“Утгын чимэг” наадам болж шилдгүүдээ тодрууллаа

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр/2014.12.12/ Улсын Драмын Эрдмийн театрт боллоо. Энэ удаагийн наадам наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.

Наадам олон сайхан өгүүллэгүүд өрсөлдсөн бөгөөд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын “Цоожны ганц шүдлэн” зохиол нь тэргүүн байр эзэлж утгын чимэг боллоо.

Тэгвэл дэд байранд зохиолч Ц.Түмэнбаярын “Нангиад хатан”, гуравдугаар байранд зохиолч Б.Пүрэвдашийн “Зээрээ, зүрхээ хоёр”, дөрөвдүгээр байранд зохиолч Ц.Доржготов “Гичий чонын гиншээ” айргын тавд зохиолч М.Энхболдын “Хандгайн уруул” зэрэг бүтээлүүд шалгарсан байна.

Ингээд утгын чимэг наадмын тэргүүн байр эзэлсэн “Цоожны ганц шүдлэн” богино өгүүллэгийг хүргэж байна.
 
Цоожны ганц шүдлэн

Хэтний уу аяндаа ноцчихоор их халуунд хөх түрүү, хэдгэнэ дүнгэнэлдэж, омруу, цавь руу нь зээтүүлэн шунгаснаас унаа морь дэвхцэн цавчилж, толгойгоо сэжихдээ тахимд хавчуулаатай цулбуурыг суга татуут нь, босч мордоод хониныхоо араас хатируулав. Хонины түрүүч багийн ил дээр задгай мэлмийх худгийн халиан ус руу хошуурч, хэдэн сэрх тэргүүлэн харайж хүрчээ. Эзгүй хэдэн  байшин суурь богийн хөл аяс,  чимээ шуугианд цуурайтан тэрүүхэндээ суурин газрын хөг гаргаад, амь аялгуу орох шиг болох ажээ. Айлууд бүгд зусландаа гарч, шавар байшин, багийн төвийн танхим, хүн ер нь усанд орсон юм уу, үгүй юм уу, хэзээний л халуун усны байшин нэртэй жижиг цагаан байшин, хуучин муу модон пинтэй худгийн туурь, нурсан чулуун хороо, лууль шарилж багсайлдсан энэ тэрхэн ахуй амгалан налайна. Ар хойтоод нь ялимгүй гүдийх дэнж дээр алсаас өнгө муутай нь танигдаад байх жаахан гэр хий зэрэглээн дээр байгаа аятай өндөлзөн бөмбөлзөнө. Басхүү уйтгар гуниг, хүлээл, цөхрөлөөр санаа алдан царайчлах шиг санагдана. Худгийн асгар замагтуулан дэвэрсэн ус хялгалсан урсаад, мэлмэгнэн гүймэгтэх нь чив чимээгүй. Өдөр өдөрт гүнээсээ хэдий чинэн дэвлэвч, тэр дороо л халуутан бүгээтэх уснаас баглуурын мал шилэмдэх төдий болоод төдхөнөө хошууран гарч уулаадаан цувлаа. Хярын борог, хөвдөд эрүү чилж, махан тараг лаглайсан хонь, ямаа таван үе илүү ургасан хахмал багалуурт хошуу уулзуулж хужирсаа ханаад, нар сэгийг тусам илчлэн төөнөх халуун, ялаа дэлэнчээс дайжихын түүс ээ. Аргагүй л зуны хэц арын салхинд өвс сорчлох цаг улирлын малын араншин юм даа.

-          “Айл байна даа, ороод гаръя” хэмээн мөнөөх сүүмэлзэгч гэр лүү дөхөж очвол, сүүлний хонхорцог нь ширэлдсэн доожоогүй хөгшин банхар сүрхий духайн харснаа хуцсан ч үгүй шогшин ирж дагав. Нүдээрээ дүүрэн нуух гоожуулж, ноолуураа гээлгүй бахлайлгасан энэ амьтанд нохой нэр л үлджээ. Өглөөн сэрүүнд явсны ортой багахан үүрэг хуурай шар харгана, уутны ихэнхи тал аргалыг анзааран, морио тушиж суутал айлаас хүн гарч ирэх нь гэрийн эзээн.
-           Өчигдөр ар луу хонь дарж яваа хүн харагдсан. Та. Байж л дээ. Бөөрийн хөл рүү хонов уу даа. Ялаа барьчих гэж байгаа биз гээд мэндийн зөрөөгүй асуув.
-          Жаахан хөх хомоол унагасагны ачаар танагтай л хонолоо. Ялаа халуун хоёр мөн горьгүй байна шүү. Танайх харин яажшуу зусч байдаг айл вэ?
-          Зусахгүй гээд яах билээ. Цоожны нэг шүдлэнгийн эрхэнд л айл амьтны хэдэн тагз сахиж сууна даа. Орооч та! Гэхийн өнгө нь хүнтэй ярихын мөрөөс болжээ. Гэрийн зүүн хаяагаар сүйжилдэн хэвтээд, хараажаар тав зургаан нас хүрсэн хүүгээ үлгүүлж нялхамссан эхнэр хүн орж ирүүт залхуутайхан өндийж, хүүгээ түлхэн энгэрээ хумисхийв.
-          Энд чинь тэгээд хэдэн цоож байдаг юм бэ?
Хар хүн толгойгоо боосон дайртай алчуураа авч, нүүрээ тойруулан арчаад,
-          Нэг, хоёр, гурав гээд яс тоолохоор дөч гаруй хаалга цоож байдаг юм. Тэр болгоны цаана өмч хөрөнгө байдаг л байлгүй. Юмтай улс цоожоо баглаж баглачихаад л арилдаг. Намар олигтой юм барьж өгөх юм уу, үгүй юм уу, бүү мэд дээ. Ноднингийн айлд гурван цоожтой айл нэг амбаараас нь дусаал гоожсон гээд хоёр муу шүдлэн барьж өгсөн гэж манай энүүнд авгай нь ярьсан байна лээ гэж мөнөөх эрх нялуундаа дэлэндүүүлээстэй эхнэр рүүгээ дохиод,
-          Үгүй ээ, чи! Хүнд аяганы амсар зуулгаач гэлээ. Чухам ганц аж амьжиргааны нь тухай ярьснаас уу, хавь ойртоо хүн орж ирээгүйгээс үү, угаас сэхээ сийрэг мөхөсийнх үү, үүлгэртэж суусан эхнэр аяга авч, зуухан дээрх данхнаас цийдэн цай хийж өгснийг уувал зэлгээн ажээ. Тэгээд зуухны халив дээр жигнэсэн хуурай гамбиртай тавгийг явган сандал дээр тавьж дөхүүлэв. 
- Амбаарын дээврээс дусаал гоожихыг та нар бас хариуцах ёстой юм уу?
Цоожийг нь бүтэн байлгахыг манаж байвал барав биш үү? гэтэл, эзэгтэй хар хүнээсээ өрсөн,
- Хө-ш та минь, хэлээд юүхэв ээ. Ядруу улсыг чинт амьтан хүмүүс зоргоороо элэг барих юм. Юу ч гэж хэлсэн энэ муу сайнууд яав л гэж боддог шиг байна гээд суудлаа засан, үгтэж цуахлдсанаа мөнөөх "элэг баригсаддаа" хэлсэн юм шиг аминдаа шилбэлзэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nutag 2014-12-14 00:04:42
    umga aguulga ni yu yum boldoo huurhii... ydarsan humuus shigee yduu zohiolontsor baina daa
    202.179.10.94
    Мэдэгдсэн Хариулах
  • nutag  2014-12-13 13:13:45
    Mundag yumaa manai zoloo sain zohiolch boljee. Uran buteelin undur amjilt husen eruue
    103.229.120.114
    Мэдэгдсэн Хариулах
    • Anu.New York 2014-12-13 23:03:59
      Orchnii dursleliig sain gargajee...jaahan ulig bolson...uitgartai ym Orchin tsagiin ...shine ym humuus unshihiig husch b.a
      208.54.45.179
      Мэдэгдсэн Хариулах