''Дүрмийн бус харилцаа'' гэх амь бөхтэй ДЭГЛЭЛТ
Өнөөдрөөс сар орчмын өмнө Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч “Н”-ын ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан хэрэг гарч олны дунд сайн муу яриа өрнөж, таамаг, таавар гэмээр зүйл хөвөрч, “уг хэргийг шалгаж байгаа, Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй” гэсээр тэгсхийгээд намжсан.
 
Хамгийн хачирхалтай нь сарын өмнө цэргийн албанд тэнцээд явсан хүүхдийн ходоод нь 14 см орчим урагдсанд л хамаг учир буй хэрэг. Тиймээс ар гэрийнхнийх нь зүгээс гомдолтой гэж байв.
 
Тэгвэл энэ чимээ анирлаагүй шахам байхад Дундговь аймгаас цэрэгт татагдан Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан 19 настай Н гэгч барилгын хашаанаас нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд дэргэд нь цустай хутга байсан гэх мэдээлэл олныг цочирдуулав.
 
Цэргээ байхгүйг, бүр нас барсныг нь цагдаагийн байгууллагаас мэдсэн нь л тухайн анги хэр сахилга баттайг хэлчхэж байгаа гэсэн үг. Тэгээд ч цэргийн анги, хохир анги хоёр бол өглөө оройн тоог заавал хийдэг, хамгийн хатуу сахилга баттай газар шүү дээ. Гэтэл тус ангийн штабын дарга З.Баяраа 10 цэргийг гадуур буюу Галт-Уул компанийн барилга дээр ажиллуулж байсан нь ийм байдалд хүрэхэд нөлөөлчихлөө.
 
Мэргэжлийн байгууллагуудаас эл хэрэгт тухайн ангийн удирдахх албан тушаалтнуудыг буруутай гэж үзэн хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн нь нүдээ олсон хэрэг гэж олны зүгээс үзэж буй юм. Учир нь тус ангийн удирдлагууд өмнө нь хугацаат цэргийн албан хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулж цалинг нь ангийнхаа дансаар авч байсан байдаг.
 
Энэ мэтээр энх цагт эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохоор, “Эр хүн болоод эргэж ирнээ...” гээд зүүн хацраа үнсүүлээд явсан залуус эсвэл цаг бусаар хорвоог орхиж, эсвэл эрүүл мэндээрээ хохирч байхад “хүүгээ цэрэгт явуулна” гэх хүн ховордохоос ч яах билээ.
 
“Зуд ирвэл хуц ухнанд” гэгчээр БХ-ын сайд, дэд сайд, ЗХЖШ-ын удирдлагуудтай хариуцлага ярих нь тодорхой. Гэхдээ дүрмийн бус харилцаа гэх дэглэлт байсаар байгаа цагт энэ асуудал хөндөгдсөөр байх нь тодорхой.
 
Тиймээс мөрдөс нэгтнийхээ амь насыг хөнөөж, өргөсөн тангаргаасаа няцсантай дүйх хэмжээний үйлдэл хийж буй офицер, ахлагч, цэргүүдэд ч хүндхэн ял зэм оноож гэмээнэ сая ДЭГЛЭЛТИЙГ орвонгоор нь устгах учиртай гэдгийг БХЯ, ЗХЖШ-ын эрхэм генерал, хурандаа нар уг нь мэдэж л буй хэрнээ тэдний толгойг илсээр байгаа нь Дүрмийн бус харилцаа гэх “ДЭГЛЭЛТ БАЙХ ЁСТОЙ” гэдгийг зөвшөөрөөд байна гэж ойлгоход хүрч байна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-07-19 06:29:00
    Цэрэг нь нас бараад л дарга нь бригадын генерал болоод л Дотоодын цэргийн штаб нь СБын одон аваад л БХ-ын сайд нь цол нэмээд л дэслэгч гененрал аваадл ....