“Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонговол парламентын засаглал утгагүй болно”

Өнөөгийн бидний оршин тогтнохын баталгаа бол Үндсэн хууль юм. Тэгвэл өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулийг тэртээх 1992 батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть саяхан хэвлэлтээс гарчээ. Ерөнхий сайд, мэргэжлийн чадварлаг хуульчид хамтран энэхүү 12 ботийг эмхэтгэн нийлүүлжээ. Уншиж танилцахад ихэд сонирхолтой аж.

Уг “эх сурвалж”-ийн нэгдүгээр ботид “АИХ-ын анхдугаар чуулганы баримт бичгүүд”, 2-3 дугаар ботид “Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн УБХ-ын хавар, намрын хоёр чуулганы протокол”, 4-5 дугаар ботид “АИХ-аар хэлэлцсэн Үндсэн хуулийн Ерөнхий хэлэлцүүлгийн протокол”, 6-7 дугаар ботид “Үндсэн хуулийн 1-2 дугаар бүлэг буюу Монгол Улсын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний хэсгийг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 8-10 дугаар ботид “Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг буюу Төрийн байгуулал, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдлийн тухай хэсгийг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 11 дүгээр ботид “Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудлыг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 12 дугаар ботид “Үндсэн хуулийн Тавдугаар бүлэг буюу Үндсэн хуулийн цэц болон бусад хэлэлцээгүй үлдсэн асуудлуудыг хэлэлцсэн АИХ-ын протокол, Үндсэн хуулийн батлагдсан эхийг АИХ-ын депутатуудад уншиж сонордуулсан протокол” тус тус багтжээ.

Энэ удаад АИХ-ын депутатууд Ерөнхийлөгчийг яагаад бүх ард түмнээс сонгох нь зүйтэй хэмээн шийдсэн талаар сонирхлоо. “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-ийн наймдугаар ботид энэ талаарх протокол нийтлэгдсэн байна.

1991 оны арванхоёрдугаар сарын 6-нд АИХ-ын депутат Ч.Хурц, О.Дашбалбар нарын саналаар “...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болох” асуудлыг АИХ-ын чуулган хэлэлцжээ. “...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоё” гэдэг саналыг 217 депутат буюу 66 хувь нь дэмжиж, 91 депутат буюу 28 хувь нь татгалзаж, 19 депутат буюу зургаан хувь нь түдгэлзжээ. Ингэж Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгохоор шийдвэрлэжээ.

Гэхдээ тухайн үед депутатууд өнөөдөр хэрэг болохуйц санал хэлж, байр суурь илэрхийлж байжээ.

Тухайлбал, Баабар “...Улс орон өнөөдөр салаа замын эхэнд байгаа тул ямар засаглалтай байх нь хамгийн гол асуудал. Түүхэн сонголтоо зөв хийхийг, буруу хийвэл алдаа биш ялт хэрэг болно”, Э.Бат-Үүл “...Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг Ерөнхийлөгчтэй цуг бүх ард түмнээс сонгож байгаа учир хүчирхийлэл, дарангуйлал, фашист дэглэм ч бий болох тогтолцоог бий болгож байна” гэсэн байр суурь, шүүмжлэл хэлж байжээ.

Харин Б.Чимид гуай “...Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож, шууд ганц шаттай сонгууль хийх юм бол Монгол Улсыг ямар улс гэх вэ. Парламентын гэх үү, Ерөнхийлөгчийн засаглалтай гэх үү” гэж санаачлагчдаас асуухад Ч.Хурц “...Парламентынх гэж үзнэ үү, Ерөнхийлөгчийнх гэж үзнэ үү, тэрнийгээ өөрсдөө шийднэ биз. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгуулья, ард түмний засаглал учраас ард түмэн төрийнхөө эзэнтэй болъё л гэж хэлж байгаа үг” гэсэн хариултыг өгчээ.

Мөн тухайн үед С.Зориг “...Бүх ард түмний санал хураалтаар Ерөнхийлөгчийг сонговол энэ нь Ерөнхийлөгчийн засаглалын шинжтэй засаглалыг бий болгоно. Энэ нь юунд хүргэх вэ гэвэл парламентын засаглал утгагүй болж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал гэж та нар яриад байгаа. Миний ойлголт бол өөр. Хязгаарлагдмал биш. Харин тэр эрх мэдлээ ашиглаж чадаж байгаа юу үгүй юу гэдэг асуудал. Нэгэнт ингээд ард түмний сонгууль хийгээд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ийм юм хийж байгаа бол энэ засаглалын асуудлыг дахиад эхнээс нь авч үзэх хэрэгтэй” гэж байжээ.

 “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.