С.Баясгалан: Украины талаар АНУ, ОХУ зөвшилцөлд хүрч чадахгүй байна

Дэлхийн халуун цэг болоод байгаа ОХУ, Украины нөхцөл байдлын талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн судлаач, доктор С.Баясгалантай ярилцлаа.

-Украины нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд байна. Ер нь байнга зөрчилдөөний талбар болж ирлээ шүү дээ? 

-Украины өнөөгийн нөхцөл байдал бол шинэ зүйл биш. Геополитикийн хувьд Балтын тэнгисийн эргийн Эстони, Латви, Литви гэсэн гурван орон, доошоогоо яваад Беларусь, Украин улсууд ОХУ-ын жийргэвч бүс гэгддэг. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт гадны хүчин орох нь ОХУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй. Энэ хүрээнд авч үзвэл НАТО болон ОХУ-ын зөрчилдөөний гол талбар болж Украйн, Беларусь хоёр л үлдлээ. Беларусь улс нь ОХУ-тай холбооны улсын гэрээтэй, Оросын нөлөөнд байгаа. Харин Украиныг Оросын талаас анхааралгүй байдлаасаа болж баруунд алдсан гэж үздэг. Ер нь бол Украйн дэлхийн түүхэнд их гүрнүүдийн хоорондын геополитикийн зөрчилдөөний талбар болж ирсэн.

-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн  бичгийн дарга Энтони Блинкен нарын аюулгүй байдлын асуудлаарх хоёр дахь уулзалт 1.5 цаг үргэлжиллээ. Уулзалтыг судлаачийн зүгээс хэрхэн харж байна вэ?

- ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн  бичгийн дарга Энтони Блинкен нарын уулзалт Швейцарийн Женев хот орчмын нуурын эрэгт орших тансаг зэрэглэлийн зочид буудалд боллоо. Уулзалтаас онцлоход ОХУ-ын талаас аюулгүй байдлын баталгаа шаардаж, үндсэн гурван зүйлийг ярьж байна. Нэгдүгээрт, Зүүн Европын орнуудаас АНУ цэргээ татах талаар ярилаа. Өөрөөр хэлбэл, НАТО-гийн зэвсэгт хүчний ихэнхийг АНУ бүрдүүлдэг. Эстониос эхлээд Польш, Унгар, Болгар, Румынд НАТО-гийн цэрэг байрладаг. Тэгэхээр Зүүн Европоос буюу ОХУ-ын хилийн ойролцоогоос НАТО-гийн цэргийг гаргах шаардлага тавилаа. Хоёр дахь нь Украйныг НАТО-д элсүүлж болохгүй энэ бол ОХУ-ын хувьд давж болохгүй улаан шугам буюу ОХУ-ын аюулгүй байдлыг хөндөж байна.  Украйнаас гадна Гүржийг НАТО-д элсүүлэх санаа байгаа нь мөн ОХУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй. Гуравдугаарт,  цөмийн болон үй олноор хөнөөх зэвсэг, пуужинг зүүн Европоос гаргах, тоо хэмжээг хязгаарлах асуудал яригдаж байна. АНУ сүүлийн үед бий болсон Оросын стратегийн зэвсэглэлийг ярилцах сонирхолтой байгаа ба үүнд бас Хятадыг оролуулахыг хүсэж байгаа. Лавров, Блинкен нар уулзахдаа хоёр талын хамгийн их санаа зовж байгаа, шийдвэрлэх ёстой асуудлуудыг ярилцсан ч ялангуяа НАТО-гийн тэлэлт болон зүүн Европоос цэрэг гаргах талаар зөвшилцөлд хүрч чадаагүй.

АНУ-ын талаас НАТО-гийн гишүүнчлэлд элсүүлэх нь нээлттэй. Гэхдээ Украйныг НАТО-д элсүүлэх асуудлыг АНУ дангаар шийдэхгүй. Энэ бол НАТО-гийн гишүүн орнууд болон Украйн хоорондоо ярилцах асуудал. Тиймээс АНУ дангаараа шийдвэр гаргахгүй гэдгээ илэрхийлж байна. Хоёрдугаарт, НАТО-д хүсэлтээ өгсөн ямарч улс элсэх боломжтой гэлээ. Ийм нөхцөл байдлаас үүдэлтэйгээр асуудал мухардалд ороод байна.

НАТО-гийн хүрээнд байгаа АНУ-ын цэргүүдийг зүүн Европийн улс орнуудаас  гаргахыг шаардаж байгаа. Үүнд Эстони, Латви, Литв, Болгар, Румынд байгаа цэрэг болон батлан хамгаалах аливаа техникийг хамруулж байна. Эдгээрийг бүгдийг нь гаргахдаа 1997 оны ОХУ, НАТО-гийн хоорондын Аюулгүй байдал хамтын ажиллагааны гэрээний заалтыг хэрэгжүүлэх ёстой гэж ОХУ үзэж байна. Өөрөөр хэлбэл, 1997 оноос өмнөх НАТО-г яривал Польш, Унгар улсууд элсээгүй байсан учраас гэрээний заалтын дагуу зүүн Европт байгаа бүх НАТО-гийн зэвсэглэлийг баруун тийш татна гэсэн үг юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Польш, Унгар зэрэг Зүүн Европын орнууд тэр чигтээ ЗХУ-ын жийргэвчийн үүргийг гүйцэтгэгч орнууд байсан. ОХУ үүнийг дахин сэргээх оролдлого хийж байна гэж судлаачид үзэж байна.

-ОХУ НАТО-гоос аюулгүйн байдлын баталгаа гаргаж өгөхийг бичгээр гаргаж өгөхийг хүслээ гэж мэдэгдсэн нь олон улсын экспертүүдийн анхаарлыг татаж байна?

- Аюулгүй байдлын баталгааны тал дээр ОХУ ямар нэг байдлаар аман хэлэлцээрээр явахгүй. Тиймээс АНУ өөрийн байр сууриа бичгээр гаргаж өгхийг хүссэн. Үүний дагуу АНУ өөрийн ашиг сонирхол, байр сууриа тайлбартайгаар цаасан дээр буулгаж бичгээр гаргаж өгөхийг Оросын тал хүлээж байна. Америкчууд худлаа хэлж НАТО-г зүүн зүг тэлсэн шиг нөхцөл үүснэ гэж Оросын тал үзээд байна.

-Өөрсдийгөө Донецк, Луганскийн Ардын Бүгд Найрамдах улс гэж нэрлээд байгаа газар нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг ОХУ-ын Думд оруулчихлаа гэсэн мэдээлэл бий. Үүний үр дүн одоогийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

-ОХУ-ын төрийн Думын хэсэг гишүүд Донецк, Луганскийн Ардын Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх саналыг дэвшүүлсэн. Үүнийг Кремл, В.Путин зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрвөл ОХУ Украин руу дайрах гэж байгаа нь үнэн гэдгийг зөвтгөсөн зүйл болох учраас ОХУ хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа.  Донецк, Лугански оросууд ихтэй бүс нутаг учраас тэднийг хамгаална гэдэг үүднээс Думын хэсэг гишүүд ийм санал гаргасан тохиолдол байгаа.

АНУ болон Европийн улс орнууд нэгэндээ айлчилж байр сууриа нэгтгэж байна. Тэд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хэвээр хадгалагдах ёстой гэдэгт байр суурь нэгдмэл байгаа. Хэрэв үүнийг зүгээр өнгөрөөвөл ОХУ улам л түрэмгийлэл үйлдэж, Европт дайн болж өргөжих магадлалтай гэж үзэж олон улсын харилцааны дэг журмыг чандлан сахиж, аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. 

-ОХУ, Украины нөхцөл байдал хурцадвал дайн болох магадлалтай гэж үзэж байгаа судлаачид ч байна. Цаашид хэрхэн өрнөх бол?

-Миний харж байгаагаар дайн болохгүй. Дайн болох юм бол Европчууд, Оросууд аль аль нь хохирно. Одоо бол дэлхийн хоёрдугаар дайны үеийнх шиг биш. Бүх салбарт нөлөөлөх учраас хэн нь ч байлдахыг хүсэхгүй. Дайны тухай АНУ, Англи хоёр л ярьж байна. Түүнээс Европын холбооны гол улсууд болох Герман, Франц дайны талаар төдийлөн их ярихгүй байгаа. Аливаа улсын тэр дундаа Украйны нутаг дэвсгэр бүрэн бүтэн хэвээрээ байх ёстой гэдэгт нэгдсэн байр суурьтай байгаа. Герман Украйнд зэвсгийн тусламж өгөхөөс татгалзаж, дайн болох магадлал тун бага учраас хэтэрхий  их дэвэргэх нь Европт өөрт нь аюултай гэдгийг анхааруулж байна. Хэрэв ОХУ түрэмгийлж орлоо гэхэд Украйн НАТО-гийн гишүүн биш учраас Европын орнууд шууд хамгаалахгүй болов уу гэсэн байдал ажиглагдаж байна. Украйн НАТО-гийн гишүүн байсан тохиолдолд л гишүүн орнууд нь нэг улс руу нь дайрахад гишүүн бусад улс руу дайрсантай адил гэж үзэн туслах байх. Мөн Европын орнууд өөрсдийнхөө эрх ашгийг хохироон байж Украйныг хамгаалахгүй. Нөгөө талаас Англи, АНУ аль аль нь Украйн руу цэргээ оруулах талаар ерөөсөө яриагүй. Жо Байдены мэдэгдэлд дурдсанаар ОХУ дайрсан тохиолдолд ч АНУ Украйн руу цэргээ оруулах төлөвлөгөө байхгүй гэдэг талаар ам алдсан. Харин ОХУ Украйн руу дайрвал АНУ болон Европын орнууд санхүү эдийн засгийн бүх хоригуудыг тэр дундаа банк хоорондын гүйлгээг тасална гэдгээ мэдэгдээ байгаа. Магадгүй хамгийн сул нөлөөтэй хориг нь “Умардын урсгал-2” хийн хоолойг бүрэн зогсоох байж болно. Гэхдээ энэ тийм их нөлөөлөхөөр зүйл биш. Бүх санхүүг нь зогсоосноор ОХУ-ыг эдийн засгийнх нь хувьд хүчгүй болгох боломж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь Оросууд түүнийг нь мэдэж байгаа гэдгийг судлаачид үзэж байгаа. Үнэхээр Орос бие даагаад  эдийн засгийн хувьд Европ болон АНУ-аас хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулж чадах уу? Асар өндөр өртөгтэй дайныг явуулж чадах уу? Хэрвээ тийм боломж, чадалтай болсон бол Орос Украйн руу дайрч болох. Тийм хүчин чадал байхгүй бол Украин руу дайрах нь юу л бол гэж үзэж байна.

-Нөхцөл байдлыг Казахстантай холбож, харьцуулах хүмүүс ч байна. Тус улсад болсон төрийн эргэлт, үймээн самууныг террорист үйл ажиллагаа гэж тайлбарлаж байна?

-Терроризм гэж ярьж байгаа боловч геополитикийн асуудал юм. Авторитар улсын эсрэг ардчилсан үзэл санааг дэмжигч иргэдээр турхирах маягаар Казахстан, Украйны байдлыг тогтворгүй болгож байна гэж ОХУ, Хятадын талаас үздэг. Ардчилал, хүний эрхийг сурталчилдаг иргэний хөдөлгөөнүүдийг нь АНУ-аас буюу гадны санхүүжилтээр бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна гэж үздэг. Үүнийгээ ч тэд өнгөт хувьсгал гаргуулахгүй гэдгээр тайлбарладаг.

-Их Британийн Гадаад хэргийн сайд Монголын нэрийг дурдлаа. Энэ нөхцөл байдал даамжирвал манай улсын гадаад харилцаанд нөлөөлөх үү?

-Их Британи Украйнд туслахаа илэрхийлсэн. Зүүн талаас ирж байсан аливаа аюул, тухайлбал, Монголын дайралт, ЗХУ-ын түрэмгийлэл, одоо ОХУ-ын эсрэг Украйн байнга тууштай эсэргүүцэж, Европ руу оруулахгүйгээр байнга таслан зогсоож байсан учраас энэ дайчин үндэстнээр бахархаж байна гэсэн өнгө аястай зүйл хэлсэн. Тиймээс ОХУ-ын эсрэг тэмцэхийн тулд Украйнд бүх талаараа туслана гэдгээ илэрхийлж зэвсэг нийлүүлж эхэллээ.

Киевийн Русь гэж байх үед Монголын эзэнт гүрний цэрэг Киев хотыг эзэлж, шатаасан тохиолдол бий. Түүхийн тэр үйл явдлыг Англичууд сөхөж, Украйныг дэмжиж буйгаа илэрхийлсэн хэлбэр. Энэ нөхцөл байдал манай улсын гадаад харилцаанд шууд нөлөөлөхгүй. Гэхдээ дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэдэг манай улсад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэсэн үг. Хурцадмал байдал үүсвэл валютын ханш, түүхий эд, хөрөнгийн бирж, газрын тос, байгалийн хийн үнэ хэлбэлзэж эхэлснээр улс орнуудын дотоодын эдийн засагт нөлөөлнө. Ялангуяа, манай улсын шатахууны зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж болно. Бид Хятад гэх том зах зээлийн хажуу хавирганд байгаа гэдгээрээ Хятад хэр хүчтэйгээс шалтгаалж манайд хэр нөлөө үзүүлэх нь бас тодорхойлогдоно. Гэхдээ бусад улс оронтой харьцуулахад нөлөөлөл бага байх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2022-01-25 07:50:18
    Хужаа, орос хоёр даан ч их сүжрээд байсан юм аа. Энэ хоёр хоёулаа үхээсэй. Хужаагийн эрлийзүүд л энэ хоёрыг өмөөрдөг юм.
  • Зэлэм 2022-01-25 07:46:40
    Яг үнэн байдлыг хэлсэн байна. Оросод дайн хийх хүч байхгүй, Оросууд л олон улсын тавцанд маш том алдаа хийлээ. Одоо Америкийн цэрэг оросын хил дээр ирлээ
  •  2022-01-25 02:33:43
    энэ сармагчинд ямар хамаа байна аа