П.Сайнзориг: Хуулийг хэрэгжүүлэхгүй бол реформ цаасан дээр үлдэнэ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг урилаа.

ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХЦУУЛАЛТАЙ УЯЛДУУЛЖ ӨГСӨН

-Хууль зүй, дотоод хэргийн яам өнгөрсөн жилүүдэд нийтийн болон эрүүгийн эрх зүйн чиглэлд анхаарч ажиллаж ирсэн бол цаашид хувийн эрх зүйн шинэчлэлд илүүтэй анхаарахаар төлөвлөөд байна. Ер нь хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн гол утга учир нь технологийн давуу талыг эрх зүйн зохцуулалтай хослуулан уялдуулж, эрх зүйн орчиндоо шингээж өгөх, технологийн уугуул иргэд болох шинэ үеийнхэнд ажиллаж, амьдрах таатай орчин, тэдний сэтгэлгээнд нь тааруулсан хууль, эрх зүйн суурь хөрсийг тавихад анхаарч байна.

Энэ хүрээнд Улсын бүртгэлийн багц хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль болоод цахим багц хуулиудыг батлууллаа. Эдгээр хуулиудын гол үзэл санаа нь товчхондоо иргэдэд төрийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, мэдээлэлтэй иргэн төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд бодитой оролцож санал шүүмжээ хэлж, эргээд хяналт тавьж чадна.

Улсын бүртгэлийн багц хуулиар хуулийн этгээдийн болон зарим хөрөнгийн эрхийн мэдээллийг ил тод болгосноор олон бугшсан зүйл олон нийтийн анхааралд орж, нээлттэйгээр асуудлыг шийдэх гарц бий болохын зэрэгцээ хувьцаа эзэмшиж байгаа, эсвэл үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа этгээдийн эрхийн хамгаалалт болсон. Хуучин цаасан суурьтай, мэдээлэл хаалттай байхад бүртгэлийн мэдээлэлд хууль бусаар өөрчлөлт орох, өмч хөрөнгөөрөө хохирох зүйлс нэлээдгүй гардаг байсан.

Аливаа эрх зүйн шинэчлэл, реформ хуулийн текстийг шинэчлэхээсээ гадна хэрэгжилтийг дэмжих дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө бэлтгэх, чадавхжуулах, сургах, алба хаагчдын хандлагыг өөрчилж байж бүрэн хэрэгждэг. Яам энэ байдлыг үйл ажиллагааны гол чиглэлээ болгож ажиллаж байна.

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ТУХАЙН ИРГЭНД УТАС, МЭЙЛЭЭР НЬ МЭДЭГДЭЛ ИРНЭ

-Тавдугаар сарын 1-нээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд хэрэгжиж эхлээд байна. Эдгээр хуулиуд нь УИХ, Засгийн газрын тодорхойлсон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжин түргэсгэхэд чухал орц гэж харж байгаа. Мөн иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл авах эрхийг баталгаажуулж өгч байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар төрд байгаа таван чиглэлийн 68 багц мэдээллийг нээлттэй байлгах үүргийг төрийн байгууллагууд хүлээж байгаа, энэ нь төрд, иргэнд, бизнесийнхэнд ч хэрэгтэй. Тэгэхгүй бол олон мэдээллийг төрийн болон албаны нууцын нэрийн доор нууцалчихдаг, тэр мэдээллүүд нь төрийн зарим институцдээ ч олддоггүй явдал байна.

Мэдээлэл нь ил тод бус байхаар шийдвэр гаргах процесс хаалттай, удаан, хүнд сурталтай, бас бодитой бус болно гэсэн үг. Нөгөө талдаа иргэд мэдээлэлтэй байж төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүмжээ өрнүүлж, төрийн ил тод мэдээлэл дээр бизнесийнхэн анализ хийж төлөвлөгөөгөө гаргана. Тэгэхээр хүний эрхийг зөрчихгүйгээр эдгээр мэдээллийг эргэлтэд оруулах асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа.

Мөн төрийн өмчит команиудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, төсөв, хүний нөөц, удирдлага зохион байгуулалттай холбоотой мэдээллээс гадна зарим онцлог мэдээллүүдийг ил тод тавьж байгаа. Жишээлбэл, тусгай зөвшөөрөлтэй бүх мэдээллүүд ил тод тавигдана, хэн гэдэг этгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, хэзээ сунгасан, шинээр баригдсан барилга байгууламжийг улсын комисст авч байгаа мэдээллүүд, зам гүүрийг улсын комисст хүлээж авсан нь ил тод тавигдана.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн амин сүнс нь төрд байгаа мэдээллийг үйлчилгээ авах гэж буй иргэнээс шаардахгүй байх явдал юм. Ингэснээр үр дүнгүй зардлыг хэмнэж, иргэдэд учирдаг чирэгдлийг багасгана гэсэн үг. Мэдээж үүний цаана авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эерэг нөлөөтэй гэж харж байна.

Төрийн байгууллагууд хувь хүний мэдээллийг ашиглах тохиолдолд тухайн иргэний утсанд юм уу, мэйл хаягт мэдэгдэл хүргэдэг болж байгаа бөгөөд таны мэдээллийг төрийн хэн гэж албан тушаалтан ямар зорилгоор үзэж танилцаж, ашиласан нь иргэнд очдог болсон. Өөрөөр хэлбэл иргэд өөрийнхөө төрд байгаа мэдээлэлдээ хяналт тавих бололцоог бүрдүүлсэн гэсэн үг л дээ.

Иргэдэд төрөөс үнэ төлбөргүй цахим гарын үсэг олгох замаар өөрийгөө цахим орчинд болон бусад газар таниулах, баталгаажуулах бололцоог бүрдүүлж байна. Өнөөдөр иргэд хурууны хээгээ уншуулаад төрийн үйлчилгээ авч байгаа нь том дэвшил, гэхдээ бүрэн цахимжилт биш юм. Хурууны хээгээ уншуулахын тулд иргэд заавал тухайн байгууллага дээр биечлэн очих шаардлагатай болдог. Харин цахим гарын үсэгтэй болвол зайнаас өөрийгөө цахим гарын үсгээрээ таниулаад баталгаажуулаад төрийн үйлчилгээ авах бололцоотой болно. Цахим гарын үсгээр зайнаас байгуулсан гэрээг албан ёсны баримт, нотлох баримтаар үнэлэх гээд маш олон дэвшлүүд гарах юм. Цаашдаа цахим гарын үсэг бол цахим шилжилт, цахим үндэстэн болоход том түлхэц болно.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдийн засгийг солонгоруулах нэг чухал хэсэг бол аялал жуулчлалын салбар төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Тиймээс цахимаар гадаадын иргэд, хөрөнгө оруулагчдад виз мэдүүлэх бүрэн боломжтой болсон. Гадаадын иргэд ч тусгай зөвшөөрөлтэй компаниас цахим гарын үсэг авч үйлчилгээ авах боломжтой. Хялбар болгохыг зорьж байна, гэхдээ хялбар болгохын хэрээр хяналтаа сайжруулаад явна. Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдийн хурууны хээг авч мэдээллийн сан үүсгэх хууль эрх зүйн зохицуулалттай болсон.

 ХУВИЙН ХЭВШИЛ ХИЙЖ БОЛДОГ БИЗНЕСИЙГ ТӨР КОМПАНИ БАЙГУУЛЖ ОРДОГ БАЙДЛЫГ ХЯЗГААРЛАНА

-Цаашдаа төрийн бүтээмжийг сайжруулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэл дээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох, түүнчлэн нийгэм дэх дэг журам, хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь хуулийн нэг Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, авлига ашиг сонирхол болон төрийн өмчит компанийн засаглал, хувийн хэвшилтэйгээ уралдаж төр нь бизнес хийдэг зүйлээсээ татгалзах үүднээс Төрийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн бариад байна. Мөн авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг батлуулахаар ажиллаж байна.

Эдгээр хуулийн төслүүдийн гол онцлог нь авлига ашиг сонирхлын хэрэг дэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулж байгаа ялын бодлогыг чангатгах, торгох санкцыг нэмэгдүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнд зөвхөн хорих ял оногдуулдаг байх, хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр нь анхаарч уртасгах, бүрэн эрх нэрийн дор гэмт хэргээ шалгуулахгүй байгаа тохиолдолд тухайн хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаад бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тоолдог байх зохицуулалтыг тусгаад байгаа. Мөн авлига ашиг сонирхлын гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийддэггүй байх, төрийн албанд зөвхөн найман жил хүртэлх хугацаагаар ажиллуулахгүй байх зохицуулалтыг нийтийн алба болгож өргөжүүлээд 20 жил хүртэл хугацаагаар ажиллуулахгүй байх зэрэг хатуухан гэж хэлж болох өөрчлөлтүүдийг төсөлд тусгаад байгаа.

Авлигатай тэмцэх нэг ажил бол төрийн өмчит компаниудын асуудал юм. Төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод болгох, гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах, ногдол ашгийн бодлогыг төсвийн бодлоготойгоо уялдуулж шийддэг байх зэрэг өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна. Мэдээж хариуцлага, урамшууллын асуудал цогц байдлаар шийдэгдэнэ. Энэ хуулийн гол концепци нь хувийн хэвшил хийж болдог бизнесийг төр өөрөө компани байгуулж ордог зах замбараагүй байдлыг хязгаарлах, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэл дээр хуулийн төсөл өргөн барьчихаад байна.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БООМИЛДОГ, ХЯЗГААРЛАДАГ БУС ХАРИН ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа нэг чухал зүйл бол хувийн эрх зүйн шинэчлэл. Үүний гол зүйл нь эдийн засгийг солонгоруулах, хөрөнгө оруулалтыг татах, аливаа этгээд төрд тэмүүлж ажиллах биш хувийн сектор дээр бизнес хийх бололцоог нь бүрдүүлж өгөх юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг боомилдог, хязгаарладаг бус харин дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна.

Монгол Улсад тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх хугацаа маш урт байна гэж хэлж болно. Бүх хэрэг маргаан гурван шатаар ордог. Шүүхээр үйлчилгээ авахын тулд доод тал нь 70200 төгрөг төлдөг. Гэтэл магадгүй 50 мянган төгрөг нэхэмжилж авах хүнд энэ нь түүнээсээ өндөр зардал болдог. Мөн шүүхийн процедур нь хялбар бус байдаг учраас мэргэжлийн хуульч авч дахин зардал нь өсдөг. Шүүхээр явах хугацаа нь урт, буюу дор хаяж 3-4 жил шүүхээр явдаг, шийдэгдсэн ч шүүхийн шийдвэр нь биелэгдэх гэж дахиад ийм цаг хугацаа туулдаг хүндрэл бэрхшээлүүд иргэд, хөрөнгө оруулагчдыг бухимдуулж, шүүмжлэлийг бий болгож байна. Үүнийг өөрчлөх хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хийгээд явж байна.

Мөн Оюуны өмчийн багц хуулийг батлууллаа. Оюуны өмчийг хамгаалж байж аж үйлдвэр хөгжинө. Аж үйлдвэрийн цаана технологи, патентын асуудлууд байдаг. Энэ бүхэнд чанарын өөрчлөлт хийхгүйгээр манайд аж үйлдвэр, шинэ технологи дагасан бизнес хөгжихгүй. Тиймээс олон улсын гэрээ конвенцод нийцүүлж хуулийн шинэчлэлийг боловсруулж батлуулсан. Мөн Дампуурлын хууль, Өр төлбөрийг шүүхийн бус журмаар барагдуулах чиглэлийн хуулийг өргөн барьсан.

Дараагийн ээлжинд иргэний хуулийг тодотгох, арилжаа эрхлэгч нарын хооронд үүсэх харилцааны онцлогийг харгалзсан хууль, эрх зүйн орчинг тодотгох, бизнес, ажил хэргийн хүрээнд үүсэж тогтсон заншил, практикийг хүлээн зөвшөөрч гэрээ контрактыг байгуулсанд тооцдог хууль эрх зүйн шинэчлэлийг хийхгүй бол бүх зүйлүүдийг бичигдсэн хуулийн хүрээнд хийнэ гэдэг бизнесийнхэнд асар хүндрэлтэй. Нэг талдаа бизнесийнхэн гэдэг мэргэжлийн оролцогчид буюу тодорхой эрсдэлээ өөрсдөө ойлгож байгаа хүмүүс. Бизнес, ажил хэргийн хүрээнд үүсэж тогтсон, заншлын хэм хэмжээ, практикыг хүлээн зөвшөөрөхгүйгээс болоод бичгээр хийгээгүй байна гэдэг ч юм уу, бизнесийг нь орвонгоор нь эргүүлчихдэг тохиолдлууд манай шүүхийн практикт байна. Үүнийг өөрчилье гэж байгаа юм. Мөн шүүх дээр хэрэг маргаан 3-15 жил үргэлжилж шийдэгддэг учраас шүүх эрх мэдлийн шинэчлэлийг улам эрчимжүүлэх ёстой. Энэ хүрээндээ шүүхийн тухай хууль шинэчлэгдэн өөрчлөгдөж, тодорхой хэмжээний шүүх эрх мэдэл хараат бус бие даан ажиллах бололцоо бүрдэж байна. Үүнийг дагаад Шүүх байгуулах хуулийг батлуулах ёстой. Цаашдаа шүүхийг төрөлжсөн байдлаар татварын шүүх, гэр бүл, хүүхдийн шүүх, арилжаа эрхлэх бизнесийн маргааныг шийддэг арилжааны шүүх, эсвэл иргэний шүүх дотроо арилжааны танхимтай болох ч гэдэг юм уу, ийм чиглэл рүү хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байгаа.

Иргэний болон Захиргааны процессын хуулийг цогцоор нь шинэчилж байж бизнесийн орчин таатай болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг үр нөлөөтэй болгох үүднээс иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг шүүх эрх мэдлийн байгууллага руу шилжүүлэх асуудлыг судалж байна. Иргэний процессын хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой багц хуулиудыг намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад явж байгаа.

Монгол Улсад шинэ төрлийн бизнесийн секторууд хөгжүүлэх үүднээс Казино, тааварт тоглоом, сугалааны хууль, бооцоот морин уралдааны харилцааг зохицуулах хуулийн төслүүдийг боловсруулж байгаа.

Энэ хүрээнд эдийн засгийн салбаруудад тодорхой хэмжээний хориглолт байх ёстой ч зарим зүйл дээрээ нээлттэй байлгаж хяналт, зохицуулалтыг оновчтой тогтоож, тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалтаар болох зүйлийг нь зөвшөөрч татвараа авдаг байх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх цаг нь болсон гэж харж байгаа. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтыг Монгол Улсдаа татах ёстой. Тиймээс энэ гурван хуулиас гадна Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Удахгүй олон нийтээр хэлэлцүүлнэ.

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ЦАХИМ ПЛАТФОРМ НЭВТРҮҮЛНЭ

-Хууль эрх зүйг шинэчлэх эсвэл тодорхой хэмжээнд өөрчлөх асуудал нэг хэрэг. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарахгүй бол реформ цаасан дээр үлдэнэ. Хамгийн түрүүнд салбарын албан хаагчдыг шинэ хууль эрх зүйн орчиндоо сургах, чадавхжуулах нь чухал байгаа. Төрийн хэмнэлтийн хууль ч гарлаа. Тэр болгон сургалтыг биечилж хийх зохимжгүй болж байна. Хоёрдугаарт, сургалт хийж байна гээд ажлыг тасалдуулах нь учир дутагдалтай. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэмжээнд ажиллаж байгаа 30 орчим мянган албан хаагч нийтлэг үзэх хичээл, сургалт, түүнчлэн шинэ хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор, мөн яг тухайн цагдаагийн алба хаагч эсвэл улсын бүртгэгчийн чиг үүрэг, ажил мэргэжилтэй нь холбоотой сургалт, мэдээллийг өгдөг цахим платформыг бий болгохоор ажилдаа ороод байгаа юм. Сургалтын платформд алба хаагчид цахим гарын үсгээрээ нэвтэрч орж өөрийгөө таниулаад тухайн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад сургалт, шинэ мэдээлэл авдаг, нэгдсэн нэг стандартаар, нэг агуулгаар хуулийн мэдээллийг авах нь хуулийг өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэдэг, хэрэгжүүлдэг байдлыг өөрчилж, дабль стандартгүй хууль тэгш үйлчилдэг болоход чухал гэж үзэж байгаа.

Түүнчлэн иргэддээ хууль тогтоомжийн талаарх мэдээллийг хүртээмжтэй, энгийн, ойлгомжтой форматаар хүргэдэг, ялангуяа зорилтот бүлэг буюу ахмадууддаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ мэдээлэл авах бүх боломжийг бий болгоход онцгой анхаарч ажиллаж байна.

Цаашдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологийн давуу талыг ашиглах, хуулийн хэрэгжилтийг иргэдийнхээ дэмжлэгт тулгуурлаж, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, харилцаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яам онцгой анхаарч байгаа.

 “Зууны мэдээ” сонин
Х.Монголхатан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.