Д.Гантөмөр: Аяллын үнэ, зардлын шинжилгээ өснө

Орос Украины асуудал Монголын аялал жуулчлалд хэрхэн нөлөөлөх талаар  МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөрийн байр суурийг хүргэж байна.

-Орос Украины асуудал Монголын аялал жуулчлалд эерэг, сөрөг ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-Аялал жуулчлал тогтвортой, ойлгомжтой, аюулгүй орчинд  хөгждөг эмзэг салбар. Цар тахалд хоригдсон хоёр жилийн хугацаанд олон улсын аялал жуулчлал дэлхий нийтээр энэ жилээс сэргэх нь гэсэн хүлээлттэй байна. Гэвч зарим оронд үүссэн  улс төрийн нөхцөл байдал амаргүй болгох хандлага ажиглагдаж байна. Манай хойд хөрш болсон ОХУ, Украины сөргөлдөөн эерэг, сөрөг үр дагаврыг Монголын аялал жуулчлалын салбарт үзүүлнэ гэж тооцож байна. Украин Европын орнууд дотроо нэг их том орон зайг эзлэхээр орон биш ч гэсэн гадагшаа аялал жуулчлал нь нэмэгдэж буй улс. Ялангуяа  хил орчмын Польш,Молдав зэрэг  орнуудад гол аялагчид нь төвлөрдөг. Нөгөөтэйгүүр,  Европын гаднаас ирдэг жуулчдын төв цэг нь  зүүн, баруун, европын голд байрладаг гэдгээр  олон улсын тэр зүг рүү явж байгаа жуулчдын аялал цуцлагдаж байна. Тиймээс олон улсын жуулчдын төв цэг, “ХАБ”  тэнд бөөгнөрөл үгүй болно гэсэн үг.

-Хоёр орны нөхцөл байдлаас үүдэж олон улсын иргэний агаарын тээвэрт ямар өөрчлөлт гарах бол?

-Энэ бол хамгийн их санаа зовоож байгаа асуудал. Европын орнуудын Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагаас гурван сарын хугацаанд Оросын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхгүй байх. Өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр Оросын онгоцыг нисгэхгүй байх хориглолтыг авах боллоо. Энэ хориглолтод 35 улс багтаж байна. Энэ нь олон улсын аялал жуулчлал болоод Монголын аялал жуулчлалд хүчтэй нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, Монгол руу ирдэг гол нислэгүүдийн дийлэнх нь Европ, Азийг холбосон маршрутаар  Оросын нутгийг нэвтэрдэг. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд нөлөөлнө. Хоёрдугаарт, газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор  шатахууны үнэ нэмэгдэнэ. Шатахууны  үнэ нэмэгдсэнээр нислэгийн зардал өснө. Оросын нутаг дэвсгэрийг тойрч  урт удаан нислэг нэмэгдэнэ. Тухайлбал ХБНГУ-ын “Lufthansa” олон улсын агаарын тээврийн компани БНСУ руу нислэг үйлдэхэд 90 минут, Токио руу хоёр цагаар илүү нислэг хийхээр болж байна.  Өөрөөр хэлбэл, хуучин нислэгүүдээсээ илүү цагаар нислэг үргэлжлэхээр болж байна. Япон, Солонгос  европын жуулчдын Монгол руу ирдэг дамжлага цэг гол “ХАБ” нь.  Москвагаар дамжиж ирдэггүй. Эдгээр урт нислэг тутамд жуулчид илүү мөнгө төлөх нь тэдний сонголтод нөлөөлж байна. Дэлхий дахинд аялал жуулчлалын нэг хэлбэр болох круз аяллын төв  нь Санкт-Петербург хот. 2019 онд 10 сая гаруй жуулчин гадаадаас авч 84 сая ам.долларыг эргэлдүүлсэн. Тиймээс Оросоос  Монгол руу, Монголоос- Орос руу аялах манай улсын аяллын хэв маяг хумигдана. Өөрөөр хэлбэл, төмөр замаар холбосон аялал, Байгаль далай ба Монгол- Монгол ба Байгаль далай гэсэн аяллууд энэ зуны тухайд үндсэндээ байхгүй болно.

-Эерэг нөлөөллийн тухайд?

-Шууд нөлөө арай бага ирнэ. Бид Орос, Хятадын голд байгаа гэдгээр агаарын тээврийн эрх чөлөөт нислэг чухал. Ялангуяа манай МИАТ- Франкфурт нислэг саадгүй явна гэж зарлаж байна. Тэгэхээр үүгээр ирэх жуулчдын тоо нэмэгдэх байх. Хэдийгээр Оросын дээгүүр явж байгаа ч гэсэн жуулчдын итгэл, үнэмшил сул гарах болов уу. Хоёрдугаарт, Истанбулаар ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Барууны жуулчид Туркиш эйрлайнс  нислэгээр ирэх нь тодорхой. Япон, Солонгос тухайд дээр хэлсэн. Хятад ирэх намар хүртэл хилээ нээхгүй шинжтэй байгаа учраас бидний түшиглэх гол цэг Токио, Сөүл, Станбул байна гэж харж байна. Ер нь Монголыг сонирхож ирэх жуулчдад үзүүлэх нөлөө бага. Монголын өөрийн аялал жуулчлалын имидж, зарах гэж буй бүтээгдэхүүний төрөл үүссэн нөхцөл байдлаас хамааралтай биш. Тиймээс энэ чиглэлд анхаарч байгаль, нүүдлийн соёл, органик бүтээгдэхүүн зэрэгт имиждээ компаниуд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа хойд Америкийн жуулчид Сөүлээр дамжиж ирэх учраас манай авиа компаниуд энэ чиглэлд нислэгийн маршрут гаргах хэрэгцээ үүснэ. Харин манай компаниуд сурталчилгааны агуулгадаа  Орос, Украины асуудлыг хамааруулсан бичлэг оруулах нь зохимжгүй, хөндлөнгөөс дүгнэлт өгөх хэрэггүй.

-Тэгэхээр  аяллын компаниуд  зардлын шинжилгээгээ шинэчлэх шаардлага үүсэх үү?

-Тийм. Тодруулбал, Монголын аяллын үнэ, зардлын шинжилгээ өснө. Тиймээс компаниуд өсөлтөд тохируулж ашиг үйлдвэрлэх үнийн бодлогоо өөрсдөө тохируулж тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн Европоос өмнө нь өмнө нь захиалга авч одоо гүйлгээ хийх гэж байгаа бол гэрээгээ олон улсын гэрээний дагуу, Монголын компаниудаас үл хамаарсан, давагдашгүй хүчин зүйлүүдийг хэрхэн тооцох  төлбөрийнхөө хэдэн хувийг яаж авах уу гэдгээ мэргэжлийн үүднээс хийж, авиа компаниудад нислэгийн уян хатан менежмент хэрэгтэй байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.