Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг энэ оны эхний хоёр сард 100 бүртгэгдсэн

Улсын хэмжээнд  2022 оны эхний хоёр сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 130 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 93 нэгжээр буюу 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг энэ оны эхний хоёр сард 100 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнх хувийг гар утас эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.  

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ч.Батбаяр:

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс нь нийслэлийн 6 дүүрэгт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Шөний эргүүлийн хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 376 чиглэлд, 766 алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1421 тээврийн хэрэгслийг шалгаж, 94 зөрчлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн.  

Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийг зөв үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг ойлгуулах зорилгоор “Зөвийг зөвлөе” арга хэмжээг 21 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтайван:

Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль 23, их дээд сургууль 15, төрийн байгууллага 596, 1223 хуулийн этгээдийг хамруулан нийт 74600 иргэн хавтаст зургаа сольж арга хэмжээнд нэгдсэн. Мөн мэдээ мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн цахим хуудас болон төв орон нутаг дах цагдаагийн газруудын цахим хуудсаар дамжуулсан бөгөөд давхардсан тоогоор 6.800.000 гаруй иргэн зочилж мэдээлэлтэй танилцсан байна. Цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэж байгаагаараа онцлог арга хэмжээ болсон.

Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газруудыг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүдэд илүү ихээр үйлдэгдэж байгаа юм.

Тухайлбал: “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд 2 согтуу хүн зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ оны 03 дугаар сарын 27-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс шалгахад 49 настай иргэн Д, 48 настай эрэгтэй Б нар нь тус орон сууцны цахилгаан шатан дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбат:

Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 14-16 насны М,Б,Ч,Н нар нь өмнө цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байсан этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Холбогдогч: Би 15 настай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбат: Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар явахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж явахыг сэрэмжлүүлж байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн энэ оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үл таних 2 эрэгтэй хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг хэргийн холбогдогчийг шуурхай олж тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмар:

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б-ээс “Гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай 17-18 насны О,Т нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон шалгахад тухайн өдрөө дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн иргэн Х-ийн гар утсыг дээрэмдсэн болохыг шуурхай олж тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хохирогч: Хоёр хүүхэд ирээд ахаа утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод утсаа өгсөн чинь аваад зугтчихсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд тухайн хүмүүсийг шуурхайн олж тогтоосон.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмар: Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг, зөрчил үйлдэж холбогдож байгаа тул иргэд та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах, ямар хүмүүстэй найзалж байгааг нь анхаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа таниулга хийж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэд, охид эмэгтэйчүүдийг олзлон дээрэмдэж давхар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн биед нь ямар нэг хэмжээгээр хохирол учруулсан байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг:

Энэ оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн У-аас тус хэлтсийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних хоёр залууд тээврийн хэрэгсэл болон эд зүйлсээ хутга тулгуулан дээрэмдүүлсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүний дагуу эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ажилласны үр дүнд тухайн хэргийг үйлдсэн 18-20 настай этгээдүүдийг илрүүлсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

17.2 дугаар зүйл.Дээрэмдэх

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.