Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологджээ

УИХ-ын чуулганы /2022.01.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо.


Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ.



Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдож, нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянга буюу 0.4 хувиар өсжээ. Үүнийг малын төрлөөр авч үзэхэд адуу 4.3 сая, үхэр 5 сая, тэмээ 454 мянга, хонь 31.1 сая, ямаа 26.5 сая тоологдсон байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 289 мянга буюу 6.1 хувиар, адуу 230 мянга буюу 5.6 хувиар тус тус өсч, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4 хувиар буурчээ.

Мал тооллогыг жил бүр зохион байгуулснаар мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцох, мал сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, бэлчээр, уст цэгийн мэдээлэл, малын үүлдэр зэргийг бүртгэдэг. Түүнчлэн мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой.

Тухайлбал, тооллогын мэдээллийг ХНХЯ, НДЕГ малчдын тэтгэвэр, тэтгэмж, халамжийн суурь мэдээлэлд, Мал эмнэлгийн ерөнхий газар мал эмнэлгийн нэгдсэн системд, Монголбанк, арилжааны банкнууд малчны зээл, зээлийн эргэн төлөлтийн үнэлгээнд, Татварын ерөнхий газар малын тоо толгойн албан татварын мэдээлэлд, Үндэсний давхар даатгал малын индексжүүлсэн даатгалын мэдээлэлд, Эрүүл мэндийн яам, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогод, ХХААХҮЯ малын үүлдэр омог, генетик нөөцийн мэдээлэл, малчдад сүү, ноос, арьс ширний урамшуулал зэрэгт тус тус ашигладаг.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 онд Хөвсгөл аймаг хамгийн их буюу 5.9 сая толгой мал тоолуулсан бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая толгой мал тоолуулсан байна. 2021 онд малын тоо Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудаас бусад аймгуудад өссөн байна.

Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл, хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд мал сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар өсч харин хонь 12.1, үхэр 3.5, адуу 2.3, тэмээ 1.4 нэгж хувиар тус тус буурсныг илтгэж байна. 

Хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд мал ундаалах зориулалт бүхий 62.5 мянган худаг, 82.9 сая толгой малын багтаамж бүхий 249.8 мянган ширхэг хашаа тоологдсон байна.

Үүнээс гадна, 2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 188.5 мянган малчин өрх тоологдсон нь нийт өрхийн 20 орчим хувийг эзэлж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.1 хувиар өсжээ. Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 14.3 хувь, 51-200 хүртэлх малтай өрх 33.2 хувь, 201-500 малтай өрх 31.6 хувь, 501-999 малтай өрх 15.3 хувь, 1000-аас  дээш малтай өрх нийт өрхийн 5.6 хувийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл улсын дунджаар нэг малчин өрхөд 323 толгой буюу адуу 20, үхэр 23, тэмээ 2, хонь 150, ямаа 128 тус тус ногдож байна.
Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 305.2 мянган малчин бүртгэгдэж, өмнөх оноос малчдын тоо 6.4 мянга буюу 2.1 хувиар өссөн байна. Жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлдэг малчдын 94.1 хувь нь үндсэн малчин, 5.9 хувь нь туслах малчид байна гэсэн мэдээллийг өгсөн.

Танилцуулгын  дараа хуралдаанд оролцсон гишүүд тооллогын дүнгийн талаар асуулт асууж, хариулт авлаа.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.