Украины биологийн лабораториудын талаар улс орнууд юу хэлэв?

ОХУ болоод Украины мөргөлдөөнтэй холбоотой Украиниас илэрсэн биологийн лабораториудын тухай мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоногийн хамгийн шуугиант сэдэв байв. Тиймээс энэ талаарх олон талын байр суурийг тэнцвэртэй хүргэхээр  тойм бэлтгэлээ.

ХЯТАД: АМЕРИК 30 ОРОНД БАЙРЛАХ 336 БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИЙГ УДИРДДАГ

Украин дээд зэргийн нууцлал бүхий биологийн лабораториудад хүн төрөлхтөнд заналхийлсэн  их хэмжээний аюултай бодис хадгалж, цэрэг дайны зорилгоор ашиглахаар төлөвлөж байсан тухай Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхшруулсан юм.  Эдгээр байгууламжийг АНУ цэргийн зориулалтаар  ашиглах гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Украйн дахь АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны мэдээллээр  Украин улсад илэрсэн биологийн  26 лаборатори нь Америкийн Батлан хамгаалах яамны хатуу хяналт дор үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тиймээс Хятадын зүгээс Америкийн эдгээр лабораториудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахыг уриалсан юм.

Энэ талаар Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жао Лижиан “Лабораториудын талаар хамгийн сайн мэдээлэлтэй АНУ боломжийн хэрээр хурдан хугацаанд тодорхой мэдээллийг өгөх хэрэгтэй. Ямар төрлийн вирусыг дээрх байгууламжинд хадгалж байсан болоод судалгааныхаа талаар мэдээлэх шаардлагатай. Энэ бол Украинд хамааралтай асуудал биш. АНУ-ын Батлан хамгаалах яам дэлхийн 30 оронд байрлах 336 биологийн лабораторийг удирддаг. Үүний далд зорилго юу вэ. Америк яг юу хийх гээд байна” хэмээн ярьсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм. Гэвч АНУ болон Украины зүгээс дээрх мэдэгдлийг үгүйсгэсээр байна. Тиймээс Европын холбоо биологийн лабораторийн аюулгүй байдлыг хөндлөнгийн багаар шалгуулах санал гаргалаа.

АНУ: ОРОС УКРАИНД БИОЛОГИЙН ЗЭВСГЭЭ БАЙРЛУУЛАХ ШАЛТАГ ХАЙЖ БАЙНА

Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Украин дахь биологийн зэвсэг үйлдвэрлэх лабораториудыг Америк удирддаг гэсэн мэдээллийг баталсан юм. Гэвч Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Энэ мэдэгдлийг Украин хатуу няцааж байна. Манай улс COVID-19 шиг цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор биологийн лабораториудыг ажиллуулдаг” гэж мэдэгдэв.

Харин АНУ-ын Засгийн газрын хэвлэлийн ажилтан “Мария Захаровагийн мэдэгдлийг эрс няцааж байна. Харин Орос Украинд хими болон биологийн зэвсгээ байрлуулах шалтаг хайж байж магадгүй” гэж Ройтерс агентлагт ярьжээ.

Оросууд Украины хотуудыг бөмбөгдөж байгаатай холбоотойгоор лабораториудын аль нэг нь эвдэрсэн тохиолдолд аюулт өвчин тархах эрсдэлтэй гэж биологийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. ДЭМБ-аас “Бусад орон ч Украин шиг COVID-19 шиг цар тахлаас сэргийлэх зорилготой нийгмийн эрүүл мэндийн судалгааны лабораториудтай байдаг. Эдгээр нь АНУ, Европын холбоо болон ДЭМБ-аас дэмжлэг авдаг. ОХУ-ын халдлагатай холбоотойгоор вирус агаарт тархахаас сэргийлэхийн тулд асар их аюултай биетүүд, хорт бодисыг устгахыг Украины Эрүүл мэндийн яаманд зөвлөлөө” гэж мэдээлснийг Ройтерс агентлаг дамжууллаа.

ОРОС: ҮХЭЛД ХҮРГЭХ ВИРУС ТАРААХ ТӨСЛИЙГ АМЕРИК САНХҮҮЖҮҮЛСЭН

Украин дахь 30 орчим биологийн лаборатори нь үхлийн аюултай вирусуудыг тараах аюултай талаар НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлын үеэр мэдэгдэв. Тэрбээр “Оросын Батлан хамгаалах яаманд заримт нотлох баримт ирсэн.  Украинд тахал, боом болон бусад үхэлд хүргэх олон өвчин үүсгэгчийг нэмэгдүүлэх зорилготой биологийн туршилтыг хийсэн 30 орчим лабораторийн сүлжээ байгааг баримтаар баталлаа. Тэр дундаа Киев, Харьков, Одесса хотуудын лабораториудын төслийн талаарх мэдээллийг манай цэргүүд олж мэдсэн. Эдгээр нь  маш аюултай, хүнийг үхэлд хүргэх 50 хувийн эрсдэлтэй H5N1 вирусыг шувуудаар дамжуулан тараах боломжийн талаар судлах зорилготой. Дээрх төслүүдийг Америк санхүүжүүлж байсан баримт ч бий” гэж ярьсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн юм.

BBC: ХҮЙТЭН ДАЙНЫ ҮЕД ОРОС “БИОЛОГИЙН ЗЭВСЭГ” ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙСАН

Улс орнууд ард иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор биологийн лабориудтай байдаг. Гэвч эдгээрийг нууцаар олон төрлийн халдварт өвчин тараах буюу “биологийн зэвсэг” бүтээх талбар болгон ашиглах тохиолдол түүхэнд олон гарсан талаар “BBC” бичжээ. Тус сайтын мэдээлснээр Орос ЗХУ-ын нэг хэсэг байхдаа биологийн зэвсгийн асар том хөтөлбөрийг удирдаж байсан агаад энэ чиглэлийн агентлагт нь 70 мянга орчим хүн ажилладаг байжээ. Хүйтэн дайн дууссаны дараагаар шинжээчид энэ талаар судалгаа хийж Оросын өмнөд хэсгийн арал дээр сармагчинд туршилт хийн боом, салхин цэцэг зэрэг халдварт өвчнийг биологийн аргаар гаргаж авч байсныг илрүүлжээ. Үүнийгээ тэд пуужингаар дамжуулан барууны орнуудад тараасан талаар “BBC” мэдээлэв.

Ийн Оросын цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэж байгаа, харин барууны орнууд дайн хэмээж байгаа ОХУ болоод Украин хоорондын зөрчил биологийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж байгаа улс орнуудын “баг”-ыг хууллаа. Эдгээр үйл явдал COVID-19-ийн дараа дэлхийг ямар төрлийн тахал хүлээж байгааг таашгүй тийм аюултай нөхцөлд  бид амьдарч байгааг ухаарууллаа.

“Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.