Аялал жуулчлалын салбарынхан Н.Уртнасан сайдтай ''ХҮЧЭЭ НЭГТГЭЛЭЭ''
Дэлхий нийтийг хамран, хор хөнөөл нь хувиран өөрчлөгдөж байгаа тахалт өвчнөөс үүдэлтэй эдийн засаг, санхүү, нийгэм, сэтгэл зүйн хүндрэлийг 2 жилийн турш хамгийн ихээр амсаж буй аялал жуулчлалын салбарыг цаашид хэрхэн босгож, хөгжлийн замд нь ухаалаг бодлого, оновчтой органик шийдэл шийдвэрүүдээр хангахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ихээхэн анхаарч ажиллаж байгаа. 
 
Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан аялал жуулчлалын салбарынхантай хамтран 20 гаруй хамтарсан албан уулзалт болон цахим уулзалтуудыг хийж сайдын санаачлагаар "Агаарын тээвэр-Аялал жуулчлалын зөвлөл" байгуулж, "Tourism Forum", "АйТиЭм-2021" гэх мэт томоохон арга хэмжээг зохион байгуулж асуудлаа хэлэлцэн, гарц гаргалгааг тодорхойлов. 

Аялал жуулчлалын салбараа босгох, сэргээх, хөгжүүлэхэд харах өнцөг, хандах хандлага, нэгдмэл байдал ирж буй шинэ онд томоохон өөрчлөлтөөр эхлэх нь зүйтэй гэж Монголын аялал жуулчлын холбоо үзэж ковидын хүнд хэцүү үед энэ салбарыг  сайжруулахад анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд талархал илэрхийлжээ. 


 МАЖХ нь салбарын одоогийн сайдын үйл ажиллагааг дэмжин, нягт хамтран ажиллаж, бодлогын хийгээд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж хүчээ нэгтгэх замаар салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цар тахлын хүндрэл дундаас аялал жуулчлалын салбарыг дахин шинээр босгон хөгжүүлэх хэд хэдэн үндсэн чиглэлээр асуудлаа дэвшүүлж салбарын сайдад өргөн барьлаа. Үүнд: 

- Аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратегийн бодлогыг нийт салбарын хэмжээнд хэлэлцүүлэх, ялангуяа “Аялал жуулчлалын хууль”-ийг шинэчлэх үндсэн зарчим, чиглэл, асуудлуудыг тодорхойлох, 

- Аялал жуулчлалын зах зээлийн сурталчилгааг тухайн зорилтот улс орон, бүлэгт нь зориулж уламжлалт болон орчин үеийн арга хэрэгсэл, стратеги гаргаж, компаниудаа бүтээлчээр хамруулах,

-“Хөрөнгө оруулалтын аялал жуулчлал” хэмээх шинэ концепцыг дэвшүүлж, аялал жуулчлал ба экспортын бусад салбарын уялдаа, чиглэлүүдийг хийж эхлүүлэх,

-Аялал жуулчлалын салбарын цахимжилт, жуулчдын “Их Өгөгдөл” санг бүрдүүлсэн инноваци шийдлийн төслүүдийг эхлүүлэх, 

-Дотоодын аялал жуулчлалын хөгжилд мэргэжлийн удирдлага болж, 21 аймгийн аялал жуулчлалын холбоодын мэргэжил арга-зүй, бодлогын хамтралыг бий болгох, зэргээр олон асуудлыг дэвшүүлж, хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэн, ирэх оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилго тавьсан байна. 

Эх сурвалж: tur.mn
Бусдад түгээх
  • gplus