Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.02) үдээс өмнөх хуралдаанаар  Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

    Байнгын  хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Байнгын  хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Б.Баттөмөр гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан, Д.Өнөрболор, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Э.Батшугар, Б.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Гишүүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа энэ олон жилийн хугацаанд идэвхгүй байсны шалтгааныг лавлаж, чөлөөт бүсийн эрх зүйн орчныг нэгтгэн дүгнэж, шинэчилсэн сайжруулах шаардлага бий гэдэг саналыг хэлж байв. Түүнчлэн хэлэлцэж буй төслийн хүрээнд боомтын дэглэмийг зурвас болгон өөрчилж, газар эзэмшүүлэхгүй байх зохицуулалтай болгож буй шалтгааныг тодруулсан. Чөлөөт бүсийн хөгжлийн концепц талаасаа ашиглуулах нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг татах боломжгүй хэмээн үзэж буйгаа Д.Өнөрболор гишүүн хэлээд энэ талаарх төлөвлөгөө, төлөвлөлтийг ажлын хэсгээс тодруулсан. Чөлөөт бүсэд газрыг эзэмшүүлэхээр тухайн газрыг эзэмшиж буй компаниуд газраа бусдад шилжүүлэхдээ компани болон газраа хамтад нь шилжүүлж байгаа асуудал үүсдэг байна. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахгүй, дундаас нь ашиг олох зорилгоор чөлөөт бүсэд газар эзэмших асуудлыг таслан зогсоох зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн гэв. Иймд газрыг эзэмшихгүйгээр, ашиглах нөхцөлтэй болгосон нь одоо байгаа нөхцөлийг сайжруулах зорилготой, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болохуйц зохицуулалт гэдэг тайлбарыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн.



Дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжиж байгаа энэ цаг үед Монгол Улс газар зүйн байрлалаа ашиглан,  хуурай боомтыг хөгжүүлэх боломж бий гэдгийг Д.Өнөрболор гишүүн тэмдэглэж, холбогдох талууд энэ чиглэлд ямар бодлого баримталж байгаа талаар асууж, хариулт авав. Засгийн газраас энэ чиглэлд холбогдох тооцоо, судалгаа хийж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хариулт өгөв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын гадаадаас оруулж ирэх ажиллах хүчин квот тогтоох нь оновчгүй гэдэг байр суурийг Б.Дэлгэрсайхан гишүүн хэлсэн. Э.Батшугар гишүүн чөлөөт бүсүүдэд эдийн засгийн кластеруудыг хөгжүүлэх, технологийн компаниудыг татах бололцоо байгаагаа ашиглахгүй, дэд бүтцийг нь бий болгохгүй байгааг шүүмжиллээ. Мөн чөлөөт бүсүүдэд банкуудын үйл ажиллагаа явуулж, үр ашгийг нь дотоодын эдийн засагтаа татах боломжууд байгааг ашиглахгүй байгааг лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Технологийн компаниудыг Монгол Улс дахь чөлөөт бүс рүү татахын өмнө эрчим хүчний найдвартай, хараат бус хангамжтай болгох тэргүүтэй дэд бүтцийг бий болгох нь нэн чухал гэдгийг ажлын хэсгээс тайлбарлаад Дөргөний усан цахилгаан станц, ОХУ-аас авч буй импортын эрчим хүч, мөн удахгүй ашиглалтад орох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад түшиглээд Цагааннуур чөлөөт бүс нь энэ чиглэлээр хөгжүүлэхэд нэн тохиромжтой гэв. Түүнчлэн байгаль цаг уурын нөхцөл болон газар зүйн байршлын хувьд нэн тохиромжтой гэдэг байрыг хэллээ. Алтанбулаг боомтын хувьд эрчим хүчний дэд бүтцээс үүдэн ямар нэг үйлдвэрлэл явуулах боломжгүй гэдгийг хэллээ. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.