2021 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

“ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин хамтран 2021 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

1.УГШИЛ НЭГТЭЙ НАМУУД НЭГДЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОВ


Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд МАН, МАХН нэгдэж буйгаа зарласан юм. Ингэснээр улс төрийн саналын зөрүү нь арилж Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэх боломж гарсныг намуудын удирдлага болон гишүүд дэмжигчид онцоллоо. МАН, МАХН-ын дарга нар хамтын ажиллагааны гэрээнд  (2021.04.29) гарын үсэг зурах албан ёсны арга хэмжээнд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүн дэмжигчдийн төлөөлөл цахимаар оролцсон юм. Ийнхүү угшил нэгтэй намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ,“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшсэн юм. Зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу явагдсанаараа онцлогтой. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох сонгуулийн санал хураалтад  МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан юм. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх, хотын дарга Д.Сумъяабазар нарын оронд нөхөн сонгууль явуулсан юм. УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам эвслийн 16 нэр дэвшигч өрсөлдөж, хоёр үе шаттайгаар өндөрлөлөө. Эхний санал хураалтад сонгогчдын ирц 50 хувь хүрээгүй ч хамгийн өндөр саналыг Хэнтий аймагт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар нар авсан. Харин нэмэлт санал хураалтаар тэд дахин хамгийн олон санал авч ялалтаа баталгаажууллаа. Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу  17264 хүний санал авснаар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн юм.

 

2. У.ХҮРЭЛСҮХ ОГЦОРЧ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛОВ


Дөнгөж амаржсан нялх биетэй эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ нимгэн хувцас өмсгөж хариуцлагагүй үйлдэл гаргаснаас У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн ч Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж байгаа мэдэгдлийг 31 дэх Ерөнхий сайд хийсэн юм. Тэрбээр энэ үеэр “Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ. Ард түмэн төр, засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Үүнийг би хүлээн авч байна. Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа үүрэх ёстой. Магадгүй энэ нь улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн. Улмаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжсэнээр 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Харин Монгол Улсын дараагийн буюу 32 дахь Ерөнхий сайдад МАН-ын Удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнийн нэрийг тодруулж, Бага хурал дэмжиж, Ерөнхийлөгчид танилцуулснаар гишүүдийн 87.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

Эрх баригч нам 30 дугаар их хурлаа арванхоёрдугаар сарын 6-8-нд гурван өдөр хийж намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжлав. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдсэнээр 1450 төлөөлөгчийн 99.7 хувь нь Л.Оюун-Эрдэнийг дэмжжээ. Намын дарга болсныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан чиглэл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан юм.

 

3. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НҮБ-Д ӨГСӨН АМЛАЛТ БА ОХУ-Д ХИЙСЭН  АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ онд оролцсон  онцлох үйл явдал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцон илтгэл тавихдаа “Тэрбум мод ургуулна” хэмээн амласан явдал. Нөгөө нь Ерөнхийлөгч болоод хийсэн анхны гадаад айлчлал буюу мөнхийн хоёр хөршийн нэг ОХУ-д хийсэн айлчлал байлаа.

НҮБ-ын 76 дугаар чуулганд 100 гаруй улсын төр, засгийн удирдлагууд биечлэн оролцсоны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч  оролцоод зогсохгүй түүхэн амлалт өгсөн. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ үйл явдал нь Ардын хувьсгалын 100 жилийн ой дээр эхлүүлж буй бас нэгэн хувьсгал бөгөөд зорилго нь “Ногоон” юм. Нөхцөл байдлын хувьд авч үзвэл дэлхийн дулаарал, цөлжилт, шар шороон шуурга  улс орнуудыг түгшээж буйн дотор  Монгол орны газар нутгийн 80 хувь нь цөлжсөн  үед  эхлүүлж буй үндэсний том бодлого юм. Төрийн тэргүүн НҮБ-ын индрээс “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Энэ санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь цөлжилтөд өртсөн өнөө үед  түүний эсрэг “вакцин” нь Ерөнхийлөгчийн  тэрбум мод ургуулах санаачилга юм.

Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлал мөнхийн хөрш ОХУ-аас эхэллээ. Үүгээр мөн хоёр улсын харилцааны нэгэн шинэ зууны түүх эхэлж байгаагаараа онцлог. Ирж буй цаг хугацаанд хоёр тал хамтарсан том төслүүдээ хөдөлгөх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэхээ Монгол, Орос улсын төрийн тэргүүн нар илэрхийлсэн. Энэ  үзэл баримтлалаа баталгаажуулан Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцаанд мөн шинэ хуудас нээсэн түүхэн үйл  явдал болов. Тунхаглалын  онцлох  заалт нь "Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв" гэсэн юм. Олон жилийн турш  худалдааны алдагдалтай явж ирсэн манай улсад дээрх заалт нь манай улсын эдийн засагт эерэг үр дүн авчирна гэх хүлээлтийг үүсгээд байна. Түүнчлэн хоёр тал  бүх салбарт хамтын ажиллагааг  сайжруулан өргөжүүлэхээр тохиролцсон юм.

 

4. ХОЁР ТОЛГОЙТОЙ АН


АН мөхөх үү, шинэчлэгдэх үү. Энэ асуулт нэлээн эртнээс тавигдсан. Гэвч үүнийгээ ардчилал гэх гоё үгээр халхавчилж ирсэн.  Ер нь бол АН Монголын улс төрийн түүхэнд  хамгийн шинэчлэгдээгүй нам. Шинэчлэл гэж ярьдаг ч тэр нь сүртэй том биш, малгай солих төдий л өөрчлөлт хийдэг байв.

Ардчиллын анхдагчдын 1990 онд хэлж ярьж, шаардаж байсан зүйлүүд  нь зөв байсан ч хэрэгжүүлэх үе шатанд тодруулбал, хувьчлал хийж цөөнх буюу өөрсдийгөө хөлжүүлснийг монголчууд сайн мэднэ. Ард түмэн нэгэнт таньсан учир намын дээд удирдлагыг зайлуулж, шинэ залуусыг гаргаж ирэх ёстой атал 1990-ээд онд  тус намын  удирдлагад байсан хэдхэн хүн төрийн өндөр албанд өнөөдөр ч  байсаар. Бүр эрх мэдэл булаалдаж намаа хагалан бутаргаж тоглосоор. Үүнийг “Бурууг хийсэн, ард түмнийг хохироосон  хүмүүс эрх мэдлээс холдвол шоронд орчих учраас тэр”  гэж улс төрийн хүрээнийхэн  дүгнэдэг, тэр нь оргүй зүйл биш юм. Өнөөдөр тус  нам доторх залуус нь хүчгүйдэж, Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхгүй, сонгуульд оролцохгүй байгааг ард түмэн харж, үр дүнг нь амсаж байна.

АН гэх нэг малгайн дор  гишүүд нь  хуваагдаж, хоёр “зулзаган нам”  хоорондоо хэмлэлдээд удаж байна. Өмнө байсан дотоод тэмцлийн ужиг шарх нь С.Эрдэнэ намын даргаар сонгогдож,  2020 оны сонгуулиар  нэр дэвшигчдээс 100 саяыг татаж, хувийн давуу эрхээр мандат олгосноор гүнзгийрсэн. Үр дүнд нь АН УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд суудал авч тун ядруухан цөөнх болсон. Намаа ялагдуулсан С.Эрдэнэ тамга тэмдгээ  генсек Ц.Туваанд хүлээлгэж өгөөд одсон ч   2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтан, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн эрх мэдлийн “цусгүй дайн”-аар  дарга, цэргийн асуудал сөхөгдсөн.  Намын даргад  С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны  талаас О.Цогтгэрэлийг тодруулж  хоёр тал  дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн ч  Дээд шүүхээс улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.  Эцэст нь намын дарга байх эрх нь  хуулиараа С.Эрдэнэд хадгалагдаж байна гэж Дээд шүүх үзснээр тэрбээр  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Гэвч  Ц.Туваан, О.Цогтгэрэл нар намын нөлөө бүхий хэсэг, УИХ дахь бүлгийн гишүүдийн хамтаар  Н.Алтанхуягийг нэр дэвшүүлнэ хэмээн сөргөлдөж  өрсөлдөгчидтэй нь хамтраад С.Эрдэнийгээ  татаж унагасан.

Үүнээс хойш эв эеэ сэргээх, эргэж нийлэх, нэг нам болж хүчээ нэгтгэх тухай сайхан ярьдаг ч ажил хэрэг болгодоггүй, сая хийсэн Анхдугаар үндэсний  их чуулган  нь ч ийм тодорхойгүй төлөвт болж өнгөрөв. Үүний өмнө АН  “Онц их хурал” зарлаж үзсэн. Түүнийгээ  мөн л хоёр газар  хийж, тус тусын  дарга удирдлагуудыг сонгосон.  Эцсийн  шийдвэр буюу хамтын шийдэлд хүрч  чадаагүй. Өөрөөр хэлбэл, АН-ыг хэн даргалах нь тодорхойгүй. Цаашид АН  улс төрийн тавцанд байх уу, байвал ямар үзэл баримтлалтай, юуг зорилгоо болгох вэ, хэний төлөөх нам байх вэ гэдэгт хариулт алга. АН-ын тухай  2016 оны  ээлжит сонгуулийн дараахан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав  “Ардчилсан хүчинд хамаардаг залуус хүчээ нэгтгэж чадвал байдлыг засна. Хүчээ нэгтгэж чадахгүй бол дор хаяж хоёр сонгуулийн хугацаа хэрэгтэй” гэх үгийг  хаяглаж байв. Түүнээс хойш ямартай ч нэг сонгууль өнгөрлөө, 2020 онд тус нам 2016 оныхоо  ялагдлыг  давтсан. Хоёр толгойтой байгаа тохиолдолд 2024 онд ч гэсэн  ялагдана гэсэн үг юм. АН -ын хаашаа  нүүж байна вэ.

 

5. ХӨЛ ХОРИО БА ВАКЦИНЖУУЛАЛТ, ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ


Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч болон түүний эхнэрээс COVID-19 илэрснийг Монголын хамгийн анхны дотоодын тохиолдол хэмээн үзэж гурав хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Үүний дараагаар бүх нислэгээ цуцалж, Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 18-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Ийн хөл хорионы хугацааг сунгасаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл шилжсэн байдаг. Энэ нь дөрөв дэх удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг байсан юм. Тухайн үед буюу дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27956 хүн халдвар авч, 69 хүн  нас бараад байв.

Хатуу хөл хорионы дэглэмийг  дөрөвдүгээр сарын 14-нөөс чангаруулж, авто зам, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Харин Засгийн газрын тавдугаар сарын 5-ны ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулж, улбар шар түвшинд шилжүүлэхээр болсон. Ингэснээр монголчууд долоон сарын хугацаанд хатуу хөл хорионд байсан билээ. Мөн энэ үед Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь вакцины хоёр дахь тундаа, 80-90 хувь нь эхний тундаа хамрагдаад байв.

Хамгийн анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд  нар энэ оны хоёрдугаар сарын 23-нд AstraZeneca вакцин тариулснаар манай улсад коронавирусын эсрэг вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн. 18-аас дээш  насны бүх иргэнээ Pfizer, AstraZeneca, Verocell,  Спутник-V гэсэн вакцинаас сонгон тариулахыг санал болгов. Ийн вакцины эхний тунгаа тариулсан иргэд хоёр дахь тунд дөрөвдүгээр сарын 25-наас хойш хамрагдах боломжтой гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы дараа иргэд вакцины хоёр дахь тундаа хамрагдаж эхэлсэн юм. Мөн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар зургадугаар сарын 28-наас дархлаажуулж эхэлсэн юм. Харин дархлаажуулалтын гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр  есдүгээр сараас хийж эхэлсэн.

Монгол Улсад коронавирусын дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн хичээл цахимд шилжсэн. Харин Засгийн газрын наймдугаар сарын 4-ний ээлжит хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 1-нээс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 13-наас танхимаар эхэлсэн билээ.

Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэхээр болсон билээ.Цэцэрлэгт эхний ээлжинд 4-5 настай хүүхдийг танхимаар хамруулсан. Харин 2-3 настай хүүхдийг халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна гэж мэдээлсэн. Гэвч одоог хүртэл тэднийг цэцэрлэгт хамруулсангүй. Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150100 оюутан суралцаж байна.

 

6. МОНГОЛЫН 2.3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТЭГЛЭЖ, ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХАА “РИО ТИНТО” МЭДЭГДЛЭЭ


“Рио Тинто” компани Оюутолгойн ордыг хувь нийлүүлэн ашиглаад 12 жил болсон ч Монгол Улс ашиг бус өр нэмсээр байсан юм. 2051 он гэхэд Монгол Улс 22 тэрбум ам.долларын өрөнд орох тооцоо бий.

Бас 2051 оныг хүртэл 22 тэрбум ам.долларын өр үүснэ гэдэг бол тэр хүртэл бид ашиг хүртэхгүй гэсэн үг. Тиймээс УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг баталсан. Энэ дагуу Засгийн газар найман чиглэлийн асуудлаар үүрэг авч “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм.

Тэр наймд нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг сайжруулах, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл эсвэл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх,  Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг олон улсын стандартын дагуу дахин хийж, ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг тогтоох зэргийг тусгасан байдаг.

Ийм чиглэлтэйгээр хэлэлцээрийг эхлүүлсэн Засгийн газрын ажлын хэсэгт “Рио Тинто”-гоос 2021 оны аравдугаар 25-нд дөрвөн санал бүхий захидал ирүүлсэн.

Захидалдаа 2009 оноос өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд бодогдсон хүү, нийлмэл хүү болох  2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх  Үндсэндээ 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААНОАТ, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой. Нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын инипит өгье. Энэ мөнгөө гурван жил дараалан шилжүүлэх бөгөөд ямар нэг ногдол, татварт хамаарахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Хэтрэлттэй энэ зардалдаа хүлцэл өчөөд менежментийн төлбөр авахгүй. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор баталгааны шимтгэл буюу 1.9 хувийг авахгүй байхыг хүссэн байв.

Тухайн үед Засгийн газар үүнийг хүлээж аваагүй. Хөрөнгө оруулалтын зээлийн өр гэх 2.3 тэрбум, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларыг тэглүүлэх, Дубайн гэрээг цуцлах саналыг дахин тавьсан.

Үүнээс хойш сураг алдраад байсан “Рио Тинто” 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ерөнхий сайдын нэр дээр дахин захидал ирүүлжээ. Тэд буулт хийжээ. Тус компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэе, Дубайн гэрээг цуцалъя, Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг бүрэн хариуцъя, “Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй гэжээ.

Ерөнхий сайд энэ талаар мэдээлсний дараа Олон улсын бирж дээрх Оюутолгойн хувьцаа 14 хувиар өсөв. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээ нь 300 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн.

Нөгөө талаас Монголын Засгийн газар “Рио Тинто”-г дийллээ гэхээсээ хөрөнгө оруулагч талтайгаа харилцан ойлголцолд хүрсэн гэж ойлгох нь зөв. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн “мессеж” болно гэж туршлагатай улстөрчид, эдийн засагчид энэ үйл явдлыг дүгнэж байна.Мөн “Рио Тинто”-гийн энэ буулт 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Дубайн гэрээг байгуулсан манай талын хүмүүс Монгол Улсдаа ашиггүй гэрээг байгуулсан байна гэдгийг нотолсон явдал болов.

7. ҮЗЭГЧГҮЙ НААДАМ, ОЛИМПИЙН АЛДАРТНУУД  


2020 онд цар тахлын сургаар улсын баяр наадмыг нийслэлээс зайдуу нэгэн жуулчны баазад  сүрхий хязгаарлалттайгаар үзэгчгүй зохион байгуулах тушаал гарсан. Гэтэл хоногт илэрсэн тохиолдол 2000-3000-д хүрч яг наадам болохын өмнө 19 аймгийн 176 суманд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Өвчлөл буурахгүйн дээр мутацлагдсан вирус тархах эрсдэлтэй байсан цаг үе таарсан учир долдугаар сар гармагц Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг зөвхөн Улаанбаатар орчимд төвлөрүүлэн тэмдэглэх, аймаг, сумдад наадам хийхийг хориглосон шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр иргэдэд  таалагдаагүйгээс уяачид, бөхчүүдийн төлөөлөл жагсаал зохион байгуулж юм юм л болов. Тэдний эсрэг “NoNaadam” гэсэн уриа барьсан залуучууд мөн жагссан нь бараг л сонин юм гэхээр үйл явдал болж өнгөрсөн. Тэд цахим наадамд 2.5 тэрбум төгрөгийг үргүй зарж байхын оронд эрүүл мэндийн салбартаа анхаарч, аж ахуйн нэгж байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихийг уриалж байлаа. Гэхдээ өнгөрсөн хавар УИХ-ын ээлжит сонгуулийг цар тахлын хамгийн хүнд үед зохион байгуулсандаа наадмыг бүрмөсөн хориглож чадаагүй юм. Баяр наадмын тов Хүй долоон худагт Ардын хувьсгалын 100, Монголын залуучуудын байгууллагын 100, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдааныг мөн л үзэгчгүйгээр зохион байгуулж иргэд цахимаар үзэж билээ. Ингээд Монголын наадмын түүхэнд “2021 оныг наадамгүй жил” гэсэн тэмдэглэгээ үлдлээ. Үүний дараа цар тахлын улмаас хойшлогдсон “Токио-2020” зуны олимпийн XXXII  наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд боллоо. Энэ удаагийн наадам хэд хэдэн онцлогтой байсан юм. Манай гарагийн спортын хамгийн том баярын нээлт гэхэд цар тахлаас үүдэн хязгаарлагдмал хүрээнд үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд болсон нь эхний онцлог байлаа. Бас нэгэн онцлогийг нь хэлбэл энэ олимп 2021 онд болсон атлаа “Токио-2020” гэсэн нэршилтэйгээр явсан. Үүний учир өнгөрсөн жил дэлхийг цочроосон цар тахлын уршгаар ОУОХ-ноос уг олимпийг бүтэн жилээр хойшлуулахдаа Японы талын саналын дагуу “Токио-2020” гэсэн нэрийг энэ жилийн олимпод хэвээр хадгалах шийдвэр гаргасан байлаа. Олимпийн наадамд 11 орны төр, засгийн тэргүүн оролцжээ. Тэгвэл спортын 233 төрлөөр 339 тэмцээнд 205 орны 12.5 мянган тамирчин оролцож нийт 339 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Үүнд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин энэ олимпод хурд хүч, авьяас чадвараа сорьсны дотор жүдо бөхийн төрөлд Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн төрөлд Ц.Болортуяа хүрэл медаль хүртэж сайхан амжилт үзүүлсэн билээ. Бас энэ олимпийн өөр нэг онцлогт шинээр каратэ, скейтбоорд, спортын авиралт, бейсбол, софтбол гэсэн таван төрөл нэмэгдсэн. Бас олимпийн түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсоныг дурдаж болно. Үүнийг тодруулбал, оролцогч нийт тамирчдын 38.8 хувь эмэгтэйчүүд байсан. Манай улсын тамирчид өмнө нь 13 олимпод оролцож чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрөлд хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн байдаг юм.

 

8. ШАТАХУУН ТАСАРЧ ҮНЭ НЭМЭВ, ИМПОРТ ЗОГСОЖ ИНФЛЯЦ ӨСӨВ


Иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хамгийн их нөлөөтэй шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ, таксины үнэд нөлөөлж илт хөөргөдөх үндэс болсон. Учир нь өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр бүх шатахуун түгээх станц шатахууны үнээ 300 төгрөгөөр нэмсэн атал 29-ний өдөр дахин 300 төгрөгөөр нэмж АИ 92 бензин 2050 төгрөг болсон. Мөн тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензинийн экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэж, манайд шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээс үүдэн манайд хомсдол үүсэж, нэг машинд олгох шатахуунд хэмжээ зааж байв.

Гэвч нөхцөл байдал сайжирсангүй. Бензиний үнэ нэмэх зайлшгүй шаардлагатай байгааг, бодлогоор үнийг тогтмол барьж явсанаар ямар их алдагдалд орж байгааг салбар яамнаас нь тайлбарлаж, гэнэт их хэмжээгээр үнэ нэмж болохгүй, энэ нь иргэдийг шоконд оруулж, үнэ хөөрөгддөг сөрөг талтай учраас үнийг аажмаар бага хэмжээгээр өсгөх бодлого баримтлах болсноо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

Тиймээс шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Шатахууны үнийн зөвлөлөөс гаргасан билээ. Ингэхдээ дэлхийн зах зээл дээрх худалдаалагдаж буй сүүлийн зургаан сарын үнийг дундажлан, дотоодод зарагдах ханшийг тодорхойлохоор болж, нэг удаад нэмэгдэх дээд хязгаарыг 100 төгрөг хэмээн тогтоосон. Энэ нь дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс хамаарч дотоодод шок үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ төрийн нөлөөллийг хязгаарласнаараа онцлог шийдвэр болсон юм. Өнгөрсөн хугацаанд төрөөс зах зээлд оролцож, үнийг тогтоон барьсантай холбоотойгоор шатахуун импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Хэрэв төрөөс оролцсоор байвал энэ алдагдал оны эцэс гэхэд 100 тэрбум төгрөг давахаар байгаа аж.

Цар тахлын улмаас дөрөвдүгээр сард манай улсад дотоодын халдварын тоо огцом ихэссэнээс үүдэлтэйгээр Замын-Үүдийн боомтын үйл ажиллагааг зогсоосон. Бараг нэг сар гаруйн хугацаанд хаалттай байснаас Солонгос, Япон, Америк, Хятадаас ирдэг импортын бүтээгдэхүүн, материал, бусад бүх барааны их бөөгнөрөл Эрээнд үүссэн юм. Тухайн үед импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүд хомсдож үнийн өсөлт үзүүлж байсан. Хоёр тал тохирч, тодорхой нэмэлт зохицуулалтуудыг хийснээр боомтыг нээсэн ч өмнөх шигээ жигд нэвтрэх нь үгүй болж ачаа тээвэр удааширсан юм. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Эрээн хотод COVID-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус боомтыг дахин хааж нэг ч машин нэвтрүүлэхгүй болов. Зөвхөн төмөр замаар цөөн тооны ачаа тээвэр ирж байгаа билээ. Мөн коронавирусын мутаци Омикрон хувилбар дэлхийн улс орнуудад тархаж эхэлсэнтэй холбоотойгоор хэдхэн хоногийн өмнө хил орчмын төмөр замын тээврийн тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Хил гаалийн хүндрэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих асуудал ид яригдаж байна. Ачаа тээврийн эргэлт зогссоноос үүдэн өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэж, инфляц  оны сүүлийн саруудад 10 орчим хувьд хүрэв.

9. ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН ДУУЛИАНТ ҮЙЛ ЯВДЛУУД


Өнгөрсөн жил олон нийтийг цочроож, сэтгэлийг нь сэрдхийлгэж, бухимдуулсан дуулиант үйл явдал цөөнгүй гарлаа. Тэдний нэг нь улсдаа ганц гэгддэг циркийн барилгын доторхыг нураагаад нэг жилийн нүүр үзэж буй явдал юм. Төлөвлөгөө ёсоор ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орж, үүдээ нээх ёстой байсан ч засвар шинэчлэл хийсэнгүй. Угаас менежментийн хувьчлалд очсон цагаасаа циркийн барилга тойрсон хэл ам тасраагүй. Өнөө ч салбарын уран бүтээлчид болон олон нийт циркийн урлагаа сэргээхийг шаардсаар байгаа юм. Монголын үндэсний циркийн зүгээс “Засварын ажлаа бага багаар хийж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас болж өнгөрсөн жилийн төлөвлөгөөний дагуу явж чадаагүй. Нурааж өөр зориулалтаар ашиглахгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн нь олныг сэрдхийлгэсэн юм. Тухайн иргэн өөр дээрээ шатахуун асгаж  шатаасан бөгөөд цагдаагийн алба хаагч гадуур хувцсаа тайлж гал унтраахыг хичээж, яаралтай түргэн тусламж ирсэн ч харамсалтай нь амиа алдсан байв. Цагдаагийн алба хаагч гадуур хувцсаа тайлан галыг унтраахыг хичээсэн ч  иргэний амийг аварч чадсангүй. Тухайн иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар шалтгаанаар өөрийгөө шатаасан нь тодорхой болоогүй гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм. Тухайн үед Ерөнхийлөгч учир шалтгааныг нь яаралтай олохыг хууль хяналтын байгууллагуудад даалгасан байдаг.

Оны сүүлийн саруудад Монголын хамгийн олон хэрэглэгчтэй Хаан банкийг хувьчлах асуудал хөндөгдсөн нь том дуулиан тарилаа. Өөрөөр хэлбэл, Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авсан нь олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлыг анх Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы хуралдаан дээр хөндөж, нэр бүхий гишүүд Монголбанкны ерөнхийлөгчөөс тайлбар хүссэн юм. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Хаан банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ. Би өөрийн нүдээр харсан. Зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийг сайн нягтлах ёстой байсан” гэж хэлж байв. Үүний дараагаас Монголын хамгийн олон хэрэглэгчтэй, актив хөрөнгөөрөө нэгд бичигддэг Хаан банкийг хэн хувьчилж авсан бэ гэх хардлага таамаглал, хэрүүл талцал олон нийтийн дунд өрнөсөн хэвээр байна. Үүнд  Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат “Хаан банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй. Хаан банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

10. МОНГОЛ ДАХЬ КОЙНЫ ДАВАЛГАА

Сүүлийн хоёр жилд дэлхийн санхүүгийн  бизнес модел блокчэйн технологи дээр суурилж тэргүүлэх компаниуд системийг аль хэдийнэ ашиглаж эхэлсэн.  Аливаа өөрчлөлт шинэчлэлт, хувьсгал алгуур явсаар цаг нь болохоор эрчимждэг. Энэ нь өөрчлөлтийг хүлээж авч ойлгох нийгмийн хөрс бүрдэхтэй холбоотой. Тиймээс цаг нь болоогүй зүйлд цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг шиг  дижитал хувьсгал, койны тухай ямар ч  ойлголтгүй байх энэ цаг үед хүн бүхэн  сонирхож  богино хугацаанд баяжих юмсан, эсрэгээрээ мөнгөө алдчих болов уу гэсэн айдсын шаналгаанд автсаар 2022 онтой золгож байна.

Койн 2021 онд монголчуудын хувьд ид трэнд сэдэв болж байлаа. Криптобиржээр хоёр их наяд төгрөг эргэлдэж байна гэхээр эрэлт их байна гэсэн үг. Тиймээс яг л казино шиг зарим нь алдаж, зарим нь олж байх шиг. Мэдээж мөнгөө өсгөсөн нь баярлаж, мөнгөө алдсан нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй өнгөцхөн ойлголттой явна. Тэгвэл койныг эрсдэл гэж харахаас илүү боломж гэж харж байгаа хэсэг бий. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал койн /токенууд/  ар араасаа гарсаар хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь булаагаад байна. Монголын анхны ард койны араас 20 гаруй  койн /токен/ гарсан бол дахин 80 орчим токен бэлтгэлээ базааж хөрөнгийн захад гарах мэдээлэл байна. Гэвч койн хувьцаа шиг ногдол ашиггүй, баялаг бүтээхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй үр ашиггүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Дэлхийд бүртгэлтэй 10 гаруй мянган койн бий ч 97 хувь нь амжилтгүй болж буй мэдээлэлтэй. Энэ хэрээр  иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөө алдаж байна гэсэн үг. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд “хөрөнгө оруулалтын өлсгөлөнд нэрвэгдээд байгаа” энэ цагт  санхүүжилт, бэлэн мөнгө шаардлагагүй компани гэж бараг үгүй. Бүгд л санхүүжилт авах амин чухал хэрэгцээтэй байгаа. Монголын компаниуд хамгийн багадаа жилийн 21 хувийн хүүтэй банкны зээл авч үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Хөрөнгийн биржээс  хөрөнгө мөнгө босгож чаддаггүй. Хөрөнгийн биржээс хөрөнгө татан төвлөрүүлнэ гэдэг “үнэтэй ажил”. Хамгийн багадаа 350-500 сая төгрөг зарцуулж таван тэрбум төгрөг босгодог. Гэтэл бүх компани 300-500 сая төгрөг гаргах чадваргүй. Ингэснээр компаниуд шинэ төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлж чадахгүй, шинээр ажлын байр нэмэгдэхгүй, улсын сан хөмрөг бүхэлдээ өсөхгүй гэсэн үг.  Ингэхээр койноор баталгаажуулж хөрөнгө босгох гэсэн  хүсэл хэн бүхэнд төрөх нь ойлгомжтой.

Бусад улсын Төвбанкууд крипто мөнгөн тэмдэгтийг хянах гэж хууль, журмаа чангатгаж байгаа ч хангалттай сайн зохицуулалт болж чадахгүй байгаа хэвээр. 2022 онд санхүүгийн салбарын ирээдүйн төлөөх BlockChain-т суурилсан мөнгөн тэмдэгт, уламжлалт финтек, төвбанкуудын өрсөлдөөн улам эрчимжих нь гарцаагүй. Крипто мөнгөн тэмдэгтийг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглавал үр дүнтэй боловч Монголд хөрөнгө оруулж буй төслөөсөө бус үнийн хөөсрөлөөс хялбар мөнгө олох зорилготой хүмүүс олон байгаа нь санхүүгийн салбарыг өндөр эрсдэлд оруулж байна. Гэхдээ криптог дотоодын хууль, журмаар бүрэн зохицуулах боломжгүй учраас оюуны өмчийг хамгаалах,  оюуны бүтээлийг үнэлж түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсаас мөнгө босгоход ашиглах боломжтой эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарал тавин ажиллах нь зөв юм. Түүнчлэн  койноос  татвар авах зохицуулалтгүй нь бас нэг эрсдэл нь юм. Нөгөөтэйгүүр Монгол Улс койныг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй гэдгээ Виртуал хөрөнгийн хуульдаа тусгаж батлав. Монгол Улсад  эко системээ эртнээс бий болгосон өөрийн гэсэн төвлөрсөн бус биржтэй 1-2 койн л үнэ цэнээ хадгалан үлдэх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс хэлээд байна. Тэрбум гаруй хүн амтай Хятад улсад анх 68 койн гарсан ч  удалгүй хөөс байсан нь  хагарч тав хүрэхгүй койн үлдээд байгаа мэдээлэл ч байна. Монгол дахь койны давалгаа 2022 онд үргэлжлэх нь тодорхой. Гагцхүү тодорхой хугацааны дараа хэсэг бүлэг хүмүүс мөнгөө алдсан гэж Сүхбаатарын талбайд жагсаал хийхэд хүрч мэдэх вий гэсэн болгоомжлол ч байна.  Тиймээс энэ бүх эрсдэлээс Монголын төр иргэнээ хамгаалахын зэрэгцээ иргэдээ мэдлэгжүүлж дэлхий нийтээр аж үйлдвэрийн IV хувьсгалын шинэ эринд хөл нийлүүлж, угтаж хөдлөх хөгжлийн хурдасгуур тохироог бүрдүүлсэн  нэгэн оныг үдэж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.