Урагшгүй яамнаас болж үйл ажиллагаа нь жигдэрсэнгүй

“Монголын ахмад настнуудын өнөөгийн байдал бүхэлдээ ядуу, нэн ядуучуудын армийг бүрдүүлж байна. Эрүүл мэнд, амьжиргаа нь доройтсон, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна. Биднийг дэмжсэн хууль, төрийн бодлогын баримт бичиг хангалттай байгаа ч  хэрэгжилт нь муу” гэж  Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр ярьсан юм.  Энэ бол Монголын 300 гаруй мянган ахмад настныг төлөөлөн бодит байдал, асуудлаа дэлгэн хэлсэн үг. Засгийн газар, УИХ, дүүрэг, сум, хороондоо хамаг зовлонгоо тоочоод хэн нь ч тоохгүй болохоор  ахмадууд өөрсдийг нь төртэй холбох үүрэгтэй Монголын ахмадын холбоог зорьж, дотоод сэтгэлээ онгойлгодог юм билээ. Энэ холбоо олон мянган ахмад настны зовлон,шаналал, уйтгар гунигийн “түүх”-ийг хадгалж яваа газар л даа. Ахмадуудын ихэнх нь төр болон үр хүүхдэдээ хаягдаад ганцаардсан, сэтгэлээр унасан, амьдралын утга учраа алдсан тухайгаа нулимс дуслуулсан ярьдаг юм. Яг энэ асуудлыг “Зууны мэдээ” сонин 2019 оноос хойш хөндөж, ахмадуудын өдөр өнжүүлэх төвтэй больё, ахмадуудыг ажил хийх боломжоор нь хангая гэсэн санал санаачлалгыг хүргэсээр ирсэн билээ.

Үүнээс хойш хоёр жил орчмын дараа буюу 2021 онд Дархан хотод Ахмадын хөгжлийн жишиг төвийг туршилтаар байгуулсан сайн мэдээ дуулдсан. Эмнэлэг барих гэж байсан шинэ барилгыг аймгийн удирдлагуудад хүсэлт тавьснаар хөгжлийн төв болгосон байдаг. Энэ туршилтын төвийн үйл ажиллагаа жигдрээд, ахмадуудад үр өгөөжөө өгөх юм бол Азийн хөгжлийн банкнаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож дэмжих саналаа илэрхийлсэн юм билээ. Гэтэл энэ хөгжлийн төвийг хариуцаж байгаа төрийн байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үүнд анхаарлаа хандуулаагүйн улмаас тус төв бүрэн дүүрэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрчээ. Тодруулбал, энэ төслийн Монголын талыг хариуцсан УЗ-ийн даргаар ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир гэх эмэгтэй ажиллаж байгаа юм. Гэвч Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг цэгцлээд Азийн хөгжлийн банкнаас зээл аваад улам өргөжүүлэн ахмадуудын хөгжилд анхааръя гэсэн сэтгэл түүнээс гараагүйг Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн учирлаж байлаа.

Азийн хөгжлийн банк энэ төслөө Азийн дөрвөн оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас Монголоос бусад гурван орон нь амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр гурван орны Засгийн газар туршилтын төвийг байгуулан, үйл ажиллагааг нь сайн дэмжсэн тул Азийн хөгжлийн банкнаас урт хугацааны зээл авч чадсан юм. Монголын ахмадын холбооноос  Ахмадын хөгжлийн төвийн хэрэгцээ шаардлагын талаарх суурь судалгааг гаргаж өгсөн атал яамнаас дэмжээгүй тул тус төвийн үйл ажиллагаа гацаад байгаа юм. Манай улс ахмад настны бодлого, хөтөлбөр,хуулийн арвин сантай. Гэвч хэрэгждэг нь маш цөөн гэдгийн баталгаа нь энэ юм.

Ахмадын өдөр өнжүүлэх, хөгжлийн төвүүдийг улсын төсвөөр биш хувийн компаниудаар бариулаад улс үйлчилгээг нь худалдаж авдаг жишиг Сингапур, Өмнөд Солонгос, Японд байдаг. Засгийн газраас барилгын зардал төлж, хүн цалинжуулахгүй. Харин хэдэн ахмад настанд үйлчилж байгаад нь дэмжлэг өгч, үйлчилгээг нь худалдан авдаг. Ингэж дэмжиж чадвал эдгээр төвүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг хэлбэр рүү шилжих боломжтой. Хань ижлээ алдаад ганцаараа үлдсэн хүүхдүүдээсээ хол амьдардаг ахмадууд чанартай, эрүүл хоол өгдөг, биеийн байдал үздэг, нийгмийн оролцоог дэмждэг байгууллага байвал төлбөрийг нь төлөөд явах хүсэлтэй байгаагаа Монголын ахмадын холбоонд илэрхийлжээ.

ЭМНЭЛГИЙН ОРОНД БУС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭЛТЭД ТӨСВӨӨ ЗАРЦУУЛЪЯ

Дэлхий нийтийн чиг хандлага ахмад настнуудыг эмнэлэгт хэвтүүлэх үйлчилгээнд мөнгө төлөхийн оронд  урьдчилан сэргийлэх чиглэлд их хэмжээний төсөв зарцуулдаг стратеги рүү шилжиж байна. Тухайлбал, олон тооны эмнэлэг барьж, орны  тоог нэмэхэд бус элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөнгөн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээ рүү шилжих жишиг тогтоод удлаа.

 Ингэхдээ ахмадуудад чиглэсэн үйлчилгээг гурван шатлалтайгаар үзүүлж байна. Эхний шатанд бие, оюун санааны байдал сайн ахмадууд нь Ахмад настны хөгжлийн төвүүдэд очиж ном уншиж, туршлагаа солилцож, өөрт тулгамдаж буй асуудлаа дэлгэн сэтгэл зүйгээ тордоно. Хоёрдугаар шатанд өдөр өнжүүлэх төвүүдэд  ахмадууд сэтгэн бодох чадвараа сайжруулах тоглоом тоглож, биеийн эрүүл мэнддээ анхаарч дасгал хийнгээ стрессээ тайлна. Гэрт нь харах хүнгүй, ганцаараа өөрийгөө асарч чадахгүй ахмадуудад сэргээн засах үйлчилгээ үзүүлнэ. Гуравдугаар шатанд тэнэгрэлд орсон ахмадуудын мартамхай байдлыг арилгах, мартсаныг нь сануулдаг үйлчилгээ үзүүлэх төвүүд багтана. Монгол Улсад эдгээр гурван шатлалын үйлчилгээний аль нь ч бүрэн дүүрэн хэмжээнд хэрэгжсэнгүй. Ахмадын өдөр өнжүүлэх төв Улаанбаатар хотод хоёр бий. Гэхдээ эдгээр нь улсын төсвөөр бус хувь хүн санаачлагаараа байгуулсан төвүүд байдаг юм. Тус өдөр өнжүүлэх төвүүдийн талаар манай сонин өмнө нь сурвалжилж байсан. Тус төвд ирдэг ахмадуудын ихэнх нь ганцаардмал, зожиг, сэтгэл зүйн хувьд эмзэг болохын сацуу бие болоод оюун санаа нь доройтсон байдаг тухай бид бичиж байв. Энэ нь олон улсын жишгийн дагуу эдгээр сөрөг зүйлээс урьдчилан сэргийлэх Ахмад настны хөгжлийн төвийг манай улс байгуулж чадаагүйн үр нөлөө юм.

АХМАДУУДЫН АСУУДЛЫГ ТЭТГЭВЭР, ЭМИЙН ХӨНГӨЛӨЛТ ШИЙДЭХГҮЙ

 Цагаан сарын босгон дээр төсөвт тодотгол хийж, ахмадуудын тэтгэврийг нэмсэн. Энэ шийдвэрийн дагуу бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400 мянган төгрөг болсон ч ахмадуудын амьжиргаанд хүрэлцэхгүй байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ахмадуудын чадамж, хүсэл сонирхолд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврээс бусад орлогыг нэмэх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч, холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр ажиллаж байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг  хэлж байсан.

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж үргэлж ярьж, энэ чиглэлд зориулсан хэдэн тэрбумын  төсөв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд орж ирдэг. Тэд энэ төсвийг Ахмад настны зөвлөх үйлчилгээнд зарцуулдаг гэсэн мэдээлэл өгдөг. Гэсэн атлаа төрийн бодлого тодорхойлох түвшинд ажиллуулах боломжтой, өндөр боловсролтой, туршлагатай ахмад зөвлөхүүдийн бүртгэлийг улсын хэмжээнд хийгээгүй. Уг нь ийм мэдээллийн санг салбар бүр дээр үүсгээд хууль боловсруулах, ямар нэгэн шийдвэр гаргахдаа ашиглах  ёстой юм. Зөвхөн УИХ-ын даргын дэргэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, дагаж гарсан хуулиуд дээр ажилладаг өндөр мэргэжлийн ахмад зөвлөхүүдийн баг л байдаг.

Үүнээс гадна ахмадуудад чиглэсэн төрийн үйлчилгээг тэтгэвэр нэмэх, хөнгөлөлттэй эмийн төрлийг нэмэгдүүлэх л гэсэн нүдээр харж байгаа цагт Монголын ахмадууд сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй. Ахмадуудтай хийсэн уулзалтын үеэр Ахмадын өргөөг нэг стандартын дагуу байгуулах, тэтгэврийн зөрүүг арилгах, настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сувиллын хүртээмжийг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Дэлхий нийт ахмадуудаа хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлж, олон жил нийгмийн идэвхитэй хэсэг байж ажил хийж, орлого олж, эрүүлээр урт насалдаг болгох вэ гэдэгт Засгийн газрын бодлогоо чиглүүлж байна. Гэтэл манай улс эсрэгээрээ. Эмнэлгүүдэд нэг сар дараалдаг байдлыг яаж 14 хоног болгох вэ, үнэгүй олгодог эмийн тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт л анхаардаг. Ийм л ужгирсан хачин сэтгэлгээ, шийдвэр тэтгэврээ авч амжихгүй хорвоог орхиход хүргэж байгаа нь хэнд ч илт. Харамсмаар, халагламаар ийм л гашуун хувь заяа биднийг хүлээж байна.

 “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-05-12 02:16:11
    маш зө. эмийг хоол шиг идэж зовиур бүртээ залгисаар өвчин улам ихсэж бна