“Петрочайна Дачин Тамсаг”-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монголын хүртэх ашгийг нэмэгдүүлнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.24/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн талаар болон “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна.

Газрын тосны ашиглалтын Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөж буй хууль, тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэж холбогдох хуулийн төслийг намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр тусгажээ. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлын хүрээнд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, шинээр нөөцийг тогтоох үйл ажиллагааг бүх талаар дэмжих, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, 2021-2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих, Тосон-Уул-XIX, Тамсаг XXI талбайн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авах асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжтой нийцүүлэх, 2018 онд НӨАТ, ААНОАТ, Хувь хүний орлогын албан татварыг төлөх тухай тавьсан шаардлагатай холбоотой гомдлыг ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийг хангуулах, газрын тосны хайгуул, олборлолтоос үлдсэн чанарын шаардлага хангахгүй, устгах шаардлагатай 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.

Хурлын үеэр Байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон газрын тосны 24 хувь нь манай улсад ногдож байгаа юм. 1993 онд энэ тал дээр туршлага байгаагүй. Тэр үед хийсэн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон. УИХ санаачилга гарган ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ус ашиглаж нефть бүтээгдэхүүн гаргадаг технологи хуучирсан. Тэгэхээр бид нэг литр нефть гаргахын тулд хоёр литр ус ашигладаг технологийг халах ёстой. 590 тонн химийн бодисыг буцааж өгөх хэрэгтэй. Монголд устгаж болохгүй. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зардлаа дураараа нэмдэг, үр ашиг байдаггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатай” гэлээ.

“Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2022-05-25 01:59:50
    Энэ олон жилийн дараа ёстой гомдмоор юм аа дээш гарсан эрхмүүд юун энэ гэрээ харах идэх уух гээд завгүй байдаг байхаа