26 сая хүн амтай Шанхай хөл хорионд хэрхэн амьдарч байна вэ?

Нэгэн цагт хөл хөдөлгөөн ихтэй байсан Шанхай бараг хоосон байна. Бараг сарын турш хотын 26 сая оршин суугчийг гадагш гарахыг хориглов. Хятадын хамгийн том хотод коронавирусын дэгдэлт дахин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, ихэнх аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүрүүдийг хаасан. Тус хотод хоол хүнс, хэрэгцээт зүйлсийн хомсдол үүсэж, дургүйцсэн иргэд цагдаа нартай мөргөлдөж, эрх баригчдыг вирусын эсрэг тэмцэхийн тулд хүмүүсийг өлсгөлөө хэмээн буруутгаж байна. Хамгийн хатуу хөл хорионы тухай Лента.ру нийтэлж байна.

Шанхай хотын Хуанпу гол дээрх гүүрэн зам

Оны эхээр Европыг хамарсан гоц халдварт омикрон омгийн давалгаа Хятадад хүрчээ. Гуравдугаар сарын сүүлчээр тус улс цар тахал эхэлснээс хойшх хамгийн том өвчний дэгдэлтийг бүртгэжээ. Өнгөрсөн сарын 26-нд Шанхай хотод коронавирусын 2631 шинэ тохиолдол шинж тэмдэггүй, 47 нь шинж тэмдэгтэйгээр илэрсэн байна. Гэхдээ энд гоц халдварт омикроны тухай ярьж байгаа. Шанхайд илэрсэн тохиолдлууд бүх Хятадад бүртгэгдсэн нийт тохиолдлын 60 хувийг эзэлж байна. Тиймээс тус улсын удирдлага хурдан хатуу арга хэмжээ авахаар шийдсэн.

Үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгон засаж байна

Хөл хорио ес хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд хотын оршин суугчдыг шинжилгээнд хамруулна гэж төлөвлөж байсан. Хот Хуанпу голын дагуу хоёр хэсэгт хуваагдсан. Хотын зүүн хэсгийг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл, баруун хэсгийг дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд хорио цээрийн дэглэмд оруулах ёстой байв. Гэсэн хэдий ч вирусыг дарах боломжгүй, өвчлөл нэмэгдсээр байв. Бүхэл бүтэн хотын нутаг дэвсгэрт хатуу хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ нь дахин сунгагдсаар байна. Зөвхөн коронавирусын шинжилгээ өгөх зорилгоор гэрээсээ гарахыг зөвшөөрнө. Зарим хүн ажлын байрандаа өөрийгөө тусгаарлах шаардлагатай болсон. Шанхайн хөрөнгийн бирж, банк, хөрөнгө оруулалтын компаниудын ажилтнууд оффисдоо эвхдэг ор, гудас аван хонож байна. Халдвар илэрсэн байшин, хорооллын эргэн тойронд хашаа барьж, периметрийн дагуу харуул хамгаалалттай байна.

Түр эмнэлгийн өвчтөнүүд

Халдвар авсан Шанхай хотын оршин суугчдыг тусгайлан барьсан тусгаарлах төвүүдэд аваачдаг. Ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан ч гэртээ өөрийгөө тусгаарлах боломжгүй. Зөвхөн маш хүнд өвчтэй хүмүүс эмнэлэгт хэвтэнэ. Халдвар авсан иргэдийн тэжээвэр амьтдыг эрүүл мэндийн ажилтнууд гудамжинд шууд устгаж, хогийн уутанд хийж байгаа. Хэрэв тэд вирусыг эздээсээ авсан бол цаашид халдвар тараах эрсдэлтэй.

Шанхай хотод зуу орчим хорио цээрийн төв байгаа. Эдгээр нь оршин суугчдыг гаргасан орон сууцны цогцолборууд болон үзэсгэлэнгийн төвүүд юм. Өвчтөнүүд ачаалал ихтэй газруудын аймшигт нөхцөл байдлын талаар гомдоллож байна. Шигүү эгнээнд жагсаасан өвчтөнүүдийн олон ор, өдрийн 24 цагийн гэрэл, шүршүүрт зөвхөн хүйтэн устай, бороотой үед дээвэр гоожиж байна гэжээ.

Шанхай дахь орон сууцны барилгын эргэн тойрны хашаа

Шанхай дахь орон сууцны хороололд Засгийн газрын тэтгэмжийг хүргэж байна

Халдвар авахаас сэргийлсэн Шанхай хотын оршин суугчид ч бас хэцүүхэн байна. Хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнө орон нутгийн супермаркетууд хоосорсон ч хоол, хүнс худалдаж авч чадсан хүмүүсийн нөөц удаан хүрсэнгүй. Зарим хоолыг улсаас, хүнсний багцыг сайн дурынхан, нийтийн үйлчилгээний ажилтнууд орон сууцанд хүргэж өгч байна. Хувийн хүргэлтийн үйлчилгээ тасалдалтай ажиллаж байна. Том хотод 11 мянган шуудан зөөгч байдаг ч бүх захиалгыг хүргэх цаг зав хүрэлцэхгүй байна. Гамшигт эрэлт хэрэгцээ хүнсний үнийг өсгөж, шинэ ногооны үнэ хэд дахин өсчээ. Шанхай хотын чинээлэг оршин суугчид хүртэл амьдралдаа анх удаа хоол, хүнсний хомсдолтой тулгарсан байна. Дронууд одоо орон сууцны цогцолборуудын дээгүүр эргэлдэж, иргэдийг эпидемиологийн дүрэм журмыг дагаж мөрдөн, тагтан дээрээ дуулахгүй байхыг уриалж байна. Энэ нь COVID-19 тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байгаа юм. "Сэтгэлийнхээ эрх чөлөөг хүсэх хүслийг хязгаарла" гэж дронууд шаардаж байна.

Халдвар илрээгүй байрны оршин суугчид хамгаалалтын хувцастай нохойгоо салхилуулж болно.

Эрх баригчдын уриалга амжилтгүй болж хотын иргэдийн дургүйцэл үе үе цагаан хамгаалалтын хувцас өмссөн цагдаа, эмнэлгийн ажилтнуудтай мөргөлдөөн болон хувирч байна. Царт тахлын хоёр жилийн хугацаанд хятадууд хорио цээрийн хатуу хязгаарлалтын нөхцөлд дассан ч хатуу арга хэмжээ авснаас Шанхай хотын зарим оршин суугчийн тэвчээр барагдаж, тэд COVID-ийн эсрэг арга хэмжээг ил тод эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдөж, шөнийн цагаар зурагт хуудас өлгөх ажилд идэвхтэй оролцож байна.

Шанхай хотын орон сууцны хороололд халдваргүйжүүлэлт хийж байна

Улс орны өнцөг булан бүрээс 38 мянга гаруй эмчийг Шанхайд авчирчээ. Тэдэнд зөвхөн нэг л даалгавар байгаа нь COVID-19-ийн өвчлөлийг тэглэх юм.
 

Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.