Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан боллоо. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих зэрэг 95 төсөл арга хэмжээ төлөвлөжээ.

Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах зэргээр 40 төсөл, арга хэмжээг төсөвлөсөн байна. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилгоор 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр 31 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Намын бүлгүүд болон хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөг чухал гэдгийг онцлоод, холбогдох албаны хүмүүсээс асуулт асуусан юм. Тодруулбал, нийслэлийн  цахилгаанд холбогдоогүй айлууд, ажлын байрны нөхцөл байдал, өрхийн эмнэлэг, спорт цогцолборын барилгын явц, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг асууж, төсөлд тусгах саналаа хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс гарсан нийт 14 саналыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар баталлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.