COVID-19:Австралид халдварын тоо эрс нэмэгдлээ

Австрали улсад коронавирусын омикроны дэд хувилбарууд хурдацтай тархаж, даваа гарагт халдварын 5450 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нэг өдөр бүртгэгдэж байгаа халдварын  хамгийн олон тохиолдол гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь онцолжээ. Учир нь тус улсад омикрон хувилбар тархаж байх үед буюу нэгдүгээр сард халдварын дээд тохиолдол 5390-д хүрч байсан билээ.

Үүнээс гадна бямба гарагт өдөрт 100 хүн амиа алдсан нь нас баралт эрс ихэссэнийг харуулж байна. Халдвар авсан хүмүүсийн 1000 гаруй нь асрамжийн газрын ахмад настнууд байгааг Засгийн газар нь мэдээлэв.

Ийн тус улс ахмадуудтай харилцах ажилтнуудынхаа тоог нэмэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ричард Марлес “Ахмад настны төвүүд ажиллах хүчний хомсдолд орсон учир цэргийн албан хаагчдыг есдүгээр сарыг дуустал дээрх төвүүдэд ажиллуулахаар болсон.Энэ нь халдварын тоо эрс ихэссэн үед хамгийн зөв шийдвэр юм” гэж “ABC” телевизэд ярьжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсын 9.1 сая иргэн халдвар авч, 11 мянга гаруй иргэн амиа алдаад байна. Үүнээс гадна эмч нар нь халдвар авч тусгаарлалтад орж байгаа нь эрүүл мэндийн салбарт нь том асуудал үүсгээд байна.

Халдварын тархалтын дүн мэдээллийг үзвэл тус улсад зургадугаар сарын сүүлээр омикроны BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд хурдацтай тархаж эхэлсэн байна. Энэ нь хүмүүсийн вакцины хамгаалах чадвар буурч эхэлсэн үетэй давхцсан гэж үзэж байна. Энэ өвөл Австралид COVID-19 болон томуугийн дэгдэлтийн үе давхацсан учир Засгийн газраас иргэдийг нэмэлт тун вакциндаа хамрагдаж, дотор газар маск зүүхийг уриалж байв. Мөн байгууллагуудыг цахимаар ажиллахыг зөвлөсөн билээ. Үүний үр дүнд 16-аас дээш насны иргэдийн 95 хувь нь хоёр тун вакциндаа, 71 хувь нь нэмэлт тундаа хамрагдсан юм.

 

Зууны мэдээ сонин
Б.Должинжав

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.