М.Жадамба: Хүн бүрийг ажилтай, орлоготой болгоход анхаарна
Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөдөлмөрийн яам Мэргэжил­тэй ажилтан бэлтгэх ажилд ихээ­хэн анхаарч ажиллаж бай­на. Энэ чиглэлээр зохион бай­гуулж байгаа ажлуудынхаа ололт бас анхаарах асуудлын та­лаар ярина уу?

-Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бүх сур­галтын байгууллагуудад ижил тэгш хэрэгжүүлж, хэрэгжилтийг бү­рэн хангах, түүнчлэн багш на­рыг чадваржуулах талаар анхаарч ажил­лаж байна. Багш чадвартай байж гэмээнэ өрсөлдөхүйц ур чадвартай мэргэжилтнийг бэлт­гэнэ. Энэ ажлын хүрээнд Австрали ул­сын мэргэжлийн боловсрол, сур­галтын салбарын туршлагаар мэр­гэжлийн боловсрол сургалтын бай­гууллагад багшлахын тулд ямар заах арга зүй эзэмшсэн байх, ямар сургалтад хамрагдах шаард­ла­гатай зэргийг тодорхойлж хө­дөө, орон нутгийн болон Улаан­баа­тар хотын бүх сургалтын бай­гууллагад зохион байгуулсан.  Тэр­хүү  сургалтыг  явуулсан  Авст­ра­лийн  сургагч багш нар 100 мас­тер багшийг бэлтгэж, эдгээр мас­тер багш нар маань сурсан мэд­сэнээ өөрийн сургууль дээр очоод бусад багш нартаа  түгээн  дэл­гэрүүлэх  байдлаар гурван ээлж сургалтыг зохион байгуулсан.

Энэ   мэтчилэн бид Мэргэжлийн боловсролын салбарын мэргэж­лийн хичээл заадаг 2500 багш на­рыг сургалтад хамрууллаа. Ийн­хүү түгээн дэлгэрүүлэлтийн сур­гал­тын үр дүнг Австралийн сур­гагч багш нар өөрсдөө орон ну­таг дахь МСҮТ, коллежиудаар явж шалгаад “Багш нар заах ур чадварыг эзэмшсэн байна” гэж дүг­нэсэн. Мөн 200 гаруй баг­шийг га­даад болон дотоодын мэр­гэ­шил дээш­лүүлэх сургалтад оролцуул­лаа. Ингэснээр заах арга зүйгээс гад­на мэргэжлийн ур чадвар нь сай­жирсан.

-Тэгэхээр мэргэжлийн хичээл зааж байгаа багш нарын мэд­лэг, чадвар илүү сайжирсан гэж ойлгож болох уу?

-Дээрх ажлын хүрээнд чадам­жид  суурилсан сургалтыг хөтлөн явуу­лах мэргэжлийн  багш  нарын сур­гах арга зүй сайжирсан гэж дүг­нэж байгаа. Энэ бол зөвхөн баг­­шийн заах арга зүйд чиглэсэн сургалт. Харин нөгөө талаас багш нар мэргэжлийн ур чадварын хувьд өсөн дэвжих ёстой. Өөрс­дөө мэргэжлийн хувьд сайн гаг­нуур­­чин, сайн нарийн боовчин байж, сайн гагнуурчин, нарийн боов­чинг бэлтгэж гаргана. Энэ жил бид Мэргэжлийн холбоодтой хамт­раад мэргэжлийн багш нарыг сур­галтад хамруулах ажлыг зо­хион байгууллаа. Ингэснээр тэд­­ний мэргэжлийн ур чадвар дээ­­шил­сэн. Яг үнэндээ энэхүү сур­гал­­туу­дыг явуулахаас өмнө орон нут­гийн ажил олгогчдоос “Мэр­гэж­лийн сургуулийн багш на­рын   ур чадвар гологдож байна” гэх шүүмжлэл гардаг байсан.

Ма­гад­­гүй цаашид ч гарах байх.  Ер нь бид багшийнхаа ур чадварыг дээш­лүүлэх ажлыг тасралтгүй зохион бай­гуулах шаардлагатай байгаа. Тэр ажил маань эхнээсээ үр дүнгээ өгч байна. Мөн мэргэжлийн 100 гаруй багшийг гадны ур чадвар сайжруулах богино болон дунд хугацааны сургалтад хамрууллаа.  Тэдгээр багш нар маань улсын бо­лоод бүсийн хэмжээнд зохиогдсон мэргэж­лийнхээ тэмцээнд сайн  орол­цож ур чадвар нь бусдаасаа ял­га­рахуйц өөрчлөгдсөн нь ха­рагд­сан. Тэр хэмжээгээрээ суралцаг­чид­даа өгөх ур чадварын хүрээ нь тэл­сэн гэсэн үг.

-Чадамжид суурилсан сур­галт хэр явагдаж байна. Үүнийг хэр­хэн жигдрүүлэх вэ?

-Үнэндээ тааруухан байгаа. Ма­най улсад мэргэжлийн боловсрол, сур­галтын 79 байгууллага үйл ажил­­лагаагаа   явуулж   байна.   Эд­гээрт нэгэн жигд стандарт, хө­­төл­бө­рийг хэрэгжүүлж явахад хүнд­­рэл тулгарч байгаа нь үнэн. Багш нар, сургалтын албадууд үүнийг ан­хаарч хэрэгжүүлэх, өдөр тут­мын­хаа сургалтад мөр­дөж, да­дал болгох үе шат илүү хүндрэл­тэй байна. Бид байнга хэрэгжилтэд анхаарч, шахаж, ярилцаж, араас нь холбогдож, бичиг цаасаар хя­­налт тавьж байдаг. Гэвч хэ­рэг­­­жилт удаашралтай байна.

Ча­­дам­­жид суурилсан сургалтын 30 хөтөлбөрийг өнгөрөгч хичээ­лийн жилд шинэчлэн боловс­руулж, тэд­­гээрийг хэрхэн яаж хэрэг­жүү­лэх талаар заавар, аргачлалыг гар­гаж сургуулиудад хүргүүлсэн. Үүний­хээ араас хяналт тавьж ажиллаж байна. Ингэсний дүнд тодорхой  хэмжээгээр өөрчлөлт гарч байгаа ч цаашид илүү их ажлыг хийх шаардлагатай. Бид зөв­хөн эхлүүлээд орхихгүй. Үүнээс гадна бодлогын төвшинд мэр­­гэж­лийн боловсрол, сургал­тын тогтолцоотой холбоо­той нэг чу­хал асуудал  бол  мэргэж­­лийн бо­ловсрол, сургалтын байгуул­лагад  сурч буй хүүхдүүдийг нийгэмд “хар” ажилчид гэсэн ойлголт түгээмэл байдагтай холбоотой.

Тэд­нийг насан туршдаа “хар” ажил­чин байна гэж боддог. Энэ ойлголт хүүхдүүдийн болоод эцэг эхчүүдийн сэтгэл санаанд сөргөөр  нөлөөлдөг. Гэтэл  мэргэжлийн бо­ловсролын сургуулиудад олж ав­сан мэргэжлийн зэрэг нь их, дээд сургуулиас авсан академик зэр­гүүдтэй дүйцэхээр ойлголт юм. Үүнийг бид мэргэжлийн төвшний үндэсний тогтолцоо гэж ойлгодог. Цаашдаа бид мэргэжлийн боловс­ролын сургуулийн хүүхдүүд өөрс­дөө хүсэх юм бол академик бо­ловс­рол эзэмшиж яваандаа их, дээд сургуулийн гурав, дөрөв­дү­гээр курсээс элсэн суралцах  бо­лом­жийг нээж өгнө.

Яагаад гэвэл нэгд, тухайн суралцагч мэр­гэжлийн чиглэлийн агуулгаа су­дал­чихсан учраас зарим ан­гиас үргэлжлүүлэн суралцах бо­ломж­той. Хоёрт, мэргэжлийн бо­ловс­ролын сургуульд суралцаад үйлд­вэр­лэлийн зохих туршлагатай бол­сон мастер ажилчдыг академик боловсролтой хүнтэй адилтгаж ойлгох, тэдгээрт хандах нийгмийн үзэмж, үнэлэмж ижил байх чиглэл рүү явах ёстой. Ингэж байж Мэр­гэжлийн боловсролын нэр хүнд өс­нө. Энэ нь нийгэм, эдийн засагт сай­наар нөлөөлнө. Бусад улсад ч ийм байдаг юм байна.

-Үндэсний мэргэжилтэй ажил­тан бэлтгэх хөтөлбөрийн та­лаар тодруулбал…?

-Хөдөлмөрийн яам байгуулагдса­наас хойших хоёр жилийн хуга­цаанд зохион явуулсан ажлын нэг нь “Үндэсний мэргэжилтэй ажил­тан бэлтгэх” хөтөлбөр байлаа. Энэ хөтөлбөрийн онцлог нь таван са­рын хугацаатай. Эхний хоёр сар нь онол, дараагийн гурван сар нь дадлага гэсэн үе шаттай явна.

Мөн сургалтын хэлбэрийн хувьд ч бас онцлогтой. Учир нь манай мэргэжлийн сургуулийн үндсэн суралцагч буюу 2.5 жилээр сурдаг хүүхдүүд маань төгсөөд ажлын  байраа  хайдаг  бол  энэ  хөтөлбөрт хамрагдсан хүмүүс суралцаж эхлэхээсээ өмнө ажлын байртай болно гэсэн үг. Жишээлбэл, “А” гэдэг компани бидэн дээр ирээд “манайд гурван гагнуурчин хэ­рэгтэй байна” гэвэл бид ажилгүй хү­мүүсийг цуглуулаад ажил  ол­гогч байгууллагатай ярилцлагад оруулна.

Компанийн зүгээс тэд­гээрээс гурван хүнээ сонгоод сур­гал­тад хамруулах хүсэлтээ илэр­хийлнэ. Тэр хүмүүс сургалтад суух таван сарын хугацаандаа тэтгэлэг ава­хын зэрэгцээ сэтгэл зүйн хувьд ту­хайн компанийн мэргэжилтний сэт­гэхүйгээр суралцаж, ажиллах юм. Учир нь “Би тэр компанийн ажил­тан, төгсөөд ажлын байр бэ­лэн” гэж бодож байгаа болохоор тэр шүү дээ. Хөдөлмөрийн яам жилд 7000 гаруй, хоёр жилд 14.000 хүртэлх мэргэжилтэй ажил­тан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байна. Эдгээр хү­мүү­сийн 80 гаруй хувь нь захиалгат аж­лын байран дээрээ очиж байгаа гэ­сэн судалгаа бий.

-Ийм байдлаар үндсэн ан­гийн­­хан буюу 2.5 жилээр су­рал­­цагс­дыг бэлтгэх боломж бай­гаа юу?

-Ийм байдлаар бүх суралцагсдыг сур­гахад учир дутагдал их бай­на. Учир нь ажил олгогч байгуул­ла­гуудын дунд 2.5 жилийн дараах хү­ний нөөцийн төлөвлөлтөө гар­гасан байгууллагууд байхгүй бай­на. Тэгэхээр тухайн суралцагч сургуулиа төгсөхөд ажил бэлэн эсэх нь эргэлзээтэй. Харин хоёр юм уу, гурван жилийн дараа ийм үйлдвэр ашиглалтад орох гэж байна, тэнд ийм ийм мэргэжилтэн хэрэг болно гэвэл бид бэлтгэх боломжтой. Энэ нь нэг талаар ажилгүйдлийг бууруулах давуу талтай. Түүнчлэн манай төгсөгчид нийгэмд эрэлттэй мэргэжлээр суралцах юм бол төгсөөд ажлын байраар хангагдах боломж байна.

-Эрэлттэй мэргэжил гэдэгт ямар мэргэжил орж байна?

-Хөдөлмөрийн яамны харьяа Хө­дөл­мөрийн судалгааны институт жил бүр эрэлттэй мэргэжлийн та­лаар судалгаа хийдэг. Өмнөх жи­лийн хувьд мэргэжлийн боловсрол эзэм­шигчдийн дундаас уул уур­хайн чиглэлээр суралцагсдад аж­лын байрны сонголт их байсан бол энэ жил барилга, Канад хаусны мэр­гэжилтэн, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэй ажил­чин шаардлагатай байна гэсэн дүн гар­сан.

-Энэ жил МСҮТ-д суралцах хэ­дэн суралцагч суралцаж бай­на вэ?

-Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2014-2015 хичээлийн жилд шинээр 26 мянга гаруй суралцагч 200 орчим мэргэжлээр суралцах хяналтын тоо батлагдсан. Нийтдээ 42 мянга суралцагч суралцаж байна.

-2013-2014 оны хичээлийн жилд суралцагчдад олгох тэт­гэмж 70 мянга болж нэмэгд­сэн. Энэ нь элсэгчдийн тоонд нө­лөөлсөн үү?

-Энэ нь элсэгчид цаашаа явах биш наашаа явах боломжийг нээж өгсөн. Элсэгчдийн чанар сайн байвал төгсөгчдийн чанар сайн байна. Хөгжиж буй орнуудад нийт мэргэжил эзэмшигчдийн 70 гаруй хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшиж, үлдсэн хувь нь академик боловсрол эзэмшдэг гэсэн ерөнхий харьцаа байдаг юм  билээ. Харин манайд энэ тоо эсрэгээр байгаа. Эл­сэгчдийн тоо нэмэгдэх өөр нэгэн үндсэн шалтгаан сүүлийн жи­лүүдэд хийгдэж байгаа бүтээн бай­гуу­лалттай холбоотой. Манай сал­бар угаасаа үйлдвэрлэлийн хэрэг­цээ­гээр хөтлөгддөг сал­бар юм. Бүтээн байгуулалт, үйлдвэр­жилтийн төслүүдэд олон тооны мэргэжилтэй ажилтан шаарддаг.

-Хөдөлмөрийн яам ажил олгог­чид­­той хамтарч ажилладаг. Тэд­н­ий хувьд мэргэжилтэй ажил­тан, дипломтой ажилтан хоёрын алийг нь илүү сонирхож бай­на?

-Хэдийгээр ажил олгогчид  мэр­гэжилтэй ажилчдыг сонирхож бай­гаа ч өнөөгийн нийгмийн ханд­лага, сэтгэл зүй үүний эсрэг бай­на. Гэхдээ бүтээн байгуулалт их хийг­дээд ирэхээр хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжилтэй бо­ловсон хүчний эрэлт, хэрэгцээ аян­даа ихэсч,  тэднийг  ажилд  ава­хаар хайх болно. Сүүлийн үед аймаг, сумд руу чиглэсэн зам, тээв­рийн бүтээн байгуулалт, хот суу­рин газар, дүүргүүдэд барилга байгууламж шинээр барих аж­лууд нэлээд хийгдэж байна. Ирээдүйд энэ ажил улам өргөжвөл мэр­гэ­жилтэй ажилчид улам их эрэлтэд ор­но гэсэн үг.

-Нийгмийн олон талын тө­лөөл­лүүдэд танай сургалт хэр хүрч байна?

-Бид энэ жилээс эхлэн орон нутагт тухайлбал, Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ангийг нээн хичээллэж эхэлсэн. Мөн засан хүмүүжиж байгаа хүмүүжигч нарт сургалт зохион байгуулдаг. Мөн цэргийн алба хааж байгаа залууст сургалтаа хүргэж ажиллаж байгаа.

-Хөдөлмөрийн яамнаас 2014-2015 оны хичээлийн жилд ба­римтлах тэргүүлэх зорилго, зорилтууд юу байх вэ?

-Бид “Ажилтай, орлоготой мон­гол хүн” үндэсний хөтөлбөрийн хү­рээнд олон ажлыг зохион бай­гуулж байна. Үүнийг үргэлж­лүүлж, хүн бүрийг ажилтай, ор­ло­готой болгох талаар анхаарч ажил­лана. Мөн 2015 онд Бразил ул­сад болох“Дэлхийн ур чадвар” тэм­цээнд монгол за­луус есөн төр­лөөр өрсөлдөхөөр бэлт­гэж байна. Энэ өдрүүдэд эдгээр өсвөрийн ур чадвартнууд маань БНСУ-д хам­тарсан бэлтгэл хийж байгаа.

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ийм дарга байх уу 2018-10-17 07:22:14
    Чааваас даа
    150.129.140.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-22 09:14:15
    Ховд аймагт би сургуулийнхаа 70 жилийн ойгоор очиход сургалт эрхэлсэн дэд захирал Мөнхжаргал гэгч залуу 1944 онд байгуулагдсан сургуулийг 1954 онд байгуулагдсан гэж танилцуулж байна лээ.Сургуулийнхаа боловсон хүчнийг зөв хүнээр удирдуулах хэрэгтэй юм шиг санагдлаа.Би энэ сургуультай насаараа холбоотой хүн учраас бичлээ
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 03:57:46
    танай яам мсүт-үүдийн захирлыг жаахан охидууд барбигаа сольж байгаа юм шиг их солих юм. Жирийн багш ажилчид тайван ажлаа хиймээр байх юм. Хэн ирж халжь солих бол гэсэн айдастай байсаар удаж байна. Захирлуудын сонгон шалгаруулалт гэж юм байдаг шиг санах юм. Санжмятав завханы бүх бизнесменүүдийг 2 жилийн хугцаанд мсүт-үүдийн захирал болгож амжих юм шиг байна шүү.
    103.11.193.10
    Мэдэгдсэн Хариулах