Гурил, мах, шатахуун ''хариуцсан'' сайд нарын төсвийг нэмж, бусдыг нь танана

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Үнийн өсөлтийн 50.9 хувийг импортын барааны өсөлт эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь онош нь гэсэн үг. Бараагаа хилээр оруулахын тулд Хятадын талаас сугалаагаар бараагаа татаж оруулж ирж байна гэдэг нь юу гэсэн үг үү. Энэ нь тусгаар улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдах асуудал биш үү. Үүнээс гадна импортын хэрэгцээгээ дотоодоосоо хангахад бодлогоо чиглүүлмээр байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд газрны тосны үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж улсын нөөцийн түүхий эдийг зургаан сараас доошгүй хэмжээнд байлгана гэж заасан байдаг.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хойд хөрш зэвсэгт мөргөлдөөн хийгээд завгүй, урд хөрш цар тахлыг барьж чадахгүй учраас экспорт гардаггүй. Бид яг нэг жилийн өмнөх байдал руугаа эргээд оччихсон. Том зургаар нь харвал олон жил хангалттай түвшинд экспорт хийж чадаагүй. Валютын нөөцийг тэр хэмжээнд зузаатгаж чадаагүйн гор өнөөдөр гарч байна. Ийм богино хугацааны шокийг тэсч гарах сорилттой нүүр тулж байна. Тиймээс богино хугацааны нийлүүлэлтийн шокийг зөөллөх, ялангуяа бидний зохицуулж чадахгүй шатахууны үнийн нөлөөллийг эдийн засагт аажмаар зөөллөж оруулж ирнэ. Төрийн албан хаагчийн цалин болон өрхийн орлогуудыг дэмжих асуудал төсвийн бодлогод хамаарна. Энэ нь урт хугацаанд шийдэгдэх асуудал.

Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад нэмэлт төсөв шаардагдана. Тиймээс бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гаргана. Төсөв, ерөнхийлөн захирагч нарын хооронд нэмэлт эх үүсвэрийг зохицуулах шаардлагыг энэ хуулиар олгоно. Гэхдээ УИХ-аас эрхийг нь шилжүүлэхээс илүүтэй ажиллагааг хөнгөвчилсөн хууль болсон. Бусад бараа бүтээгдэхүүний үнэд анхаарна гэвэл хавтгайрсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөв даахгүй. Хязгаараа даваад мөнгө хэвлэх байдал руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Эм тарианы асуудлыг хуульд тусгахгүй юм уу ? Эмнэлгүүд эм тарианы хомсдолд ороод эхэлсэн байна. Эм тариа, мах гурилтай яг адилхан амин хэрэгцээт зүйл шүү дээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Засгийн газар, Хятадын Засгийн газартай байнгын харилцаа холбоотой, маш өндөр түвшинд яриа хэлэлцээр хийгдэж байна. Хятадын Гадаад хэргийн сайдтай цаг 30 минут хил боомтын асуудлыг нягталж ярьсан. Ерөнхийлөгч нар утсаар ярьсан. Хятад улс хуурай замын боомттой 12 улс буюу нийтдээ 100 гаруй боомтуудын 50 хүрэхгүй хувь нь ажиллаж байна. Ганцхан Монгол Улстай боомтын асуудалтай байгаа биш. Хил, гааль хаагдаагүй. Экспортын бараанууд гарч байна. Гол нь экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх, хоногт 1000 машин нүүрс гаргах саналуудыг Хятадын талтай ярьж байна.Тус улсын зүгээс "Танайд илүү их боломжийг олгож байгаа. Бусад хил залгаа улсуудын нөхцөл байдал танайхаас хамаагүй муу байгаа” гэсэн. Бургастай боомтыг дөрөвдүгээр сарын 15-нд, Шивээхүрэн-Сэхээ боомтыг энэ сардаа багтааж нээнэ гэсэн. Ингэснээр нийт зургаан боомт хэвийн ажиллана гэсэн үг.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд асуудал үүссэн. Тухай бүрт нь Засгийн газар төсвийг төсөвлөж зарим эм, эмнэлгийн хэрэгслийг агаараар татан авсан. Нэг санал хэлэхэд гаалийн татвар дээр чөлөөлөөд өгчихвөл яадаг юм бол. Өргөн хэрэглээний жороор олгогддог эмийн санд жижиглэнгээр зарагддаг эмүүдэд хомсдол үүсч эхэлсэн. Эмийн түүхий эдийн ч хомсдолд орох эрсдэлтэй. Тиймээс хуулийн төсөл дээр эм эмнэлгийн хэрэгслийн гаалийн татвар болон зарим түүхий эдэд хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаараарай.
 

Зууны мэдээ сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2022-04-13 12:14:21
    Сайдуудгүй бол үнэ буурна. Зардал хэмнэнэ. Сайдын толгойг авдаг хуультай болъё