Тэтгэлэгт шалгарсан миний түүх

Монголын хүүхдийн ордны дугуй зааланд 200 гаруй хүүхэд залуус цуглаж, мэдлэг туршлагаа хуримтлуулсан нэгэн өдөрлөг боллоо. Хэн нэгний гар утас дуугарахад “унтраа” гэж найздаа хэлэх хүүхдийн дуу чихэнд сонсогдож, тайзны хөтлөгч нээлтийн үгээ хэлснээр “Эртэч шувуухай” үйл ажиллагаа эхэллээ. Энд богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гадаад, дотоодын шилдэг мэргэжилтнүүдийн туршлага, мэдлэгээс суралцах боломж бүрдсэн юм. Оролцогчид завсарлагаанаар ч суудлаасаа босохгүй амьсгал даран сонссон хагас өдрийн арга хэмжээ маш сонирхолтой байв. 12 илтгэгч дөрөв дөрвөөрөө илтгэлээ танилцуулсан юм. Тэдний сонирхолтой илтгэлээс хүргэе.

 

ОЛОН УЛСЫН БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН Н.УУГАНБАЯР:ЭССЭНДЭЭ ДАВУУ ЧАНАРАА ШИГТГЭХ ХЭРЭГТЭЙ

-Миний хувьд дунд сургуулиа Налайх дүүрэгт суралцаж төгссөн. МУИС-ийн эдийн засгийн ангид орно гэсэн төлөвлөгөөтэй байсан ч чадаагүй. Харин мэдээлэл технологийн ангид багтсан. Сургуулиа төгсөөд ажлын байран дээр гартал миний хүссэн чиглэл биш байсан. Харин ажил хийж эхлээд англи хэлээ сайжруулсан. Хэсэг хугацааны дараа хувийн зардлаараа Англид суралцахаар явсан. Сул тал нь ажил хийхгүй бол зардлаа нөхөж чадахгүй болж хичээлээ орхих магадлал үүсдэг. Тиймээс хичээж байгаад сургуулиа төгсөх юм шүү гэдэг зорилгыг өөртөө тавьж дипломоо гардаж авсан.

Харин үүний дараагаар Чевненгийн их сургуулийн тэтгэлэг зарлагдаж тэнцсэнээр орсон. Яагаад шалгарсан гэвэл эссэндээ сайн анхаарсан. Гадаадын аль ч сургууль өөрийн чинь өмнөөс ярих ёстой, чамайг илтгэх шаардлагатай эссэг шаарддаг. Эссэ чинь уншиж эхлэхдээ ямар сайн бичсэн юм бэ, ямар гоё зорилго мөрөөдөлтэй залуу вэ гэдэг мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Мөн нэг хэв маягаар биш онцгойрох зүйл шигтгэж, алдаа оноотой явдлаа гаргах нь чухал.

 

АНУ-Д БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭН Б.ПҮРЭВМАА: ЗҮТГЭЛ БАЙХАД ТЭТГЭЛЭГТ ТЭНЦЭХ БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ

-Би АНУ-ын Засгийн газраас жил бүр хэрэгжүүлдэг богино хугацаанд бусад чиглэлээр Америкийн сургуулиудыг судлах, олон улсын найзуудтай болох хөтөлбөрөөр анх тэтгэлэгт хамрагдаж байсан. Шалтгааныг нь бодож үзэхэд гурван гол үзүүлэлт намайг энэ хөтөлбөрт тэнцүүлэхэд нөлөөлсөн. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр учраас цаатны соёл устаж буй газрыг төлөөлөн оролцож буйгаараа давуу талыг үүсгэсэн. Хоёрдугаарт, өнгөрсөн онд юу хийсэн бэ гэдгийг үнэлсэн. Боломжоо ашиглаж, шинийг санаачилж байсан уу гэдгийг голчилсон. Харин гуравдугаарт, юу сурах гэдгээ сайн судалж гол баатар нь болж чадах үгүйгээ мэдсэн. Тиймээс зүтгэл байхад тэтгэлэгт тэнцэх боломж үргэлж байдаг гэдгийг ойлгосон. Ингэхдээ тухайн тэтгэлэгт хөтөлбөр өөрт тохирч байна уу гэдгийг шалгах хэрэгтэй.

 

БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГ ГУРВАН УДАА АВСАН А.АРИУНТУЯА: ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ДАГАСАН ХҮНД БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ

-Миний хувьд рестораны бизнесээс амьдралын гараагаа эхэлж байсан. Хоёр жил энэ бизнесээ хийсний дараа хүн бүрийн адил гадаадад очиж ажиллаж, амьдарч, магистрт суралцах хэрэгтэй гэдэг бодол төрсөн. Тухайн жилээ хоёр сургууль руу материалаа явуулахад татгалзсан хариу авсан. Хариугаа сонссоны дараа өөрийгөө хэн бэ гэдэг тодорхойлолтыг гаргасан.

Бодоод үзсэн чинь бизнес хийх сонирхолтой жирийн нэгэн эмэгтэй байсан. Гэхдээ өөрийгөө тодорхойлсны дараа хоёр жил гадаадад мэргэжил дээшлүүлээд яах юм билээ гэсэн бодол төрсөн. Заавал урт хугацаанд тэтгэлэг авах шаардлагагүй гэдгээ ч ойлгосон. Өөрийн хүсэж байгаа зүйлээ хийнгээ богино хугацааны тэтгэлэг авч гадаад орныг зорих боломжтойг мэдсэн. Тиймээс ажилд урт хугацаагаар нөлөөлөхгүй, богино хугацаанд олон улсын туршлага хуримтлуулж байх нь хамгийн сайн шийдэл гэж үзэж анхны тэтгэлгээ авсан. Үүний ачаар гардаж олон улсын шилдгүүдээс туршлага хуримтуулж гурван удаа тэтгэлэгт тэнцэх боломж бүрдсэн. Тиймээс хүсэл мөрөөдлөө дагаад явахад тэтгэлэгт шалгарах боломж үргэлж гарч ирдэг. Мөн та материал илгээж байгаа тэтгэлэгтээ хамрагдах чадвартай хүн мөн үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Өөрийгөө бусдаас ялгарахад юу чухал гэдгийг мэдэж жижиг үйлдлээ том боломж болгон, ялгаатай талаа гаргаарай гэж зөвлөе.

 

17 УДААГИЙН УРТ ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭН Х.БИЛГҮҮН:БЭЛТГЭЛ МАШ ЧУХАЛ

-Би 36 сургуульд тэтгэлгийнхээ материалыг илгээж 19-т нь татгалзсан хариу авсан. 25 удаа IELTS-ийн шалгалт өгөхдөө долоод нь тэнцсэн. Яагаад ийм олон удаа IELTS-ийн шалгалт өгч байсан юм гэж асуудаг. Би анх англи хэл сурсны дараа IELTS-ийн шалгалт өгөөд VI оноо авсан. Миний өргөдлөө явуулсан сургуулийн шаардлага VII оноо байсан учраас дараа жил хүртэл бэлдэж байгаад дахин шалгалтаа өгч тэтгэлэгтээ тэнцье гэсэн юм. Бусад шаардлагын хувьд боломжтой учраас оноогоо аваад тэтгэлэгтээ тэнцэнэ дээ гэсэн боловч ирэх жил нь ахиад л VI оноо авчихсан. Яагаад гэж өөрөөсөө асуусан. Бэлтгэл муу хийсэн байна гэсэн дүгнэлт өгөөд бэлдсэн. Энэ байдал үргэлжилсээр 25 удаа IELTS-ийн шалгалт өгч долоод нь өөрийн авах дээд оноогоо авсан байдаг. Тиймээс бэлтгэлээ өдөр бүр хийх хэрэгтэй. Шантрахгүй байх нь бэлтгэл хийхээс хэцүү ч хамгийн чухал нь байдаг. Үүнээс гадна монгол хүүхдүүд сургуулийн нэр хүндийг чухалчилж хэддүгээрт эрэмбэлэгддэг эсэхийг хамгийн түрүүнд олж мэддэг. Харин гадны орны суралцагчид тухайн сонгосон мэргэжлийг нь хэр дэмжиж ажилладаг болохыг судалдаг. Тиймээс сурах арга барилаа олчихвол хаана ч тэтгэлгээр сураад хөгжих боломж хүн бүхэнд олдоно шүү.
 

Зууны мэдээ сонин
Д.Дарамбазар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.