"Шийдлийн" Засгийн газар шийдэж эхэллээ
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсоноосоо хойш 14 хоногийн дараа танхимаа бүрдүүлсэн. УИХ шөнө дөл болтол хуралдаж байж салбарын сайдуудыг томилсон билээ. Тэгвэл “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсаныхаа дараах анхны хуралдаанаараа хамгийн чухал зуйлийг шийдлээ. Тэр нь хуучнаар ССАЖЯ-ны байрлаж байсан Засгийн газрын 10 дугаар байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр. Тиймээс “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрыг, тэр дундаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр онцолж байгаа юм.
 
Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхэд нь ханиад хүрээгүй айл бараг алга. Томуугийн дэгдэлт өмнөх жилүүдийнхээс хамаагүй илүү байгаа талаар эмч нар хэлж байна. Тиймдээ ч эмнэлгүүд ачааллаа дийлэхгуй, эмч нар ажлаа барахгүй үйл тамаа идэж байгаа. Ямар сайндаа л Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ажил хаях дээрээ тулж байх вэ дээ. Ачаалал нь нэмэгдээд байдаг, цалин нь эсрэгээрээ буурах шахаж байгааг эсэргүүцэж байсан. Аргагүй шүү дээ, тэд ч бас хүн. Ядаж байхад Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг тун цөөн. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн гэх тодотголтой. Сонгинохайрхан дүүрэгт нэг байгаа. Бусад дүүргийн хувьд нэгдсэн эмнэлэг дээрээ л хүүхдүүдээ авч байгаа байх. ЭХЭМҮТ-д хүүхдүүдийг хүлээж авч байгаа ч хөдөөгийн иргэдэд давхар үйлчилж байгаа болохоор хэцүү.
 
Ерөнхийдөө эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас болоод халуундаа шаналж байгаа бяцхан иргэд маань шалан дээр хэвтэж байна шүү дээ. Дарга нар зөөлөн суудалдаа шигдэж, зөв буруу баахан шийдвэр гаргаж, хүүхдээ өвдөхөөр гадаад руу нисч, албан тасалгааныхаа цонхоор хараад, амьдрал сайхан байна гэж бодож зогсоход ардын хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэж байна. Ор, цагаан хэрэгсэл байхгүй болохоор гэрээсээ гудсаа авчираад л хонгилын шалан дээр хэвтэж байгаа нь тодорхой. Ийм цаг үед яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэр гаргаж, шийдэлд хүрсэн нь олон эцэг, эхийн хувьд баярламаар хэрэг байлаа.
 
“Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар ажлын гараагаа үнэхээр зөв зүйлийг шийдэж эхэллээ гэж хүмүүс ярьж, ам сайтай байна. Яах вэ, шийдвэр гаргачихлаа. Эмнэлэг барихаас мөнгөө харамлаж, оффисын барилга сүндэрлүүлэх болохоороо хаанаас ч хамаагүй хэдэн тэрбумаар нь гаргаад ирчихэж чадаж байгаа эрх баригчдын нэг ч болов баярламаар шийдвэр. Шинийг барьж чадахгүй ч ядаж л бэлэн байгаа байшинг ашиглах нь. Энэхүү эмнэлэг ирэх оны хоёрдугаар сарын эхээр үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Тийм үүрэг даалгаврыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өгсөн. Шинэхэн сайд соньхон дээрээ ажлаа сайн хийх байлгүй дээ. Учраа мэдэхгүй хэдэн хурган дарга нартаа үүрэг өгөөд, өнөөдүүл нь ажлаа хийхгүй, хоёрдугаар сарын эхээр эмнэлэггүй сууж байхгүй л бол сайн байна.
 
Шийвэр гаргаж, шийдэлд хүрэх нэг өөр, тэр нь ажил хэрэг болоод, хонгилд хэвтэж байгаа нялх үрс ор руу шилжвэл бүр ч сайн зүйл. Ямар ч байсан “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын эхний шийдвэр сайн байлаа. Одоо цаашид олон олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Хууль зүйн салбарынханд булаалгасан эмнэлгийг төрийнхөнд биш төрөх эхчүүдэд зориулж буцааж авмаар байгаа юм. Энэ мэтээс авахуулаад хийх, хэрэгжүүлэх, шийдэх ажил маш их байна. Элгээрээ мөлхчихөөд байгаа эдийн засгаа сэргээх цаг болчихож. Магадгүй албаар элгээр нь мөлхүүлсэн, ард түмнээ ядуу зүдүү байлгаж тоглох гэсэн бол одоо түүнийгээ больчихмоор байна.
 
Өнөөдөр ходоодоороо санал өгдөг хүн алга болсон. Иргэд мэдлэгтэй, мэдээлэлтэй болчихлоо. Анхны шийдвэрээ зөв гаргасан шигээ дараа дараачийн шийдвэрүүд ч аятайхан байгаасай гэсэндээ энэ мэтийг нуршив. Шийдэх  юм ч их байна даа, цаана чинь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2014-12-17 10:29:37
    зөв шийдвэр иргэдийн сэтгэл санаанд нийцэж байна шүү ерөнхий сайд аа . Хүнд хүрсэн ийм лажлыг хмйж эхлэх ёстой шүү дээ
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Дондог 2014-12-15 02:27:55
    2-р сарын 1 гэхэд энэ эмнэлэг ашиглалтанд орохгүй бол Шийлэгдамба халагдах ёстой. Төрийн том албатангуудад хариуцлага тооцно гэж ерөөсөө байхгүй юм.
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-15 01:42:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.68
    Мэдэгдсэн Хариулах
  • tsogtoo 2014-12-15 01:38:36
    eniig shiidel geh vv.huuchin baishing emneleg bolgoy geed hen ch helne shdee.bitgii hvn icheegeed baigaarai saihnaa
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах