Донорын насыг 21 болгохыг дэмжив

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэвжив.Их Хурлаас 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан ба 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байна. Мөн анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологиуд нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа нь иргэдийнхээ амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах өргөн боломж нээгдэж байна.

Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Доноруудыг жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулахаар тусгасан. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д амьгүй донорт оршуулгын зардал, донорын гэр бүлийнхэнд зориулсан дурсгалын болон хүндэтгэлийн арга хэмжээ, амьд донорт эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна. Иймд эрхтэний донор болсон хүмүүст бусад улс орон шиг дэмжлэг үзүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд сувилуулах дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна. Мөн цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг байхаар төсөлд тусгажээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсныг хүргэе.


 УИХ‑ын гишүүн Б.Жаргалмаа:

-Одоогийн Донорын  хуульд донор болох нас 25 гэж байгааг 21 болгох заалт оруулж ирж байна. Мөн цусан төрлийн хамаатан донор болно гэдэг заалт бий. Харин хуулийн өөрчлөлтөөр цусан төрөл биш хэн нэгэн сайн дурын үндсэн дээр донор болж болох уу. Түүнчлэн гадагш гарах валютын урсгалыг тогтоох боломж хэр байгаа вэ.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 25 нас хүрсэн, цусан төрлийн хүн донор болж болно. Энэ зохицуулалтын гол зорилго нь эд, эрхтний наймаанаас сэргийлж байгаа явдал юм. “Эд, эрхтнээ өгвөл оронд нь байр өгнө” гэдэг ч юм уу, амлалтаар дамжуулан хэн нэгний эрхтнийг авч байна уу үгүй юу гэдгээс сэргийлэх ёстой. Ашиг хонжооны төлөө бус цэвэр хайр энэрлийн үүднээс эд, эрхтнээ өгдөг байхгүй бол хагалгаа хийгээд амжилттай болсны дараа эрхтэн авсан хүнээ дарамтлах эрсдэл бий.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Навчаа:

-2021 оны есдүгээр сараар 2022 оны гуравдугаар сар хүртэл буюу зургаан сарын хугацаанд гадагшаа явсан нийт 26 гэр бүлийн өргөдлийн дагуу асуудлыг шийдэхэд 7.5 тэрбум төгрөг гадаадад зарцуулсан байна. Энэ дунд чөмөг шилжүүлэх суулгах гурван хүн, элэг шилжүүлэх суулгах 11 хүн явснаас тэдгээр хүмүүсийн гаргасан зардлын таван хувьд буюу 371 сая төгрөгийг олгох шийдвэр энэ долоо хоногт гаргаж байна. Гэтэл улсын төсвөөс энэ чиглэлд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаа.

Энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр гадагшаа явах урсгалд нэмэр болно гэж үзэж байгаа. Монголд 21-25 насныхан харьцангуй эрүүл бүлгийнхэн байдаг. Хэлэхэд таагүй байгаа ч донорын насыг 21 болгосноор 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой.


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Хүүхдүүдийн хорт хавдрыг до­тоод­доо эмчлэх боломж хэр байгаа вэ.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хүүхдийн хорт хавдар жилд 130 орчим тохиолддог. Үүнээс 30 орчим хувь нь буюу 60-аад хүүхэд цусны хорт хавдраар оншлогддог. Тэдгээр хүүхдүүдийн ихэнхэд химийн эмчилгээ тохирдог. Харин 60 орчим хүүхдийн 5-6-гийнх нь хавдар эмээр эмчлэгддэггүй учир заавал үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд тухайн хүүхэд ойрын хамаатнуудаасаа үүдэл эс авч суулгуулах ёстой. Энэ эмчилгээг одоо Монголд хийх боломжтой болсон.

 “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-28 05:07:08
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • DR. ADITYA 2022-09-21 06:41:22
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Mongol news  2022-09-19 15:53:50
    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis ...