“Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ий захирал Д.Энхбаярыг цагдан хорьжээ
“Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ий захирал Д.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьжээ. Д.Энхбаяр нь төр хувийн хэвшлээ дэмжихгүй, хамтран ажиллахгүй хааж боож байгаа талаар сүүлийн үед эрчимтэй ярьж, өөрийн дуу хоолойгоо хүргэж байсан нэгэн.  Учир нь 2018 оноос төслийн ажил нь эхэлсэн “Дарханы арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил улс дэд бүтэц шийдэж өгөхгүй байгаагийн улмаас өнөөдрийн байдлаар бүрэн гацсан байдалтай байна.Түүгээр ч үл барам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өөрийн харьяандаа дээрхитэй яг адилхан үйлдвэр барихаар  2020 онд “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит компани байгуулан ТЭЗҮ хийлгэн ажлаа эхлүүлсэн байна. “Дарханы арьс ширний цогцолбор” нь  ашиглалтанд орвол 1 жилд 10 сая арьс шир, 11 мянган тонн ноос ноолуур боловсруулах, мөн бусад дайвар бүтээгдэхүүнүүд боловсруулах хүчин чадалтай, харин төрийн байгуулж байгаа “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт”  нь үүнээс 2,5 дахин бага хүчин чадалтай байхаар байна.



Хувийн хэвшлээ дэмжин “Дарханы арьс ширний цогцолбор”-ыг бүрэн ашиглалтанд оруулсан бол төрийн нуруун дээрх ачаа хөнгөрч, иргэдэд ажлын байр нэмэгдэж, үнэгүй хаягдаж буй арьс шир үнэд орж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал нөхцөл бүрдэхээр байна. 
       
Монгол Ардын нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна. Мал, амьтны гаралтай арьс, шир, үс, ноос, ноолуурыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулна” хэмээн тусгасан байдаг.

“Дарханы арьс ширний цогцолбор” төслийн явцтай одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан, Дарханаас УИХ-д сонгогдсон гишүүд зэрэг төрийн эрх бүхий албан тушаалтанууд бүгд л ээлж дараалан очиж төрөөс бүх талаар дэмжихээ илэрхийлэн, өөрсдийн намын мөрийн хөтөлбөрөө биелүүлж байна, амалсандаа хүрч байна хэмээн сурталчилгаа хийсэн байдаг. Ард иргэд, малчид ч үнэгүй хаягдаж буй арьс шир,малын түүхий эд үнэд орох нь гэж баярлан хүлээж авсан. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ төр ажлыг нь бүрэн гацаасан төдийгүй, өөрсдөө ижил төрлийн үйлдвэр байгуулахаар ажиллан хувийн хэвшлийн бизнесийг “дээрэмдсэн” явдал болж байна.

Хамгийн хачирхалтай нь У.Хүрэлсүх “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалттай танилцсанаас яг хоёр сарын дараа “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулсан нь өнөөдрийн "төрийн дээрэм"-ийн эхлэл болсон байдаг. Мөн тэрээр Ерөнхий Сайд байхдаа МАК, Хөтөл, арьс шир, газрын тос гээд бүх үйлдвэрт очиж танилцаж байж, гэтэл одоо эдгээр бүх үйлдвэр төрийн “махны машинд хэрчүүлж” байна.



Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй, харин ч хамтарч ажиллаж дэмжинэ гэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан боловч бодит байдал дээр эсрэгээр ажиллаж байгаагийн нэг жишээ энэ юм. Дээрэмдүүлэхгүй, зах зээлээ өгөхгүй гэж тэмцсэн захирлыг нь цагдан хорьж байгаа нь хувийн хэвшлүүдийг булаах, дээрэмдэх төрийн дээрэм цагаандаа гарсныг харуулж байна.

У. Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхаасаа танилцахаар очсон үйлдвэр, хувийн хэвшлийн бүтээн байгуулалт бүр өнөөдөр төрд булаалгаж буй нь санамсаргүй тохиолдол уу, эсвэл санаатай үйлдэл үү.
 
С.Гэрэл
www.olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.