Хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн хөрөнгө оруулах вэ?
Бид өмнөх нийтлэлдээ мөнгөө хадгалуулахын ашиг тус, дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан ХасБанкнаас хадгаламж эзэмшигчдэдээ ямар урамшуулал зарласныг сурвалжлан хүргэсэн. Харин энэ удаа хүүхдийн хадгаламжийг онцолж байна. Монголчуудад нэг онцлог бий. Бараг бүх л аав, ээж хувьдаа данс нээж хадгаламж үүсгэхээс илүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хуримтлал үүсгэхийг илүүд үздэг. Хуучин нийгмийн үед  шууд хүүхдийн хадгаламж гэсэн тодотголгүй ч хүүхдэд зориулсан хадгаламжийн үйлчилгээ байсныг банк, санхүүгийн түүхээс харж болно. Зах зээлийн замд орсноос хойш яг хүүхэд рүү чиглэсэн анхны хадгаламж гэвэл ХасБанкны “Ирээдүйн саятан”. 18 нас хүртэл нь мөнгө хуримтлуулах хугацаатай, хүү нь ч давгүй өндөр ийм хадгаламж өмнө нь байгаагүй юм.

Хадгаламжийнхаа хүүг нийлмэл хүүгийн аргаар боддог нь эдний хадгаламжийн нэг давуу тал. Хүүгээс хүү боддог гэсэн үг. Хадгаламжийн хүүг ийм аргаар тооцдог банк Монголд одоохондоо  байхгүй. Хүн төрөлхтний сод хүн Алберт Эйнштэйн нийлмэл хүүгийн талаар “Бүх цаг үеийн математикийн нээлтүүд дундаас хамгийн гайхалтай нь” гэж зүгээр ч нэг дуу алдаагүй бизээ. Нийлмэл хүү гэж таны дансны хүүн дээр хүү нэмж тооцохыг л хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сард бодогдсон хүүг үндсэн хадгаламжийн дүн дээр нэмээд дараа сард нь уг нэмэгдсэн дүнгээс хүү бодох маягаар үржээд явна гэсэн үг. Хэдий чинээ хэмнэж хурааж, удаан хугацаагаар хадгална тэр хэрээр хуримтлуулсан мөнгө тань  хурдтайгаар өсөөд явдаг. Урт хугацаандаа илүү өгөөжтэй арга гэж эдийн засагчид онцолдог. Энэ утгаар нь ХасБанкны хүүхдэд зориулсан хадгаламжийг онцолж байгаа юм. “Ирээдүйн саятан” хадгаламжийг Монголын найман хүүхэд тутмын нэг нь эзэмшдэг гэсэн анхаарал татсан баримт байна. Монгол Улс 990 орчим мянган хүүхэдтэй, жилд 70 мянга орчим хүүхэд мэндэлдэг залуу улс. Тэгэхээр 220 орчим мянга нь “Ирээдүйн саятан”-ы эзэмшигч болж таарч байна.

ХасБанк дэлхийн хуримтлалын өдрийг угтаад хадгаламж эзэмшигчдээ урамшуулах уламжлалт аянаа энэ жил ч үргэлжлүүлж байгаа. Хүүхдийн хадгаламж өндөр хувьтай гардагийн бас нэг шалтгаан нь энэ. Хас лотто аянаас Диснейлэндэд аялах эрх авсан гурван настай охины ээж Отгонтуяатай уулзахад “Хүүхэд бүрт төрөөс сар болгон 20 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зарцуулахаар хуримтлуулдаг. Мөн нөхөр бид хоёр сар бүр цалингаасаа мөнгө хадгалдаг.  Хүүхдүүдийнхээ сайхан амьдралын суурийг бэлтгэх, боловсрол, эрүүл мэнд, амьдрах, хүмүүжих орчинд хөрөнгө оруулалт хийж байгаа хамгийн том ажил бол хүүхдэдээ хадгаламж нээх гэж боддог. Мөнгөө хадгалуулангаа урамшуулал хүртдэг болохоор урамтай байдаг” гэж ярилаа. Хүүхдийнхээ дансанд сар бүр тогтмол орлого хийх нь танд хүндрэлтэй санагдвал захиалгат гүйлгээг ашиглах боломжтой. Таныг хуримтлалтай болоход тань туслах олон төрлийн үйлчилгээ банкинд байдгийн нэг нь захиалгат гүйлгээ юм. Захиалгат гүйлгээ нь сар бүрийн тогтсон өдөр, тогтмол дүнтэй гүйлгээг таны данснаас өөрийн тань болон бусдын хадгаламж, харилцах, картын данс руу гэрээний дагуу автоматаар хийх үйлчилгээ юм байна.

ХасБанк хоёр жилийн өмнө хүүхэд залууст санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг ээлтэй байгууллагаар шалгарсныг уншигчид санаж байгаа байх. Дэлхийн дөчөөд санхүүгийн байгууллага ийм шагнал авсан нэг нь Монголын ХасБанк. Монголоос төдийгүй Азиас анх удаа энэ хүндтэй шагналын эзэн болсон нь учиртай. Ашгийн бус нийгэмд хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж ХасБанкийг онцолж шалгаруулсан юм.

Арваад жил тасралтгүй ажиллаж байгаа  “Хөгжлийн Алтан Сан” гэх байгууллага бий. ХасБанкны залуусын санаачилж байгуулсан төрийн бус байгууллага л даа. Эдний байнга авч явдаг хоёр асуудлын нэг нь хүүхдийн санхүүгийн боловсрол. Тэд ХасБанкны дэмжлэгтэйгээр хоёр тусдаа хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэг нь бага насныханд буюу 4-5 дугаар ангийнханд зориулсан “Афлатон” хөтөлбөр. Нөгөө нь өсвөр насныхан руу чиглэсэн “Тэмүүлэл” хөтөлбөр. Хоёулаа л хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох зорилготой. “Афлатон”-ы хувьд дэлхийн зуу гаруй оронд хоёр сая хол давсан хүүхдүүд хүрч, хэрэгжсэн олон улсын том хөтөлбөр. “Афлатон” гэж одны нэрийг Энэтхэг улсад хэрэгжиж эхлэх үед нь өгсөн гэдэг. Хөтөлбөрт хамрагдсан багачууд мөнгөө хуримтлуулаад сурчихдаг гэнэ. Мөнгөө хадгалах жижигхэн хайрцаг нээгээд хуримтлал үүсгэж эхэлдэг аж. Хамгийн бага нь 30 мянга, цаашлаад жар, далан мянга гээд өчнөөн төгрөг цуглуулдаг юм байна. Үүнд нь урамшсан аав, ээжүүд  хүүхдэдээ хадгаламж нээж өгдөг, хөтөлбөрт хамрагдсан бүх сурагч банкинд  хадгаламжтай  болдог гэхээр хэр үр дүнтэй хөтөлбөр гэдэг нь харагдах байх. “Хөгжлийн Алтан Сан”-гийнхны хөтөлбөрт хамрагдсан есөн настай хүү ээжтэйгээ дэлгүүрт явж байж л дээ. Хүү ээжийгээ уруулын будаг авах гэтэл “Та наад уруулын будгаа үнэхээр хэрэгцээ гэж бодож байна уу, хүсэл гэж бодож байна уу. Танд уруулын будаг байгаа шүү дээ” гэж хэлж гайхашруулжээ.  Ийм жишээ өчнөөн байдаг юм билээ. Хөтөлбөрийн хүрээнд хүү хүсэл, хэрэгцээгээр ялгаж сурах хичээл заалгасан учраас ээжийгээ “ичээсэн” хэрэг. Хөтөлбөр хүүхдэд яаж нөлөөлж байгааг харчихаж болохоор л жишээ.

Нөгөө хөтөлбөр нь өсвөр насныхан буюу 14-18 насныхан руу чиглэжээ. Мөн л сургуулиар нь дамжуулж хэрэгжүүлдэг юм байна. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд 18 насандаа банкны хувьд бүрэн хариуцлагатай харилцагч болоод сургуулиа төгсдөг аж. Нэг сонирхолтой мэдээ дуулгахад Азийн улсууд охидоо санхүүгийн мэдлэгтэй болгож, эдийн засгийнх нь хувьд хүчирхэгжүүлэх гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэсэн. Харин Монголын хувьд бүсгүйчүүд өрхийн төсвөө гартаа атгадаг учраас охид, хөвгүүд гэж ялгаагүй гэнэ. “Хөгжлийн Алтан Сан”-гийнхны хувьд энэ хөтөлбөрийг Монголын хөрсөнд амжилттай буулгаж чадсан загвараараа Азийн санхүүгийн салбарынхны дунд загвар жишээ болж яригддаг юм билээ. Номын дуу сонссон өсвөр насныхны 70-80 хувь ямар нэг хэмжээгээр хадгаламж нээлгэдэг гэсэн судалгаа гарчээ.  Дашрамд дурдахад “Хөгжлийн алтан сан” төрийн бус байгууллагынхан 2009 оноос хойш  36 мянган хүүхдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлээд байгаа юм байна.

Монголын хүүхдүүдэд мөнгөө хуримтлуулахын ашиг тусыг зааж өгч, санхүүгийн боловсролтой иргэдийг бэлдэхэд бодитой нөлөө үзүүлж байгаа “Хөгжлийн Алтан Сан” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захиарл С.Оюунчимэгээс хэрэгжүүлж буй хөтөлбөрийнх нь талаар зарим зүйлийг  тодрууллаа
.

-Хөтөлбөрт хамрагдсан бага ангийнхан ямар чадвар эзэмшдэг вэ, өсвөр насныханд хэр үр дүн гарч байгаа вэ?

-Өөрийгөө таньж мэдэх, өөрөөрөө бахархах, мөнгөнөөс гадна цахилгаан, ус гээд бусад баялгийг хэмнэх, хадгалж хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, санхүүгийн болон нийгмийн үйл ажиллагааг хамтарч хийх гэсэн таван төрлийн чадвар эзэмшдэг. 30 цагийн хөтөлбөр байдаг юм. Өсвөр насныхны тухайд ямар нэг юмыг сонирхоод хаях хандлагатай учраас бага зэрэг бэрхшээлтэй тал бий. Гэхдээ судалгаа хийгээд үзэхээр мэдээллээ маш сайн авсан байдаг. Мэдээллээ сайн авсан учир төлөвшөөд ирэх үед нь хандлага, зан төлөвт нь нөлөөлнө гэсэн үг.

-ХасБанкны 14-өөс дээш насныханд нээж өгдөг “Тэмүүлэл” хадгаламжийн хувьд хүүхэд дангаараа хадгаламжаа эзэмшдэг гэсэн онцлог бий. Азид анх удаа ийм жишиг нэвтрүүлсэн гэл үү?

- Тиймээ. Хүүхэд14 наснаас эрх зүйн хувьд хагас чадамжтай болдог. Яг энэ үед нь өөрөө захиран зарцуулдаг  хадгаламжтай байж болох хууль зүйн орчин Монголд бий. “Тэмүүлэл” бол ХасБанк, хуулийнхан Монгол банкинд хандаж байгаад гаргасан хадгаламжийн бүтээгдэхүүн. Хүмүүс манайхаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг ХасБанкны реклам гэж харах гээд байдаг. Үнэн хэрэгтээ “Тэмүүлэл” хадгаламж гэхэд банкинд ямар ч ашиггүй. Нэг гүйлгээ хийж байгаа теллерийн хөлсөнд банкнаас  200 төгрөг зарцуулж байна гэж бодъё.

Гэтэл хадгаламжиндаа мөнгө хийе гээд 100 төгрөг бариад ирж байгаа хүүхэд олон бий. Тус бүрд  нь хадгаламжийн дэвтэр нээнэ, зар сурталчилгаа явуулна гээд банкнаас өчнөөн зардал гаргадаг. Ийм хадгаламжтай банк ХасБанкнаас өөр байхгүй. Гэхдээ нийгмийн хариуцлага талаасаа, санхүүгийн сахилга баттай, хуримтлалтай иргэдтэй болохын тулд  ийм хадгаламжтай байхаас аргагүй.

-Хөтөлбөр хэрэгжүүлэх сургуулиа яаж сонгодог вэ?

-Манай хөтөлбөрийг хүсэлтээ гаргасан сургууль авах боломжтой. Энэ жил гэхэд хүсэлт гаргасан сургуулиудад хэрэгжүүлээд эхэлсэн. Багш нарыг нь сургалтад хамруулж бэлддэг юм. Энэ жилийн бага ангийн цөм хөтөлбөрт дөрөв, тавдугаар ангид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд амьдрах ухаанд сургах үйл ажиллагаа гээд жилийн турш орох 33 цаг тавигдсан байгаа. Энэ хөтөлбөрийн цаг дээр манай агуулга нийцэж байгаа. Сургууль нь хүсэлт тавибал манайх ашгийн бус байгууллага ураас бүх зүйлийг нь үнэгүй хийгээд өгнө. Хүүхдүүдээс сурах бичгийн мөнгө гэж 2000 төгрөгийн л зардал гарна. Тэгэхээр хүссэн сургууль бүрд бидний үүд хаалга нээлттэй.

-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах боломж бий юу?

- Хүүхэд хоёр сарын дараа юмаа мартдаг онцлогтой учраас энэ сургалт тогтмол явж байх ёстой л доо. Манай хөтөлбөрийн хувьд хүч хүрээд хэрэгжүүлж чадвал найман шатлалтай. Бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа газруудын тухайд найман жил үздэг. Хоёрдугаар ангиас нь заалаа гэхэд есдүгээр анги хүртэл нь орж болно. Санхүүгийн боловсролын хичээлийн агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын хичээлийн агуулгад оруулах гэж хөөцөлдөж нэлээд явсан. Одоо ч хөөцөлдөж байгаа.

Дэлхийн улс орнууд ядууралтай тэмцэхийн тулд өчнөөн мөнгө зарлагадаад амжилт олохгүй гэдгээ ойлгосон. Олон улсын байгууллага, хандивлагч орнууд  эцэстээ ядуурлын гол шалтгаан хүмүүсийн  тархи, сэтгэлгээнд  байна гэдгийг ухаарч амьдрах ухаан, санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг түлхүү санхүүжүүлэх болжээ. Тийм ч учраас бичил бичнес эрхлэгч, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд залуус руу чиглэсэн санхүүгийн, амьдрах ухааны боловсролын хөтөлбөрүүдийг дэмжиж, томоохон сүлжээ, төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх болсон юм. Энэ бодлогыг  хэрэгжүүлж буй нэг сайн жишээ нь ХасБанк гэдгийг дээр өгүүлсэн хөтөлбөрүүдийн үр өгөөж харуулж байна. Бид дараагийн нийтлэлдээ ХасБанкны  хэрэглээний зээлийн үйлчилгээний талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Ц.Сүрэн
Бусдад түгээх
  • gplus