Д.Алтанхуяг: Сонгодог урлагт үзэгчдийг татах, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд "Цөмөөхэй" ихээхэн хувь нэмэр болно
Энэ удаагийн дугаартаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Бостон балет”, “Комаки балет”-ын гоцлол бүжигчин, “Монголын балетийн хөгжил” сангийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуягтай ярилцлаа.

-Эх орондоо хэзээ ирэв. Өмнө нь ирэхдээ дандаа богино хугацаагаар ирж байсан. Энэ удаад хэр удах вэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр нутагтаа ирлээ. Найман долоо хоногийн хугацаатай ирсэн.

-“Цөмөөхэй” бүжгэн жүжгээр сонгодог урлагт хайртай үзэгчиддээ бэлэг барихаар ирлээ. Энэ удаад та өөрөө найруулан тавьж байгаагаараа бас онцлог?

-Мариуса Петипа гэж алдартай хүний тавилтаар бид одоог хүртэл энэ бүжгэн жүжгийг тоглосоор ирсэн. Яахав тодорхой хэмжээний, бага зэргийн өөрчлөлтүүдийг оруулж дэглэдэг.

Үзэгчиддээ ойрхон байлгах үүднээс тэр шүү дээ. Энэ удаад “Бостон балет”-д тавигдаж байсан бүжгийн хэсгүүдээс орно. Дээрээс нь би өөрөө зарим өөрчлөлтүүдийг хийж, найруулгыг арай өөрчилж байгаа.

-Гадны бүжигчдээс урьж оролцуулах уу?

-Японоос 12 бүжигчид оролцож байгаа. Бусад гадны орны бүжигчдийгурих боломж алга. Уг нь бол ирэх хүсэлтэй бүжигчид байсан.

-“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцож байгаа хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар сонгосон. Хичнээн хүүхэд шалгарсан бэ?

-Нийслэл даяар сонгон шалгаруулалт хийсэн. Гол нь тухайн хүүхдийн авьяас, бүжиглэх дур сонирхол, эцэг эхийн анхаарал зэргийг харж сонголоо. Хүүхдүүд мэргэжлийн тайз гэж ямар байдаг, дээр нь сонгодог урлаг гэж ямар үнэтэй зүйл байдгийг илүү их ойлгож мэддэг болог.

Зөвхөн үзэгчийн суудлаас үзэх биш тайзны ард ямар их ажил өрнөж байдгийг хараасай гэж хүсч байгаа юм. Сонгодог урлаг гэдэг их диктатуртай, хатуу урлаг. Энэ урлагт суралцаж байгаа л бол үүнийг мэддэг байх ёстой. Дээрээс нь энэ их урлагийн сайн сайхан зүйлийг олж харахыг хүсч байна даа.

Нийт 300 очим хүүхэд шалгаруулалтад оролцсоноос 180 хүүхдийг сонгосон. Эдгээр хүүхдүүд бидэнтэй нэг тайзан дээр гарч бүжиглэнэ. Энэ дунд мэргэжлийн сургуулийн хүүхэд ч байна, мэргэжлийн бус ч сонирхдог хүүхдүүд ч байгаа.

Бид хүүхдүүдийн сайн, муу гэдэг дээр ач холбогдол өгсөнгүй. Хамгийн гол нь дур сонирхол. Эдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажилласныг, яаж мэргэжлийн бүжигчидтэй эн зэрэгцэн нэгэн тайзнаа бүжиглэхийг үзэгчид харах байх.

-Таны хувьд зөвхөн нээлт, хаалтын тоглолтуудад л бүжиглэнэ гэж сонссон?

-Нээлт, хаалтаа бол өөрөө хийнэ. Уг нь аль болох өөрөө олонхи тоглолтонд оролцмоор байна. Гэхдээ найруулах ажил дээр ажиллаж байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй юм.

-Таны оролцоогүй тоглолтонд ямар бүжигчин таныг орлох вэ. Мөн бусад дүрүүдэд ямар бүжигчид бүжиглэх бол?

-Энэ тухай удахгүй албан ёсоор зарлана. Энэ долоо хоногт багтаад зарлах байх. Яг одоогийн байдлаар гурван групп ажиллаж байна. Гол дүрүүдэд ч гурав гурван хувилбарууд байгаа. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид оролцож байгаа.

-Ирснээсээ хойш нэлээд шахуу ажлын хуваарьтай ажиллаж байна. Энэ их ажлын хажуугаар өөрийнхөө бэлтгэл сургуулилтыг хэрхэн амжуулж байна вэ?

-Маш олон зүйлээс шалтгаалаад ажлын хуваарь ийм шахуу болоод байна л даа. Тоглолтын тайз засалтаас авахуулаад бүжигчидтэйгээ ажиллах гээд бүх зүйлүүд дээр өөрөө оролцон ажиллаж байгаа болохоор цаг зав муу байна.

Ирснээсээ хойш яг л ийм завгүй хүн болоод байна.Тоглолтонд оролцох хүүхдүүдтэйгээ бас ажиллаж байгаа. Өглөө 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хүүхдүүдийн бэлтгэл үргэлжилж байна.

Нэг зүйлд их баяртай байгаагаа хэлмээр байна. Манай эцэг эхчүүд их хариуцлагатай байгаа. Хүүхдүүдийн бэлтгэл, тавьсан шаардлагуудыг маш сайн биелүүлж байна. Хүүхдүүд ч өөрсдөө маш идэвхитэй байгааг харах сайхан байна.

Уг нь бол би өөртөө маш их цаг зарцуулах ёстой шүү дээ. Гэхдээ яахав боломжоороо өөрийнхөө бэлтгэлийг хийж байна. Бусад бүжигчдээ орохоос өмнө өөрийнхөө бэлтгэлийг хийж амжуулж байна.

-Ер нь таны нэг өдрийн бэлтгэл сургуулилт хэдэн цаг үргэлжилдэг вэ?

-Хамгийн багаар бодоход л дөрвөн цаг байдаг юм. Дунджаар зургаан цаг. Дасгал, сургуулилтаа хэдий чинээ их хийнэ, тэр хэрээр амжилтанд ч, эрүүл мэндэд ч тустай байдаг.

-Ид бэлтгэл сургуулилтын үеэр их ядардаг байх. Хоол унднаас авахуулаад анхаарах зүйл бишгүй. Таны хувьд хэр их дэглэм барьж байна вэ?

-Дэглэм барилгүй яахав. Аль болох зохицуулаад л явахыг хичээж байна. Их хөлөрч байгаа үедээ кальци ихтэй хүнс хэрэглэнэ гэх мэтчилэн. анхаарах зүйлүүд бий шүү. Ер нь бүжигчид гэлтгүй бүх л хүмүүс үүнд анхаарах хэрэгтэй байх.

-“Цөмөөхэй” бүжгэн жүжиг маань нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээндтавигдах гэжбайгаа. Тэгэхээр нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт орж байгаа байх?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар маш их дэмжиж байгаа. “Цөмөөхэй” бүжгэн жүжиг нь сонгодог урлагийн дотор маш том байр суурийг эзэлдэг.

Шинэ жилээр тоглодог цорын ганц балет. Энэ бүжгэн жүжгийг олон түмэнд хүргэхэд хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаа. Мөн энэ бүжгэн жүжиг маш их өртгөөр босч байгаа.

Дан ганц нийслэлээс гадна манай “Монголын балетийн хөгжил’’ сантай хамтран ажилладаг олон байгууллага бий. Сонгодог урлагт үзэгчдийг татах, энэ урлагийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох байх.

-Таны хувьд “Бостон балет”-тай хийсэн гэрээгээ жил бүр сунгаад явдаг. Яагаад урт хугацааны гэрээ хийхгүй байна вэ?

-Тиймээ. Жил жилээр сунгаж явдаг. Урт хугацааны гэрээг би өөрөө хийдэггүй. Миний төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт орж болно шүү дээ. Тэгэхээр урт хугацааны гэрээ хийх хэрэггүй.

Энэ жилийн гэрээндээ гэхэд л би Монголдоо найман долоо хоногийн хугацаатай ирэх ёстойгоо оруулж өгсөн байсан. Тэр төлөвлөгөөнийхөө л дагуу ирлээ. Ирэх жил би юу ч төлөвлөж магадгүй болохоор урт хугацааны гэрээ хийх шаардлагагүй.

-Өөр бусад гаднын театруудаас хамтран ажиллах санал ирж байна уу. Хараад байхад Азийн орнууд таныг их сонирхож байгаа харагддаг?

-Харин Азиуд л их сонирхоод байгаа юм /инээв/.

-Гэхдээ Японы эзэн хааны театрын удаан хугацааны гэрээ хийх саналд яагаад татгалзчихсан юм бэ?

-Тийшээ суурин очно гэхээр боломжгүй байгаа юм. Түүнээс биш үе үе очиж тоглож байгаа. Жилд багаар бодоход хоёр удаа очиж бүжиглэж байгаа.

-Дотооддоо манай сонгодог урлаг их үнэлэмж муутай болчихож. Таныхаар Монголын сонгодог урлагийг дэлхий дахинд хэрхэн үнэлж байна вэ?

-Яаж ч бодсон манай сонгодог урлаг их зогсонги байдалд орчихоод байгаа. Би 2000 онд сургуулиа төгсч байсан. Гэтэл өнөөдөр 2014 онд яг л нөгөө л бахь байдгаараа.

Энэ хооронд олон улсын тэмцээн уралдаанд явсан хүн тоотойхон хэд л байна шүү дээ. Би энэ асуудалд их эмзэглэж явдаг юм. Тийм ч учраас илүү их юм хийчих юмсан гээд л хичээж байна. Ур чадварын хувьд бид хаа ч гологдохгүй, хэнээс ч дутахгүй.

-“Монголын балетийн хөгжил” сангийн үйл ажиллагааны тухай сонирхъё. Сангийнхаа хүрээнд хэд хэдэн томоохон хэмжээний тоглолтоор ард түмнээ баярлууллаа шүү дээ?

-Нэгдүгээрт, би өөрөө мэргэжлийн хүн, хоёрдугаарт, балетын хөгжилд оруулж чадах хувь нэмэр юу байна, гуравдугаарт, хүн зүгээр байснаас ямар нэгэн зүйл хийж байх нь дээр гэж бодсон. 40-50 жил эх орондоо балетыг хөгжүүлж ирсэн ахмадуудынхаа хүч хөдөлмөр, уламжлалт өвийг цаашид хэрхэн дэлгэрүүлэх вэ гэсэн асуулт гарч ирсэн.

Тэр ч утгаараа “Балетын хөгжил сан" байгуулах нь эхний ажил юм байна гэж бодоод энэ санг байгуулалцсан. Хийгдэж буй ажлуудын цаад санаа нь балет, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэхийг хүсч байна.

Нийгэмд тодорхой хэмжээнд нөлөөлөх байх гэж бодож явдаг. Одоогоор бүх л анхаарал энэ “Цөмөөхэй’’-д чиглэчихээд байна. Өмнө нь хийж байсан гала тоглолтуудаас хэд дахин илүү. “Бостон балет-д энэ бүжгэн жүжиг 700 хүний оролцоотойгоор бүтдэг. Г этэл энд бид долуулаа шахуу л гүйж байна шүү дээ.

-“Night og Ballet”-ийг тэсэн ядан хүлээж байгаа үзэгчид байгаа байх?

-Хийнэ гэсэн бодол байгйа. Одоогоор бүрэн шийдэгдээгүй байна. Мөн өндөр түвшинд зохион байгуулахын тулд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө шаардагдана. Ер нь сонгодог урлаг маань их хөрөнгө шаардагддаг урлаг шүү дээ.

Энэ сонгодог урлагт орохын тулд тухайн уран бүтээлч өөрөө маш их хөрөнгө зарцуулдаг. Гэтэл тэр уран бүтээлчийг Монголд авчрахын тулд тодорхой зардал гарна. Тэр дундаа бас тайзыг эзэгнэж байгаа уран бүтээлчийг авчирчихмаар байна. Энэ мэтчилэн асуудал их байна.

-Ингэхэд гарын шавь бэлтгэж эхлэх бодол байна уу?

-Бэлтгэхийн хувьд бэлтгэнээ. Өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахыг хүсэлгүй яахав. Гэхдээ балет маань залуу хүний урлаг шүү дээ. Бид үсрээд л 40 гартлаа бүжиглэнэ. Тэгэхээр яг одоо миний бүжиглэх ид үе. Тийм учраас энэ ид үедээ өөрийн уран бүтээлдээ анхаармаар байна.
 
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine