''Тель Авив-2022'' гранд слам тэмцээний эхний өдөр манай зургаан жүдоч хүч үзнэ

Израйлын Тель Авив хотноо IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангилалаар зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно. Тель Авив хотноо 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хуран чуулжээ. Эхний өдөр манай улсаас зургаан жүдоч хүч үзнэ.

-60 кг: Нийт 23 жүдоч хүч үзэх энэ жинд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат “Женко” клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдана. Э.Сумъяабазар тэмцээний чансааны 8-д эрэмблэгдснээр сугалаанд А хэсэгт бичигдэн эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматов, Израйлын Ям Вользак нарын ялсантай шигшээ наймд шалгархын төлөө хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл мдальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейновтой оноолт таарах магадлал өндөр байна. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажотой учраа таарсан бөгөөд өрсөлдөгчөө ялсан тохиолдолд С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетентэй учраа таарна. Улмаар ялбал шилдэг наймд шалгарч залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайтай барилдах боломжтой.

-66 кг: Нийт 26 жүдоч хүч үзэх энэ жинд “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хэнтий аймгийн тамирчин -66 кг-ын жингийн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар барилдана. 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмблэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа эзэн орны Ярин Менагед, Узбекистаны Бобур Яджиев нарын ялсантай барилдана. Улмаар ялсан тохиолдолд Украйны Богдан Ядовтой барилдах магадлал өндөр байна. Домогт жүдоч Георгий Зантарая зодог тайлснаар Украйны -66 кг-ын жингийн гол төлөөлөл болсон энэ залуу өнгөрсөн оны төгсгөлд Абу Дабигийн Их дуулга, энэ оны Португалийн Гран Пригээс хүрэл медаль хүртээ байгаа юм. Харин манай залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа таарлаа. Энэ бөхийг ялбал хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловтой барилдана. Сонирхуулахад энэ жинд -60 кг-ын олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Казахстаны Елдос Сметов, Гусман Кыргызбаевийн хамт жин өгсөн барилдах гэж байна.

-48 кг: Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогтоо 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассунтатай шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Улмаар ялбал хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонитой барилдах өндөр магадлалтай. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэх бөгөөд Францын залуу Ширинли Боукли тэргүүлэн барилдаж байна. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл хагас шигшээд Ш.Боуклитэй учраа таарна.

-57кг: Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга Оюунгэрэлийн Оюунчимэг эхний даваандаа өөрөөсөө 10 насаар эгч Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарсан. Энэ бөхийг ялбал тэмцээний чансааг тэргүүлэгч эзэн орны Тимна Нельсон Левайтай ураа таарна.

Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагт эхэлнэ.
 

МЖБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.