Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна

-“Ulzii& Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр


- 2022 он бол хөрөнгийн зах зээлийн хувьд бас нэгэн содон үйл явдалтай жил болж байна. УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, арилжааны банкуудыг хувьцаат компани болгох шаардлага тавьсан. Энэ ер нь зөв алхам уу. Мэргэжлийн хүний хувьд Та юу гэх бол?

- Банкны тухай хуульд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулж ялангуяа системийн таван банкийг эхний ээлжид олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилж гэсэн шаардлага тавьсан. Энэ бол маш зөв алхам. Би зөвхөн өөрөө хөрөнгийн зах зээлд ажилладаг хүний хувьд ч юм уу, эсвэл хөрөнгийн зах зээл рүү шинэ бүтээгдэхүүн орж ирлээ гэдэг өнцгөөс асуудалд хандаагүй гэдгээ тодотгоё. Маш олон талын ач холбогдолтой учраас л энэ алхмыг дэмжиж байна. Учир нь, банкууд олон нийтэд нээлттэй, олон хувьцаа эзэмшигчтэй болж, хяналтад орох нь маш их давуу талтай. 

Олон нийтээс хөрөнгө мөнгө татаад санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Яагаад гэвэл, тэнд маш олон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өөр дээрээ татан төвлөрүүлээд цаашаа зээл болгон гаргаж байгаа. Санхүүгийн зуучлалын ийм үйл ажиллагаа явуулж байгаа учраас мэргэжлийн ёс зүйн хүрээнд, зориулалтын дагуу тэр хөрөнгө шударга зарцуулагдах ёстой. Гэтэл зөвхөн банкны эзэд, эсвэл эзэдтэй холбоотой этгээд рүү л зээл гаргах, эсхүл бусдын мэдээллийг эзэмшиж байгаа давуу талаа ашиглах зэрэг үйдлүүд гарах магадлалтай.  Иймээс хяналтад оруулах нь зүйн хэрэг. Ийм хяналтгүйгээр банк зөвхөн нэг эзний гарт, эсвэл нэг хэсэг хүнд бүх эрх мэдэл нь төвлөрөхөөр эцэстээ улс төр, бизнес дамнасан бүлэглэлийг бий болгож байна. Энэ нь цаашлаад өмч хувьчлалыг өөрсдөдөө ашигтай хийх, эд баялгийн хуваарилалт шударга бус явагдах, эрх тэгш бус байдал гаарах үндэс болдог. Тиймээс нэгэнт л олон нийтээс мөнгө татаж санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа нь  олон нийтэд нээлттэй байх ёстой юм. 

Хоёрдугаарт, баялгийн хуваарилалт. Бид хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг сайн ойлголгүй,  зөвхөн банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой явж иржээ. Тэгвэл өнөөдөр зарим арилжааны банкны өөрийн хөрөнгө нь мянга дахин нэмэгдсэн байна. Тэр баялгийг тэнд ажиллаж байгаа ажилтнууд, тэнд хадгаламжаа байршуулсан харилцагчид, тэр банкнаас зээл аваад хүүтэй нь хариуцлагатай төлж байгаа аж ахуйн нэгжүүд гээд энэ харилцаанд орж байгаа бүх талууд бий болгож байгаа баялаг. Бий болгосон баялгийг олон нийтэд хуваарилдаг нь хөрөнгийн зах зээлийн ач холбогдол. Сүүлийн үед Монголын компаниудын хандлага ийм болж байна. 

- Тодруулахгүй юу?

- Ганц жишээ татъя л даа. Өнөөдөр яагаад “Түмэн шувуут”-ын өндөгний борлуулалт ингэж их өсөөд байна вэ? Яагаад гэвэл “Түмэн шувуут” хувьцаат компани юм. Би тэр компанийн хувьцааг эзэмшиж байгаа учраас тэдний л өндгийг авч хэрэглэдэг. Эзний сэтгэлээр хандаж байна гэсэн үг. “Түмэн шувуут”-д орлого оруулснаараа эргээд би тэндээс ногдол ашиг авч байна. Тэр компанийн хувьцаа өснө гэдэг миний хөрөнгө нэмэгдэж байна гэсэн үг. Баялгийг бий болгодог, баялгийн тэгш хуваарилалт хийдэг талбар нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, дундаж давхрагын амьдралын чанарыг дээшлүүлдэг.  

- Банкны тухай хуулиар арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болох ёстой. Гэхдээ танай компани яагаад Төрийн банктай хамтран ажиллах болов. Иргэд яагаад Төрийн банкийг сонгож, хувьцааг нь авах ёстой вэ?

- Яагаад Төрийн банкны хувьцааг авах ёстой вэ гэдэг талаар би энд маш олон шалтгааныг нэрлэж болно л доо. Гэхдээ маш товчхон гурван шалтгааныг хэлье. Хөрөнгийн зах зээл дээр хамгийн найдвартай үнэт цаас юу байдаг гэхээр Засгийн газрын үнэт цаас. Яагаад гэвэл төр оршин тогтнож байгаа цагт тэр үнэт цаасны эргэн төлөлт хийгдэнэ.. Хувьцаан дээр ч ялгаагүй өнөөдөр Төрийн банкийг төр эзэмшиж байгаа. Монгол тусгаар тогтносон улс л юм бол, төр оршиж л байгаа бол энэ банк үйл ажиллагаагаа явуулж л байна. Төрийн банк бол баталгаатай, найдвартай. Хоёрдугаарт, Төрийн банкны өөрийнх нь үйл ажиллагаа. Бид системийн таван банкуудыг харж байгаа. Мэдээж Төрийн банк бол цаг хугацааны хувьд нэлээд хожуу байгуулагдсан. Тэгсэн атлаа санхүүгийн үзүүлэлтийг нь харахад жилээс жилд тогтмол өсөлт үзүүлж байгаа банк. Цэвэр ашгийг нь харахад жилийн 7.2 хувьтай байна. Ковидтой, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Төрийн банкны үйл ажиллагаа сайжирсаар, ашиг нь нэмэгдсээр байгаа юм. Ганц тоо хэлэхэд, 2022 оны эхний хагас жилийн тайлангаа банкууд гаргалаа. Төрийн банкны цэвэр ашиг эхний хагас жилд 69.8 тэрбум төгрөг байгаа юм. Энэ тоог маш сайн анхаарах ёстой. Учир нь, Төрийн банкийг олон нийтэд санал болгохын тулд бид үнэлгээ хийх ёстой. Төрийн банкны бизнес төлөвлөгөө, бидний үнэлгээгээр 2022 оны жилийн эцсээр 32 тэрбумын цэвэр ашигтай гарах нь гэсэн төсөөлөл байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилд  70 орчим тэрбумын цэвэр ашигтай ажиллачихсан байна. Тэгэхээр эндээс л Төрийн банк ямар үсрэнгүй өсөлт үзүүлж байгааг харчихаж болж байгаа юм. Гуравт үнэлгээ. Өнөөдөр Төрийн банкны нэгж хувьцааг 590₮-өөр олон нийтэд санал болгож байгаа. Энэ нь маш бодит үнэлгээ болсон.  

- Уучлаарай, гэхдээ системийн зарим банк 2022 оны эхний хагаст 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байсан шүү дээ. 

- Тийм ээ, үнэн. Гэхдээ зарим зааг ялгааг ойлгох хэрэгтэй юм. Зөвхөн ашгийн хэмжээ гэсэн ганц тоог харж болохгүй. Таны хэлдэгээр зарим банк 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байхад Төрийн банк 70 тэрбум байна. Гэвч тооноос гадна чанар чухал. Хөрөнгө оруулагч үнэ, тоо харахаас гадна өгөөж харж хөрөнгө оруулах ёстой юм. Хэдий 130, 140 тэрбумын ашигтай байлаа гээд өгөөж нь 7, 8 хувь байж болно ш дээ. Харин Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.6 хувь буюу системийн таван банк дотроо нэгт явж байгаа үзүүлэлт юм. 

- Та яриандаа Төрийн банк төрийнх учраас баталгаатай гэлээ. Гэтэл үнэндээ сонгуулиас сонгуулийн хооронд Монголд олон юм дагаж савладаг. Тэр тусмаа төрийн оролцоотой бүхэнд улс төрийн нөлөөлөл гарч ирдэг шүү дээ. Өөр нам гарч ирээд л энэ бүх бодлого буруу явжээ гээд өөрчлөх эрсдэл байгаа юм биш биз дээ?

- Үнэхээр зөв асуулт. Ний нуугүй хэлэхэд, би Төрийн банкны андеррайтер болохоос өмнө таны сая хэлдэг эрсдэлээс айж л байсан. Төр хамгийн муу менежер гээд л Хөгжлийн банктай хольж хутгах хүнтэй ч таарч байсан. Гэтэл Төрийн банк бол ашгийн төлөө байгууллага. Бусад арилжааны банктай яг адилхан Монголбанкны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсны нэг нь Монголбанкны хяналт зохицуулалт илүү чангарсан. Банкны засаглалтай холбоотойгоор маш хатуу шаардлагууд тавигдаж байгаа. Мөн банкны харьцаа үзүүлэлтийг чангатгасан. Тэгэхээр Төрийн банкинд жирийн нэг улс төрийн томилгооны хүн очоод үйл ажиллагааг нь явуулах боломжгүй болсон. Яг мэргэжлийн хүн мэргэжлийн түвшинд зохицуулалт хийх орчинтой болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Төрийн банк эхний ээлжид 5 хувиа олон нийтэд нээлттэй болгоно. Шат дараалалтай 20 хүртэл хувиа олон нийтэд нээлттэй болгох юм. Олон нийтэд ингэж нээлттэй болно гэхээр олон арван мянган хувьцаа эзэмшигчидтэй болно. Зөвхөн төр шийдвэр гаргахгүй, хамтаараа шийдвэр гаргана. Банкны үйл ажиллагаанд, хувьцаа эзэмшигчид ч хатуу хяналт тавина. Төрийн банк олон нийтийнх болсноор тэнд компанийн засаглалын кодекс үйлчилнэ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль үйлчилнэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, Монголын хөрөнгийн биржийн зохицуулалтад ч давхар орно. Тал талд олон байгууллагын хяналтаас гадна иргэдийн хяналт ороод ирэхээр улс төр орох ямар ч орон зай үлдэхгүй. 

- Төрийн банк шууд 20 хувиа олон нийтэд санал болгохгүй, яагаад эхний ээлжид 5 хувь гэж байгаа юм бэ?

- Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас л хамаарсан. Өнгөрсөн онд эдийн засагт өсөлт гарах нь байтугай хасахтай гарлаа шүү дээ. Гэтэл эдийн засаг ийм байх үед Төрийн банк холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлж олон нийтэд нээлттэй болох гэж байгаа. Эдийн засаг тааруу үед компаниудын үнэлгээ ч дагаад бага гардаг. Тиймээс яг ийм нөхцөлд IPO хийж байгаа учраас эхний ээлжид 5 хувь гэсэн юм. Дараа нь шат дараатай 15 хувь гарч, 20 хүртэл хувиа олон нийтэд санал болгоно. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал сайжирч, эдийн засаг сэргэх үед үлдсэн 15 хувийг санал болгоно гэж бодож байгаа. 

- Төрийн банк хувьцаа гаргалаа ч хувьцааг нь авч дийлэхгүй байх, бидэнд олдохгүй байх гэсэн бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрт нээлттэй биз дээ? 

- Мэдээж нээлттэй. Нэгж хувьцааны үнэ ч эдийн засаг тааруу байгаа ийм нөхцөлд гаргаж байгаа гэдэг утгаараа маш бодитой тогтсон. Бид хувьцааныхаа 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 30 хувийг нь жижиглэнгээр буюу хөрөнгийн биржээр дамжуулж нээлттэй арилжаална. 

- Энэ нь ямар учиртай юм бэ. Стратегийн гэж тодотгоод хувьцаа авах гэсэн хүмүүсийн боломжийг хаах юм уу?

- Тэгж ойлгож болохгүй ээ. Энэ нь хаалттай гэсэн үг огт биш юм. Бүгд л хөрөнгө оруулагчдыг стратегийн болон жижиглэн гэж хуваадаг. Компанийнхаа үнэ цэнийг хамгаалах үүднээс хийж байгаа алхам юм. Жишээ нь, гадаадад IPO хийлээ гэхэд хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд ч гэдэг юм уу мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай харилцдаг. Харин манай зах зээл бол жижигхэн, жижиглэнгийн тоглогч давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөрөнгө оруулалт гэхээс илүү богино хугацааны тоглолт хийх гээд байдаг. Тэгээд бусдынхаа хөрөнгийг, хувьцааны үнэ цэнийг унагаад байдаг юм. Тиймээс андеррайтер компаниуд энэ компанийн үнэ цэнийг хадгалах, нийт хөрөнгө оруулагчдаа хамгаалах зорилгоор стратегийн болон жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэж хуваадаг юм. 

Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны нээлттэй арилжаа Монголын Хөрөнгийн биржид цан цохисноор маргааш эхлэх гэж байна. Энэ бол иргэдийн банкандаа эзэн суух боломж нээгдэж байгаа нэг хэлбэр. Арилжаа эхлэхээр манай компани болон Гүүдсек, бусад брокерын компани, Төрийн банкны Гялсбанкаар хувьцаагаа аваарай гэж хэлэх байна.



 
Бусдад түгээх
  • gplus