Ч.Энхбат: Ханшийн зөрүүнээс л гэхэд 100 орчим тэрбум төгрөг алдсан
УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбаттай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон төсөв, мөнгөний алдаатай бодлого Монгол Улсыг эрсдэлд оруулж байгаа тухай ярилцсан юм.
 
-Засгийн газар бүрдчихлээ. Элгээрээ хэвтсэн эдийн засгийг 1.6 жилийн дотор өндийлгөх их үүргийг хүлээж байна. Гэхдээ энэ хугацаанд эдийн засгийг сэргээх боломж нөхцөл нь бий юу?

-Монгол Улс бол уул уурхайн салбар буюу цөөн нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний экспортоос хамааралтай эдийн засагтай улс. Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ч манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтад хүчтэй нөлөөлж байдаг. Нийт хэрэглээнийхээ 90 шахам хувийг импортоор авдаг үйлдвэрлэгч бус хэрэглэгч улс.  Дотоодын нийт бүтээгдэхүүн 10-11 тэрбум ам.долларт одоогоор хэлбэлзэж байгаа. Ийм эдийн засаг унахдаа амархан. Мөн тэр хэрээр зөв оновчтой бодлого явуулж чадвал богино хугацаанд сэргэх боломжтой. Тэр утгаараа Монгол Улсад нэн тэргүүнд улс төрийн тогтвортой байдал чухал байна.

Бид улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдлаасаа болж гадны хөрөнгө оруулагчидыг үргээсэн. Монгол ганцаараа баялагтай улс орон биш. Дэлхийн бүхий л улс орон гадны хөрөнгө оруулагчдыг татахын төлөө өрсөлдөж байгаа гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Гэтэл бид цор ганц баялагтай улс мэт аашилж байна. Учир нь Засаг солигдохоор л өмнөхөө үгүйсгэж, хэрэгжүүлж байсан бодлогыг нь зогсоож, шинэ эрх зүйн орчин гаргаж ирдэг. Энэ нь гадныхан байтугай дотоодын хөрөнгө оруулагчдад ч таалагдахгүй байна. Тэгэхээр Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал бий боллоо гэдэг эдийн засгийн энэ амаргүй үед эерэг чухал суурь хүчин зүйл болох нь дамжиггүй юм. Хоёрт, улс төрийн намууд зөвшилцөж томоохон төслүүд урагшлах байх гэсэн найдлага төрж байна.

Оюутолгой, Таватолгой төслүүдийг хурдан хугацаанд хөдөлгөх нь чухал. Гадны хөрөнгө оруулагчид томоохон төслүүд хэрхэн урагшлахаас хамаарч, дараагийн алхмаа хийхээр ажиглаж байна. Учир нь жижиг хөрөнгө оруулагчдын хувьд акулуудаа харж байж дараагийн нүүдлээ хийнэ. Түүнээс биш томоохон хөрөнгө оруулагчдынх нь ажил зогсонги, хэрхэх нь тодорхойгүй байхад жараахайнууд хөрөнгө оруулбал хамгаа алдаж мэдэх эрсдэлтэй учраас. Тэгэхээр хоёр төслийг хэрхэн урагшлуулахаас бүх зүйл хамаарна гэж ойлгож болно.

-Ерөнхий сайдын мөрийн хөтөлбөрт эдийн засгийг богино хугацаанд эрчимжүүлэх хэд хэдэн зүйл бий. Гэхдээ хэрэгжих боломж нөхцөлийн хувьд хэтэрхий төсөөллийн гэх шүүмжлэл дагах боллоо. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ирэх жил хүнд байх нь тодорхой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад зургаа дахин буурчихсан. Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсан. Төгрөгийн ханш 40 орчим хувиар ам.долларын эсрэг суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувь өсчихсөн. Иргэдийн бодит орлого буурчихсан, цалин хөлс олигтой нэмэгдээгүй. Олон мянган ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож үүд хаалгаа барьсан. Монгол Улсын нийт гадаад өр 20 тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газрын өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн таазыг аль хэдийн давчихсан байх жишээтэй.

Ганц жишээ татахад, 2015 оны нэгдсэн төсөвт зээлийн үйлчилгээний төлбөрт 700 тэрбум төгрөг тусгасан байгаа нь өрийн хэмжээ төсөвт хэрхэн дарамт үүсгэж эхэлсний тод илрэл. Үүний 560 орчим тэрбум төгрөг нь дотоодын бонд буюу Засгийн газрын үнэт цаасны төлбөрт төлөвлөсөн байгаа юм. Энэ нь юутай холбоотой гэхээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдоод төсвийн татварын орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэж чадахгүй байна. Сүүлийн 2 жилийн төсөв жил дараалан 1 их наяд төгрөгөөр тасраад байна. Орлого хүрэлцэхгүй байгаагаас болж засаг урсгал зардлаа нөхөхийн тулд дотоод үнэт цаасыг их хэмжээгээр гаргаж байгаа юм. Үүнээс үүдэн төсөвт ирэх ачаалал ч эрс нэмэгдэж, татвар төлөгчдийн мөнгө бүтээн байгуулалтанд бус зээлийн үйлчилгээнд үр ашиггүй зарцуулагдаж байгаань харамсалтай.

-Эдийн засагчдын хувьд хямралыг богино хугацаанд даван туулах арга замын талаар байр сууриа илэрхийлээч. Таны бодлоор хэрхэн туулах вэ?

-Эдийн засгийн хямралыг давахын тулд харилцан уялдаатай оновчтой төсөв, мөнгөний бодлого явуулах шаардлагатай. Энэ ч үүднээс ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулах тал дээр МАН-ын бүлэг онцгой анхааран ажилласан. Ирэх оны 1 сард төсвийн тодотгол хийгдэнэ. Тиймээс ирэх оны төсвийг алдагдалгүй батлах нь хямралыг туулах хамгийн эхний алхам юм. Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах санал ирэхгүй байх тохиолдол нэлээдгүй гарч байна. Аргаа барсан Засгийн газар урсгал зардлаа нөхөхийн тулд Хөгжлийн банкны чөлөөт эх үүсвэрээр Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл, Чингис бондын мөнгө маань цалин, тэтгэвэр, тэтгэмжинд зарцуулагдаж эхэлсэн гэсэн үг. Хоерт, Төсвийн гадуур зарцуулагдаж байгаа бондын хөрөнгийг төсөвт тусгах хэрэгтэй байна. Гуравт, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох шаардлагатай. Дөрөвт, төсвийн урсгал зардлыг дахин танах. Төрийн албан хаагчдын тоог цомхотгох юм. Чадварлаг, цомхон төрийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Төрийн албаа биш хувийн хэвшлээ дэмжиж, боловсон хүчнээр хангах ёстой. Баялаг бүтээдэг хүмүүс нь багадаад байхад төрийн бүтэц нь данхайгаад байх нь зохисгүй юм. Гаж гэхэд ч хаашаа юм гэмээр манай улс данхар бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулаад бараг хэвшчихэж. Дэлхийн улс орнууд аль болох цомхон бүтэцтэйгээр ажил, үүргээ явуулахыг эрхэмлэдэг атал манайх эсрэгээрээ улам данхайлгаад байдаг.  Тавт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлэээр онцгой арга хэмжээ авах, юуны өмнө томоохон төслүүдээ эрчимжүүлэх, Зургаад, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үндэсний үйлдвэрүүдиийг бодлогоор дэмжиж бий болгох шаардлагатай, Долоод, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор манай улсын худалдааны гол түнш урд хөрштэй экспортын зарим бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ дээр улс төрийн тохиролцоо хийх шаардлагатай гэж үзэж байна. Наймд, урд хойд хөрштэй дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.

-Засгийн газрын бүтэц ч тэлсэн байдалтай орж ирлээ. Бүсээ чангалахын тулд бүтцээ ч эмхлэх хэрэгтэй байсан байх. Тийм үү?

-2015 оны төсөвт МАН-ынхан нэлээд ажил хэрэгч байдлаар хандаж, Сангийн яамныхантай хамтарч ажилласны хүчинд тодорхой хэмжээгээр хэмнэж чадсан. Тодруулбал, 150 гаруй тэрбум төгрөгийг хэмнэсэн тохиолдол түүхэнд байхгүй. Урсгал зардлыг хэмнэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадлаа. Гэхдээ үүнээс ч илүү орон тоо, урсгал зардлыг хэмнэх боломж хангалттай байсан.

-Тэгээд яагаад хэмнээгүй юм бэ. Ямар нэгэн учир шалтгаантай байх?

-Тухайн үед эрх баригчид шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдана. Тэгэхээр тэр Засгийн газар бүтэц, орон тооны асуудлаа төсвийн тодотголоор нарийн тооцоо судалгаатайгаар оруулахаар болж  хойшлуулсан.

-Тэгвэл он гараад Засгийн газарт “зориулан” тодотгол хийнэ гэх мэдээлэл худлаа гэсэн үг үү. Тэдэнд урьдчилаад төсвийг нь суулгачихсан гэж ойлгож болох уу?

-Харин ч энэ Засгийн газар урсгал зардлыг дахин танахаар оруулж ирнэ.

-Яагаад?

-Сул зардлаа байж болох тэр хэмжээнд хүртэл нь бууруулах хэрэгтэй. Түүгээрээ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь чухал. Хөрөнгө оруулалтдаа ч анхаарлаа хандуул. Улс бол нийгмийн чанартай зүйлүүдээ бүтээх хэрэгтэй. Гэхдээ эргээд орлого олдог салбар руу хөрөнгө оруулах шаардлагатай. Өнөөдөр эсрэгээрээ эргэх урвалгүй салбарт хөрөнгө түлхүү оруулдаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг. Үүний оронд томоохон үйлдвэрт хөрөнгө оруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал юм. Ирэх оны төсвийг орлого хэрхэн бүрдэхээс хамааруулаад алдагдалгүй батлах, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох зайлшгүй шаардлагатай байна. Оновчтой дээрээ гүйцэтгэл нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй барилга, байгууламжийг нэн тэргүүнд  санхүүжүүлж ашиглалтад оруулахад хэрэгтэй.

-Чингис бондын хөрөнгийг ч гэсэн эргэн төлөгдөхөөргүй бүтээн байгуулалтад зарцуулснаас эдийн засагт сөрөг үр дагавар авчрах хандлага бий. Хямралын нэгээхэн хэсэг нь ч үүнтэй холбоотой?

-Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа зүйлүүд бий. Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д заасанчлан тухайн жилд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрөө УИХ-аар батлуулах учиртай. Гэтэл Чингис бондын хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны захирал, аль эсвэл салбарын сайд нь дур мэдэн хөрөнгө оруулалтыг зарцуулж буй нь нууц биш ээ.

-Бондын мөнгийг авахдаа томоохон бодлогын алдаа гаргасан гэх мэдээлэл бий. Тухайлбал, ханшийн зөрүүг тооцоолоогүйгээс алдагдал хүлээж байгаа нь үнэн үү?

- Чингис бонд орж ирэх үед ам.долларын дундаж ханш 1400 орчим төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 1880 гарчихсан байх жишээтэй. Энэ хоёрын хоорондох зөрүү маш их. Чингис бондын 1,2 тэрбум долларын зарагдсан дундаж ханш 1640 төгрөг. Гэтэл өнөөдөр бондын 1.7 их наяд төгрөг зарцуулагдаагүй банкинд байна. Долларын ханш өсөөд байдаг, гэтэл бүх бондын хөрөнгө төгрөгт аль хэдийн шилжсэн байдаг. Ханшийн зөрүү 200 төгрөг гэж бодоход одоо зарцуулагдаагүй үлдэгдэлээс л 100 орчим тэрбум төгрөг алдсан байгаа юм. Ийнхүү асар их хэмжээний алдагдал хүлээж байгаа нь үнэн.

-Эргэн төлөгдөх нөхцөлгүй зүйлд зарцуулсан дээр нь ханшийн зөрүү нэмэгдэх нь. Энэ их ачааллыг төсөв дийлэх үү?

-Бид төсвөөс гарах мөнгөө л бодоод байна. Жил бүр 72 сая ам.доллар төлөх ёстой байснаас ханшийн зөрүүнээс улбаатай  төгрөгийн сулралаар хүүгийн төлбөр 30 гаруй хувиар нэмэгдсэн. Зам засвар, зарим бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийг улсын төсвөөс эргэж төлөгдөхөөр тооцоолсон байгаа. Мэдээж хувийн хэвшлээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон зээл бий. Одоо гарсан байгаа бондын зарцуулалтын хүүгийн 70 гаруй хувийг улсын төсвөөс, үлдсэнийг хувийн хэвшил төлөхөөр тооцоо гарч байгаа. 70 гаруй хувь гэдэг 90 шахам тэрбум төгрөг. Энэ мөнгөөр бид 80 цэцэрлэг шинээр барих хэмжээний хөрөнгийг хүүнд өгч байна. Ер нь манай улсын өр зээл сүүлийн 2 жил эрс нэмэгдсэн. Ирэх жил бид хувийн хэвшилтэйгээ нийлээд 1.35 тэрбум ам.долларын гадаад зээлийн үйлчилгээ хийнэ.

Гэтэл өнөөдөр гадаад цэвэр актив маань 1,4 их наяд төгрөгийн хасах дүнтэй гарсан байгаа. Энэ бол аравдугаар сарын дүн мэдээ. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөц маань зөөлөн хэлэхэд, хасах талруугаа байна гэсэн үг. Монгол банкны албаны  мэдээлэл л иргэдийг тайвруулж байгаа болохоос үнэндээ хүнд байдалтай байгаа гэж бодож байна. Эдийн засгийн аюулгүй байдлаа хадгалахад хамгийн багадаа импортын 3 сарын хэрэгцээг хангах хэмжээний гадаад валютын нөөцтэй байх ёстой. Гэтэл монголбанкны тайвшруулж байгаа албан нөөц гэх дүн нь хүртэл 3 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй байна.

-Чингис бондын үр ашиг гэж байна уу. Хэдэн гудамжны уулзвар, авто замын засвар л харагдаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Санхүүжүүлэх томоохон төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад Чингис бондыг гаргасан нь эхний том алдаа байсан. Хагас жил орчим банкуудад байршуулаад ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх нь тодорхой байсан. Дэмий хүү төлөөд байна гээд шүүмжлээд эхлэхээр аргаа бараад Гудамж төсөл энэ тэр гээд авто замын засвар руу оруулчихсан. Анх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх зорилгоор Чингис бондыг авсан юм. Харамсалтай нь эсрэгээрээ өндөр хүүтэй арилжааны зээлээ ямар ч эргэн төлөгдөх нөхцөлгүй, орлого оруулахгүй бүтээн байгуулалтад зарцуулчихсан.

-Ийм их шавар шавхайтай хутгалдсан Засагт МАН хамтрахаар шийдвэрлэсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлж, бас итгэл найдвар бий болгож байна. Таны хувьд аль талд нь зогсож байна даа?

-Ямар ч байсан улс төрийн тогтвортой байдал бий боллоо. Гадны хөрөнгө оруулагчдыг даллах эхний алхам. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр, төсвөөс гадуур зарцуулсан Чингис, Самурай бондын зарцуултад хяналт тавих гэхчлэн алдаатай бодлого шинэчлэлийн Засгийн газрын төсөв, мөнгөний алдаа засагдана гэдэгт итгэж байгаа. Иймэрхүү алдаа засагдаж, макро эдийн засаг зөв гольдролдоо орж чадна.

-Өрийн таазыг нэмэгдүүлэх саналыг эрх баригчдаас гаргасан. Тухайн үедээ МАН эсэргүүцэж байсан ч хамтарсанаараа дэмжих магадлал бий боллоо гэх шүүмжлэл бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Өрийн таазыг нэмэгдүүлж болохгүй. Монгол Улс өрийн ангал дээр зогсож байна. Түлхэгдээд унахад ч ойрхон боллоо. 2015 оны төсөвт зээлийн үйлчилгээний төлбөрт 700 тэрбумыг төсөвлөсөн нь 2011 оныхоос 19 дахин их мөнгө. Үүнд үндсэн зээл ороогүй зөвхөн хүү нь. Засгийн газар ирэх онд шинээр болон дахин санхүүжүүлэхээр 1,8 их наяд төгрөгийн үнэт цаасыг гаргахаар батлуулсан. Үүний 1,4 их наяд төгрөг нь дахин санхүүжилтэд зарцуулагдана. Гол нь ийм их хэмжээний үнэт цаасыг худалдан авах чадвар дотоод байна уу. Шулуухан хэлэхэд хүндхэн байгаа. Өнөөдөр засгийнгазар дотоодын арилжааны банкуудтайгаа хөрөнгийн  эх үүсвэрээ булаацалдаад эхэлчихсэн шүү дээ. Үнэт цаасандаа өндөр хүү амлаад.

-Он гараад сонгуулийн сурталчилгаа бараг л хаалга тогшиж эхэлнэ. Ийм үед Засгийн газар ажил хэрэгч байдлаар хандана гэдэгт нэг л сэтгэл дундуур байгаа нь нууц биш. Улстөрч болгон, улс төрийн нам бүр хувийн амбиц хөөх нь бий шүү дээ. Ийм үед итгэл хүлээлгэх нь хэр зөв шийдэл юм бол? 

-Та бүхэнд таалагдахгүй шийдвэрийг гаргана шүү гэж Ерөнхий сайд хэлсэн дээ. Уриа лоозонгийн амлалтууд хэрэгжих боломжгүй. Нөхцөл байдал тэс өөр байна. Бүсээ чангална шүү бэлэн байгаарай гэсэн дохиог Ерөнхий сайд өгчихсөн. Тэгээд ч аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хямралыг мэдэрч, хэмнэлтийг аль хэдийн хийгээд эхэлчихсэн.

-Эцсийн дүгнэлт нь бүсээ чангалж, ирэх хоёр жил амьдрах нь чухал юм байна тийм үү. Тэгж чадвал нийтээрээ хямралыг даван гарах юм гэсэн дүгнэлтийг хийлээ. Зөв үү?

-Урсгал зардлаа хэмнэж, бүсээ чангалсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж аж ахуйн нэгжийг дэмжсэн тийм төсөв чухал. Аж ахуйн нэгж банкнаас зээл аван төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэгчээд мөнгөө авч чадахгүй өрөнд орж үйл ажиллагаа нь доголдож байна. Энэ нь эргээд банкны системийг доголдуулдаг. Банкны систем чинь өөрөө эрсдэлтэй байдалд орчихоод байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлдэгч хэт олширч байна. Одоогийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёроос дөрөв дахин өсчихсөн. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол төсвийн орлого бүрдэхгүй, цаашлаад төр цалингаа тавьж чадахгүй байдалд хүрнэ. Одоо ч зарим байгууллагууд цалингаа гүйцэт авч чадахгүй байгаа талаар сонсогдож байгаа. Өнөөх гинжин урвал зогсох эрсдэл бий шүү.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2014-12-13 01:50:05
    ЭНэ амьтан Чингэс бондыг улс төржүүлж байна. өөрөө юу хийдэг амьтан юм бол доо.
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-10 01:07:20
    Нүгэлт Алтанхуяг хамаатнуудтайгаа үхэж далд ороосой. Түүнийг огцруулсан нь болжээ.
    124.158.109.78
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-09 05:04:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.130
    Мэдэгдсэн Хариулах