Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эзэмшлийн талбайдаа төлбөртэй зогсоол байгуулж байгаа. Авто зогсоолгүй гудамжинд төлбөртэй зогсоол байгуулан иргэдийн халаас руу гараа дүрж байгаа энэ явдлыг жолооч нар хүлээн зөвшөөрч байгаа ч тэндээс авч байгаа төлбөр авто замын санд ордоггүй гэнэ. Уг нь төлбөртэй зогсоолууд нийт орлогынхоо 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх ёстой байдаг аж. Гэтэл төлбөртэй зогсоол байгуулсан авто зогсоолууд Авто замын санд төлбөр төлөлгүйгээр хувьдаа завшсаар байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар яамдуудын гаднах талбай, томоохон үйлчилгээний төвүүдийн гадна 500 болон түүнээс дээш төгрөгийн шатлалтайгаар 12 төлбөрт зогсоол байгуулагдсан аж. Мөн албан ёсны зөвшөөрөл аваагүй сайн дураараа 16 компани өөрсдийн гаднах талбайг төлбөртэй зогсоол болгожээ. Жишээлбэл, Улаанбаатар зочид буудал л гэхэд төлбөртэй зогсоолдоо өдөрт 200-300 автомашин тавиулдаг, үүнээс багаар бодоход 100-150 орчим мянган төгрөгний орлого олдог, ихээр бодоход өдөрт 300 орчим мянган төгрөг болдог аж. Гэтэл тус зочид буудал Нийслэлээс авсан үүргийнхээ дагуу зогсоолын төлбөрөө огтхон ч төлдөггүй байна. Ийм газруудын тоог мөн Баянгол зочид буудал нэмжээ.

Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.

1. СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
2. СБД, 1 хороо,"Гурван гал" худалдааны төвийн баруун талд
3. ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
4. ЧД, 4 хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
5. ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
6. ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
7. БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
8. СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
9. СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
10. Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Хангарьд ордон
11. СБД, 8 -р хороо, Спортын төв ордон

Харин “Гранд” плаза, “Шөнийн зах”, “Миний дэлгүүр” худалдааны төв гэгчлэн томоохон худалдааны төвүүд дур мэдэн өөрсдийн талбайдаа төлбөртэй зогсоол байгуулжээ. Эдгээр газруудад арга хэмжээ авна, угаасаа ч эзэмшлийн талбай гэдэг зүйл байхгүй гэдгийг Авто замын газраас мэдээлсэн юм.

Төрийн, хувийн ялгаагүй бүх байгууллага гаднаа харуул зогсоогоод төлбөр авч байгаа. Гэтэл дээрх 12 байршлаас бусад бүх тохиолдол нь зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн үйлдэл ажээ. Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн Б.Болор-Эрдэнээс тодруулсан юм.

-Засаг даргын захирамжийн дагуу 12 байршилд л төлбөрт зогсоол ажиллуулдаг юм байна. Тэгвэл бусад байгууллага нь зөвшөөрөл аваагүй гэсэн үг үү?

-Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулсан. 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар одоо төлбөртэй 12 зогсоол ажиллаж байгаа. Бусад нь иргэдээс хууль бусаар хураамж авч байна гэсэн үг.

-Зөвшөөрөлгүй зогсоолыг болиулах боломжтой юу?

-Бид хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагууд хууль зөрчин төлбөрт зогсоол байгуулж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан ч ямар нэгэн тайлбар өгөөгүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа

Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй төлбөр авч байгаа нь хууль бус. Тэгэхээр энэнд ямар хяналт тавьдаг юм бол оо?

-Энэ талаар иргэдээс гомдол ирээгүй болохоор шалгаагүй. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн зогсоол байгуулсан байгууллага өөрийн эзэмшил талбайдаа зогсоол байгуулсан бол бид торгууль ноогдуулах, зогсоолыг төлбөргүй болгох үүрэггүй. Харин нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн төлбөртэй зогсоол байгуулсан бол бид хяналт тавьж зогсоолыг төлбөргүй болгох үүрэг өгч болно.

-Нийслэлд 12 байршилд төлбөртэй зогсоол бий. Гэтэл бүх байгууллага зогсоолоо төлбөртэй болгосон байна?

-Бидний зүгээс албан бичиг явуулдаг. Тэгэхээр тухайн байгууллага юу гэдэг вэ гэхээр, бидний эзэмшлийн талбай гэдэг хариулт өгдөг. Нэг ёсондоо өөрийн эзэмшлийн талбайд явуулж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Гэхдээ иргэдээс гомдол ирсэн тохиолдолд шалгалт явуулж зохицуулах болно.


БЗД-ийн иргэн Сайнхүү

-Хотод машинаа байрлуулчих зогсоолууд ховор. Тиймээс төлбөртэй зогсоолуудад тавих нь амар байдаг. Зогсоолгүй газар тавьчихвал ирээд л ачаад явчихна шүү дээ.


БЗД-ийн иргэн Ганцэцэг

-Хүн амаасаа илүү давсан машин тэрэгтэй Улаанбаатар хотод авто машины зогсоолууд их байх хэрэгтэй байна. Зогсоол нь байхгүй болохоор жолоочид нэгдүгээр эгнээнд шахаж тавих хэрэгтэй болдог. Тэгэхээр л машин ачдаг компаниуд нь ачаад явчихна. Араас нь явж илүү мөнгө төлөх болно. Нэг талаасаа төлбөртэй зогсоол нь амар ч юм шиг.Гэхдээ 500 төгрөг авахад л болно шүү дээ. Зарим газар нь 1500, 3000 аваад байх юм.

Дээр хэлсэнчлэн гаднаа жаахан л талбайтай бол төлбөрт зогсоол байгуулж хууль бусаар иргэдээс мөнгө авдаг тогтолцоо манай улсад аль хэдийн бий болчихсон. Гэвч иргэдэд авто зогсоол хомс учраас төлбөрийн төлөөд машинаа байрлуулах нь хялбар гэж үзэх болжээ. Зогсоолын үйлчилгээний үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг 31-ээс дээш нэг цаг хүртэл 1000 төгрөг байгаа. Түүнчлэн нэг цагаас хойш нэг цаг 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цаг хүртэл 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай байна. Нэг үеэ бодвол иргэд төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэх дуртай болсныг зогсоолын ажилтнууд хэлж байна. Учир нь иргэд автомашинаа гадаа тавьж, эрсдэлд оруулахаас илүүтэй аюулгүй, хамгаалалттай орчинд, харьцангуй боломжийн үнээр тавих нь зүйтэй гэж үзэх болсон гэнэ. Гэвч төлбөртэй зогсоолуудад нэгдсэн стандарт, таних тэмдэг, тохижилт дутаж байгааг жолоочид мөн дуулгасан. Тиймээс төлбөр авч байгаа авто зогсоолууд стандартын дагуу зогсоол байгуулаасай билээ.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus