Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг “O” төгрөг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд болж дарах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсвийн зохицуулалтын арга хэмжээг төлөвлөхөд дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн залуучуудын жагсаалын үеэр тавьсан санал, шаардлагатай уялдуулан төрийн хэмнэлтийг мөрдүүлэх, хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлогыг хамгаалах болон бусад нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх хүрээнд боломжит бүхий л арга хэмжээг авч үзэж байна.

-Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн.

-Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ цаг үед  төрийн хэмнэлтийн хүрээнд бий болсон зардлыг иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулна.

-Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих төсвийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогод заасан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах, төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Эдгээр нэгдсэн арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245,3 тэрбум төгрөгөөр буурч, 15,5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245,3 тэрбум төгрөгөөр буурч 17,9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2,4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.  

Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.

Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт даалгалаа.
 
Товч мэдээ



·      Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж шинээр 20 га талбай бүхий өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар, агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар, нийт хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
·      “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бүс нутгийн уул уурхай, металлургийн кластер хэлбэрээр хөгжүүлэх талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгалаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн болон бусад үйл ажиллаганд аудитын шалгалт хийлгэх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтай явуулахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
·      Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-04-20 12:10:36
    Орос, хэлсэн үнээр чинь нефтийн бүтээгдэхүүн өгнө гээд байна шүү дээ. Төр засаг яагаад үүнийг авч үзэхгүй байнаа. Дотоодод бензин түлшний үнийг нэмж өндрөөр тог...