Авьяасын үргэлжлэл Х.Баярмаа

Зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай ховор заяаг олж, хорвоод мэндлэхдээ хүмүүний амьдрал өөр өөрийн замналаар хөвөрдөг.  Хүмүүний сэтгэлийг хөндөж, уярааж, догдлуулж, бас хөнгөн гунигт автуулдаг зүйл бол урлаг билээ. Тэгвэл урлагийн замналаар удмын хэлхээ тасрахгүй яваа нэгэн гэр бүлийг  онцолж байна. Монголын кино урлагийн алтан үеийнхний төлөөлөл болсон нэгэн эрхэм бол Гавьяат жүжигчин, найруулагч Ё.Цог юм. Тэрбээр олон кинонд найруулагч, дуу оруулалт хийж, бүтээсэн дүрээрээ ард түмнийхээ дунд амьдарч буй нэгэн. Ё.Цог гуайн хүү найруулагч  Ц.Хүсэлбаатар Монголын хошин урлагийн анхдагч продакшны нэг  болох “Өнгөт инээд”-ийг үүсгэн байгуулж, олон жүжигчдийг урлагийн замд хөтөлсөн.  Харин бэр нь  Гавьяат жүжигчин С.Өлзийхүү.

Өвөөгийнхөө, аав ээжийнхээ урлагийн замналыг ач нар нь үргэлжлүүлж, эх орныхоо хийгээд,  дэлхийн тайзнаа гялалзаж явна.  Тиймээс энэ удаагийн “Удмын бахархал” буландаа Ё.Цог гуайн ач жүжигчин, зохиолч, продюcсер Хүсэлбаатарын Баярмааг урилаа.

Урлагаар амьсгалж, амьдарч нийгэмд  түүчээ, үлгэр дуурайлал болж буй нэгэн  гэр бүлийн ертөнцтэй танилцахаар түүнийг зорьсон юм. Тэрбээр бидний ярилцлагын уриалгыг хүлээн авч, өвөө, аав, ээжийнхээ тухай сонирхолтой яриаг өрнүүллээ.

 

VIII БОГД ЖАВЗАНДАМБА БУЮУ Ё.ЦОГ


Ё.Цог хүү Ц.Хүсэлбаатарын хамт.

Ё.Цог 1944 оны бичин жилд төржээ. Тэрбээр Хэнтий аймгийн уугуул. Цэрэгт татагдахдаа үлээвэр найрал хөгжмийн ангид хуваарилагдаж түүний урлагийн замнал эхэлсэн аж. Таван жил цэргийн хөгжмөөр хичээллэж, дараа нь драмын урлагт хөл тавьжээ. Ё.Цог гуай цэргийн үлээвэр хөгжмийн  концертоо дуусгачихаад  алтан үеийн жүжигчдийн  бэлтгэлээ хийж байгааг үзэж,  тэдэн шиг болохыг мөрөөддөг байсан  гэнэ. Нэг өдөр “Гарын таван хуруу” кинонд тоглосон Л.Лхасүрэн (Шагдар) Улсын хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчин шалгаж авч байна гэжээ.  Ингээд шалгалт өгч тэнцээд дагалдан жүжигчин болсон түүхтэй. Дараагаар нь кинонд дуу оруулах боломж олдсон түүний бас нэгэн авьяасаа нээсэн цаг хугацаа байжээ. Монголын кино дуу оруулалтын мастер болсон гавьяат жүжигчин У.Цэнд-Аюуш (Ягаан Гажид), Д.Элбэгсайхан зэрэг хүмүүстэй  хамт  ажиллаж байсан  аж. Ё.Цог гуай олон кинонд дүр бүтээсэн. Тухайлбал, “Их замын тоос” киноны Сугар жолооч, “Говь хянганд тулалдсан” нь кинонд Японы Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа, “Зарлаагүй дайны оршил”, “Бид мартахгүй” зэрэг киногоор  үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Түүний ажилласан олон сайхан дүрээс  цойлох нь VIII Богд Жавзандамба хутагтын дүр байдаг. Үүнээс хойш Ё.Цог гуай Монголын хийгээд дэлхийн кино урлагийн салбарт, олон өнгө аяс бүхий дүрүүдэд ажиллаж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болон явна. Ё.Цог их сургууль төгсөөгүй ч удмаас заяасан авьяасаараа  урлагийн ертөнцөд тод гялалзаж буй нэгэн аж.

“ӨВӨӨ МИНЬ ГОЁ ЗУРДАГ”

Ё.Цог гуайн ач Х.Баярмаа өвөөгийнхөө тухай ийн бидэнтэй ярилцсан юм. Тэрбээр  “Гэр бүлийн минь  бахархал, хэзээ ч ганхашгүй  хамгийн том түшиг, ноён нуруу бол өвөө. Өвөөдөө маш их хайртай. Уран бүтээлээ олон жил хийгээсэй гэж хүсдэг. Б.Дамчаа гуайтай хамт  монголын түүхэн гайхалтай олон кинонд  эсрэг дүрүүд бүтээсэн өвөөгийн тоглосон кинонуудыг үзэж өссөн гэлээ. Мөн “Аюултай харилцаа” кинон дээр өвөө нь түүний аав болж тоглосон нь мартагдашгүй дурсамжийн нэг аж. Өвөө минь одоо ч уран бүтээлдээ ажиллаад завгүй яваа. Нэг  мэдэхэд Хөвсгөл эсвэл Хэнтий аймагт явж байна гэдэг. 80 гаруй насыг зооглож байгаа ч  мэргэжлээрээ ажиллаад, үр хүүхдүүд, залуустаа үлгэр дуурайлал  болж яваа хөдөлмөрч хүн. Өвөөгөө  байгалиас заяасан төрөлхийн авьяастай хүн гэж боддог юм.  “Авьяасыг сурч олдоггүй.  Авьяас төрдөг гэж”  ярьдаг шүү дээ. Өвөө маань кинонд тоглохоороо хөдөө орон нутаг, алс хол явчихдаг  учраас түүхэн киноны дүр дээр ажиллаж байхыг нь дэргэдээс нь харж байгаагүй. Өвөөгийнхөө тухай нэг уран бүтээлд  хамт ажилласан хүмүүс , найзуудаасаа  сонсдог.  “Их  цоглог, хошин шогийн мэдрэмжтэй, зүгээр ярихдаа хүртэл шүлэглэж уншиж ярьж  чаддаг” гэж хэлдэг.  Өвөө маань бүрээ, гитар, төгөлдөр хуур, тоглоно. Ер нь бараг тоглож чадахгүй хөгжмийн зэмсэг ховор. Мөн казах, дөрвөд, буриад гээд ярихгүй нутгийн  аялга байдаггүй. Ээж тоглолтод орохдоо дөрвөд, баяд аялгаар ярих болохоор өвөөгөөс  асуудаг. Өвөөгөөсөө нутгийн аялгуугаар ярихыг нь сурна.  Бас Герман, Франц хэлээр ярина.  Хэлийг логикоор нь их  хурдан сурдаг. Өвөөгөөсөө хэл  хурдан сурах авьяасыг нь өвлөсөн юм болов уу гэж боддог” гэлээ. Тэрбээр өвөөгийнхөө энэ олон гайхалтай авьяасаас нь зурахад нь илүү дуртай гэнэ. Өвөө минь их гоё зурдаг. Гэрийнхээ ханан дээр ач нартаа зориулаад цэцэрлэгийн хананд дээр байдаг зургийг зурчихсан байдаг гэлээ.  Мөн өвөөгийнхөө  ном хурдан уншдаг авьяасыг нь ч тэрбээр  өвлөжээ. Өвөөгийнх нь гэрт  том номын шүүгээ байдаг аж. “Морь унасан толгойгүй хүн”,  “Үүлэн зардас” , “108 боть” зэрэг ховор ном байдаг гэнэ. Энэ тухай “Би номонд дунд өссөн. Өвөө маань их ном уншдаг. Номыг их хурдан уншина. “Дөлгөөн дон”  нэгдүгээр дэвтрийг нь бараг гурван цагийн дотор уншаад дуусгаж байсан. Аав маань өвөөгийн номын сан дахь  номыг бүгдийг нь уншсан байх. Ном унших бидэнд багаасаа хэвшсэн зуршил учраас ном их хурдан уншдаг. Номын эхний хуудсыг  уншаад унтчихсан, эсвэл ойлгохгүй дараа уншина гээд орхичих  тохиолдол хүмүүст  ажиглагддаг. Номыг нээсэн бол  их хурдан уншиж дуусгах хэрэгтэй. Тэгвэл тухайн номын үйл явдлыг илүү хурдан ойлгоход тусалдаг” гэсэн юм. Тэрбээр өвөө маань эрүүл зөв хооллож, спортоор хичээллэдэг. Их мэдрэмжтэй, өвөөгөөсөө сурч, мэдэх зүйл маш их гэдгийг хэлж байлаа.

 

ӨВӨӨГИЙН “ЦАСАН ОХИН”

 

Түүний өвөөтэйгөө холбоотой сэтгэлд нь үргэлж тод буудаг дурсамжийн нэг бол  өвөө нь өвлийн өвгөн болоод, өөрөө цасан охин болж байсан үе гэнэ. Энэ тухай “Цэнхэр дээлтэй, цагаан сахалтай өвөө минь яг өөрөөрөө жинхэнэ монгол өвлийн өвгөн болдог. Өвөө шүлгээ уншихад,  би бүжгээ бүжиглэнэ. “Заа миний цасан охин явья” гээд л гайхалтай дурсамжийн минь нэг” гэлээ.  Өвөө маань хүн болгонтой  нэг  л аясаар харьцаж чаддаг. Аавыг өсгөхдөө  сургадаг  байсан  зүйл нь “Ямар ч хүнийг ялгаж  харьцаж болохгүй. Тэр хүн  ядруухан, баян ямар ч амьдралтай байж болно” гэж сургадаг байсан гэдэг. Аав маань өвөөгийн энэ  хүмүүжлээр хүүхдүүддээ захиж, сургаж өсгөсөн гэсэн юм.

“МАНАЙ ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН ЭРТЭЧ НЬ ААВ”

Ийнхүү бидний яриа түүний  аав, ээжийнхээ тухай өрнөсөн юм.  Тэрбээр аав ээж хоёроороо бахархахгүй байхын аргагүй. Ариун цагаан хөдөлмөрөөр амьдралаа бүтээж яваа гайхалтай хүмүүс.  Аав ээж хоёр маань хоорондоо төгс зохицсон гэр бүл гэж боддог. Аав зохиолоо сайн  бичдэг, ээж минь сайн жүжигчин учраас нэг нэгнийгээ  нөхөж чаддаг. Аав маань их өрөвч, зөөлөн хүн.   Өвөөгийн зураг зурах гайхалтай авьяасыг нь аав маань өвлөсөн.  Би өвөө, аав хоёрыг гайхалтай мэдрэмжтэй, сайн зураач болох байсан байх гэж боддог гэсэн юм.  Аав маань бас ном их  уншина, басс хоолойгоор  их гоё дуулдаг  гэлээ.

Тэрбээр аавынхаа бүх авьяасааас хамгийн дуртай нь зохиол бичих гэнэ. Зохиол бичих бол удмаас нь заяасан төрөлхийн авьяас  гэдгийг онцолж байлаа.  Аав нь зохиолоо бичихдээ олон талаас нь сэтгэж, логик гаргалгааг маш сайн олдог аж.  Аав өөрийгөө “Би сайн тагнуулч болох байсан байх”  гэж хошигнож ярьдаг юм” гэлээ.  Зохиолынх нь үйл явцыг ингэсэн байх гээд бодоход аав нь өөр өнцгөөс олоод харсан байдаг аж. Энэ  нь хүүхэд байхаасаа ном уншдаг байсантай нь холбоотой байх. Аав маань одоо ч  гэсэн ном их уншдаг.  Мэдэхгүй, уншаагүй ном ховор” гэлээ.  Манай гэрийн хамгийн  эртэч нь  аав гэдгийг онцолж байсан юм. Аав нь үүрийн дөрвөн цагт босож гүйчихээд, цайгаа уугаад, таван цаг  гэхэд  ажил дээрээ очдог гэнэ. Тэгээд  зохиолоо бичиж эхэлдэг аж.  Энэ тухай “Дэлхийн олон улсад бестселлер болсон  “Зуун жилийн ганцаардал” романы зохиолч Габриель Гарсиа Маркес энэ бүтээлээ 18 жил бичсэн гэдэг. Өдөрт  дөрвөн цаг л өрөөнөөс гардаг.  Эхнэр нь хамаг  мөнгөө үрээд, сүүлдээ нөхрийнхөө хажууд ажиллаж,  тус романыг бичээд дуусахад нь мөнгөгүй болж. Тэгээд  хамгийн сүүлийн үлдсэн ус буцалгагч, индүүгээ зарсан мөнгөөрөө номоо нийтлүүлсэн байдаг. Үүнтэй адил аав маань чанартай зохиол бичихийн тулд  их  боловсруулдаг. Ялангуяа киноны зохиолыг 2-3 жил  бодож,  судалж , бичиж  илүү сайжруулсаар эцсийн дүндээ хүрдэг. Ингэх тусмаа кино, уран бүтээл илүү төгс болдог байх. Аавын хувьд “Аюултай харилцаа” киноны  зохиолыг дөрвөн жил бодож,  судалсан байдаг. “Нинжин сэтгэл”  кино дээр гурван жил  ажилласан. Харин ээж маань  дайчин,  хурдтай.  Аливаа төлөвлөсөн зүйлээ хийнэ л гэсэн бол хийдэг” гэлээ.

ААВ МААНЬ “ҮНЭН ТОГЛО” ГЭЖ ХЭЛДЭГ

Аавынхаа найруулсан олон кинонд тэрбээр ажилласан. Мөн ээжтэйгээ 3-4 кинонд хамт тоглосон  байдаг. Энэ тухайгаа “Ээжтэйгээ уран бүтээлд тоглох хамгийн сайхан. Энэ мэдээж хүн бүрт олдох хувь завшаан биш байх. Үүгээрээ би их бахархаж, ээжээсээ их суралцдаг” гэсэн юм.  Аав маань  зургийн талбай дээр хэзээ  ч “Миний охин  ингээрэй, тэгээрэй” гэдэггүй. Харин ч бүр  хатуу ханддаг. “Яагаад цагаа барихгүй байна, “Энийг ингэх ёстой” гэнэ. Энд ажил явж байна.  Бусад хүмүүсийг хүндлэх ёстой” гэсэн журмаар ажилладаг.  Харин найруулагчийн зүгээс  “Үнэн тогло” гэж хэлдэг. Мэргэжлийн багш маань ч гэсэн тэгэж хэлдэг байсан” гэлээ. Мөн тэрбээр  аав зургийн талбай дээр жүжигчиддээ загнадаггүй. Жүжигчин мэргэжил  бодож, сэтгэж  тухайн дүрдээ ажилладаг учраас оюуны ажил. Тиймээс аргадаж ажилладаг найруулагч” гэлээ.  Мөн аав нь “Чи хэнтэй ч тэмцээгүй. Гагцхүү өөртэйгөө тэмцэх хэрэгтэй. Өөрийнхөө  ялж чадсан хүн хамгийн том ялагч. Харилцаан дээр,  хэн нэгнийг хайрлахдаа,  амьдрал дээр  өөрөөсөө бурууг эхлээд хайх хэрэгтэй” гэж хэлдэг аж.

“БИ ААВ ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРАН ДУНДААС УРГАСАН ЦЭЦЭГ”

 

Х.Баярмаагийн хувьд  урлагийн орчинд өсөж торнисон нь  түүнийг  энэ замд эргэлт буцалтгүй ороход нөлөөлжээ. СУИС-д тайзны урлаг болон кино урлагийн мэргэжлээр 2012 онд төгссөнөөсөө хойш жүжигчнийхээ мэргэжлээр ажиллаж байна. Мөн энэ хугацаанд 2016 онд АНУ-ын Миссури мужийн Missouri State University-д кино зохиолч, продюссер, найруулагч мэргэжлээр суралцсан юм. Х.Баярмаа сүүлд “Яг түүн шиг”  шоу нэвтрүүлэгт оролцож, гайхалтай жүжигчин, бас дуучин  гэдгээ харуулж чадсан билээ. Энэ түүний хувьд өөр мэдрэмж төрүүлсэн тайз, цаг хугацаа  байсан гэдгийг онцоллоо. Мөн 2012 онд  дэлхийн миссийн тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцсон авьяаслаг нэгэн. Энэ жил  загварын тайзнаа гарах төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан  юм. Энэ сарын 23-нд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Дайрлага”  уран сайхны киногоор үзэгчтэйгээ уулзах гэж буй.

 Тэрбээр аав ээжтэйгээ өнгөрүүлж байгаа цаг хугацаа  бүр хамгийн нандин, үнэ цэнтэй, юугаар ч орлож боломгүй сайхан дурсамж.  Би аав ээжийнхээ хайран дундаас ургасан цэцэг нь. Намайг маш их хайраар хайрлаж өсгөсөн. Аав ээж минь надтай ярилцахаас гадна хувийн орон зайг минь хүндэлдэг. Тиймээс энэ мөн чанарууд  надад ч суусан гэж боддог гэсэн юм. Ийнхүү удмынхаа авьяасын үргэлжлэл болон гялалзаж яваа тэрбээр олон гайхалтай уран бүтээл хийж,  урлагийн ертөнцөд илүү тод гялалзах  нь гарцаагүй биз.  
 

Зууны мэдээ сонин
П.Амгаланбаяр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-09-13 03:42:56
    ЦУЛ АВЬЯАС мундаг охин,амжилт хүсье!
  • Иргэн 2022-09-13 02:24:12
    Үнэхээр сайхан гэр бүл. Ё.Цог гуай мундаг жүжигчин. Өвөөгийнхөө,аав ээжийнхээ удмыг нэр төртэй залгамжилж яваа Х.Баярмаад урлагийн өндөр амжилт хүсье !
  • Zochin 2022-09-13 00:27:45
    Amjilt husye!
  • Zochin 2022-09-12 14:42:43
    Сайн охин амжилт хүсье хүн чанараа л бүү алдаарай
  • Davaa 2022-09-12 05:58:47
    Avyaslag ohind undur amjilt husie! Mundag shuu