Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ
Өнгөрсөн оны долоон сараас чангарч эхэлсэн ам.долларын ханш өдгөө 1800 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш ийнхүү өсөх болсон шалтгааныг эдийн засагчид болоод албаныхан мэдээж манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний үнэ 2013 онд олон улсын зах зээл дээр буурсан, Монгол улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт багассанаас болсон хэмээн үзэж байгаа. Эдгээр хүчин зүйлүүд мэдээж нөлөөлсөн ч ам.долларын ханш чангарах төлөв ажиглагдаж эхэлмэгц арилжааны банкуудад ам.долларын хадгаламж нээлгэх хүсэлтэй иргэд олширсон нь ч бас нөлөөлжээ.

Гэхдээ хэдэн иргэд долларын хадгаламжтай болсоноор зах зээлд валютын хомсдол үүсэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нийгэмд валютын хомсдол үүсэх хэмжээнд хүртэл ам.долларын хадгаламж нээлгэх хүн Монголд цөөн. Эндээс үзэхэд ам.долларын ханш ийнхүү цойлж байгаа нь ханшийн савлагаанаас ашиг олох гэсэн цөөн хэдэн баян хүмүүсийн үйлдэл чамлахааргүй нөлөөлсөн болов уу. Үүнийг ам.долларын ханш чангарч эхэлсэн үед буюу 2013 оны эхний долоон сарын байдлын статистик мэдээнээс харж болно.

Арилжааны банкууд дахь төгрөгийн хадгаламж эхний долоон сарын байдлаар дөрвөн их наяд 13 тэрбум төгрөгт хүрээд байсан. Харин наймдугаар сар гэхэд төгрөгийн хадгаламж гурван их наяд 970 тэрбум төгрөг болж буурсан гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Үүний нөгөө талд валютын хадгаламж нэг сарын дотор 13.9 хувиар өссөн гэх статистик гарч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар банкин дахь долларын хадгаламж таван их наяд 184 тэрбумд хүрчээ.

Энэ талаар бид Монголбанкнаас тодруулсан юм.

Валютын ханш ийнхүү өсөх болсныг зарим хүмүүс банкууд дахь ам.долларын хадгаламж өссөнтэй холбон тайлбарлаж байна. Төгрөгийн ханш унаад ирэхээр хүмүүс хуримтлалаа алдагдалд оруулахгүйн тулд ам.долларт шилжүүлж буй нь зүйтэй. Харин энэ нь зах зээл дээрх ам.долларын хомсдлыг улам гааруулж байна. Тэгэхээр арилжааны банкин дахь хүмүүсийн хадгаламжинд ам.доллар байгаад байдаг харин зах зээл дээр хомсдоод байдаг тэгэхээр үүнийг хэрхэн зохицуулах вэ?
Долларын ханшийн хадгаламж нэмэгдсэнээс болоод зах зээлд эрэлт үүсээд байгаа гэдгийг бол яг хэлж чадахгүй. Үүнийг зохицуулах арга байхгүй. Хүмүүс доллараа хадгалуулах гэж байгаа бол бид хадгалах л үүрэгтэй урдаас нь валютын хомсдол үүснэ гэж хэлж чадахгүй. Ер нь энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт хийдэггүй.

Цаашид долларын ханш буурах төлөв байна уу?
Манай зүгээс валютын ханшийг тогтворжуулахаар боломжтой бүхнийг хийж байгаа. Монголбанкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах явдал. Нөгөө талаас манайх ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй уян хатан тогтох зарчмыг баримталдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монголбанк ханшийн огцом савлагааг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд валютын захад оролцохоос бус ханшийг тогтмол барих үүрэг хүлээдэггүй гэдгийг иргэд сайтар ойлгох хэрэгтэй гэх хариулт өгсөн юм.

Монголбанкны зүгээс валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр өдийг хүртэл долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг валютын дуудлага худалдаанаас өөр зүйл хийхгүй байна хэмээн шүүмжлэх иргэд олон байна. Энэ нь ч үнэний ортой. Дээр хэлсэнчлэн Монголбанкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогыг зөв барьж валютын ханшийг тогтворжуулах. Гэтэл эдийн засаг өсч байна хэмээн ярьж суух хойгуур өнөөх ноён ам.доллар нь аль хэдийн 1800 хүрчихлээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.