Ч.Хурц: Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэн баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон. Хүний ертөнцийн жамаар жилээс жилд цөөрч буй тэднийхээ үгийг хойч үе нь сонсож үлдэх учиртай нь энэ хорвоогийн хатуу боловч үнэн билээ. Тиймээс Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа хүчтэй илэрхийлж явсан АИХ-ын депутат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, эдүгээ нас сүүдэр 83 хүрч буй Чойжингийн Хурц хэмээх эрхэм хүнтэй ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Халзан сумын бага сургууль, улмаар аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг онц төгсгөж, Москвагийн их сургуулийн Геологи хайгуулын дээд сургуулийг Ашигт малтмалын ордын хайгуулч, уулын инженер геологич мэргэжлээр дүүргэсэн, АИХ-ын сэхээтэн депутатуудын нэг юм.

-Үндсэн хуулийг хэлэлцэх үед та ямар саналууд хэлж байв?

-Очирбатын Дашбалбараар ахлуулсан бие даасан депутатуудын бүлэг гэж байв. Би энэ бүлэгт орсон. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гэсэн санал, байр суурь баримталдаг бүлэг. Гэвч суурь хуулиа нэгэнт парламентын засаглалыг сонгож хийсэн, зарчмын асуудал өөрчлөгдсөн учир би жоохон дуугаа татсан. Гэхдээ тодорхой тодорхой юман дээр саналаа хэлж байсан. Бид үзэж байж Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгодог системийг авч хоцорсон нь хамгийн том гавьяа гэж боддог. Магадгүй өнөөдрийн өдрөөс харахад алдаа байсан юм шиг харагдаж болох ч улс үндэстэн төрт ёсны уламжлалаа л дагах ёстой юм. Хүмүүс, та нар тэр үед буруу юм хийсэн гээд зэмлэвэл  зөв өө гээд би маргахгүй... Нэгдмэл удирдлагын системтэй байх нь Монгол Улсын хувьд зохимжтой гэж бодсон бодол саналаа л бид тэр үед илэрхийлж байсан. Тэр үеийн хоёр сая дөрвөн зуун мянган хүнийг зөв гольдрилд оруулахын тулд нэгдмэл нэг удирдлагатай байх ёстой байсан...

-Та одоо ч энэ санал, байр суурийг баримталдаг хэвээрээ юу?

-Төр, ард түмэн нэгдмэл байж Монгол орон хөгжинө гэж би боддог. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүн тус тусдаа “миний тойрог” гэж явсан цагт нэгдэхгүй, хөгжихгүй. Одоо нэгэнт сонгож авсан парламентын засаглалаа зөв хөгжүүлж, бэхжүүлэх нь чухал юм. Чингис хааны үеэс 1960 онд Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хоёр танхимтай парламентын хэлбэр байсан. Их хуралдайг буюу Чингис хааны алтан ургийн хүүхдүүд бүгд цуглаж хийдэг... Монголд 1911-1960 он хүртэл хоёр танхимтай парламентын хэлбэр байсан. Хууль боловсруулах ажлыг Бага хурал буюу одоогийн Улсын Их Хурал хийдэг, Их хурал нь ерөнхий шийдвэрийг бүгдийг гаргадаг байв. Үүнийг одоогийн 76 шиг ямар нэг лобби, ашиг хонжоо хайдаг хэлбэрийг хаасан, зөв зүйл юм байна гэж боддог...

-Нэгдмэл, тогтвортой байдлын талаар л та нэлээд ярьж байх шиг... 1992 оны та бүгдийн батлалцсан Үндсэн хууль улс орны тогтвортой байдлыг бий болгоход хэр хөшүүрэг болсон хууль болсон бэ?

-1992 оны Үндсэн хуулийг батлах үйл явц бол 1991 оны аравдугаар сарын 1-ээс АИХ-ын депутатуудын чуулган эхэлсэн тэр үйл явц юм. Энэ чуулганы төлөөлөгч 430 депутат бол улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар сонгогдсон хүмүүс. Үндсэн хуулийг батлах хэлэлцүүлэг 76 хоног үргэлжилсэн. Бид анхлан арав гаруй хоног болбол их юм гэж бодож байсан. Гэтэл бидний төсөөлснөөс их удсан. Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан гэж би боддог. Зөнөсөн өвгөн худлаа ярьж, биеэ магтаж байна гэж бодох вий... Ялангуяа Бяраагийн Чимид тэргүүтэй хуульчид дээд зэргийн хүчин чармайлт гаргасан. Миний хувьд, миний охин тухайн үед Москвагийн Их сургуулийн Хуулийн ангийг болоод Марксизм Ленинзмийн оройн дээд сургуулийг онц төгссөн хүүхэд байв. Охиноосоо би засаглалын тухай тайлбарыг хэрэг болгон сонсдог, охин харин аав аа, ер нь улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын хэлбэр байдаг. Энэ хоёр аль аль нь сайн, муу талтай гэж тайлбарлаж өгдөг. Парламентын засаглалд олон намын төлөөлөл оролцдог, олон үзэл бодлыг уралдуулдаг, дотроо задрах нь их амархан. Харин Ерөнхийлөгчийн засаглал нэгдмэл нэг байдаг. Алийг нь сонгож, яаж хийх нь Монгол төрийн асуудал гэж тайлбарлаж байсан. Манай нөхөд ч парламентын засаглалтай байх хуулийн төсөл  хийсэн байсан. Бид харин яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй вэ гэдэг асуудал тавьсан хэрэг. Яагаад гэвэл, жижигхэн Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь олон намууд олон янзын санал гаргаж, эрчимтэй хөгжлийн замд саад болно, нөлөөлнө гэж үзсэн. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 3-наас 11, 12 хүртэл зөвхөн Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу, аль тогтолцоог нь авах вэ гэдэгт маргаж, хууль батлах хэлэлцүүлэг цаашаа явж чадахгүйд хүрсэн. Өө, ийм маягаар явбал Ардын Их Хурал тарья гэдэг ийм саналыг хүртэл зарим депутат тавьсан. Үүнээс болоод дахин ярилцаж, тохиролцоонд хүрсэн. Энэ бүгд зөвхөн улс орны ирээдүйн төлөөх маргаан байсан болохоос бус хувь хүний бодол байгаагүй гэж би боддог...

Хамгийн гоё нь Үндсэн хууль бол маш богино богино өгүүлбэрээр бичсэн, ямар ч хоосон утга, давхар санаа байхгүй, ерөөсөө За, Үгүй гэдэг утгыг тодорхой илэрхийлсэн эх хууль болсон.  Бид энэ хуулийн төслөө бүлэг бүлгээр нь бус заалт болгоноор нь хэлэлцэж, санал хураагаад явдаг байлаа. Энэ үеийн маргаан, янз бүрийн юмнаас болж АИХ-ын дарга Ж.Уртнасан “Та нар ийм замбараагүй, энэ янзаараа Үндсэн хуулиа баталж чадахгүй. Би ийм хурлыг даргалах боломжгүй” гээд гарч хүртэл явж байлаа. Гэхдээ олонх депутатууд аль болохоор яаж ийгээд Үндсэн хуулиа батлая гэдэг бодолтой байсан учир парламентын засаглалтай байхыг сонгосон. Одоо энэ засаглалын хэлбэрээ төгс утгаар нь хэрэгжүүлж, улс орноо авч явах нь л хамгийн чухал, анхаарал хандуулах асуудал болж байна...

Эцсийн эцэст та бүхэн яг ямар хууль баталчихаа вэ гэж асуувал аль нэг улс төрийн хүчний давамгайлах чанар байхгүй, ямар ч нам, эвсэл, олон нийтийн сонирхол байхгүй, ард түмнээсээ сонгогдсон, ард түмний төлөөлөл болсон депутатууд Үндсэн хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэн, баталсан. Үндсэн хуулийн төслийг баталсан бүрэлдэхүүн Монголын оюуны шилдэг потинциалиуд гэж би боддог. Хурал дээрээ үгийг нямбай сонсоно, дэмий үймж, шуугина гэсэн юм байхгүй, ийм л байлаа. Бид 76 хоног болно гэж огт төсөөлөөгүй. Хуучин АИХ хуралддаг байсан шиг сайн бол 3-4, за 7-8 хоног болно биз гэж бодсон. Гэтэл юу вэ, 76 хоног хэлэлцэхэд хөдөөгийн малчин хүн ч босоод үгээ хэлдэг, аймаг, сум нэгдлийн дарга ч үгээ хэлдэг байсан. Их идэвхтэй сайн үгээ хэлдэг байсан хүмүүсийг би сайн санаж байна...

-Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй даган мөрдөх нь дарга ч бай, жирийн иргэн ч бай иргэн бүрийн журамт үүрэг шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулиа хүн бүр дагаж мөрдөх талаар та хойч үедээ юу гэж хэлэх вэ?

-Ерөнхий боловсролын хичээлийн дунд сургуулийн хичээлийн программд Үндсэн хууль, органик хуулиар авдугаар ангиас эхлээд тус бүрт нь “Хуулийн цаг” хичээл орж, хүүхэд үеэс нь хуулийн мөн чанарыг таниулдаг, зөв ойлгож, даган мөрддөг тийм боловсролын систем тогтоогоосой гэж дотроо бодож явдаг. Монголын залуу үе хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч сурах нь монголчуудын хамгийн түргэн урагшаа хөгжих боломжийг бүрдүүлж өгнө шүү. Тийм учраас залуу үеэ Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүгдийг нь мэддэг, харьцуулж үздэг, тийм оюуны потинциальтай болохын тулд хууль зүйн хичээлийг тавдугаар ангиас эхлэн мэдүүлэн таниулах ёстой юм. Хууль мэдэхгүй хүн түүнийг мөрдөх, цаашаагаа өөрийнхий амьдралыг авч явах зам мөрөө зөв сонгож чадахгүй аюул тулгарна гэж хэлье дээ. Залуу үе маань хуулиа сайн мөрдөөрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-01-11 05:02:16
    Үндсэн хууль гэдэг утга нь Байгал ертөнц, хүний нийгмийн харилцааг л зохицуулахаар ургасан гэдгийг их багагүй ухамсарлан дагаж мөрдөх учиртай юм даа