''Капитал банк'' яагаад дампуурав...
Хөгжлийн банкыг дампуурахаас сэргийлж Монгол Улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авч тус банкны зээлдэгч ААН-үүдийг олонд зарлаж, чанаргүй болгож, “луу унжсан” нөхдийг АТГ-т шилжүүлж хавтаст хэрэг нээлгүүлсэн. Ингэснээр Засгийн газар өрнөөсөө салж Хөгжлийн банк дампуурахгүй үлдэв.
 
Тэгвэл яг үүнтэй адилхан үйл ажиллагаа явуулдаг байсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк 2019 оны дөрөвдүгээр сард дампуурахад улстөрчид болон Монголбанкныхан болох ёстой юм болдгоороо болж буй мэтээр хандсан.
 
Хандсан гэж хэлэхийн учир нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээний үр дүнгээр “Капитал” банк 2018 онд хангалттай үнэлгээ авч байсан тухай баримт Төвбанкны архивт бий.
 
Уншигчид бид зөвхөн Б.Ундармаа гэх эмэгтэйг л буруутгаж байсан болохоос бус “Капитал банк” яагаад дампуурав гэдгийг огтхон ч сонирхоогүй. Тэгвэл тус банкийг дампууруулах эхлэлийг нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тавьж, хойдохыг нь Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан “маань мэгзмийг нь уншсан” юм.   Арилжааны банкуудыг дампуурлаас сэргийлэхийн тулд Төвбанкны төвлөрсөн үйл ажиллагаа буюу төрийн зохицуулалт хийх, банкны хяналт шалгалт чангатгах, даатгалын аргаар, өөр банктай нэгтгэх зэрэг арга хэмжээ авч болдог. Гэтэл Н.Баяртсайханд авч үлдэх боломж байсан ч тэрбээр дээрээс авсан даалгавартай байсан учраас хүсээгүй.
 
 
Тухайлбал, Н.Золжаргал 2015 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “Н 51” тоот тушаал гаргаж “Капитал” банкны бүх зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож банкны бүх үйл ажиллагааг доголдуулжээ.
 
2016 онд Н.Золжаргалаас Төвбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан Н.Баяртсайхан яагаад бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд тус банкны актив, пассив хоёрыг сөхөж үзсэнгүй вэ гэдэг нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, боломжийн үзүүлэлттэй байсан банкаараа туг тахчихсан гэсэн үг.
 
Тодруулбал, “Капитал банк” 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буугдахдаа актив нь 551.1 тэрбум, пассив нь 624 тэрбум төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, “Капитал банк” 5.2 тэрбумын ашигтай ажиллаж байсан бөгөөд авлага нь 31.6 тэрбум, зээлийн өрөнд хураагдсан хөрөнгө 150 тэрбум, зээлийн үлдэгдэл 241 тэрбум, зээлийн хүүгийн авлага нь 58 тэрбум төгрөг байсан байна.
 
Тэд “Капитал банк”-ийг үтэр түргэн нүд аниулахын тулд зөвхөн тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээг нь үлдээгээд бусдыг нь хаасан нь тус банкыг хүчээр дампууруулах улстөрчдийн сонирхол байсан гэдгийг харуулж байна.
 
Уг нь Н.Золжаргалын гаргасан шийдвэрээс өмнө тус банк жилдээ хүүгийн орлогоос 80 тэрбум төгрөг олдог байсныг Монголбанканд хүргүүлсэн барримтаас харж болох атал Н.Баяртсайхан яаран сандран тус банкыг яагаад дампуурах болсныг олонд ингэж зарласан юм.
 
Тэрбээр “Төвбанкны тухай хуулийн дагуу Капитал банканд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж зэзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхан шаардлагаар гарган өгч чадаагүй. Мөн банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд, албадан татан буулгах шийдвэр гаргасан” хэмээн олонд мэдэгдсэн.
 
Түүний энэхүү мэдэгдлээс үүдэж Монголбанкны мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, эрх мэдэл бүхий дарга нарын нууцалбал зохих мэдээлэл нь алдагда “Капитал банк”-нд орох мөнгөн урсгал нь эрс буурч, гадагшлах урсгал нь нэмэгдсэнээс болж зээлдэгчид нь зээлээ төлөхгүй, хойшлуулах арга заль хэрэглэж банк дампууруулах үндсэн гол шалтгаан нь болжээ.  Учир нь бүр арилжааны банк орлогынхоо 70-85 орчим хувийг хүүгийн орлогоос, үлдсэнийг нь валют арилжаа, шимтгэл үйлчилгээнээс олдог гэдгийг Н.Баяртсайхан хамгийн сайн мэдэх хүн.
 
Гэтэл түүний хийсэн мэдэгдэл үнэнээс хол зөрж хангалттай амьдрах чадвартай банкийг хүчээр дампууруулсны ялыг Н.Баяртсайханаас цаг хугацаа асуух нь лавтай. Учир Н.Баяртсайхан тус банкыг дампуурахад хамгийн их нөлөө үзүүлсэн зээлдэгчдийг олон нийтэд Хөгжлийн банкны зээлдэгчид шиг зарлах ёстой байв. Одоо байгаа Төв банкны удирдлагууд яагаад “Капитал банк”-ны зээлдэгчдийг олонд зарлахгүй нууцлаж байгаа нь анхаарал татааж байна.
 
Ингээд бид тус банкны 700 гаруй зээлдэгчээс энэ удаад 5-ийг нь хүргэж байна.
 
  • “Капита банк”-ыг думпууруулах суурийг нь тавьсан Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал эрх мэдэл албан тушаалаа ашиглаж “108 суварга” ХХК-нд 17.4 тэрбум төгрөгийн зээлийг авч өгсөн байдаг.
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн “Ховд Хаан бирж” ХХК 4 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Тэрбээр зээлийн эргэн төлөлтөө хийхгүй явж байснаа 2020 оны УИХ-д нэр дэвшихийн тулд тухайн оны 4 дүгээр сард барьцаа хөрөнгөө өгч зээлээ төлжээ.
  • УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “Капитал банк”-нд өөрийн биеэр хэд хэдэн удаа хүрэлцэн ирж банкны удирдлагуудтай уулзаж “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудад 12.6 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг.  Гишүүн асны авч өгсөн энэхүү зээл нь өдгөө чанаргүй зээлд орсон юм .
  •  Олноо “Буян Жагаа” хэмээн нэрлэгддэг Б.Жаргалсайхан “Буян Холдинг” ХХК 15.6 тэрбум төгрөгийн зээл авч чанаргүй зээлдэгчдийн эгнээнд оржээ.
Энэ мэтээр хэдэн тэрбумаар тооцогдох асар их хэмжээний зээлдэгчид байсаар атал яагаад Монголбанк өнөөг хүртэл олонд ил болгохгүй байна вэ.  Эцэст нь хэлэхэд “Капитал банк” Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы таалалд нийцээгүй учраас дампуурсан гэдэг олон, олон баримтыг цувралаар хүргэх болно.
 
Мөн дараагийн удаа “Капитал банк”-ны дампуурлыг зарлах үед байсан 700 гаруй зээлдэгч тус банкны эрх хүлээн авагчидтай уулзалт хийж, зээлээ төлсөөр өлгөө 200 орчим үлдсэн тухай мэдээлэл бий. Бид тэдгээрийг ил болгохоос гадна эд хөрөнгийн үнэлгээг Төвбанк хэрхэн будлиантуулсан , үүнийг цагдаа өндөр үнэлсэн тухай болон бусад олон баримтыг хүргэх болно.
 
Үргэлжлэл бий...



























 
Бусдад түгээх
  • gplus