
Цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “UNSEND” аяныг эхлүүллээ.
“UNSEND” аяныг Цахим хөгжлийн яам, Монгол банк, Монголын банкны холбоодтой хамтран энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриа дор хамтран эхлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 10.300 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32,8 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8056 гэмт хэрэг нь цахим орчин ашиглан үйлдэгджээ.