улсын шалгалтын асуулт, хариулт орос хэлээр явсан. Олимпиад явуулахад  асуулт, хариулт  нь мөн  орос хэлээр явна. Монголдоо ажиллаж, амьдарч байхдаа тэр талаар огт бодож байгаагүй учир тэрийг хараад   миний  зүрх өвдсөн. Үнэндээ 1990 оны ардчилал  болоогүй  бол  монгол хэл минь юу болох байв  гэж   бодогдсон.  Яагаад гэвэл Чита бол буриадын нутаг, буриадууд өөрсдийн нутагт амьдарч байгаа атал  бүх харилцааных нь хэл орос болсон байсан. Цаана нь Ага, наана нь Улаан-Үд, дундуур нь Чита ороод ирсэн байхад буриад хэл ийм байдалтай болсонд харамссан. Хуралд  очоод ирэх зуурт  энэ  нь  анзаарагдахгүй, дотор нь ажиллаж амьдрахад мэдрэгддэг юм билээ. Бээжингийн төвийн үндэсний их сургуульд  урилгаар багшлахад Хорчин,  Шинжааны Илээс ирсэн хүүхдүүд хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байсан, нутаг нутгийн аялгуугаар ярьдаг учраас. Яаж ойлголцох вэ гэхээр хятад хэлээр дамжуулж харилцдаг. Үүнээс Хятад улс  56 үндэстнээ  нэгтгэн  барьж байдаг арга нь хэцүү дүрс  үсгэндээ байдгийг  ойлгосон. Аливаа үндэстнийг нэгтгэх хамгийн том дархлаа нь үндэснийх нь хэлний асуудал. Тэр хэцүү дүрс бичгээр нь  2000 ханз тогтоосон хүн бол Хятад дотор хаа ч яваад чөлөөтэй харилцана гэсэн үг. Тэгэхээр үүн шиг монгол хэлнийхээ дархлааны асуудалд манай хүрээлэнгийнхэн  ард түмнийхээ  өмнө, уншигч, зохиолчидтойгоо нэгдэж, төр засагтайгаа хамтран  үйлс  ажлаа зориулж явдаг. Тиймээс  би Хэл зохиолын хүрээлэнгээс холдсонгүй. Эрдэмтэн багш нарын минь надад итгэсэн итгэл байгаа учраас  өөр тийшээ яваагүй, тийм  шаардлагагүй тул  энд насаараа  судалгаа хийлээ.

-Үзэл суртлын хаалттай үед түвд судлалын салбар хэрхэн үүссэн юм бол?

-Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдахад үндсэн тасгуудын нэг нь Төвд судлалын салбар байсан. Түвд судлалыг Монголын төр засаг эртнээс анхаарч ирсний нэг илрэл нь энэ. 1981 онд энэ салбарыг Ц.Дамдинсүрэн багш улс төрийн товчоогоор хөөцөлдсөөр байгуулсан. Тухайн үед шашин ном хаагдсан, буддизм, төвд гэж ярих хориотой байсан учраас шинжлэх ухааны үүднээс  түвд хэл дээрх судлал сурвалжуудыг судлах шаардлагатайг олж харсан хэрэг. Энэ баринтагтай номууд дотор олон үлгэр, дуу, шүлэг байна, уран зохиолыг нь судалъя гэх  нэрийн дор ШУА-д Түвд судлалын  тасгийг анх байгуулсан.  Энд  Лхаст нийслэлтэй Төвдийг судалдаг  юм биш монголчуудын 300 гаруй жилийн  хугацаанд төвд хэлээр бүтээсэн судар ном, түүх соёлыг судалдаг. Нөгөө талаар буддизм бол зөв хүн болгож төлөвшүүлэх, зөв ёс суртахууныг өгөх  арга ухааныг  номлосон айлдвар сургааль юм. Тухайлбал, хүнийг дотроос нь  засдаг арга бол  буддизм, гадна талаас  засдаг  арга нь  хууль засаглалд байдаг гэсэн үг. Хүнийг дотроос нь засдаг арга ухаануудыг үзэхийн тулд буддын судлалыг шинжлэх ухааны үүднээс судлах зорилгыг тавьсан. Нөгөөтэйгүүр буддын түүх, монголчуудын соёл, хөрш зэргэлдээ орнуудтайгаа  соёлын хүрээнд харилцан оршиж ирсэн  түүхийг судлахын тулд төвд судлалын тасгийг байгуулсан.  Ц.Дамдинсүрэн гуай бол “Монголын уран зохиолын тойм II”  ботио төвд буюу буддын  судлалд зориулж, Энэтхэг, Түвд, Монголын соёлын харилцаа, холбооны тоймыг гаргаж тавьсан. Өөрийн хоёр шавьд, тодруулбал  Л.Хүрэлбаатар гуайд яруу найргийн сонгодог уламжлал, сургаалийн зохиолын болон “Зохист аялгууны толь”-ийн судалгааг, Ёндон гуайд буддын зохиолууд доторх тайлбар зохиолууд, үлгэр, үргэлжилсэн үгийн зохиолыг өгч судлуулсан байдаг. Л.Хүрэлбаатар багш 1986 оноос хойш буюу Да багшийг таалал барьснаас хойш төвд судлалын салбарыг хариуцах болсон. Ингэхдээ өөрөө болоод шавь нартаа Да багшийн өгсөн төвд хэлт утга зохиол гэсэн буддын судлалыг төрөл зүйлээр нь, зохиогчоор нь нарийсган судлах чиглэлийг өгсөн байдаг.

-Дарь Эхийн судалгаа таны  овог болжээ. Хэрхэн судалгааны ажил эхлүүлж байв, сүүлийн үед ямар бүтээлүүд гаргав? 

-“Нэвтэрхий толь”-ийн ажлыг  дуусгаад 1993 онд намайг  төвд судлалын салбарт ирэхэд “Чи эмэгтэй хүн байна, цаг  өөр боллоо. Буддын баринтагтай номон дотор бурхадын тухай зохиолууд байна. Чи үүнийг Дарь Эхээр төлөөлүүлээд судлаадах. Дарь эх  монголчуудын дунд шүтлэгийн их хүрээлэлтэй байдаг,  чи үзээдэх” гэсэн. Үүнээс хойш улсын төлөвлөгөөт ажлын хажуугаар Дарь Эхийн судалгааг хийж 12-13 ном гаргасан. Энэ онд “Дарь-Эхийн номын аймаг” гурван боть гаргалаа. Сүүлийн хоёр жил цар тахлын хөл хориотой   байсан нь таатай нөхцөл байсан гэж хэлэх хаашаа юм, ямартай ч  судалгааны ажлууд  дээр  сууж  нэлээдийг нь хамхилаа.  “Зохист аялгууны толь”-ийг зургаан хэлээр, гурван боть болгож гаргахаар хэвлэлтэд өгсөн. Манай салбарынхан “Мэргэд гарахын орон”-ы эхийг орчин цагийн монгол хэлээр гаргах гэж байгаа. Уран зохиол,  яруу найргийн бүтээлийн тухайд “Тан улсын яруу найраг 300 бадаг” хоёр ботийг  шинэ үсгээр, Сүн улсынхыг  нэг ботиор хэвлүүлж,  Юань улсынхыг удахгүй  гаргах гэж байна. Хятадын орчин цагийн яруу найргийн бүтээлийг ботилж гаргасан. Сүүлийн үед  Хятадын дэлхийд алдартай зохиолуудыг Монголын утга зохиолын хүрээнд оруулж ирэх юм. Сайн багш нарын дагуулсан, дадуулсан судалгааны ажлуудыг багцаалж хамхихаар манайхан  дор бүрдээ ажиллаж байна.

-“Монгол үндэстэн маш эртний өвөрмөц өв соёлтой ард түмэн” гэж та хэлсэн. Монголоо авч үлдэх  тухай нэг үг хэлээч?

-Бид монголоороо ярьж, бичиж,  монголоороо байхыг эрхэмлэж байх сан. Тэгвэл даяаршлын үед соёлынхоо онцлогоор ялгарч үлдэнэ. Уншигч, зохиолч, эхлэн , бичигч, судлаач бүгд  монгол хэлээ хэрэглэж,

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2021-11-20 09:48:03
    Тусгаар тогтнол, газар нутгаа алдвал хэл соёлоор яах ч билээ дээ
  • Бат 2021-11-20 00:35:55
    Бид малгайтай ард түмэн байлаа Хятадууд бидний цамцыг хүртэл зориуд малгайтай хийж толгой нүцгэн болголоо энэ л эмгэнэл
  • Иргэн 2021-11-19 08:10:57
    Монголд огт хамаагүй баяр тэмдэглэхийг хориглох хэрэгтэй. Америкийн үүх түүхтэй холбоотой Талархлын баяр, Black Friday, Halloween зэрэг баярыг хориглох