Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг хурааж байна.

Уг ажил өнгөрөгч сарын 20-ны өдөр эхэлсэн ба энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Нийслэлийн хэмжээнд үзлэгт татварт хамрагдвал зохих 430.223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас үзлэг эхэлснээс хойш 44.708 нь үзлэгт орсныг нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа аж. Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж, амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд үйлчилж байгаа юм. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг ирэх зургаадугаар сарын 10-24-ны хооронд хийх гэнэ. Харин энэ хугацаанаас хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхаарууллаа.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus