Утаа шүүгч дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ

Нийслэлийн агаарын бохирдлын 80-аас дээш хувийг  нийслэлийн гэр хороолол болон нам даралтын зуухнууд “үйлдвэрлэж” байна. Нийслэлд одоогоор 1319 нам даралтын зуухтай бөгөөд жил бүр урсгал засвар үйлчилгээнд нэлээд хэмжээний төсөв зарцуулдаг ч агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байна. Тиймээс нарийн бүдүүн ширхэглэгт тоосонцрыг шүүдэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх нь хамаагүй үр дүнтэй гэж үзээд  “МЭС” компани санаачилга гарган Япон Улсын тоосонцор утаа шүүгч зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “АКО” компанитай хамтран төсөл хэрэгжүүлэхээр туршиж эхэлжээ.

Тус компани утаа шүүгч төхөөрөмжийг энэ оны тавдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд танилцуулснаар нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр болох хотын захын сургууль, цэцэрлэг аж ахуй нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнуудад суурилуулсан байна.  Анхны туршилтыг Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын харьяа Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн халаалтын зуух дээр хэрэгжүүлсэн юм.

Туршилт хийхийн өмнө зургаадугаар сард нарийн хэмжилт хийж, наймдугаар сарын сүүлчээр Япон Улсын мэргэжилтнүүдийг урин угсралт, холболтыг технологийн  дагуу суурилуулж, зуухыг +300 хэм хүртэл галлахад утааг  99.9 хувь шүүж байгааг Нийслэлийн агаарын чанарын албаны явуулын лабораториор баталгаажуулсан аж.  Ингээд Нийслэлийн агаарын чанарын албаны утаа хэмжилт хариуцсан тусгай мэргэжилтнүүд дахин хэмжилт хийх шаардлагагүй гэсэн байна. Харин сургуулийн багш ажилтнуудын ярианаас үзэхэд өмнөх усан халаалтын нам даралтын зуухыг галлах үед сургуулийн ойр орчимд утаа угаар, нүүрсний  тортгоор газар хучигдаж, агаар болон хөрс бохирдож тус сургуулийн 2000 гаруй сурагч, багш ажилчид эрүүл мэндээр хохирдог байсан гэв.

Улаанбаатарын утаа ид ихсэж буй өнөө үед газар дээр нь очиж танилцахад 400 кВт-ын хүчин чадалтай нам даралтын зуух нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байхад яндангаас ямар ч утаа гарахгүйн зэрэгцээ ойр орчимд агаар сийрэг байсан байна.

Тус утаа шүүх, цэвэршүүлэх шинэ дэвшилтэд технологийг нам даралтын зуух, дулааны станциудад суурилуулснаар ирээдүй болсон хойч үе маань эрүүл орчинд сурч боловсорч, өсөж торних боломжийг бүрдүүлж байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.